Хайх зүйлээ бичнэ үү

23 насандаа гавьяат болсон авьяаслаг охин.

УДБЭТ-ын гоцлол бүжигчин, 23-хан насандаа гавьяат цол тэмдгээр энгэрээ мялаагаад буй О.Анужинтай бид энэ удаа ярилцлаа. Тэрбээр БНСУ-д 11 дэх удаагаа зохион байгуулагдсан “Korea International Ballet-2018” олон улсын тэмцээнд амжилттай оролцож, алтан медалийг хүртээд ирсэн юм. Тус тэмцээнд 14 орны 200 гаруй бүжигчин, 12 орны шүүгч оролцсон байна. Эх орондоо хүрэлцэн ирээд Монгол улсын гавьяат жүжигчин гэх нэр хүндтэй шагналыг хүртэх болсноо мэдээд түүнд юу мэдрэгдсэн болоод түүний цаашдын хийж бүтээх зүйлсийн тухай та хүлээн авч уншина уу.

-Балетаар та 10 настайдаа хичээллэж эхэлсэн гэдэг. Түүнээс өмнөх таны мөрөөдөл юу байсан бол?

Зургаан настайдаа би Плехановын сургуульд орж суралцсан. Тэнд суралцаж байх хугацаанд орос бүжгийн хамтлагт бүжиглэдэг байлаа. Хөгжим бүжгийн сургуульд орохоосоо өмнө бас латин америк бүжиг бүжиглэдэг байсан. Балет сонгохоосоо ч өмнө бүжигт хайртай, дуртай байсан даа. Ритмика гэж бүжгийн хичээлдээ маш их дуртай байсан. Орос хэл, бүжигт маш их дуртай, тайзан дээр гарах сонирхолтой охин байсан. Бүр түүнээс өмнө бол гадаадаар гоё сайхан ярьдаг хүн болно доо л гэж боддог байсан. 

-23 насыг та юу хийж бүтээх нас гэж бодож төсөөлж байсан бэ? Бусад хүмүүсийн хувьд энэ бол дөнгөж л сургуулиа төгсөөд, шинэ ажил мэргэжил, хайр дурлал гээд явж байх үе шүү дээ.

Миний хувьд бүх зүйл дараалаад, бужигнаад л байна. Хоёр жилийн өмнө Солонгост тэмцээнд орсноос хойш жинхэнэ бужигнаан эхэлсэн. Төрийн ордноос том шагнал хүртээд гарч ирэхэд ээж надаас “Ямар байна?” гэж асуухад нь “Ээж ээ, би сайн санахгүй байна” гэж хэлсэн шиг л юм болж байна. Ер нь яг одоо энэ залуу насандаа л хөдөлмөрлөж, хийх ёстой зүйлээ хийх хэрэгтэй гэж боддог. Одоо л хийхгүй бол дараа нь бид нар чинь амьдрал зохионо, нөхөртэй болно, эцэг эх маань ч хөгширч, амьдралын өөр үе рүү орох хэрэг гарна. Яг одоо энэ насандаа байж болох хамгийн сайнаараа л хичээх хэрэгтэй гэж бодож байгаа.

- Ер нь чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?

Болж өгвөл гэр бүлийнхэнтэйгээ чөлөөт цагаа өнгөрүүлэхийг хүсдэг. Кино үзэх дуртай. Гэхдээ яг гоё чөлөөтэй цаг гардаггүй. Найз нөхөдтэйгөө уулзахыг хүсдэг ч чөлөөт цаг их ховор гардаг. Дуурийн театрынхаа ажлыг өглөө нь хийгээд, өдрийн хоолоо хийж, Маршал Таундаа очиж дахиад бэлтгэлдээ ордог. Тэр бэлтгэл бол оройн 10, 11 цагаас наашгүй. Тэгээд л ядарсан хүн чинь шууд л гэртээ харьдаг даа.

-Та кино үзэх дуртай гэсэн шүү дээ. Балеттай холбоотой кино ч их үздэг байх. Сэтгэлд үлдсэн, дуртай кино гэвэл юуг нэрлэх вэ?

