Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

Криштиану Роналду: Би энэ багийн аз авчирдаг од нь болно гэж итгэж байгаа

Би Сери А-д сайн тоглож, бүх шагналыг авахыг хичээх болно.


Энэ зуны хамгийн том наймаа бол “Реал” Мадрид багийн од Криштиану Роналду Италийн “Ювентус” багт шилжсэн наймаа байлаа. 33 настай Роналду Италийн багтай 112 сая еврогоор 4 жилийн гэрээ байгуулсан юм. “Ювентус” энэ мөнгөнийхөө талыг Роналдуг ирсэн анхны өдөр л олж авсан. Криштиану Роналдугийн нэртэй өмсгөл онлайн худалдаанд гарсан эхний өдөртөө 520 мянган ширхэг зарагдаж, хэд хоногт л 55 сая еврогийн орлого багт оруулжээ.
Ингээд Криштиану Роналдугийн анхны хэвлэлийн бага хурлыг сонирхоцгооё.

– Яагаад та “Ювентус”-ийг сонгосон юм бэ?
– Энэ бол дэлхийн шилдэг багуудын нэг. Сайн бодсон шийдвэр байсан. Найзууд минь өмнө нь ч намайг “Юве”-д тоглож чадна гэж хэлдэг байсан юм. Энэ бол Италийн шилдэг баг, сайн дасгалжуулагч, удирдлагатай баг.
– Та бол маш олон шагнал, цомтой тоглогч. Дараагийн 10-15 жилд яаж амьдрах бодолтой байна вэ?
– Би ирээдүй биш одоогийн талаар бодохыг илүүд үзэж байна. Би одоо хөлбөмбөгөөс таашаал авч байна, хангалттай залуу байна, би үргэлж шинэ дуудлага, сорилтод дуртай байсан. “Спортинг” – “Манчестер Ю” – “Реал” – “Ювентус” гээд энэ бол жирийн замнал биш мөрөөдөл л гэсэн үг. Хөлбөмбөг тоглож эхэлж байхдаа би замналаа ингэж өрнөнө гэж бодож ч байгаагүй. Энэ олон цом, шагнал авах талаар зүүдэлж ч байгаагүй. Шинэ дуудлага, сорилт бол миний амьдралын нэг хэсэг. Одоогийн сорилт ч бусдаасаа дутахгүй сайхан болно гэж бодож байна.

– Таныг “Реал”-аас явахыг харахад гунигтай байлаа. Португаличууд ч тэгэж бодож байгаа. Та шигшээ багтаа үлдэх үү?
– Үнэнийг хэлэхэд надад гунигтай биш байна. Шинэ дуудлага хүлээж авсан болохоор би энд байна. “Юве” бол том баг. Надтай нас чацуу тоглогчид Хятад, Катар явдаг. Харин би ийм том багт ирлээ. Энэ боломжийг олгосон “Ювентус”-д баярлаж байгаагаа илэрхийлмээр байна. Шигшээ багийн хувьд мэдээж би эх орныхоо төлөө зүтгэсээр байх болно. Дахиад шигшээ багт тоглохоор болбол заавал тоглоно.
– “Ювентус” багийн сая сая фэнүүд маш баяртай байна. Харин “Реал”-ын дэмжигчид гунигтай байгаа. Та тэдэнд зориулаад хэдэн үг хэлээч.
– “Реал”-д 9 жил тоглоно гэдэг агуу түүх гэж би хэдийнэ хэлсэн. Гэхдээ одоо миний амьдралд шинэ хуудас нээгдэж байна. Бүх хөгжөөн дэмжигчиддээ үнэн сэтгэлээсээ баярлалаа гэж хэлье. Одоо би дараагийн алхамдаа анхаарлаа хандуулах хэрэгтэй байна. Шилдэг тоглогч гэдгээ харуулах болно. Бэлтгэл сургуульдаа ч урьдын адил хичээсээр байх болно. Та бүхэн миний амжилтын тоо баримтыг мэдэж байгаа. Гэхдээ би дахин шинэ амжилт гарах итгэл зориг дүүрэн байна. “Манчестер”, “Реал” багуудын дараа би “Ювентус”-ын түүхэнд үлдмээр байна.

– Та шинэ дуудлагад дуртай гэлээ. Италийн хөлбөмбөг хатуу ширүүн, хэцүү, тактик их чухал гэж Аллегри ярьдаг байсан. Тийм болохоор нь та “Юве”-г сонгосон юм уу?
– Тактикийг чухалчилдаг хэцүү лиг гэдгийг би мэднэ. Би шинэ юм сурч мэдэх дуртай. Хэцүү гэдгийг мэдэж байгаа ч би замналынхаа турш хүнд хэцүү сорилтыг хайж, туулж ирсэн. Гаргасан хуучин амжилтаа хараад сууж байх дургүй. Би хөдөлмөрлөж, шинэ амжилт гаргамаар байна. Би өөртөө, хамт олондоо итгэж байна. Би чаддаг бүх юмаа хийнэ. Би өөртөө итгэлтэй тайван байна.
– Өглөөнөөс эхлээд л “Ювентус”-ын фэнүүд Аваргуудын лигийн талаар дууллаа. Энэ бол тэдний мөрөөдөл. Энэ мөрөөдөл нь энэ жил биелээгүй нэг шалтгаан нь та байсан. Фэнүүд таныг Аваргуудын лигэд түрүүлэхэд нь тус болно гэж найдаж байгаа.
– Аваргуудын лиг бол баг болгон түрүүлэхийг хүсдэг тэмцээн. Гэхдээ бид бас Сери А-д түрүүлэхийн төлөө тэмцэх ёстой. Өрсөлдөөн их ч бид сандарч тэвдэлгүй, тайван байх ёстой. Учир нь Аваргуудын лигэд түрүүлнэ гэдэг амар зүйл биш. Би туслаж чадна гэж найдаж байна. Би энэ багийн аз авчирсан од нь болно гэж итгэж байгаа.

