Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

“СОЁЛЫН НААДАМ”-ыг зорих 21 ШАЛТГААН

Үзэж харах зүйлтэй сайхан наадам болох нь ээ.


Морь гараанаас гарч барианд орох хүртэл наадамчин олон та бүгд юу хийхээ шийдээгүй байгаа бол, Монгол наадмыг сонирхохоор ирсэн гадаад найз, жуулчиддаа юу үзүүлэхээ мэдэхгүй тээнэгэлзэж байгаа бол ахуй соёлоо нэг дор сурталчилж, өөрийн биеэр оролцож, суралцах боломжтой “ЦОР ГАНЦ” газрыг санал болгоё. “Соёлын наадам” Хүй долоон худгийн Монгол наадам цогцолборт 11 дэх жилдээ долдугаар сарын 11.12-нд болох гэж байна. Соёлын өвийг музейд хадгалах бус Монголчууд өөрсдөө оролцож, хийж, бүтээлцэж байж үүнийгээ хадгалан үлдэж, өвлүүлэн түгээх билээ. Соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор энэ жилийн Соёлын Наадмыг Соёл Урлагийн Их Сургууль (СУИС), Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) хамтран зохион байгуулж, Рио Тинто компани ивээн тэтгэж, Монгол наадам цогцолбор ОНӨТҮГ, ХААН Банк, Чингэлтэй дүүргийн ЗДТГ дэмжиж шинэлэг агуулга, сонирхолтой хөтөлбөрүүдээр өргөжүүлэн, наадамчин олонд хүргэхээр хамтран ажиллаж байна. 

Та Соёлын наадмаар зочилсноор зурагтаар эсвэл тайзан дээрээс, үзэсгэлэнгийн танхимд үздэг зүйлсээ өөрөө хийж, хамтран оролцож, суралцан ярилцах боломжтой.  

1. Өөрийн нэрээ монгол уран бичлэгээр бичүүлж аваарай

Монголын өв уламжлал монгол уран бичгээр бийр бэх ашиглан хүссэн үгээ, нэрээ бичүүлэх боломж энд бий. Өөр өөрийн урландаа нуугдмал суудаг каллиграфчид Соёлын наадамд саатан танд өөрийн нэрээ хэрхэн бичихийг хүртэл заах юм гэсэн. Та энэ урлагийг хэрхэн бүтээдгийг дэргэдээс нь үзэж, дүрсээр үг урлах, үгээр дүрс урлахын гайхамшгийг сонирхоорой.  

2. Үндэсний хувцастай зургаа татуулаарай  

Найзтайгаа хамт хээр талд, морь малын захад үндэснийхээ хувцастай зургаа татуулмаар л байгаа биз дээ. Нарийн ур, нандин хэв маяг бүхий хаан хатдын хувцасны уламжлал түүхийг та сонсож, бас Монгол костюмс компанийн урчуудын чамин дээлээр гангараарай.  

3. Нум сум яаж хийдгийг харж байсан уу

 Хүннүгийн үед үүсч, XIII зуунд дэлхийг байлдан дагуулахад гол зэвсэг болж явсан нум сумыг Монголчууд хэрхэн хийдэг байсныг та ер мэдэх үү? Таны найзууд, таны жуулчид сонсож байсан болов уу? Тэгвэл Соёлын наадмын өртөөнд нум сум яаж хийдгийг, ямар материал хэрэгтэйг нэг бүрчлэн танд харуулна. Үүх түүх, үүсэл гарлыг нь мэдэхийн зэрэгцээ Монгол хүн болсных нумаа нэг эвшээлгэж, сумаа нэг тавьж үзвэл ямар вэ? 

4. Дэмбээ мэдэх үү хө

Дэмбээ гэж мэдэх үү хө? Энгийнээр тайлбарлавал уянгалан дуулангаа уралдан таалцах урлаг. Оролцогч хоёрын гаргасан хуруу хэн нэгнийх нь хэлсэн тоотой таарч байвал хожил авна. Энэ мэтээр хурд, авхаалж самбаа, заль мэх, үг хэлний тод яруу, харааны хурц нарийн мэдрэмжээ хөгжүүлдэг тоглоомоор “үзээд алдвал” хөгжилтэй байх болно шүү. 