Ер нь балеттай холбоотой кино болгон гоё. Балетын тухай болохоор хүнд бэрх, зовлон жаргалыг нь вүгдийг нь харуулдаг. Гэхдээ яг балетчин хүний үүднээс бас яг тэрийг нь үзэхээр онцгүй ч юм шиг санагддаг. Хамгийн сүүлд маш их шуугиулж чадсан “Хар хун” яг одоо санаанд орж байна. Тухайн үед маш олон хүн тэр киног үзсэнийхээ дараа яг киногоороо ойлгосон юмаа асуудаг байсан л даа. “Нээрээ хүмүүстэйгээ холбоотой байдаг уу, үнэхээр ийм юм болдог уу” гэх мэт. Тэгэхээр нь би хэлдэг байсан юм. Энэ бол сэтгэхүйн кино. Нэг дүрд тоглохын төлөө тэгж галзуурч, юм төсөөлж, дүрийг бүтээхийн төлөө дотор нь маш олон зүйл болдог гэдгийг харуулсан. Өөрийгөө өрсөлдөгчөөр харж, өөрийгөө хар цагаанаар харж байж тэр дүрийг бүтээдэг юм гэдгийг тэр киноноос олж хараасай гэж бодсон. Бүтэн жүжгийн ард гарна гэдэг яг түүн шиг л юм болдог. Ялангуяа “Хунт нуур”, “Жизель” дээр. “Жизель” бас л их зөрчилдөөнтэй. Амьд хүн яаж сүнс болох вэ дээ. Гэхдээ яг сүнс болсон юм шиг, дотроо өөрийгөө үхсэн хүн мэт мэдэрч байж тэр дүр гарна. Тэгэхээр маш их ажиллах хэрэг гардаг. Бүжигчин хүн үүнийг гаргахын тулд хөдөлгөөнөөс гадна мэдрэмж, төсөөлөл хийж байдаг. Үүнийг л харуулсан кино юм болов уу, энэ талаас нь илүү хараасай гэж хүссэн.

-Урлагийн хүн болоод энгийн ажил мэргэжилтэй хүмүүсийн хамгийн том ялгаа юу байдаг бол? Таны хувьд юу нь хамгийн сайхан бэ?

Мундаг хүмүүстэй хамт ажиллаж, олон зүйл хийж бүтээсэн хүмүүстэй ойр байна гэдэг хамгийн сайхан. Манай ахмадууд ярьдаг юм л даа. “Бид дандаа залуу энергиэр хөглөгддөг” гэж. Яг түүн шиг залуус, охидтой хамт ажиллаж, инээлдэж хөөрөлдөнө. Дээрээс нь биеэ зөв сайхан авч явж сурна. Хувцаслалт, харагдах байдлаас эхлээд залуу хүмүүстэй хамт байхаар илүү сайхан болж эхэлдэг. Урлагийн хүн байхын сайхан тал нь маш том мундаг хүмүүстэй уулзах боломж олддог. Дэлхийн одууд шиг болохыг мөрөөдөж, түүний төлөө хичээх гээд л маш олон сайхан тал бий. Тогоонд нь чанагдаад маш мундаг хүмүүс шиг удаагүй ч гэлээ тодорхой хэмжээнд энэ зүйлд харьяалагдаж байгаа хугацаандаа сайхан зүйл их байгааг мэдэрч, нэг нэгнээ хүндэлж хайрладаг. Бие биенээ дэмжиж түшдэг гээд л цааш ярих юм бол сайхан зүйлс хязгааргүй их бий. Заримдаа би оффист ажилладаг байсан бол байж тэсэхгүй байх гэж боддог. Учир нь бид үргэлж хөгжим дунд амьдардаг. Өөр ертөнцөд амьдардаг ч гэх юм уу. Байнгын хөдөлж, хөдөлгөөн дунд амьдардаг хүмүүс чинь анхаарлаа ганц зүйлд төвлөрүүлээд хөдөлгөөнгүй сууна гэж бодохоор хэцүү байдаг. Надад яг тэгж сууж ажилладаг хүмүүс үнэхээр мундаг санагддаг. Гэхдээ миний хувьд одоо ийм ажил хийж байгаад оффис ажил руу орно гэхээр айдас төрдөг шүү.

-Таны сонсож байсан хамгийн үнэтэй зөвлөгөө юу байсан бэ?

