Хайх зүйлээ бичнэ үү

Саори Ёшидаг олимпод зогсоох бодол бидэнд бас бий.

“Рио 2016” зуны олимпийн наадам эхлэхэд хагас жил хүрэхгүй хугацаа үлдлээ. Эмэгтэй чөлөөт бөхийнхний хувьд олимпийн зургаан жингээс дөрөвт нь эрхээ авчихсан, одоо үлдсэн хоёр жинд эрхээ авахаар ид бэлтгэж байна. Тэд “Gobi complex” цогцолборт хамтарсан бэлтгэлд гарчээ. Энэ сард Улаанбаатар хотноо болох олимпийн эрх олгох тэмцээнд оролцохоор ирээд байгаа Казахстан, Франц, Финланд, Эстони улсын бөхчүүд манай тамирчидтай бэлтгэл хийж байгаа юм. Манай багийнхан олимпийн эрхээ хараахан аваагүй байгаа 48, 75 кг-ын жингийн бөхчүүддээ гол анхаарлаа хандуулж байлаа. Эмч, сэтгэл зүйч нар дэргэд нь байнга байж, бэлтгэл, барилдаан болгоны дараа шинжилгээ хийж, үр дүнг нь хөтөлж байгаа харагдсан. Бөхчүүдийн бэлтгэл ханаж, багийнхан цог золбоотой, нутагтаа болж байгаа тэмцээнээс “Рио 2016” наадмын эрхээ авах итгэл дүүрэн байлаа. Бид эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч Б.Батбаяртай уулзаж ярилцлаа.


