Хайх зүйлээ бичнэ үү

мин

Бельгийн “Алтан үе” цом авалгүй өтөлсөөр л

Францчууд сэтгэлийн хөдлөлд авталгүй, дасгалжуулагчийнхаа даалгаврыг биелүүлж, ухаалаг тоглoсон тул яллаа.


“ОХУ 2018” дэлхийн аваргын тэмцээний хагас шигшээгийн эхний тоглолт өчигдөр боллоо. Магадгүй энэ тоглолт зарим хүний санаанд хүрээгүй байж ч болох. Тоглолтын өмнө Бельгийн зарим тоглогч Бразилийг ялсанаа бараг дээд амжилт гэж яриад байсан бол нэг хэсэг нь бид аварга болохын төлөө ирсэн гэцгээж байв. Ямар ч гэсэн 1986 оноос хойш анх удаа ДАШТ-ий хагас шигшээд тоглох гэж байсан тэдэнд сэтгэл зүйн дарамт их байсан нь гарцаагүй.  

Хүнд хэцүү өрсөлдөгчдийг ээлж дараалан буулган гарч ирсэн энэ хоёр багийн тоглолтыг бараг финал гэж нэрлэж байлаа. Хэн ялсан нь Англи, Хорватын хэнийг нь ч ялаад дэлхийн аварга болно гэж таамаглаж байв. Үнэхээр ч багууд хагас шигшээ хүртэл үнэхээр сайн тоглож ирсэн. Бразилийн шигшээтэй таарахаас “хулчийсан” Англиас ялгаатай нь Бельгийн баг зоригтой, энэ тэмцээний хамгийн их гоол оруулсан баг. 24 тоглолт дараалан ялагдаагүй, гол мэргэн бууч Лукаку сүүлийн 13 тоглолтод 17 гоол оруулсан байв. Лукакугаас гадна 9 өөр тоглогч гоол оруулсан гэсэн довтолгооны энэ бүрэлдэхүүн Францын хамгаалагч нарыг айлгах ёстой байлаа. Харин Францын хамгаалалт Месси, Суаресийг зогсоож чадсан.  
Багуудын гарааны бүрэлдэхүүн сүртэй сюрприз байхгүй тул тактикийн агуу “санаа” байхгүй нь ойлгомжтой байв. Хөл нийлсэн, тогтвортой бүрэлдэхүүнээ дасгалжуулагч нар сонгожээ. Дидье Дешам Толиссогийн оронд талбайн төвд Матюидиг гаргасан бол Мартинес торгуультай хамгаалагч Меньег ашиглах боломжгүй болсон.
Францын багийнхан бөмбөг эзэмшин тоглолтыг эхлүүлсэн ч Бельгийн прессинг эхлэнгүүт санаачилгыг тэдэнд зүгээр л өгчихлөө. Гэхдээ хамгаалалт найдвартай. Эхний үе Бельгийн давамгайлал дор өнгөрсөн ч гоол оруулах боломж Франц илүү байлаа.

Хоёрдугаар үед Умтитигийн мөргөлтийг Куртуа хааж чадсангүй. Энэ гоол Бельгийн багийг нокаутад оруулсан гэхэд болно. Хүч, өндрөөрөө ааглана гэж бодож байтал мөргөлтөөр гоол алдана гэдэг. Үүнээс цааш Бельгид бүтэх юм ховор болсон. Том тэмцээний туршлага дутуу тэд цаг дуусах болоогүй байхад л сандарч тэвдэж байлаа. Харин францчууд дахин нэг гоол хийх тун дөхөж байв. Мартинес  Мертенсийг Дембелегийн оронд, Карраског Феллаинигийн оронд гаргаснаар довтолгоо ширүүссэн ч амжилт олсонгүй. Лукаку энэ өдөр үнэхээр харагдсангүй. Гэхдээ түүнийг суулгах зориг дасгалжуулагчид байсангүй. Витцелийн холын цохилтоос өөр юм хийж чадахгүй байсаар Бельги тоглолтоо дуусгалаа.

Францчууд Азарыг хааж, өрсөлдөгчөө боон хүлж, де Брюйнегийн “хорлонт үйл ажиллагааг” нурааж чадсан. Тийм болохоор тэд яллаа. Францчууд сэтгэлийн хөдлөлд авталгүй, дасгалжуулагчийнхаа даалгаврыг биелүүлж, ухаалаг тоглoсон тул яллаа. Харин Бельгийн Мартинест Б төлөвлөгөө гэж байсангүй. Ийнхүү Бельгийн хөлбөмбөгийн алтан үе том ялалт, цом байхгүй нас ахисаар байна.

Франц – Бельги 1:0 (0:0, 1:0)
“Крестовский”
Гоол: 1:0 – 51 Умтити.
Франц – Льорис, Павар, Варан, Умтити, Люка Эрнандес, Канте, Погба, Мбаппе, Гризманн, Матюиди (Толиссо, 86), Жирү (Нзонзи, 85).
Бельги – Куртуа, Шадли (Батшуайи, 90), Алдервейрелд, Компани, Вертонген, Витцель, Дембеле (Мертенс, 60), де Брюйне, Феллайни (Феррейра Карраско, 80), Азар, Лукаку.
Шар хуудас: Азар (63), Алдервейрелд (71), Канте (87), Мбаппе (90), Вертонген (90).

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
44
40
21
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.