Үнэтэй зөвлөгөөнүүдийг би ер нь дандаа л сонсдог шүү. Манай ээж маш мундаг хүн. Ээжийн хэлсэн үгс надад дандаа хүч өгдөг. “Чи анх энэ урлагт орохдоо би энэ урлагаас буцахгүй гэж надад амласан шүү” гэж надад сануулдаг. Мэдээж залуу хүн юм чинь хааяа хөөрч, дэгдэнэ. Тэгээд яг л толгойг минь дарж авах шиг ухаарал хайрладаг хүн бол ээж минь. Дээрээс нь манай багш МУГЖ Ч.Туул байна. Туул багш маань “Хүн бол хүн шиг л байх хэрэгтэй. Хүн чанараа битгий алдаарай. Бусдын төлөө байна гэдэг чухал юм шүү” гэж жаахан байхаас минь эхлээд зааж байсан. Надад олон сайхан багш бий. Д.Дашлхагва багш минь бас маш мундаг хүн. Амьдрал гэдэг зүйл ямар сайхан бэ гэдгийг надад зааж өгсөн. “Энэ урлагийг бусдад таниулахын тулд чи өөрөө ямар хүн байх ёстой вэ” гэдгийг ойлгуулж, толгой руу минь мэдлэг хийж, үнэтэй зөвлөгөөнүүдийг өгсөн хүн. Тэр болгоныг нь ч би байнга сонсохыг хичээдэг. Заримдаа бас мартчихна. “Би юу гэж хэллээ” гэхээр нь “Аан юу билээ” гээд л, бас тэгэх үе байна аа.

-Гадаад болон Монгол бүжигчдийн ялгаа гэх зүйл тэмцээний үеэр танд анзаарагдсан уу?

Улс үндэстэн болгон өөр. Бүжгийн хувьд яг ийм зүйл нь үүнээс болоод л өөр байгаа юм гэж хэлэх боломж байхгүй. Энэ яг зөв школ шүү гээд түүнийг нь заалгасан мөртлөө сурч чадахгүй үе байна. Тэгэх юм бол бас арай өөр арга барилаар сурна. Тиймээс хүн өөрт хамгийн их таарсан юм юу вэ гэдгийг мэдэж авахын тулд тэмцээнд явдаг. Тэмцээнд бусад улсын хүмүүс ямар байна, яаж хийж байна, би өөрөө ямар төвшинд байна гэдгийг мэдэх авах гэж явдаг.

-Тэмцээнд явахад хамгийн хүнд зүйл нь юу вэ?

Ер нь бол тэмцээнд явна гэдэг сэтгэл санааны хувьд маш хүнд зүйл. Маш өндөр сэтгэл зүй, сэтгэлийн хаттай байхгүй бол их хэцүү. Заримдаа зугтмаар л санагдчихдаг. Гэхдээ хэзээ ч юмыг тэгж орхиж болохгүй. Тиймээс анхнаасаа л бүх зүйлдээ анхаарах хэрэгтэй. Тэмцээнд орохын өмнө хэрхэн нойр авах вэ, юу идэж уух ёстой вэ, сандарвал яах вэ гээд их зүйлийг анхаарах хэрэгтэй болдог. Тэмцээнд орохын өмнө маш их сандардаг. Тиймээс эхний тэмцээнийхээ өмнө юу бодож, сэтгэл санаагаа хэрхэн бэлдэх вэ, хоёр дахь тэмцээн дээрээ яаж оролцох вэ, том шагналд хүрэхийн тулд өөрийн ямар талаа харуулах хэрэгтэй вэ гээд бодох зүйл маш их. Бас бүжигчин хүний хувьд нойр, хоол гэдэг хамгийн чухал. Шөнө маш их юм бодогдоод унтаж чадахгүй байгаа бол өглөө нь булчин ямар ч үйл ажиллагаагүй болчихно. Тэмцээний дүн гарах мөч бол хамгийн хүнд үе. Тэгэхээр сэтгэл санааг энд байхдаа л 200 хувь бэлдэх хэрэгтэй. Тэгээд тэмцээндээ очиход түүний тал нь байхгүй боллоо гэхэд 100 хувийнхаа сэтгэл зүйтэй байж байх ёстой. Миний сэтгэл зүйг энэ бүхэнд бэлдэж өгдөг маш олон сайхан багш нар бий. Надад хайр өгдөг, итгэл хайрладаг асар олон хүн байгаа. Тэр хүмүүс намайг чадаад ирсэн ч хайрлана, чадахгүй ирсэн ч хайрлана. Тиймээс ийм хүмүүс дэргэд минь байгаа гэдгийг байнга сануулж байх ёстой. Тэр талаас нь юмыг харахгүй бол урлагийн хүн чинь хэцүү шүү дээ. Тиймээс хайртай хүмүүс минь надад байгаа гэсэн бодлыг өөртөө байнга сануулж байх хэрэгтэй гэж боддог. Хүн чинь өндөр хариуцлага өөр дээрээ авна гэдэг бас хэцүү шүү дээ.

