Хайх зүйлээ бичнэ үү

16 мин

Longreads | Ээжүүд юу хүсдэг бол?


Ээждээ ирээд 27 жил болжээ. Энэ хугацаанд бид нэг сараас илүү хол байж үзээгүй. Сүүлд нүүж, тус тусын өрөөтэй болох хүртлээ бүр хамтдаа унтдаг байсан гэж мэд. Шинэ байраа хөөцөлдөөд, зээлийн маягт бөглөж байтал “Ам бүлийн тоо хэд вэ?” гэсэн асуултад хариулах гэж хэсэг бодох хэрэг гарч билээ. Ах маань тусдаа гарсан, ээж бид хоёр хамт амьдарч байгаа учраас ам бүл хоёр л гэх болж таарах нь, ингээд нэг өдөр ээжтэйгээ хоёулахнаа гэр бүл гэгдэх өдөр ирдэг юм байж ээ. Энэ мэдрэмж цочир сонин байлаа. Би удахгүй, магадгүй хэзээ нэгэн цагт эхнэр хүүхэдтэй болж, өөрийн гэр бүлээ бий болгоно. Харин ээж минь тэгэхэд яах билээ? Албан маягт дээр ам бүл нэг гэх юм биш байгаа?

***

Хоёр хүү төрүүлчихсэн, ам бүл доторх хэтэрхий “олон” эр хүн дунд уйдаж залхаад охины мөрөөсөл болж байсан ээж минь эмчийн гараас намайг авч, эх үрийн хувиар анх нүүр тулан уулзахдаа “Өө, ахиад л хүү юу?” гэж дурамжхан угтсан гэдэг билээ. Харин сүүлд хэзээ ч билээ ширээний тоос арчих зуураа “Аальгүй хүүхнүүдийг дуурайгаад яаж муу хүүгээ авахуулчихаагүй юм...” гээд гэнэт юу ч болоогүй юм шиг хэлснийг нь бодвол анхны сэтгэгдэл нь арай өөрчлөгдсөн байх гэж найднам.

Уйлахаас өөр ид шидгүй, алхаж мөлхөх тухай анхан шатны дадал, мэдлэггүй улаан нялзрай байхаас минь л надтай ойлголцож, эх хүний зөнгөөрөө өдий болтол өсгөж хүмүүжүүлсэн учраас ээж намайг одоо ч гэсэн нэвт “уншаад” байдаг нь юм бүхэн дээр анзаарагддаг. “Чи миний л бүтээл...” гэж зарлан тунхаглаж байсан удаа ч бий. Маргашгүй үнэн! Царай төрхийн хувьд аавыгаа илтэд дуурайсан учраас ээж гэдэг “автор”-аас чухам юу авснаа хүүхэд байхдаа анзаардаггүй байж. Одоо бодоход аав надад урлаг уран сайханд дуртай, сониуч, жаахан адгуу, чадахгүйгээ хүртэл оролдож үзэж байж батладаг, сэтгэлийн хөдлөл ихтэй, түүнээ хянахдаа муу, нийтэч зангуудаа өгсөн бол ээж надад юманд мэдрэг, гудиггүй өөдрөг, өчүүхэн юманд баярладаг, тун нь жаахан хэтрэхээрээ хэнэггүй, аятайхан залаад сурчихвал өөдрөг зангаасаа өгчээ. Одоогоор миний “нээж” олж, анзаарсан нь л энэ болохоос өөр юмнууд ч бас бий байх. Өөрөөсөө өгч, өөрийгөө хуваан байж төрүүлсэн болохоор бүхий л сэтгэл хөдлөл маань ээжид хэлэгдэхгүйгээр уншигдаад байдагт гайхахын хэрэг үгүй.

Харин би ээжийнхээ тухай хэр ихийг мэдэх билээ?

Тийм ч их биш юм байна даа гэдгээ тун саяхан илтэд мэдэрсэн нь надад “шинэ нээлт” байв. Ер нь ээжүүдийн дотоод ертөнц гэдэг шинжлэх ухааны тайлагдашгүй нууцаар дүүрэн байдаг байх. Эсвэл би анзаарга муутай хүү болоод тэр юм уу, ээж хүнд ч гэсэн мөрөөдөл байдаг, очихыг хүсдэг газар, хийхийг хүсдэг зүйл, боломж олдвол туршаад үзье гэсэн юм байдаг тухай толгойд минь ер орж ирж байсангүй. Зөвхөн би л хүсэл мөрөөдөлтэй, дуртай зүйлтэй, түүнээ биелүүлэхийн төлөөнөө дэргэдэх бүхнээ умартан аж төрөөд байх нь шударга биш юм байна шүү дээ гэдгээ анзаарах хүртэл 27 жилийг үдсэн байх нь ээ.

