Хайх зүйлээ бичнэ үү

мин

Златко Далич: Ялсан ч ялагдсан ч Хорватад “газар хөдлөх” болно

Бидэнд ямар ч дарамт байхгүй, бид хэнээс ч айхгүй байна.


ДАШТ-ий финалд тоглоно гэдэг Хорватын шигшээ багийн хувьд түүхэн явдал. Гэхдээ тэд ямар нэг тусгай бэлтгэл хийлгүй, жирийн өдөр шиг л өнгөрөөж байгаа аж. Өнөөдөр болох ДАШТ-ий финалын өмнө Хорватын багийн дасгалжуулагч Златко Далич, ахлагч Лука Модрич нар хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.

Эхлээд Лука Модрич хариуллаа.
— Шинжээч, шүүмжлэгчид таныг намхан нуруутай гэж өөлдөг. Та энэ хүмүүст юу хэлэх вэ?
— Үнэндээ хэлэх юм байхгүй. Би хэзээ ч өөртөө итгэх итгэлээ алдаж байгаагүй, эрт орой хэзээ нэгэн цагт энд ирнэ гэдгээ мэдэж байсан. Шүүмжлэл эсрэгээрээ улам сайн тоглох хүслийг өдөөдөг. Хөлбөмбөг сайн тоглохын тулд заавал өндөр байх шаардлагагүй. Яруу тод жишээ бол би.
— Криштиану Роналду, Лионель Месси нарын ноёрхлыг нураахын өмнөхөн ирээд байгаагаа та төсөөлж байна уу? Тэдний дараа “Алтан бөмбөг” авсан анхны тоглогч болоход бэлэн үү?
— Би шигшээ багийнхаа амжилтын талаар л бодож байна. Миний талаар иймэрхүү зүйл ярьж байгаа нь мэдээж таатай байна. Гэхдээ би ямар нэг “Алтан бөмбөг”-ний талаар бодмооргүй байна. Бодлоо гээд би нөлөөлж чадахгүй шүү дээ. Одоогийн байдлаар багаараа амжилт гаргах талаар л хүсч, мөрөөдөж байна.
—Златко Далич ирснээр баг хэрхэн өөрчлөгдсөн бэ?
— Бид ДАШТ-ий финалд гараад байгааг та бүхэн харж байна. Энэ бол Златкогийн ирсний үр дүн. Тэр тун хэцүү үед ирж, бидэнд тусалсан. Тэр сайн дасгалжуулагч, гайхамшигтай хүн.
— Багийнхандаа тоглолтын өмнө хэлэх үгээ бэлтгэсэн үү?
— Би хэлэх үгээ хэзээ ч бэлтгэдэггүй, тэр үед мэдэрч байгаа зүйлээ хэлдэг. Бид тоглолтын өмнө тойрон зогсдог уламжлалтай. Харин ямар үг тэнд хэлэхээ би одоохондоо мэдэхгүй байна.
— Та энэ ДАШТ-ий шилдэг тоглогчдын нэг. Сайн тоглохын тулд юу хийдэг вэ? Ямар нэг нууц, тусгай ёслол байна уу?
— Ямар ч тусгай зүйл байхгүй. Тиймээ, финал гэдэг агуу зүйл. Гэхдээ би ямар нэг онцгой юм хийхгүй.
—Марио Манжукич энэ багийн амжилтын гол тоглогчдын нэг гэдгийг зөвшөөрөх үү?
— Марио авьяас, зан чанараас гадна багийг хөдөлгөх чадвартай хүн. Ялах гэсэн түүний хүсэл зориг бусад тоглогчдыг урагш хөдөлгөдөг. Марио өнөөдөр ялалтын гоол хийнэ гэж найдаж байна.

Хорватын багийн дасгалжуулагч Златко Далич тоглогчдын итгэлийг хэрхэн олж авах талаар ярьлаа.

— Хорватад та нарын ялалтыг хэрхэн тэмдэглэж байгааг та харсан байх. Дэлхийн аварга болчихвол Хорватад юу болох бол?
— Зурагтаар бага зэрэг харсан. Гэхдээ бид маш их баяртай байна. Ийм их бахархал, сэтгэл хөдлөлийг би дахиж хэзээ ч мэдрэхгүй байх. Бидний тоглолтын ачаар Хорват улс ч бахархал, баяр баясгаланд умбаж байгаа нь жинхэнэ аз жаргал. Финалд ялсан ч ялагдсан ч Хорватад “газар хөдлөх” болно. Хорватын ард түмэн баяр тэмдэглэж чаддаг ард түмэн.
— Францын баг нэг өдөр илүү амарсан давуу талтай. Харин танай 5 тоглогч бэлтгэлд оролцсонгүй.
— ДАШТ-ий финал гэж юу болохыг бүгд ойлгож байгаа. Хэрэв хэн нэг нь багтаа туслаж чадахгүй болсон бол шууд хэлдэг. Манай баг итгэлцэл дээр тогтдог. Хэн ч хүрж ирээд “Дасгалжуулагч аа, би ядарсан байна. Тоглоход бэлэн биш байна” гэж хэлж болно. Би заавал бэлтгэл хий гэхгүй, сайн амраад маргааш бүтэн хүчээр тоглосон нь илүү биз дээ. Хэн нэг нь тоглож чадахгүй болсон ч манай сэлгээнд сайн тоглогч олон бий. Тийм болохоор би санаа зовохгүй байна.
— Таныг ирснээр баг өөр болсон гэж тоглогчид ярьж байна. Тамирчдын итгэлийг яаж хүлээдэг вэ?
— Бидний харилцаа харилцан хүндлэл, итгэлцэл дээр үндэслэсэн. Би дасгалжуулагч байхаасаа гадна найз нь байхыг эрмэлздэг. Багтайгаа зөвлөхгүйгээр би шийдвэр гаргадаггүй. Бид нэг гэрбүл.
— Хорватын баг шинэ түүхэндээ Францыг нэг ч ялж байгаагүй талаар та боддог уу?
— Би иймэрхүү статистикт цаг заваа зарцуулдаггүй. Талбай дээр гараад түүхэнд шинэ тоо баримт бичвэл болоо шүү дээ. Өрсөлдөгч хэн байх нь гол биш, гол нь дэлхий дахинд Хорват улс хөлбөмбөг тоглож чаддаг гэдгийг харуулах. Энэ бол бидний амьдралын хамгийн сайхан өдөр байх болно.
— Энэ тэмцээний хамгийн хэцүү тоглолт ямар тоглолт байв?
— Данитай хийсэн тоглолт байлаа. Тэр үед би залуучууддаа хэрэв одоо ялагдчихвал хэсэгтээ авсан оноог хэн ч дурсахгүй шүү гэж хэлж байлаа. Харин одоо сэтгэл санаа огт өөр байна. Бидэнд ямар ч дарамт байхгүй, бид хэнээс ч айхгүй байна. Ялагдсан ч бид нэр төртэй ялагдаж, өрсөлдөгчдөө баяр хүргэх болно.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
2
33
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.