-Маш их ачаалал авдаг, хөдөлгөөн дунд байдаг болохоор биеэ яаж амраадаг вэ? Бас хэрхэн жингээ зөв барьж, биеэ эрүүл байлгадаг вэ?

Бид нар бас л их олон юм хийдэг дээ. Маш зөв хооллох ёстой хүмүүсийн л нэг. Гэхдээ хоолны дэглэм барихдаа их муу. Заримдаа бид хоолтой хоолгүй явна. Заримдаа идэж чадах үе, чадахгүй үе гэж байна. Бэлтгэлийн дундуур идэх юм бол хөдөлж чадахгүй болно. Эрүүл мэнддээ маш сайн анхаарах ёстой гэж боддог ч гэсэн заримдаа түүнийгээ орхигдуулах гээд байдаг. Маш их хөлс гаргаж байгаа болохоор амин дэмүүд, кали, кальци авах хэрэгтэй учир нэмэлт бүтээгдэхүүнүүд хэрэглэж байх ёстой. Миний биед юу дутагдаж байна гэдгийг байнга анзаарч байхгүй бол байнгын хөдөлгөөн хийж байгаа бидний хувьд асуудал гарч ирэх магадлалтай. Кальци дутагдсанаа мэдэгдэхгүй байж байгаад үсрээд хөлөө хугалдаг, нэг юм нь болохоо байгаад шөрмөс татдаг гээд олон асуудал гарна. Байнгын тордлогоо шаардлагатай хүмүүс дээ бид нар. Харин намайг байнга торддог хүмүүс бол аав ээж хоёр минь. “Хоол идсэн үү” гээд асуухаар нь “Идээгүй, идэхгүй” гэхээр “Ид” гээд л идүүлнэ. Тэмцээний үеэр бол яалт ч үгүй хоол маш их хасдаг. Тэгээд шингэн шөлөөр жаахан хооллоод л явдаг.

-Маш хүндээр бэртэж байсан тохиолдол байгаа юу?

Бэртэж байсан тохиолдлууд байлгүй яах вэ. Гэхдээ тийм аймшигтай хүнд бэртэл гэх нь ч юу юм. Тайзан дээр шагайгаа хугалаад бүтэн жүжгээ тоглоод дуусгаж л байсан. Бид нарт маш олон бэртэл байдаг. Мөр мултарч, шагай бэртэх гэх мэтээр. Энэ болгоныг хүнд гэж авч үзэхгүй л дээ. Мэдээж хүмүүст сонсоход их хүнд байгаа байх. Балетчин хүний хувьд бэртлүүд байнга ирдэг. Манайд надаас аймаар гэмтэж байсан хүмүүс бий. Гэхдээ л бид энэ зүйлийнхээ ард гарч, юмаа дуусгах ёстой бол дуусгаад л явдаг. Манай балетынхан чинь бас нэг бодлын гайхалтай хүмүүс шүү.

-Ер нь ном унших цаг гарч байна уу?

Унших гэж аль болох хичээдэг. Уншдаг хүмүүсийн хажууд уншдаг гээд хэлчихвэл буруудна. Гэхдээ уншдаггүй хүмүүсийн дэргэд уншдаггүй гээд хэлэхээр бас тийм ч уншдаггүй хүн биш. Зав гарах юм бол хувь хүний хөгжил, уран зохиолын ном их уншина гэж боддог. Миний өрөөний номын сан бас тийм ч бага биш. Чадвал хэрэгтэй номуудаа цуглуулж байгаад одоо биш ч гэсэн цаг гарах үед уншиж авч байхсан гэж боддог. Ном бол угаасаа гайхалтай зүйл.