Өнгөсөн зун урагшаа томилолтоор явахад ээж надад малгай захьсан юм. Ямар гэдгийг нь яг сайн ойлгож тодорхойлж чадаагүй ч гэсэн их л гоё зуны малгай олох ёстой юм байна даа гэж дотроо бодоод явав. Харамсалтай нь авчирсан маань ээжийн төсөөлж байснаас зөржээ. Улмаар цэцэг навчтай юманд төдийлөн дургүйг нь ч бас мэдэж авлаа. Ээж тэр малгай өөрт нь нэг их таалагдаагүйгээ үгээр биш, авч ирснээс хойш огт өмсөлгүй долоо хонуулснаараа ойлгуулсан юм. “Дараа таныг дагуулж явж л тэр гоё малгайг чинь авч өгөхөөс...” гээд нэг их тоосон ч үгүй хэлэх зуур үгэн завсраа нэгийг ухаарч, ээжийн баярласан царайнаас түүнээ улам баталгаажуулан өөртөө шинэ зорилго тавьсан билээ. Ийш, тийш яваад ирэхэд “Алив зургуудыг чинь харъя” гээд утас шүүрдэг, үзсэн газар орны тухай бүхнийг яриулж, өөрөө очсон юм шиг гайхан баярладаг ээж маань аялахыг, тэнгис далай үзэхийг дотроо битүүхэн хүсдэг л байж. Гэтэл ээж байна гэдэг өөрийнхөө хүслийг дарж, мөрөөдлөө далдын далд нуун байж буй бүхнээ үр хүүхдэдээ зориулж, өөрөө өөрөөсөө алсрахын нэр юм шиг байна. Магадгүй залуудаа мөрөөдөл байсан нь биднийг харж, хандаж ухамсарт амьдралаа зориулах зуурт нь мартагдсан байх нь гэж дотроо бодоод гэмших ч шиг болов.

Хүссэн үедээ гараад туучих их мөнгө байхгүй ч гэлээ хэрвээ хүсч зорьвол бас ч биелшгүй мөрөөдөл биш учраас “заавал” гэж өөртөө үүрэгдэв.

Тэнгис далай үзүүлнэ ээ, ээждээ!

***

Нэгдүгээр сарын тэр нэгэн даваа гаригийн үд дунд биднийг Паттаяа арал дээр ирэхэд урьд шөнө хүний хөл зайгүй, хөлчүү хоносон далай эргийн суурин шартаж хэвтээ юу гэлтэй нам гүм хийгээд дүнсгэр, үзэгдэх юмс хүртэл тамир тэнхээ нь барагдаж, сульдсан  харагдана. Далай нь зураг дээрээс харсан цэв цэнхэр өнгөө гээгээд үлбэгэр саарал төлөвт хувилжээ. Гэвч Монголын хүйтэн, утаа хоёроос зугтааж ирсэн бидэнд ядаж л дулаан агаар нь таатай сэтгэгдэл төрүүлж, бас ч гэж ээжтэйгээ хамт анх удаа аяллаар яваадаа догдоод элдвийн юманд сэтгэл торсонгүй.

