Хайх зүйлээ бичнэ үү

Би номын санг тренд болгомоор байна, бас монгол гэрийг тренд болгомоор байна.

Өнгөрсөн жил TedX-д “Номын санг тренд болгоё” илтгэл танилцуулж байсан дизайнер Т.Баттүшигтэй ярилцлаа. Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх соёлын байгууламж дутагдаж байгаа өнөө цагт үүнийг шийдэх арга замуудыг эрэлхийлж, ажиллаж байгаа тэрбээр цаашдын хүсэл зорилгынхоо тухай ярьсан юм. Хүлээн авна уу.

-TedX-д илтгэл тавих боломж хэрхэн гарсан бэ?

-“Номын санг тренд болгоё” илтгэл анх миний дипломын ажил байсан. Би ШУТИС-ийг дизайнер мэргэжлээр төгссөн. Диплом хамгаалахаас зургаан сарын өмнө ямар сэдвээр бичихээ бодож эхэлсэн. Манайд яг сайн харах юм бол гоё архитектурын шийдэлтэй барилга байдаггүй. Байгаа цөөхөн хэд нь зөвхөн худалдаа, үйлчилгээ эрхлэх зорилготой байдаг. Гэтэл Монголд хамгийн их дутагдаад байгаа зүйл бол номын сан. Тэр тусмаа гоё дизайнтай номын сан. Тиймээс хүн бүрийн анхаарлыг татахуйц номын сангийн дизайн гаргахаар шийдсэн. Тухайн үед TedX-ийн зохион байгуулагч Сүндэръя надад санал тавьсан. Дипломын ажлыг хүмүүст танилцуулах хэмжээнд хүртэл илүү боловсронгуй болгоход Өрнөх, Азжаргал гэж хоёр найз маань тусалсан. Тэгээд л миний дипломын ажил TedX-ийн илтгэлүүдийн нэг болсон доо

- Яагаад заавал номын сангийн дизайн гаргахаар шийдсэн бэ?

-Хэрвээ барилга дизайны өвөрмөц шийдэлтэй бол хүмүүс тийшээ орохыг хүснэ. Би багадаа Англид байхдаа номын сан их ордог байсан. Эхэндээ би ном уншдаггүй ч тэр орчинд байхыг хүсдэг хүүхэд байлаа. Байнга орсоор байгаад сүүлдээ ном уншдаг болсон. Монголд номын сан бий. Гэхдээ нэг л онцгүй. Нацагдоржийн номын сангийн хажууд паб, Төв номын сангийн урд автобусны буудал гэх мэт эргэн тойронд нь худалдаа үйлчилгээний газрууд шавчихсан байдаг. Тэр барилгыг огтхон ч чухалчилж үздэггүй. Боловсрол чухал болсон өнөө цагт боловсролд хүрэх зам бол багш, сургууль, номын сан шүү дээ. Хөгжилтэй орнууд эхлээд номын сангаа барьдаг. Хэзээ ч дэлгүүрээ түрүүлж барьдаггүй. Яг энэ бодлоос л дипломын ажлын маань сэдэв үүдэлтэй. Маш гоё байршилтай, үнэхээр үзэмж сайтай, хүн бүрийн сонирхлыг татахаар, хүн болгоны нүдэнд ил номын сан баривал хүмүүс орно шүү дээ. Үнэхээр гоё барилга бол сонирхоод ч болтугай орно. Тэгээд хамгийн тохиромжтой байршил бол талбайн хажуу талын хуучин хэвлэх үйлдвэр байсан газар гэж бодсон. Яг тэр байршилд зориулж дизайнаа гаргасан юм. Би цэнгээний газар, үйлчилгээний төвийн дизайн гаргахыг хүсдэггүй. Музей, номын сан зэрэг соёлын байгууламжийн дизайн дээр ажиллахыг хүсдэг.

- Илтгэл тавихдаа хэр сандарч байсан бэ. Мэдээж айдас байсан байх?

- TedX дээр илтгэл тавихад маш их зориг шаардсан. Учир нь би 1000 хүний өмнө хэзээ ч ярьж үзээгүй байсан. Уг нь би хүмүүстэй хамт байхдаа нэг их ичээд байдаггүй, гайгүй ярьчихдаг. Гэхдээ 1000 хүний өмнө бол арай өөр шүү дээ. Анх диплом бичихэд тусалсан Цолмон, Баатараа ах, Учрал ах түүнчлэн улам боловсронгуй болгоход тусалсан хоёр найздаа маш их баярладаг. Энэ хүмүүсийн тусламжтайгаар номын сангийн дизайн маань хүмүүст танилцуулж болохуйц болсон.