-Таны хамгийн сүүлд уншсан, сэтгэлд үлдсэн ном юу байна вэ?

Манай Ч.Туул багшийн гаргасан номууд байдаг. Багшийнхаа “Бүжгийн түүх” гээд номыг хамгийн сүүлд дахин шинээр уншсан. Мундаг хүмүүс болоод бүжгийн тухай өөрийн мэдлэг, мэдрэмжийг сэргээх зорилготойгоор уншсан. Давхар давхар тэмцээнүүдтэй үед ном унших их хэцүү. Таван сард би улирлын сүүлийн “Хунт нуур”-аа бүжиглэсэн. Зургаан сард тэмцээнд орж, үргэлжлүүлээд Японд тоглолтод оролцож, дахиад Солонгос улсад тэмцээнд явсан. Тэгээд ирээд нэр хүндтэй, том одонгоор шагнуулаад одоо буцаад Шанхай руу явах гэж байна.

-Шанхайд бас тэмцээнд оролцох гэж байгаа юу?

Тийм ээ. Балетын олон улсын тэмцээн болох байгаа. Долдугаар сарын 25-нд явна. Тэр тэмцээнийхээ бэлтгэлд ороод явж байна. Сая дөнгөж бэлтгэлээ тараад ирсэн. Ер нь ийм ачаалалтай өдрүүд өнгөрч байна даа. Шанхай явж ирээд сайхан амарна даа гэж найдаж байна.

-Энэ тэмцээнд ямар бүжгээр оролцох гэж байгаа вэ?

Тэмцээнүүдэд ер нь энэ таван бүжгээс нэгийг нь сонго гэдэг ч юм уу энэ арван бүжгээс нэгийг сонго гээд зааж өгдөг. Би Корсар, Дон Кихот, Хунт нуур гэсэн бүжгүүд бэлдэж байна.

-Хүмүүсийн янз бүрийн шүүмжлэл, яриа одоо сошиал ертөнцөөр явж байгаа. 23-хан насандаа гавьяат болсон гэхээр хүмүүс их хүндээр хүлээж авч байх шиг байна. Энэ тухайд?

Сошиал ертөнцөөр маш их мэдээлэл явлаа. Энэ дунд зөв ч мэдээлэл байна, буруу ч мэдээлэл байна. “О.Анужин дэлхийн 9 шилдэг бүжигчний нэг болжээ” гэдэг ч юм уу “Энэ охин чинь гуравхан балетын бүжигт гоцолсон гэж байна” гэх мэт маш олон ташаа мэдээлэл харагдаж байна. Гэхдээ яг үнэн зөв мэдээлэл түгээж, хүмүүст зөв ойлголт өгөөсэй гэж хүсэж байна. Үнэн юм үнэнээрээ сайхан шүү дээ. УДБЭТ-ын хамт олон маань намайг энэ том шагналд тодорхойллоо шүү гээд анх мэдэгдэж байсан. Театр намайг “Найман жил ажиллаж, балетуудад гоцлоод, тэмцээнүүдэд оролцож, улс эх орныхоо нэрийг дэлхийд гаргаад ирсэн байна. Хэдий залуу ч гэсэн хийж байгаа үед нь үнэлж шагнавал бид маш их баяртай байх болно” гээд энэ шагналд дэвшүүлсэн байсан. Би үүнийг мэдээд маш их баярласан. Театр минь намайг залуу гээд голохгүйгээр үнэлж, тодорхойлоод явуулсан байсан. Улс маань тус тодорхойлолтыг хараад энэ хүүхэд болох юм байна гээд энэ гайхалтай том шагналыг надад хүртээсэн. Миний хувьд энэ зүйлийг үнэхээр хүндэтгэж, дээдлэн хүлээн авсан. Үүний зэрэгцээ маш том хариуцлага над дээр ирсэн. Залуу хүмүүс над руу маш их мессеж илгээж байгаа. “Чи бид нарын төлөөлөл боллоо шүү, бид хийж байгаа үедээ авч болдог юм байна гэсэн итгэл авч байна, ямар нэг зүйлд бүх зүйлээ зориулж хичээвэл төр үнэхээр үнэлдэг юм байна” гэх мэт маш олон гайхалтай зурвас над дээр ирж байна. Бид нар илүү ихийг хийж бүтээж чадна гэсэн итгэлийг би тэр хүмүүст бага ч болтугай өгч чадсан юм болов уу гэж баярлаж байгаа.