Үдийн хойноос унтаа арал амь орж эхэллээ. Хэн нь уугуул иргэн, хэн нь суугуул жуулчин гэдгийг нь ялгахын эцэсгүй олон янзын хүмүүс гудамжаар холхих нь зугаатай. Хэзээний л өчүүхэн юманд баярладаг ээж маань “Дэлхий тойрч аялснаас ялгаа нь алга. Бараг бүх орны хүмүүсийг үзчихлээ” гээд хөл хөөр болов. Өнгөрсөн жил Тайландад нийт 35.3 сая жуулчин зочилсон бөгөөд, нийслэл Бангкок нь дэлхийн хамгийн олон жуулчин очсон хотоор тодорсон билээ. Тэдний бараг тал шахуу нь Паттаяа арлаар дайраад өнгөрдөг нь бараг жам ёс болсон аж. Секс туризм, гэмт хэргийн арал гэдэг муу нэрнээсээ салахаар сүүлийн жилүүдэд Паттаяа илт хичээж буй. “Баян цагаанууд тэтгэврийн мөнгөө ирж тушаадаг газар” хэмээн цоллуулдаг байснаа бодвол хүмүүс гэр бүлээрээ ирэх нь олширчээ. Намайг тийш зорьсон тухайгаа фэйсбүүктээ оруултал “Эрчүүд эхнэртэйгээ ч явдаггүй газар руу чи ээжийгээ дагуулаад явах, нялхаараа л байна даа кк...” хэмээн нэгэн танил маань цаашлуулсан нь цаанаа учиртай байж. Залуухан тайланд охид хөтөлсөн хөгшин цагаанууд энд цөөнгүй харагдана. Энд байх хугацаанд нь гэр бүлийн гишүүн, эхнэр шиг нь халамж тавьж, хамтдаа бүхнийг хийсээр буцаадаг үйлчилгээ тогтоод олон арван өнгөрчээ. Ээжийгээ хөтөлсөн би тэдний яг эсрэг шиг нь харагдаж байгаа даа гэж дотроо бодоод, инээд хүрч явлаа. Харин ээжид энэ тухай үг цухуйлгасангүй.

Ээж маань аяллын турш цовоо цолгиун явав. Үзэгдэж харагдах бүхэнд сэтгэгдлээ шууд шууд илэрхийлж, Монголдоо нэвтрүүлж болох санаа сэдлийн тухай ч ярьж, надад харьж очоод бичих сэдэв газар дээр нь оноож байлаа. Би харьж очооод хурдны зам, орчны ногоон тохижилт, машинууд нь огт сигналаа дарахгүй эвлэгхэн зорчиж байгаа, хүмүүс нь бие биетэйгээ маш эелдэг харилцаж, улмаар таарсан бүхэн найрсаг, үйлчлүүлсэн газар бүрийн хүмүүс залбирах аягтай бөхийгөөд уриалгахан инээмсэглэж байгаа нь хэчнээн амирлангуй болох тухай бичих үүрэг ээжээс авлаа. Хоёр дахь өдрөөс л гэхэд ээж хэдийнэ дэлгүүрийн худалдагч нартай өөрсөд шиг нь үл мэдэг бөхийж, залбирах аягтай мэндчилж дадсан байв. Хаана өмсөнө гэж олон хувцас авах вэ гээд байдаг хүн чинь эхний орсон дэлгүүрээсээ л гэхэд зургаан даашинз худалдаж авав. Ээж элдэв төрлийн шинэ амт, шинэ хоол туршихдаа дургүй юм байна гэж бодсон маань үгүй байж. Энэмэтчилэн аяллын турш алхам тутамдаа би ээжийг өөртөө шинээр нээж явлаа. 

Хэдий одоо хүртэл нэг гэрт амьдардаг ч гэсэн хоногийн 24 цагийн турш хамт байж цөөхөн үзжээ. Өглөө хоёр тийш ажилдаа гарч одоод, орой тав гурван үг сольсон болоод орондоо орцгоодог гэхээр ойрхон мөртлөө хол аж төрдөг байж шүү. Гэтэл одоо долоо хоногийн турш өглөөний цайнаас эхлээд орой унтах хүртэл бүхий л цагт хамт байна гэдэг бидэнд шинэ мэдрэмж байлаа. “Багад чинь та гурвыг хөтлөөд л явдаг байсан, одоо өөрөө жаахан хүүхэд шиг чамд бүхнээ даатгаад ингээд алхаж байх гэж...”. Ингэж хэлээд ээж маань сэтгэл бахдангуй инээв. Ээжийг сэтгэл хангалуун байлгах энэ аяллын маань гол зорилго учраас би ч додигор явлаа.

***

Паттаяагийн эргийн саарал усаар далай тэнгисийг төсөөлнө гэвэл хэцүүхэн харагдана. Тийм учраас эндээс “дүрвэхээс” өөр аргагүй боллоо. Туршлагатай аялагчийн зөвлөгөөгөөр Ко Лан арал руу явахаар шийдэв. Эндээс холгүйхэн, арав хүрэхгүй км зайтай юм байна. Усан онгоцоор нэг цаг хэртэй яваад хүрчихнэ гэдэг нь сэтгэл хөдөлгөв.

