Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Линкольноос Трамп хүртэл буюу АНУ, ОХУ-ын тэргүүдийн уулзалтын түүхээс

Өнөөдөр Финландын Хельсинк хотод Доналд Трамп, Владимир Путин нарын дээд хэмжээний уулзалт болно.


Өнөөдөр Финландын Хельсинк хотод АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарын дээд хэмжээний уулзалт болно. Энэ үйл явдлыг тохиолдуулан Америк, Оросын төрийн тэргүүд хэзээ, хэрхэн уулзаж байсныг эргэн санацгаая.

“Таны үнэнч анд А.Линкольн”

Орос, Америкийн хооронд дипломат харилцаа 1809 онд тогтжээ. Тэр үед АНУ-ын 2 дахь Ерөнхийлөгчийн хүү Жон Куинси Адамс Оросын Хаан  Александр I-т итгэмжлэх жуух бичгээ барьж байлаа.
Гэхдээ Оросын Эзэн хаан Америкийн Ерөнхийлөгч нар биечлэн уулзаж байсангүй. Харин захиагаар харилцаж байсан түүх бий. Александр II хаан АНУ-ын 16 дахь Ерөнхийлөгч Авраам Линкольн нарын захианаас үзэхэд тэд бие биенээ хүндэлдэг байжээ. Хамжлагыг халсан Александр II боолчлолыг устгасан Линкольн нарын үзэл бодол ч нийлдэг төдийгүй “Таны үнэнч анд А.Линкольн”, “Таны дотны нөхөр Александр” гэж бичдэг байсан байна.

Сталин, Рузвельт, Трумэн

Хоёр улсын тэргүүдийн анхны уулзалт 1943 оны 11 дүгээр сарын 28-нд Ираны Тегеранд болсон. Гэхдээ уулзалтад ЗХУ-ын удирдагч Иосиф Сталин, Америкийн Ерөнхийлөгч Франклин Рузвельт нараас гадна Их Британийн Ерөнхий сайд Уинстон Черчилль оролцсон байдаг. Германы эсрэг Холбоотнуудын дээд хэмжээний уулзалт байлаа. Аюулгүй байдлын үүднээс Рузвельт Сталинтай хамт Тегеран дахь ЗХУ-ын ЭСЯ-нд байрлаж байв.

Холбоотнуудын дээд хэмжээний уулзалт 2 жилийн дараа Ялта, хэдэн сарын дараа Германы Потсдамд болсон. Потсдамын уулзалтын өмнө Рузвельт нас барсан тул шинэ Ерөнхийлөгч Гарри Трумэн оролцож байв.

Хрущев АНУ-д

Хамгийн анхны хоёр талын дээд хэмжээний уулзалт 1959 онд болсон. ЗХУ-ын тэргүүн Никита Хрущев АНУ-д айлчлал хийсэн юм. ЗХУ-ын удирдагч түүхэндээ анх удаа АНУ-д айлчлал хийсэн нь энэ байлаа. Хрущев АНУ-д 1959 оны есдүгээр сарын 15-27-нд бараг хоёр долоо хоног айлчилсан. Энэ хооронд тэр АНУ-ын Ерөнхийлөгч Дуайт Эйзенхауэртай 4 удаа уулзжээ. Үүнээс хоёр нь ганцаарчилсан уулзалт байв. Гэхдээ АНУ-д очихоосоо өмнө Хрущев Эйзенхауэртай 1955 онд Женевт болсон 4 улсын дээд хэмжээний уулзалтын үеэр уулзаж байсан юм.

Хрущевийн уулзсан дараагийн Ерөнхийлөгч бол Жон Кеннеди. Тэд 1961 онд Венад уулзсан. Германы асуудлыг шийдэх гэж оролдсон ч талууд тохиролцолгүй, уулзалтаас хоёр сарын дараа Берлиний ханыг барьж байв.

10 жилийн дараа

ЗХУ, АНУ-гийн удирдагчдын дараагийн уулзалтыг 10 жил хүлээсэн. 1972 онд АНУ-ын Ерөнхийлөгч Ричард Никсон Москвад түүхэн айлчлал хийхэд угтаж авсан хүн нь Леонид Брежнев байлаа.

Брежневийн засаглалын үед хоёр талын харилцаа “дулаарч”, стратегийн зэвсэглэлийг хорогдуулах гэрээ байгуулан, 1975 онд “Союз - Аполлон” сансрын хамтын нислэг явагдсан билээ. ЗХУ-д “Пепси-Кола” үйлдвэр нээгдсэн бол Америкт “Столичная” архи зарагдаж эхэлсэн.
Никсоны дараагийн Ерөнхийлөгч Жеральд Фордын үед ч дулаарал үргэлжилсэн. Форд албан тушаалдаа орсныхоо дараа 1974 оны 11 дүгээр сард Владивостокт ирж, Брежневтэй уулзан, цөмийн зэвсэг зөөвөрлөгчийг хорогдуулах талаар гэрээ байгуулсан байдаг. 1975 онд Форд Брежнев нар дахин уулзсан.

Фордын залгамжлагч Жимми Картер ОХУ-д ирээгүй, 1979 онд Венад Брежневтэй уулзсан. Цөмийн зэвсгийг сансарт байрлуулахын эсрэг гэрээг тэд байгуулсан.
Гэвч энэ уулзалтаас хагас жилийн дараа талуудын хооронд хүйтэн дайн эхэлсэн юм. Шалтгаан нь ЗХУ Афганистанд цэргээ оруулсан явдал байв.
Картер ч, түүний дараагийн Ерөнхийлөгч Рональд Рейган ч энэ явдлын дараа Брежневтэй уулзаагүй.