 

- Мэдээж энэ номын сангийн дизайн бол чиний бүтээлч сэтгэлгээ шүү дээ. Гэтэл бодит байдал дээр тэр газрыг худалдаад авчихсан. Яг энэ үед чамд ямар санагдсан бэ. Чиний төслийг улс эсвэл томоохон байгууллага дэмжсэн бол гэж бодож байсан уу?

- Намайг яг дипломын ажлаа хийж байх үед “Таван богд” компани тэр газрыг худалдаад авчихсан. Одоо тэр газар их дэлгүүр баригдсан. Анх “Таван богд” компани худалдаж аваад машины экспо болгож байгаа гэдгийг сонсоод Монголоос явмаар ч юм шиг санагдсан. Яагаад номын сан байж болохгүй гэж их урам хугарсан хэрэг л дээ. Миний дизайн яг тэр байршил, яг тэр машины урсгалд тохируулж хийсэн загвар байсан. Найман сар уйгагүй хийж суусан номын сангийн дизайн маань бүр хэзээ ч хэрэгжихгүй төсөл болчихсон. Зөвхөн диплом авахын төлөө л хийсэн ажил болж таарч байгаа юм. Мэдээж би тэр номын санд хэн ч хөрөнгө оруулалт хийхгүй гэдгийг мэдэж байсан. Яагаад гэвэл ашгийн бус болохоор тэгж бодсон л доо. Одоогоор Монголд номын сан, музейд хөрөнгө оруулна гэдэг хэцүү шийдвэр байх. Хамгийн гол нь өвөрмөц шийдэлтэй номын сан хэрэгтэй байна, үүнийг тренд болгоё гэдэг санааг хүмүүст хүргэх нь миний хамгийн том зорилго.

-Илтгэлдээ Улаанбаатар хот соёлын байгууламжаар дутагдаж буйг хэлсэн. Өөрийнхөө хувьд энэ асуудалд хэрхэн хандаж, цаашид юу хийхээр төлөвлөж байна вэ?

- “Micro library” хийх төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Зөвлөлтийн үеийнхний бүтээж, барьсан Драмын театр, дуурийн театр, 40-н мянгат гэх мэт орон сууцууд, барилга манайд бий. Хуучны орон сууцны дунд орохоор зам нь сэндийчсэн, шороотой, согтуу хүмүүс хэвтчихсэн ч юмуу иргэний жижигхэн дайн болчихсон юм шиг байдаг. Нэг бол эргэн тойронд нь солонгос хоолны газар, паб зэрэг газрууд шавчихсан байдаг шүү дээ. Миний бодлоор эдгээр барилгууд маш том түүхэн өв юм. Хэрэв үүнийг шинэчилж, өргөтгөл хийх бол маш болгоомжтой хандах хэрэгтэй. Яагаад гэвэл эдгээр барилгууд Улаанбаатар хотын дүр төрхийг тодорхойлж байгаа цорын ганц зүйл. Сүүлийн үеийн барилгууд огтхон ч Улаанбаатар хотыг харуулдаггүй. Солонгос, Япон, Америк гээд хаана л бол хаана орчин үеийн орон сууц, шилэн барилга бий. Тэгээд миний төлөвлөж, мөрөөдөж байгаа зүйл бол хоосон газрууд, болоод хорооллуудын дунд жижигхэн номын сан хиймээр байна. Тухайн байрны оршин суугч хүүхдүүд л тэр номын санд орох зөвшөөрөлтэй. Давхар тоглоомын талбайтай, хүүхдүүд тоглодог, бас ном уншдаг. Бодит байдлаар хэрэгжиж болох төсөл гэж боддог. Монголд том юм хэрэггүй шүү дээ. Болж өгвөл орон сууц бүрийн дунд ийм жижиг номын сантай болох юм бол давхар амьд харилцаа үүснэ. Хэрвээ бага багаар иймэрхүү номын сан баригдаад байвал хот маань өөрийн гэсэн өнгө төрхтэй бас онцлогтой болж чадна. Мэдээж энэ төслийг хэрэгжүүлэхэд туслах найз нөхөд, ах нар бий. Тиймээс болно гэж итгэж байна.

- TedX дээр илтгэсэн номын сан хэзээ ч хэрэгжихгүй төсөл болох үед Монголоос явмаар санагдсан гэсэн. Гэхдээ одоог хүртэл Монголд ажиллаж, амьдарч байгаа шүү дээ. Яагаад Монголд үлдсэн бэ?