Буудлаасаа гараад боомт хүргэх бүхээгт такси барихаар гар өргөв. Бүхээгтээ хоёр урт вандан сандалтай, тодорхой чиглэл гэж юм үгүй, жуулчдын хаа хүрнэ гэсэн газар зогсож, мөнхүү зогссон цэгээсээ хүн түүсээр явах манай микротой төстэй такси үйлчилгээ. Гэм нь тогтсон ханш гэж үгүй, тухайн жуулчны хэр туршлагатай аялагч вэ гэдгээс шалтгаалж утга авцалдаагүй үнэ хэлнэ. Ээж бид хоёроос тус бүр 150 бат авахаар болов. Бүхээгт яваад ортол ээжийн маань үеийн энэтхэг хос сууж явна. Эндхийн ёсоор ээж маань нүүр дүүрэн инээмсэглээд, алгаа нийлүүлэн толгой бөхийн дотночлов. Эмэгтэй нь надтай яриа нээж, “Та хоёроос сая хэдийг авна гэсэн бэ?” гэхэд нь “150 бат” гэж үнэнээ өчвөл “Дараа ийм таксинд суухдаа 20 бат л өгчихөж бай. Наадуул чинь жуулчдыг юм мэдэхгүйгээр нь далимдуулаад өндөр үнэ нэхээд бүр сурчихсан” гэж зөвлөлөө. Эхнэр нөхөр хоёр жил бүрийн нэгдүгээр сард Паттаяад ирж амардаг болоод найман жил болжээ. “Хүн амын тоог нь бараг жуулчид л бүрдүүлдэг энэ арал дээр бол бид нутгийн индиан шүү” гэж хошигнов. Уриалгахан зөвлөгөө өгсөн тэр эмэгтэй “Энэ танай ээж үү?” гэж надаас асуугаад “Сайхан эмэгтэй байна. Ээжтэйгээ аялж л явдаг чи ч азтай хүү юм аа” гэж хэлэв. Тэдэнтэй дэлгэсэн яриагаа ээжид хэлэхэд “Ямар сайхан хүмүүс нь хань ижилтэйгээ ингээд амраад явдаг байна аа. Насныхаа юмыг хийчихсэн хүмүүс, ёстой жаргал л гэж энэ байх даа...” гээд тэдэн рүү инээмсэглэн хараад хэлэв. Ээж маань ч гэсэн насныхаа юмыг хийчихсэн хүн шүү дээ. Гэвч арван жилийн өмнө аавыг бурхан болсноос хойш яаж ганцаарддаг бол оо гэж бодоход хааяа сэтгэл өвддөг юм. 54 гэдэг эмэгтэй хүний амьдралд залуухан нас шүү дээ...

Цэнхэр өнгө хамгийн төгөлдөр утгаа энд олсон мэт, далай үзэсгэлэнтэйгээр давалгаална. Ко Лан арал руу алгуурхнаар дөтлөх усан онгоцны урд талын суудалд ээж бид хоёр суугаад орчны сайханд сэтгэл алдарч, дотор дотроо бодол болон явлаа.

***

Үргэлж хамт байдаг мөртлөө бидний хооронд тодорхой зааг, ярьж хөнддөггүй сэдвүүд бий. Ээж хүү хоёр л болсон хойно бие биенээ харцнаас нь, үйл хөдлөлөөс нь тааж, мэдэж мэдэрдэг хэрнээ ярихад тохиромжгүй тийм сэдвүүд л дээ. Жишээ нь, “Хэзээ эхнэрээ дагуулж ирэх гэж байна” гэж ээж надаас эрс шулуухан асуудаг байхад аавыг минь бурхан болсноос хойш арван жил ганц бие яваа ээжээсээ би энэ тухай асууж зүрхэлдэггүй. Гэхдээ ээж минь яасан их ганцаарддаг бол доо гэж санаа зовдог уу гэвэл, мэдээж тийм.

Амьдралынхаа турш бид цөөнгүй үүрэг гүйцэтгэх хэрэгтэй болдог. Жишээ нь, би надад аав, хүү, ах, дүү, хань нөхөр байх хийгээд болох үүрэг заяасан гэж л санадаг. Зохилт үйлээ муугүй л гүйцэтгэж яваа болов уу гэж найддаг. Гэвч хэдий сайн хүү байгаад ээждээ ханийн үүргийг орлож чадахгүй гэдгээ мэднэ. Тиймээс ээжид минь хань болох сайн хүн таараасай гэж дотроо үргэлж залбирдаг.