-Та энэ шагналыг хүртэх болсноо мэдээд яаж хүлээж авсан бэ. Тухайн үед хаана явж байгаад энэ мэдээг анх дуулсан бэ?

Яг өмнөх өдөр нь залгаж хэлдэг юм билээ. Би чинь анх долоо юм уу гурав хоногийн өмнө ч юм уу бэлдэх хугацаа өгч хэлдэг юм байх гэж боддог байсан чинь яг долдугаар сарын 8-ны үдээс хойш залгасан байх шүү. Манай эгч хуримаа хийх гээд бид хоёр хуримын юм үзээд E-Mart дэлгүүрийн зургаан давхарт явж байсан. Тэгсэн чинь утас дуугараад, “Сайн байна уу. Ерөнхийлөгчийн Тамгын газраас ярьж байна. Танд баяр хүргэе, та Монгол улсын гавьяат жүжигчин цол тэмдгээр шагнуулж байгаа юм байна” гэж хэлсэн. Би шоконд ороод за гэх үү, баярлалаа гэх үү гэдгээ мэдэхээ болиод дараа нь талархлаа илэрхийлсэн дээ. Намайг өглөө 11 цаг гэхэд бэлэн байгаарай гэж хэлсэн юм. Тэгээд л би шууд ээж аав руугаа залгасан. Тэр хоёр маань ёстой бөөн баяр болсон. Тэгээд юу өмсөж зүүх вэ, ах дүү нартаа хэлэх билүү, яах билээ гээд бөөн сандрал болсон. Маш их сандардаг юм билээ. Энэ хүндтэй медалийг авахаасаа өмнө сандраад, авч гарч ирээд сандраад, театрынхаа хамт олонд бас талархаа илэрхийлэх гэж сандраад орой нь 22 цаг өнгөрч байхад маш их ядраад гэртээ орж ирж байсан. Гэрээр дүүрэн цэцэг. “Яанаа, хэтэрхий олон гоё цэцэг үнэртээд байнаа, цонхоо онгойлгоё” гээд бөөн инээд хөөр болоод л. Манай аав тоглоод, “Амьдралдаа анх удаа л ийм их цэцэг харж үзлээ” гэж байсан. Би хамгийн түрүүнд аав ээждээ л баярласнаа илэрхийлмээр байна. Надад тусалж дэмжсэн маш олон хүн байгаа. Энэ бол маш олон хүний хүч хөдөлмөр, зүрх сэтгэл, хайр. Ээж, аав минь бол миний хувьд хамгийн үнэ цэнэтэй хүмүүс. Миний ард багана шиг байж, урд минь бамбай шиг байж чаддаг. Надад бүхнээ зориулдаг энэ хүмүүсийн итгэлийг би алдаж болохгүй гэж боддог учраас өөрийгөө чадлаараа дайчилдаг. Ээж аав хоёр минь, “Миний охин энэ хүндтэй шагналыг хүртэх ямар сайхан юм бэ” гэж хэлэхэд надад үнэхээр сайхан санагдсан.

-Одоо таны хамгийн том зорилго юу вэ?

Олон улсын тавцанд улсынхаа нэрийг илүү өндөрт гаргаж явна даа гэж бодож байна. Учир нь энэ бол миний хийх ёстой үүрэг. Эмэгтэй хүн болохоор мэдээж маш олон зүйлд зорьсон байгаа. Гэхдээ одоогоор хийх ёстой зүйл минь бол миний ажил. Би ажлаа л сайн хийх хэрэгтэй. Мэдээж бүр 40, 50 нас хүрээд хийх зүйлс гэж бас байгаа. Тэр үед хоёулаа энэ тухай бас ярилцаад сууж байна байх даа.

-Гол нь энэ нэр хүндтэй шагналыг та өөрөө өөртөө хүлээн зөвшөөрч байна уу гэдэг чухал. Хамгийн том шүүмжлэгч нь хүн өөрөө байдаг шүү дээ. Та өөрийгөө юу гэж дүгнэж байна вэ?