- Тэр үед шууд л бакалавр юм уу магистраар гадагшаа суръя гэж шийдсэн. Бүр Австрийн сургуульд тэнцчихсэн, яг явах гэж байлаа. Гэтэл “Томужин”-д багшлах санал ирсэн. “Томужин” академийн гүйцэтгэх захирал Б.Батжин өөрөө Америкийн “Williams” гээд маш том сургууль төгссөн. Тэндээ үлдээд маш том компанид ажиллаад, эхнэр хүүхэдтэйгээ юугаар ч дутахгүй амьдарч болох байсан. Гэтэл бодит байдал дээр тийм шийдвэр гаргаагүй. Мөнгөгүй хоосон хүн гэр бүлтэйгээ ирээд Томужинг байгуулсан. Би найзаараа үнэхээр их бахархдаг. Бид хоёр ажил дээр сайн хамтрагч харин амьдрал дээр маш сайн найзууд. Өөрийнхөө хөдөлмөрөөр төрийн бус байгууллага ажиллуулаад монгол хүүхдүүдийг гадаад руу сургуульд сургах том гүүр болж ажиллаж байгаад нь баярладаг. Манай академийг төгссөн хүүхдүүд гадагшаа маш сайн сургуулиуд руу явж байна. Яг ийм хамт олон, яг ийм шаргуу бүтээлч, нийгмийн төлөө, боловсролын төлөө гэсэн залуус байгаа учраас Монгол улс хөгжинө гэж боддог. Түүнчлэн “Лантуун дохио” ТББ-ын үүсгэн байгуулагч Ч.Ганжавхлан гэж хүн бий. Өөрөө хандив зохион байгуулж, мөнгө босгож байгаад “Ид шидийн орон” гэдэг хүүхэд хамгааллын төв нээсэн. Эдгээр хүмүүс их урам өгсөн. Гэхдээ гадаадад мэргэжил дээшлүүлж сурна гэж боддог. Мэдээж буцаад Монголдоо ирнэ.

- Англид сурч байхад Монголд байхаас хэр өөр байсан бэ. Энэ тухайгаа хуваалцана уу?

- Би Монголд гуравдугаар анги хүртлээ сурсан. Дараа нь Англид сурч байгаад найм, есдүгээр ангиа Монголд дүүргэсэн л дээ. Ахлах ангиа Англид төгссөн. Би зураг зурах маш дуртай хүүхэд байлаа. Дэвтэр дээрээ буу зураад суучихдаг байсан. Багш нар тэр үед их уурлана. Түүнээс ч болсон уу зураг зурах муу, математик бол сайн гэсэн сэтгэхүйтэй болчихсон байсан. Харин тавдугаар ангид Англид сурч байхад багш нар миний зурах чадвартайг ажиглаад надад зургийн хичээл санал болгож надаар зураг зуруулах гэж хичээдэг байсан. Үнэхээр сонин байгаа биз. Англид байхад би үнэхээр хичээнгүй сурагч байсан. Биологийн хичээл дээр хүний биеийн анатомийг нэг бүрчлэн нарийн зурна. Яг л галзуу хүн шиг. Физикийн хичээл дээр ч ялгаагүй. Харин Монголд оюутан болоод гуравдугаар курсээс эхлээд үнэхээр ямар ч хичээл зүтгэлгүй болсон. Их сургуулийн багш нартайгаа санал их зөрдөг байсан даа.

- Англи, Монгол багш нарын хамгийн том ялгаа нь юу гэж боддог вэ?

- Хамгийн том ялгаа нь Англи багш нар сурагчдынхаа зорилгыг маш сайн тодорхойлж чаддаг. Юунд сайн хүүхэд болох, ямар чадвартай хүүхэд вэ гэдгийг мэдэж чаддаг. Дээр нь гэрийн даалгавар хийгээгүй гэж хэзээ ч зоддоггүй, загнадаггүй. Зүгээр л муу дүнг нь тавьдаг. Монголд бол заавал хийлгэнэ, загнана, авч үлдэнэ. Эсвэл дараа сурагчид нь очоод дүн гуйдаг. Тэгээд арван жилээ төгсөөд сонгосон мэргэжил нь ээж аавынх нь сонгосон эсвэл багш нар нь хүчилсэн мэргэжил байдаг. Монголд багш нарын цалин хангалттай байдаггүй нь нөлөөлдөг ч байж магадгүй. Бага цалинтай хэрнээ тийм их бухимдалтай ажил хийнэ гэдэг үнэхээр хэцүү. Монголын боловсролын систем багш нартаа хайхрамжгүй ханддаг шүү дээ. Эцэст нь хэн хохирдог вэ гэхээр хүүхдүүд хохирно. Бид нар шүүмжлэхдээ маш сайн. Би хүртэл сая зөндөө шүүмжиллээ. Ерөнхийдөө англи багш нар хүүхдүүдээ хүсэл мөрөөдөл рүү нь чиглүүлдэг, хэзээ ч чирдэггүй. Мэдээж тэд нарын амьдрах нөхцөл, цалин сайн.