Ийн залбирдаг хүн ганц би биш бололтой. Албан бус тоогоор Монгол Улсад 50-иас дээш насны 80 мянга гаруй ганц бие хүн байдаг аж. Дийлэнх нь эхнэр, нөхрөө алдсан хүмүүс аж. Манай улсын хүн амын хүйсийн харьцаа 50.8 (эмэгтэй), 49.2 (эрэгтэй) буюу тун боломжийн үзүүлэлттэй. Гэвч хүн амын нас хүйсийн суваргын оройг сайн анзаарвал огт өөр тоо харагддаг. Ээж маань дотор нь хамаарах 50-54 насныхан дунд хүйсийн харьцаа 55.1 / 44.9 болж бараг арван хувийн зөрүү гардаг бол 50-70 насныхны хүйсийн харьцааны зөрүү 12.6 хувь  болж холджээ. Энэ бол тун тоогүй үзүүлэлт.

“Монголд эрчүүдийн дундаж наслалт 64.9 жил байгаа нь эмэгтэйчүүдээс даруй 9.4 жилээр богино байна. Эмэгтэйчүүдийн дундаж наслалт 74.9 жил байдаг. Дэлхийн бусад оронтой харьцуулж үзэхэд дундаж наслалтын зөрүү 2.5 дахин их гарсан. Эрэгтэйчүүдийн нас баралт эмэгтэйчүүдийнхээс 1.6 дахин их байгаа. Нас баралтын шалтгааныг нь судалж үзэхэд зүрх судасны өвчлөл 33, хавдар 19.4, гаднын шалтгаан 25 хувийг эзэлдэг. Мөн Улаанбаатар хотын хэмжээнд 55-аас дээш насны эрчүүдийн нас баралтын шалтгааны тэргүүлэх зэрэгт осол гэмтэл бичигдэж байна” хэмээн их эмч С.Базаррагчаа Ази, Номхон далайн орнуудын эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, насжилт сэдэвт наймдугаар чуулганд тавьсан илтгэлдээ дээрх тоо баримтуудыг дурджээ. Нийгмийн, шилжилтийн гэж хэлж болохуйц шалтгаануудаар монгол аавууд цагаасаа эрт хорвоог орхиж, ганц бие, тэтгэврийн насны ээжүүдийг үлдээж, ачийг нь хариулж чадсангүй хэмээн дотроо үүрд харамсах үрс, өвөөгөө мэдэхгүй хүүхдүүд өсөж байгаа нь харамсалтай санагдана.

Хорь, гучин насандаа ганц бие яваадаа гутарч, гуньдаг бидний үеийнхэн яах вэ дээ, цаг тохироо нь ирэхээр болж л таарна. Энэ бол тавь гарсан хойноо ганц биеэр хорвоог туулж яваа ээж, аавуудын зовлонтой харьцуулшгүй юм. Амьдрал үзсэн тэд маань үр хүүхдэдээ зовж буйгаа, хань ижлийн хайраар дутаж яваагаа хэлэхгүй хэтэрхий хат суусан болохоос биш хайр дурлал, ханийн халамжгүйгээр хорвоог туулна гэдэг тийм ч амар даваа биш нь тодорхой.

Миний ойр дотнынхон дунд ганц бие ээжтэйгээ хамт амьдардаг залуус цөөнгүй байдаг. Бүгд л “Ээждээ нэг сайхан хань болох хүн олоод өгчих юмсан” гэж ижилхэн бодол тээж явдаг тухайгаа байнга ярина. Бидэнд үүнээс өөр ижил төстэй мэдрэмж бас бий. Бага, өсвөр насандаа аавыгаа алдсан хүүхдүүд “шинэ аав, хойд аав” гэдэг ойлголтыг тухайн үедээ тийм ч таатай хүлээж авдаггүй, бүр эрс эсэргүүцэж, тэрхүү сэтгэл хөдлөлөө ээждээ удаа дараа илэрхийлж байснаа нуусангүй. Харин хүүхдүүд томорч, өөрсдөө гэр бүлтэй болохын цагт тэр тухай бодол нь орвонгоороо эргэж, бушуухан л хань ижилтэй болгох юмсан гэж хүсдэг болчихдог аж. Би ч бас тэдний адил. Ээжтэйгээ хамт байх хамгийн жаргалтай, бүр ээжийнхээ дэргэд байж ханамгүй ихээр хайртай ч гэсэн миний нөхөж, бас орлуулж чадахгүй тэр орон зайг хуваалцаж, хажуу дэргэд нь хамт байх хань нөхөр таараасай гэж чин сэтгэлээсээ хүсдэг. Гэхдээ үүнийгээ ээжид ер хэлж, илэрхийлж байсангүй. Энэ харин тийм ч сайн зүйл биш юм билээ.