– “Юве”-тэй өнгөрсөн улиралд тоглож байхдаа таны хийсэн гайхамшигтай гоолыг хараад “Юве”-гийн фэнүүд ч алга ташсан. Энэ нь таны энд ирэх бас нэгэн шалтгаан байсан уу?
– Миний хувьд маш сайхан үе байсан. “Юве”-гийн фэнүүд намайг сайхан хүлээж авсанд  баяртай байгаа. Тэдний төлөө тоглож эхлэхдээ би ачийг нь хариулна гэж найдаж байна. Өнөөдөр нисэх буудал дээр ирсэн хүмүүст ч бүгдэд нь баярлалаа гэж хэлье.
– Аваргуудын лигийн финалд ялахдаа та “Юве”-д ирнэ гэдгээ мэдэж байсан уу? Та 33 настай, хэр бэлтгэлтэй байна вэ?
– Тэр үед мэдээгүй, энэ талаар бодоогүй. Би сэтгэл зүй, бие бялдрын хувьд бүрэн бэлтгэлтэй байгаа. Тийм болохоор энд байгаагаараа бахархаж байна. 33 нас хүрээд зодог тайлдаг бусад тоглогчдоос би өөр. Би өөр гэдгээ харуулахыг хүсч байна.
– “Ювентус”-ээс өөр багаас урилга ирсэн үү?
– Ирээгүй.
– Нас чухал биш гэж та хэллээ. 2022 онд таны гэрээ дуусахад та 37 настай байх болно. Тэр үед “Спортинг” багтаа эргэн очих юм биш биз?
– “Спортинг” миний сэтгэл зүрхэнд үргэлж байдаг. Харин би одоо “Ювентус” багтай цуг амжилт гаргахыг хүсч байна. Би энд амрахаар ирээгүй, багийн түүхэнд орохоор ирсэн.
– “Ювентус”-д дахиад “Алтан бөмбөг” шагнал авахад амар байх болов уу?
– Би дахиад нэг “Алтан бөмбөг” авах талаар боддог. Гэхдээ дахиад 2-3 авах талаар бодохоо хэдийнэ больсон. Би ялж, шилдэг болохыг хүсдэг. Сайн тоглоод байвал ахиад авахыг хэн байг гэх вэ. Харж л байя.

– Та “Юве”-д юу өгч чадахыг бид мэднэ. Харин эсрэгээр “Юве” танд юу өгөх бол?
– “Ювентус” надад том боломж өгсөн, үүнд нь би баяртай байгаа. “Ювентус” бол маш том амжилт гаргах чадалтай баг. Би “Ювентус”-ыг улам илүү өндөрт гаргаж чадна.
–Криштиану Роналду байх ямар байдаг бол? Та дэлхийн шилдэг тоглогч, өнөөдрийн, ирээдүйн хөлбөмбөгчдийн бэлгэ тэмдэг болсон хүн.
– Би хөлбөмбөгчийн хувьд бэлгэ тэмдэг, үлгэр жишээ байхаас гадна хувь хүнийхээ хувьд ч үлгэр жишээ болохыг хүсч байна. Хичээнгүйлэн зүтгэж, залуучуудад туслах болно. Би өөрчлөгдөхгүй, өөрөөрөө л байх болно. Би 4 жилийн гэрээ байгуулсан, хөгжөөн дэмжигчид минь энэ жилүүдэд сэтгэл хангалуун байх болно гэж найдаж байна.
– Дасгалжуулагч Анчелотти “Наполи”-д ирсэн. Та түүнтэй уулзсан уу?
– Үгүй уулзаагүй. Түүнтэй хамт ажиллах сайхан байсан. Гэхдээ одоо бид өрсөлдөгчийн хувиар уулзах болно. Тэр надад их тусалсан, түүнтэй уулзахад сайхан байх болно.

– Месси та хоёрын өрсөлдөөн хөлбөмбөгийн нэгэн хэсэг байлаа. Харин одоо та Икарди, Игуаин, Жеко нартай өрсөлдөх үү? Тэднээс олон гоол оруулж чадах уу?
– Би тоглогчдыг өрсөлдөгч гэж хардаггүй. Бид тоглолт бүрдээ ялахыг хүсч байна, энэ бол бидний сорилт. Месси бид хоёрын өрсөлдөөний талаар бүгд ярьдаг байсан ч хүн болгонд өөрийн тоглолт бий. Бүгд багийнхаа төлөө тэмцдэг, би ч гэсэн. Улирлын эцсээр л хэн нь шилдэг гэдгийг харна даа.
– “Юве” бол таны амьдралын чухал сорилт гэж хэлсэн. Та бараг 10 жил Мадридад амьдарсан. Одоо таны амьдрал өөрчлөгдлөө. Ямар байна?
– Маш сайхан байна. Хүнд хэцүү байх нь ойлгомжтой. Гэхдээ би ч, “Юве” ч бэлэн байна. Нас бол чухал биш. Би үргэлж л улам сайн тоглохыг хүсдэг байсан. Би Сери А-д сайн тоглож, бүх шагналыг авахыг хичээх болно.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
2 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
20
13
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.