5. Эрхий хурууныхаа эрчийг нэг сорьё

 Үндэснийхээ дээл хувцсаар гоёсон бол шагайн харвааны асарт нэг буугаад мордоорой. Аян дайнд оролцож явсан өвөг дээдсийнхээ алжаал ядаргаагаа тайлан, хөгжилдөн баясдаг байсан наадгайгаар харваж цэц, мэргэнээ сориод үзээрэй. Цэргүүд сум тавих эрхий хурууныхаа эрчийг хариулахгүй гэж шагайн харваагаар наадаж, ихэс дээдэс эгэл ардгүй зуны дэлгэр цагт цуглан өтгөс буурлынхаа мэндийг мэдэж, сонин хачин хуучлангаа нааддаг байсан гэсэн шүү.  

6. Аргал түүж, сур элдэж, ноос савж үзсэн үү 

 Тэр бүр хөдөө явж чаддаггүй хотын бидэнд хөдөө айлд очсон ч араг үүрч, савар бариад аргалд явах боломж тэр бүр олдохгүй нь мэдээж. Үлгэр, домгийн ч юм шиг санагдах болсон энэ уламжлалаа бид мартахгүйн тулд өөрөө хийж үзэж, суралцангаа цагийг зугаатай өнгөрүүлэх боломжтой. Мэдээж аргал түүж байхдаа авахуулсан зураг тань “күүл” байх нь тодорхой. Түүгээр зогсохгүй, та ноос савж, сур элдэх ажилд оролцож, суралцаж болно. Найз нөхөдтэйгөө хэн нь сайн ноос савж, сур элдэж чадахаа үзэж, тэмцээн зохиосон ч болох юм. Нэг үгээр хэлбэл, малчин Монголчуудын өдөр тутмын амьдралын ажил хөдөлмөрийг хийж үзэх алдаж боломгүй боломж шүү. 

7. Эсгийгээр хийсэн бүтээлээ найздаа бэлэглэж болно

Эсгий урлал хийж сурахад гуравхан цаг хангалттай гэдэг юм билээ. Найман зууны турш Монголчуудын боловсруулж, хөгжүүлж, ур ухаанаа зарсан энэ урлалыг одоо бид суралцахад л хангалттай. Эсгийгээр хийсэн бүтээгдэхүүнүүд Монголын бренд болоод байгааг та бид сайн мэднэ. Тиймээс та өөрөө эсгийгээр уран зураг, бэлэг дурсгалын зүйлс зэргийг хийхэд суралцаж, эсвэл мэргэжлийн урлаачдын хийсэн нарийн хийц бүхий бүтээлүүдээс ч худалдан авах боломжтой юм. 

8. Кинон дээр гардаг шиг хөрөг зургаа зуруул

 Хүн бүр өөрийн хөрөг зургаа зуруулж, жаазлуулаад ханандаа өлгөх нууцхан хүсэлтэй байх. Соёлын наадам дээр мэргэжлийн зураачид таны хөргийг “амьдруулж”, яг өнөөдрийн таныг мөнхөлж үлдээх болно. 

9. Нүд худал гэдгийг мэдэх үү 

 Харааны урлаг /Visual art/ таны нүдийг худал болохыг дөмөгхөн хэлээд өгнө. Огт хөдөлгөөнгүй зурагнууд таны нүдийг хэрхэн хөдөлгөж, төөрөлдүүлж, будлиулахыг та Соёлын наадмын хүрээнд гарсан дүрслэх урлагийн үзэсгэлэнгээс үзэж сонирхоорой.

10. Цор ганц урласан гар урлалын бүтээгдэхүүнтэй болоорой 

Дэлхийд хамгийн өндөр үнээр борлуулагддаг гар хийцийн бүтээгдэхүүнүүд мэдээж цор ганц урлагдсан, нөр их хөдөлмөр орсон гэдгээрээ үнэ цэнэтэй. Харин Монгол ахуйн гар урлалын бүтээгдэхүүнүүд таны найз, жуулчдад хамгийн хэрэгтэй зүйлс байх болов уу. Урласан бүтээлийг нь урлаачид нь борлуулж байвал бүр ч догь. Хэрэв хүсвэл та энд өөрөө ч урлах, урлахад суралцах боломжтой. 