“Та ер нь найзтай болъё гэж боддог уу?” гэж зориглон асуухад ээж ихэд гайхсан нүдээр намайг ширтэв. “Найзтай байхдаа яах вэ дээ...” гэж хэлсэн үгэндээ өөрөө ичихдээ өөр ямар үгээр илэрхийлэх вэ гэдгээ олохгүй баахан сандраад, тэр эрчээрээ “Би лав таныг хамт байх хүнтэй болоосой гэж хүсдэг. Та чинь залуухан, бас сайхан шүү дээ. Та надаас санаа зовоод болдоггүй юм биш биз? Би лав зүв зүгээр. Харин ч таныг бушуухан л хамт байх хүнтэй болчихвол жаргалтай болно...” гэхчлэн эв хавгүй баахан үгс нэг амьсгаагаар гаргаж орхив. Ээж надад хариу өгөлгүй, бүр надруу ч харалгүй далайн усыг ширтсээр хэсэг зуур боллоо. Би дахин юу хэлэх, энэхүү эв хавгүй харилцан яриагаа цааш нь яаж хөтлөх аргаа барав. Тэгж байтал ашгүй ээж ам нээж “Болох байлгүй дээ...” гэж надаас ичингүйрсэн мэт аяархан хэлээд “Миний хүүхдүүд том болж, ээжийгээ ойлгодог болох үе хэзээ ирэх бол оо гэж боддог байлаа...” гээд надруу харлаа.

Ээжийн доторх нэг хүлээс мултрах шиг санагдав. Илүүг бид ярилцах хэрэггүй мэт бодогдов. Богинохон харилцан ярианыхаа хэлэгдээгүй утгаар бид аль хэдийнэ бие биедээ санаа сэтгэлээ ойлгуулж амжсан байлаа. Мэддэг юм шиг хэрнээ мэддэггүй, мэдэрдэг юм шиг хэрнээ хэлдэггүй тэр нэг орон зай далай дээгүүр намуухан хурдлах хөлөг онгоцон дээр ийн дүүрэв ээ.

***

Ко Лан арал Паттаяаг бодвол хамаагүй амгалан, хүний хөл хөдөлгөөн багатай, үзэгдэх орчин, мэдрэгдэх бүхэн яг л бидний хайж явсан бүхэн өмнө нь өөрөө гараад ирсэн ер бишийн сайхан байв. Магадгүй энэ орчин, энэ далай өөр хүнтэй, өөр цаг үед явсан бол ийм гайхалтай санагдахгүй ч байсан байж мэднэ. Гэвч хамт яваа энэ бүсгүй, хайрт ээжийнхээ сэтгэлээ онгойлгон, жаргалтай байгааг харж, мэдэрсэн надад хорвоо дэлхий тэр чигээрээ л жаргалын далай болж хувирсан билээ. Алгуурхан цахилах давалгаа нь бидний сэтгэл хөдлөлийн биелэл болох шиг.  

Тэнгис далай үзлээ, би ээжтэйгээ. Тэнгис далайг шиг сэтгэлээ надад дэлгэхийг мэдэрлээ, би ээжийнхээ. Хайж явсан бүхэн минь, хүсч байсан бүхэн минь...

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.02.19
Хөрөг | Наддаа чи минь нар байлаа
2
2023.08.29
Хөрөг| "Бусдын одыг дүрэлзүүлэхээр мөрөөдлөөсөө оч тасалж өгдөг яг гал шиг..."
3
2023.04.24
Шинэцог-Гени | Хэн нэгэн байх хангалтгүй
санал болгох
1
4 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
5
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Хонгоо 2019.04.04 66.181.161.107

Сэтгэлд хүрсэн сайхан бичвэр юмаа. Чин Сэтгэлээс урган гарсан үг бүхэн хүчтэй байдагын тод жишээ байлаа. Маш их баярлалаа. Мэдээж зүрх дүүрэн хайр, сэтгэл дүүрэн жаргал хүсье!

0 Хариулах


Зочин 2019.01.15 202.179.25.42

Сайхан хүүтэй, хүүгээ мундаг сайн хүмүүжүүлсэн ухаалаг ээж

0 Хариулах