Энэ шагналыг хүртээд “Би үнэхээр энэ шагналыг авах ёстой гэж үү” гэдэг ч юм уу, тийм бодол төрөхгүй байгаа. Яагаад гэвэл төр намайг үнэлж байна. Энэ миний хувьд маш чухал. Энэ шагнал жинхэнэ утгаараа надад ташуур болж өгч байгаа юм уу л гэж бодож байна. Учир нь би залуу хүн шүү дээ. Тиймээс залуу хүн барын аманд гараа хийхээс ч буцахгүй гэдэг шиг байх ёстой. Илүү хүчтэй байж, зорьсон зорилгоосоо хааяа буцах гэх үедээ “Хүүе, чи буцаж болохгүй шүү” гэсэн ташуур минь болж байна гэж бодож байгаа. Мэдээж ямар ч хүн өөртөө шүүмжлэлтэй ханддаг. Гэхдээ бас яаж дандаа өөрийгөө шүүмжлээд байх билээ дээ. Өөртөө мэдээж шүүмжлэлтэй хандах хэрэгтэй. Гэхдээ би өөрийгөө юмыг зөвөөр, зөв өнцгөөс хардаг байгаасай гэж хүсэж байгаа. Надад их олон хүн үнэтэй үгс хэлж байгаа. “Ийм том шагнал хүртсэн болохоор хариуцлага ихтэй шүү, Анужин. Нуруун дээрээ том ачаа үүрч байгаа гэж бодоорой. Хүн ямар байсан тэр чигээрээ байх нь илүү чухал байдаг шүү” гэх мэт. Яг л "Дээрээс унахад доошоо газар хатуу" гэдэг шиг үнэтэй зөвлөгөөнүүдийг хэлж байгаа. Эрүүл мэнддээ сайн анхаарах хэрэгтэйгээ ч ухаарч байгаа. Шүүмжилж байгаа хүмүүс ч гэсэн миний сайн сайхны тулд хэлж байгаа гэж бодож байгаа. Тэдгээр шүүмжлэлийг уншаад өөртөө бас “Би нээрээ тэгж байж магадгүй юм шүү” гээд шүүмжлэлтэй ханддаг. Сайшааж, магтаж байгаа хүмүүст бол талархан хүлээж авдаг. Би бүх зүйл л миний сайн сайхны төлөө байгаа гэдгийг өөртөө хэлэхийг хичээдэг. Энд нэг онцгүй зүйл бичсэн байхаар нь гутраад, тэнд нэг сайн бичсэн байхаар нь баярлаад л байвал би өөрөө ямар ч баганагүй хүн болчхож байгаа юм л даа. Тиймээс би өөрийн баганыг маш бат бөх байлгаж, сайн бодож тунгаахыг хичээдэг.

-Ийм залуу байж яаж ийм эрч хүчтэй байж, олон хүний шантраад болих зүйлийг эрч хүчтэйгээр хийсээр явна вэ?

Гэр бүлээ илүү бат бөх, санаа зовох зүйлгүй амьдруулахын тулд би өөрөө хүчтэй байх ёстой. Хүн бүх зүйлийг өөрөөсөө л эхэлдэг. Хүнийг өөрчилж чадахгүй юм чинь өөрийгөө эхлээд өөрчилбөл хажууд байгаа хүмүүсийг инээд баясал дүүрэн байлгаж чадна. Би өөрөө эерэг байж, инээд харьцвал хүмүүс бас надтай тэгж харьцана. Өөрөө л орчноо бүрдүүлдэг шүү дээ. Би энэ зүйлийг өөртөө сануулах гэж их хичээдэг. Тэгэхгүй бол уурлаж бухимдах үе байлгүй л яах вэ. Ухарч, ядрах үе ч зөндөө бий. Гэхдээ надад зорьсон зорилго бий. Тэр мөрөөдөл, зорилго минь илүү том, утга учиртай болохоор надад ухрах завдал өгдөггүй. Дээрээс нь би энэ зүйлийг хийх ёстой л гэж боддог. Нас барахад үнэхээр бурхан дээр очоод, шүүх гэж байдаг бол хийхийг хүссэн зүйлээ хийж чадсан уу гэж асуухад, “Чадсан” гэж хариулахыг л хүсдэг. Тийм зүйл үнэхээр байдаг үгүйг мэдэхгүй л дээ. Гэхдээ энэ бол миний дотор байдаг төсөөлөл. Өөрөө өөрийгөө ингэж шахдаг. Галзуу хүн шиг өөртэйгөө байнга л ярьж явахгүй бол заримдаа буцах гээд байх үе байдаг.