- Монголд их сургуульд сурах шийдвэрийг өөрөө гаргасан уу. Анх оюутан болоход ямар санагдсан бэ?

- Аав ээж хоёр маань их зарчимч хүмүүс. Гэхдээ зөв зүйл дээр эрх чөлөө өгдөг. Мэргэжил сонголт, сургууль сонголт дээр огтхон ч зааж зааварладаггүй. Намайг Монголд оюутан болно гэхэд итгэлтэй байна уу гэж асуугаад, өөрөө шийд л гэсэн. Огтхон ч эсэргүүцээгүй. Намайг ийм удаан, цаг авсан карьер сонгосонд тэвчээртэй ханддаг аав ээж хоёртоо үнэхээр их баярладаг. Тэдний тусламж дэмжлэгтэйгээр төгссөн. Мэдээж энд хэцүү л дээ. Гэхдээ энэ хэцүү байдлыг өөрчилж, сайхан болгох хүмүүс нь бид нар шүү дээ. Гадаадад амьдарч байгаа монгол хүмүүс эх орондоо ирээсэй гэж боддог. Тухайн үед би Монголд амьдарч үзэх хэрэгтэй мөн орчин болон хүмүүстэй нь танилцах хэрэгтэй гэж бодсон. Тэгвэл дараа нь гадаадад сурч боловсрол дээшлүүлээд, эргэж Монголдоо ирээд илүү сайхан улс болоход нь, хөгжихөд нь тусалж чадна гэж бодсон. Их сургуульд орсон эхний жилдээ харамссан. Хамгийн сонин нь манайд хүүхдүүд төөрч явж байгаад дизайны ангид ороод ирчихсэн юм шиг санагддаг. Уг нь бол нус нулимс, цусаараа уйлж байж, сонгож орох ёстой байхгүй юу. Зарим нь бүр зурж ч чаддаггүй байлаа. Тэгээд л төгсчихдөг. Би энэ байдлыг ерөөсөө ойлгодоггүй байсан.

-Асуудал их байсан ч авууштай зүйлс байсан болов уу?

- Надад их сургуулийн амьдрал таалагдахын хувьд таалагдсан. Учир нь одоо байгаа бүх найзтайгаа их сургуулиараа дамжуулж танилцсан. Надад маш үнэ цэнэтэй хүмүүсийг миний амьдралд оруулж ирсэн болохоор баярладаг. Бас бие дааж сурахад тусалсан. Дээр нь би монгол хүмүүстэй харьцаж сурсан. Хааяа нэг хүчлэх хэрэгтэй байдаг шүү дээ (инээв). Их сургууль надад дизайн заасан гэхээс илүүтэйгээр амьдрал заасан гэж боддог.

- “Томужин” академид ямар хичээл заадаг вэ?

- Би Америкийн түүх гэдэг хичээл заадаг. Америкийн элсэлтийн ерөнхий шалгалтад бэлддэг гэсэн үг. Би багаасаа түүх, урлагт дуртай байсан. Англид байхдаа номын санд их сууж түүх, урлагийн талаар мэдээлэл цуглуулдаг байлаа. Тэр үед би хэрвээ хүнд материал нь байвал өөрөө сурч болох юм байна гэдгийг ойлгосон. Мэдээж тэгэхийн тулд номын сан маш чухал газар болж байгаа юм. Зүгээр нэг номын сан биш. Маш тухтай, өвөрмөц шийдэлтэй хүн бүрийн орж үзэх юмсан гэх хүслийг төрүүлэх тийм номын сан. Номын санг л тренд болгомоор байна. Б.Батжин надад нэг зүйлийг маш сайн ойлгуулсан. Өмнө нь би засгийн газар, баячуудыг маш их шүүмжилж, үзэн яддаг байлаа. Гэтэл бид нар шүүмжлээд, хараагаад ямар ч нэмэргүй. Харин ухаалаг, хичээнгүй залуусын цар хүрээг тэлж, чадлынхаа хэрээр өөрсдийнхөө ажлыг хийх хэрэгтэй гэдгийг ойлгуулсан. Тиймээс есдүгээр сараас өөрөө мөнгөө босгож байгаад нэг жижигхэн номын сан баримаар байна. Нэг их нүсэр биш.