Горбачев Рейган хоёр

1985 онд ЗХУ-ын засгийн эрхэнд Михаил Горбачев гарснаар байдал өөрчлөгдсөн. 1985 онд Женевт АНУ, ЗХУ-ын дээд хэмжээний уулзалт боллоо. Үр дүн байгаагүй ч Рейган, Горбачев нар чөлөөтэй ярилцаж чадсан байна.
Тэд 11 сарын дараа 1986 оны 10 дугаар сард Рейкьявикэд дахин уулзсан. Энэ уулзалтаар “Хүйтэн дайн” албан ёсоор дууссан юм.

1987 оны 12 дугаар сард Горбачев Рейгантай Вашингтонд уулзан, дунд болон ойрын зайн пуужинг устгах гэрээнд гарын үсэг зурцгаасан байна.
1988 оны 5-6 сард Рейган Москвад хариу айлчлал хийсэн.

Хоёр Буш ба Клинтон

1989 оны 12 дугаар сард Мальта арал дээр Михаил Горбачев Жорж Буш нар уулзсан юм. Тэд юуны талаар ярьж, юу тохиролцсон нь тодорхой бус ч Михаил Горбачев шинэ эрин үе эхэллээ хэмээн тунхаглаж, Жорж Буш дэмжин толгой дохиж байв. Ямар ч гэсэн энэ уулзалтаар хоёр Герман нэгдэх эхлэл тавигдсан гэж үздэг.

Михаил Горбачев Жорж Буш нар 1990 онд Хельсинкид дахин уулзсан.
Үнэхээр шинэ эрин үе эхэлсэн юм. Удалгүй АНУ-ын Ерөнхийлөгч ЗХУ-ын удирдагчтай биш ОХУ-ын Ерөнхийлөгч Борис Ельцинтэй уулзаж байв.
Ельцин 1991 оны зургаадугаар сард Вашингтонд айлчилсан. Үүнээс өмнө аав Буш 1991 онд ЗХУ-д айлчилж,  Горбачевтой уулзаад байлаа.
1992 онд Ельцин Вашингтонд ирж, Буштэй Хүйтэн дайн дууссаныг зарласан тунхаг гаргасан бөгөөд 1993 оны нэгдүгээр сард нь  Буш Москвад хариу айлчлал хийж байлаа.

1993 оны дөрөвдүгээр сард шинэ Ерөнхийлөгч Билл Клинтон Ванкувер хотноо Ельцинтэй уулзлаа. Анхны уулзалтаар л тэд бие биендээ таалагдаж, нэг нэгнээ анд хэмээн дууддаг болсон байв. Тэд нийт 17 удаа уулзжээ.

Путин, Клинтон, хүү Буш

2000 оны зургаадугаар сарын 3-нд Билл Клинтон Москвад ирж, ОХУ-ын шинэ Ерөнхийлөгч Владимир Путинтэй анх удаагаа уулзсан. Тэр уулзалтаар Путин ОХУ-ыг НАТО-д элсүүлэх талаар хүсэлт тавьсан гэдэг. Гэвч Клинтоны албан хугацаа дуусах дөхөөд байсан тул тэд “нөхөрлөж” амжаагүй.

2001 онд хүү Буш АНУ-ын Ерөнхийлөгч боллоо. Тэр жилийнхээ зургаадугаар сард Буш Путинтэй Люблянд уулзсан юм. Талууд үнэхээр нээлттэй, үнэн сэтгэлээсээ ярилцаж чадсан гэж Путин дурссан байдаг.
Тэд олон удаа уулзаж, хамт загасчлан, нэг нэгнийдээ зочилж байв. Төрийн тэргүүн байхдаа тэд нийт 27 удаа уулзсан байна.

Медведев, Путин, Обама

Барак Обама ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев нарын уулзалт 2009 оны долоодугаар сард Москвад болжээ. Гэвч тэдний хооронд найрсаг дотно харилцаа үүссэнгүй. 4 жилийн дотор тэд 12 удаа уулзсан ч хоёр улсын харилцаа муудсаар байв.

Обама Путин нар 2012 онд Их 20-ийн уулзалтын үеэр Мексикт анх уулзсан. Ирэх жил нь G8 саммитаар бас уулзсан ч хоёр тэргүүний харилцаа сайн биш байлаа. 2014 онд болсон Крымийн санал асуулгын дараа тэдний харилцаа бараг тасарсан гэхэд болно.

Трампын үе

Доналд Трамп Ерөнхийлөгч болоод хоёр улсын харилцаанд өөрчлөлт гарсангүй. Доналд Трамп Оросын эсрэг Обамагаас ч ширүүн арга хэмжээнүүд авсан. Хоёр жилийн дотор Трамп, Путин нар 2 удаа уулзсан. 2017 оны долоодугаар сарын 7-нд G20 дээд хэмжээний уулзалтаар Хамбургт анх уулзаж, хэлэлцээ хийсэн.

Дараа нь 2017 оны 11 дүгээр сард Вьетнамд болсон АТЭС-ийн саммитаар уулзаж, Сирийн асуудлаар хамтарсан мэдэгдэл гаргасан билээ.
Өнөөдөр тэд 3 дахь удаагаа уулзана. Ямар асуудал шийдэж, ямар мэдэгдэл гаргахыг хүлээх л үлдлээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.04.18
“Үхэж дууссан” Шон Бин 65 нас хүрлээ
2
2 цагийн өмнө
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
3
14 цагийн өмнө
Хаврын урт өдрүүдийг үр дүнтэй давж гарахад тань туслах АРВАН шинэ ном
санал болгох
1
23 цагийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
21
40
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.