-Монголын балетын урлаг ямар төвшинд байгаа гэж бодож байна?

Ази тивдээ бол манай сонгодог бүжгийн урлаг өрсөлдөхүйц хэмжээнд байгаа. Европт бол арай өөр л дөө. Маш олон зүйлээс шалтгаалж тэнд хүчтэй өрсөлдөгч байж чадах үгүйг хардаг. Энэ бол ер нь Европын урлаг шүү дээ. Тэгэхээр ази хүн бас яг тэнд очоод урдуур нь “ингээд” байх бас хэцүү. Гэхдээ энэ бол нэгэнт дэлхий даяар тарсан тул өрсөлдөх бүрэн боломжтой. Ази, Европ хүмүүс холилдож өрсөлдөөд л, бүх зүйл яг одоо ганцхан энэ улс орных гэж хязгаарлахааргүй болсон. Тэмцээн дээр ганцхан техник, эргэлт, хөдөлгөөн гэж харахаасаа илүүтэйгээр мэдрэмж, цэвэрхэн, хөнгөн байдал, хөгжим сонсолт гээд маш олон үзүүлэлтүүдийг харж байж шилдгүүдийг тодорхойлдог. Монголд маань балет бол хөгжиж яваа салбар. Хөгжиж байгаа юм чинь ирээдүйд бүр л сайн болно гэсэн үг.

-Тэгэхээр дөнгөж балетаар хичээллэх гэж буй хүүхдүүд, хүүхдүүдээ явуулахаар шийдсэн эцэг эхчүүд, сонирхож буй залууст хандан юу гэж хэлмээр байна вэ?

Энэ урлаг маш гайхалтай. Хэрэв энэ урлагийг сонгоод, цаашид үүгээр амьдарна гэж бодож байгаа бол зүтгэсэн зүйлийнхээ эцсийг үзэх хэрэгтэй. Ер нь ганц балет ч гэлтгүй, хүн болж төрөөд хэрэв дуртай юмаа чи олсон бол заавал түүнийхээ эцсийг үзэж, цаана нь гарч байгаасай гэж хүсэж байна. Яагаад гэвэл танд боломж байна. Танд хүсэл байна, та залуу байна, эрч хүчтэй байна. Амьдрал маш баялаг. Амьдралын хамгийн сайхан гэрэл гэгээтэй зүйлийг олж хардаг байгаасай. Хамгийн муухай үед ч гэсэн гоёыг олж хардаг байгаасай. Хүн мэдээж дандаа сайн байж чадахгүй. Гэхдээ энэ бүхнийг зорилгоо болгож хичээдэг байгаасай гэж хүсдэг. Балет бол үнэхээр гайхамшигтай, маш гоё урлаг. Энэ урлагаар хичээллээд хэн ч, хэзээ ч “би харамсаж байна” гэж хэлэхгүй гэж бодож байна. Энэ урлаг танд хамгийн сайхан бүхнийг харуулна.  Таныг илүү хүчтэй, дур булаам болгоно. Хэрэв та энэ урлагт үнэнчээр зүтгэвэл бурхан яах гэж таныг энэ амьдралд явуулсан юм бэ гэдгийг ойлгож, олж авах болно. Тайз гэдэг гайхалтай зүйл. Тайзан дээр гарч энэ урлагийг бусад хүмүүст түгээнэ гэдэг хамгийн сайхан мэдрэмжүүдийн нэг. Та бүхэнд амжилт хүсье. Хийсэн зүйлийнхээ эцсийг заавал үзэж байгаарай. Чамд бас маш их баярлалаа. Танай хамт олонд ажлын амжилт хүсье. Дэмжиж, урмын үгс хайрласан хүн бүхэнд баярлалаа.


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.