11. Ардын язгуур урлагийн амьд тоглолт та жилд хэдэн удаа сонсдог вэ

Үндэсний их баяр наадмаас салгаж боломгүй ойлголт бол мэдээж ардын урлаг. Та Соёлын наадамд ирснээр урлаг соёлын алдартан, мэргэжилтнүүдийн ардын урлагийн тоглолтыг үзэж сонирхож, хамтдаа дуулж, бүжиглэх, суралцах боломжтой. Мөн ардын аман зохиол болох үлгэр тууль хайлж, шидэт түүхүүдийг хүүрнэнэ. 

 12. Морьтон Монголын гайхамшиг

 Молор эрдэнэ морин хүлгэндээ хайргүй Монгол гэж үгүй. Тиймээс ч соёлын наадмаараа дамжуулан дэлхийг туурайгаараа тамгалсан монгол морио сурталчилж, гайхамшигт тоглолтууд үзүүлэн, гийнгоон дуу өргөн талдаа хадаана.

13. Айрагны баяр

Нутаг нутгийн шилдэг бренд айраг, цагаан идээ, орон нутгийн онцлогтой гараар урласан бүтээгдэхүүн  борлуулагдаж байгаа учраас та амттай, сайхан айраг идээгээ эндээс амсаж болно. Мөн айраг уунгаа дэмбээдэж, хуруудаж наадамлаарай.

14. Аварга Монгол баримлын өртөө

 Хүний биеийн хэмжээтэй тэнцэхүйц Монгол гутал, хөөрөг, аяга,цайны домбо, авдар, дөрвөн бэрх шагай, эмээл зэрэг Монгол ахуйг харуулсан аварга баримлуудтай зургаа татуулах боломжтой. 

ХҮҮХДҮҮДЭЭ ЮУ ҮЗҮҮЛЭХ ВЭ?

15. Шагайн морио уяцгаая

Айл бүрт байдаг шагайн наадгай цөөрчээ. Таны хүүхэд шагайгаар тоглож, шагайгаар морио уяж, уралдуулж байгаа юу? Энэ жилийн наадмыг таны хүүхдийн шагайн соёолон өнгөлөх юм биш биз. 

16. Хэний зурсан зураг вэ? 

Та өөрийн хүүхдээ зураг зурж чаддаггүй гэж хойш битгий түлхээрэй. Хүүхдийн хэрхэн зурах биш юуг зурж буйг сайтар ажиглаарай. Соёлын наадамд оролцож буй хүүхдээ зургийн уралдаанд оролцуулж, тэдний шинэ ертөнцийг хамтдаа нээж болно. 

17. Зугаатай нүүр будалтын хэсэг хүүхдэд тань лав таалагдана 

Мэдээж бяцхан наадамчдын хүсэн хүлээдэг зүйлсийн нэг яах аргагүй нүүрэн дээрээ зугаатай зураг зуруулах явдал юм. Монголын төрийн далбаанаас эхлээд дуртай үлгэрийн баатар, хайртай амьтныхаа зургийг ч зуруулж болно шүү. Хүсвэл аав ээжтэйгээ адилхан зураг зуруулаад, гэр бүлээрээ ч ижилсэж болох юм. 

18. Хүүхдүүдийн флаш моб

Бяцхан хүүхдүүд нэгдэж, нэгэн зорилгын дор хамтдаа хэрхэн бүжиглэхийг үзээрэй. 

19. Хурган чих хөгжим гэж сонсож байсан уу 

Алганд багтам авсаархан энэ хөгжмийн талаар эцэг, эх та бүхэн дуулж байсан уу. Хурган чих болон бишгүүр хөгжимтэй танилцах аялалд нэгдээрэй. 

20.  Монгол хүүхэлдэйтэй хамт зургаа татуулах боломж бий 

21. Мэдээж + Хөгжилтэй тоглоом тэмцээн
 
Дэлгэрэнгүйг ЭНД дарж сонирхоорой.

Б.Гэрэлмаа 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг
2
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
3
2019.01.02
2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
41
10
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.