- Урсгалаараа амьдардаг залуус цөөнгүй байдаг. Яавал хичээл зүтгэлтэй залуусын цар хүрээг тэлж чадах бол?

- Юм бүхэн хоёр талтай. Амьжиргааны түвшингээс эхлээд миний нөхцөл байдал, нөгөө хүний нөхцөл байдал өөр. Миний бодлоор нийгмийн төлөө алсын хараатай ажиллаж байгаа Ч.Ганжавхлан, Б.Батжин шиг хүмүүсийг таниулах хэрэгтэй. “Томужин” гэхэд гадаадын их дээд сургууль руу хэрхэн материалаа явуулах тухай ерөнхий боловсролын сургуулиудаар явж мэдээлэл өгч байсан. Энэ мэт хэрэгтэй зүйлийн тухай залуучуудад мэдээлэл хүргэх хэрэгтэй. Бүх зүйл нь дэндүү хязгаарлагдмал байдаг. Яг үнэнийг хэлэхэд хотын төвөөс алслагдмал хүмүүс TedX-д очиж чаддаггүй. Зарим нь юу байдаг тухай ч мэдэхгүй байна.

- Яагаад дизайнер мэргэжлийг сонгож, сурсан бэ. Зурдаг авьяастай, барилгын дизайн сонирхдог хэрнээ яагаад архитекторын ангид ороогүй вэ?

- Би ч гэсэн бусад хүүхдүүдийн адил маш их эргэлзээтэй байсан. Хүн бүрд л төөрч будлих, манан дунд явах үе байдаг. Гадаад хэлтэй учраас уул уурхайн менежментийн анги эсвэл гадаад харилцаагаар явъя гэж бодож байсан. Дизайнер мэргэжлийг сонгоход хамгийн их нөлөөлсөн зүйл бол Монголд ирчхээд Улаанбаатар хотын тохижилтыг харахаар үнэхээр асуудалтай санагдсан. Яагаад энэ газрыг гоё болгож болдоггүй юм бол гэж бодсон. Тэгээд би дизайны ангид орохоор шийдсэн. Яагаад би архитектурын анги руу ороогүйгээ мэдэхгүй байна. Магадгүй хүмүүс арай хэцүү гэж хэлдэг болохоор залхуурсан байх (инээв). Хэрвээ би архитектурын ангид орсон бол дизайны ангийн найзуудтайгаа танилцах байсан ч юм уу. Би яг өнөөдрийн энэ сэтгэлгээтэйгээ байх эсэхийг мэдэхгүй байна. Тиймээс би харамсдаггүй.

- Цаашдын зорилго юу вэ?

- Англи руу явж сурна гэж бодож байна. Сэргээгдэх эрчим хүч болон архитектур хосолсон мэргэжил байдаг. Өнөөдөр байгаль орчин нүдний өмнө сөнөж байна шүү дээ. Үүнийг өөрчлөхөд хүн бүрийн оролцоо чухал. Амьдралын хэв маягаа өөрчлөх, зөв дадлаас эхлээд олон зүйл байна. Байгаль орчинд ээлтэй архитектур мэргэжлээр сурах юм бол нийгэмд нөлөөлөх нөлөөлөл нь их болно. Тэгээд буцаж ирээд давхар Томужинд багшилна даа. Бас их сургуульдаа багшлахыг хүсэж байна. Асуудал гарахад багшийгаа боддог тийм хэмжээнд багш нар маань хүрээсэй гэж боддог. Дотнын байдал гэхээс илүүтэйгээр багш маань надад илүү тусалж, чиглүүлж чадна гэсэн сэтгэлгээг суулгах хэрэгтэй. Дээр нь монгол хүмүүст маш том архитектурын өв байна. Тэр нь монгол гэр. Би номын санг тренд болгомоор байна, бас монгол гэрийг тренд болгомоор байна.

Бэлтгэсэн: Х.Хулан


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2020.05.19 162.158.6.205

Ийм бодол мөрөөдөлтэй залуус бидний дунд олон болоосой. Ямар их эрч хүч мэдрэгдэж байна вэ..УБ-т уушийн газар, үнэтэй үнэтэй дэлгүүр хоршш олон болохоос номын сан уншлагын танхим бараг байхгүйтэй адил,.. энэ юм үзэж нүд тайлсан залуу байна да. Амжилт хүсье

0 Хариулах