-Хамтарсан бэлтгэлд хэдэн орны тамирчид оролцож байна вэ?   
-Франц, Латви, Казахстан, Эстони зэрэг орны бөхчүүд  ирлээ. Сүүлийн үед манайд хамтарсан бэлтгэл хийх санал их ирдэг болсон. Казахстанаас дэлхийн аваргын медальтай бөхчүүд ирсэн байгаа. Алдартай тамирчин гэвэл Финландын бөх, ДАШТ-ий мөнгөн медальт Петре Маарит Оли, Латвийн бөх, ДАШТ-ий хүрэл, Европ тивийн дөрвөн удаагийн аварга Анастасия Григорьева нар байна. Петре Маарит Оли бол өнгөрсөн жил ДАШТ-д алдарт Каори Ичод л ялагдан, мөнгөн медаль авсан бөх. Энэ  жил 60 кг-д Европын аварга болсон, одоо жиндээ дэлхийн чансааг тэргүүлж байгаа. Оли, Григорьева, Эстонийн 75 кг-ын тамирчин Эпп Май нар нэг баг болоод хамт бэлтгэл хийдэг.  Бүгд олимпийн эрхээ авчихсан. Анх удаа Монголд ирж байгаа юм.
-Манай бөхчүүд бүгд бэлтгэлд хамрагдаж байгаа юу?
-Манай томчууд ихэнх нь бэлтгэлдээ гарсан. О.Насанбурмаа, П.Орхон хоёр эмнэлэгт хэвтэж байгаа. П.Орхон маргаашнаас эмнэлгээс гараад бэлтгэлдээ ирнэ.
-Гэмтэл бэртэл үү?
-Гэмтэл биш, бөөр нь хавагнаад жаал асуудалтай байгаа тул хоёр долоо хоногийн эмчилгээнд явуулсан юм.
-“Рио 2016” наадамд оролцох тамирчдаа хэзээ, хэрхэн сонгох вэ?
-Дасгалжуулагч бид нар бол шигшээ багийг сонгох эрх байхгүй, Удирдах зөвлөлдөө ямар тамирчин сонгох талаар санал оруулдаг. Холбооны удирдах зөвлөл хэлэлцээд шийдвэр гаргана. Тавдугаар сарын 28-29-нд Италид тэмцээнтэй. Тэмцээний дараа долоо хоногийн хамтарсан бэлтгэл хийгээд зургаадугаар сарын 17-ноос Польшийн Спалад өндөр чансаатай тэмцээнд оролцоно. Тэр тэмцээнд олимпод орох магадлал бүхий тамирчдаа авч явна. 63 кг-ын жингээс бусад жинд 2-3 бөхтэй явах гэж байгаа. Польшийн тэр тэмцээн дээр тамирчдынхаа сэтгэл зүйн бэлтгэл, бэлтгэлийн түвшин ямар байгааг харна. Манай шигшээ баг сэтгэл зүйчтэй ажиллаад жил гаруй болж байна. Сэтгэл зүйчээ авч явж, тамирчдаа тэмцээний өмнө болон барилдааны үеэр ямар байгааг судална. Тэгээд нэгдсэн дүгнэлтэд хүрснээр зургаадугаар сарын сүүлээр Чөлөөт бөхийн холбооны хурал болж, шийдэх байх гэж бодож байна.
-Бразили бөмбөрцгийн нөгөө талд байдаг улс. Хэд хоногийн өмнө очих гэж байна?
-Олимпийн наадмаас 12 хоногийн өмнө Бразилд очно. Байрлах газар бэлэн байгаа. 12 хоногт цагийн зөрүү арилж, хэвийн хэмжээнд орно гэж бодож байна.
-Олимпийн шигшээ багт хэнийг нь сонгох вэ гэж эргэлзэж байгаа, 2-3 шилдэг тамирчинтай жин байгаа юу?
-58 кг-ын жин. Эрхээ авсан тохиолдолд 75 кг-ын жин байна. 75 кг-д О.Бурмаа, Г.Наранчимэг, Б.Одончимэг гээд үе тэнгийн гурван сайн тамирчин бий.
-Олимпийн эрхээ хараахан аваагүй байгаа эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд  байдал ямар байна вэ?  
-Цөөхөн бөхтэй. Энэ жинд хамгийн гол нь олимпийн эрхээ авах, оролцох асуудал. Олимпод медаль авах, өрсөлдөх хэмжээнд бол хүрэхгүй. Тиймээс бид олимпод 48 кг-аас дээш жингүүдэд медаль авна гэсэн найдвар тавьж байгаа.
-Тэгэхээр үлдсэн бүх жинд медаль хүртэх боломжтой гэж үзэж болох уу?
-Хүний санаа үзүүргүй гэдэг. Том зорилго тавьж байж, том амжилт гаргана. Манайхан хамаагүй яриад хэрэггүй, том юм амлаж болохгүй гэдэг зуршилтай. Дараа нь амлалтаа биелүүлэхгүй бол яана гээд айгаад байдаг. Тийм хашир гэх юмуу, гутранги байж болохгүй. Манай багийн хувьд бол бүгд гадаадынхны тооцоонд орчихсон яваа улсууд шүү дээ. С.Батцэцэг дэлхийн чансааг тэргүүлж байна. 53, 58, 63, 69, 75 кг-ын жин бол медаль хүртэх найдвартай. Харин хамгийн хөнгөн 48 кг л ёстой толгойны өвчин болоод байгаа. Уг нь нөөц байгаа ч өрсөлдөх чадвар сул. Дотооддоо гал гартал үзэлцээд байдаг. Тэгээд эндээ түрүүлсэн нь гадаадад гарахаараа дундаас бага зэрэг дээш түвшинд л барилдаж байна. Дэлхийд эхний 6-д орж байгаа бөх байхгүй.
-Нэгдүгээр сард болсон Ярыгиний нэрэмжит тэмцээний 58 кг-ын жинд алдарт Каори Ичог манай П.Орхон ялж, шуугиан тарьсан. Энэ ялалт шигшээ багийг сонгоход нөлөө үзүүлэх үү?
-Ялалтын хувьд бол гайхамшигтай ялалт. Гэхдээ энэ тэмцээн нэгдүгээр сард болсон. Харин бид наймдугаар сард олимпод оролцоно. Нэгдүгээр сарын сэтгэлийн хөөрөл гэх үү, нэгдүгээр сарын форм наймдугаар сард тэр чигээрээ байх уу гэдэг асуудал чухал. Формоо яаж хадгалах вэ гэдэг байна. Яг нэг түвшинд найман сар форм барина гэж хэцүү. Тухайн хүний хувийн сахилга бат, биеэ авч явах байдлаас их зүйл шалтгаалдаг.
-“Рио 2016” олимпод оролцох манай шигшээ баг өмнөх олимпийн наадмын багтай харьцуулахад илүү хүчтэй юу? Эсвэл суларсан уу?
-2012 оны олимпод бид дөрвөн жинд барилдаж байсан. Энэ жил зургаан жинтэй болж нэмэгдсэн нь манай эмэгтэйчүүдийн шигшээд их давуу тал үүсгэж байгаа. 2013 оноос хойш бид дэлхийд бүгд жигд өрсөлдөх зорилго тавьж ажилласан. Тэгэхгүй бол урьд нь нэг лидерийн далбаан дор баг яваад байдаг байлаа. Онгоцны буудал дээр буухаар нөгөө лидерээ урдаа гаргачихаад бусад нь ард нь жагсчих маягтай байлаа шүү дээ. Харин 2013 оны ДАШТ-ээс бид таван медальтай, хоёр шагналт байртай, багаараа хоёрт ороод ирж байлаа. Одоо бол жигдрээд ирчихсэн болохоор олимпод бүтэн багаар оролцох зорилготой. Тэгээд нэг юм уу хоёр аваргатай, дээр нь хоёр медаль авчих байх гэж бодоод байгаа.
-Улаанбаатарт болох тэмцээнээс үлдсэн хоёр жиндээ эрхээ авчихна гэж бодож байгаа биз дээ. Олимпийн эрхийн тэмцээнд эрхээ аваагүй хоёр жинд хэн барилдах вэ?
-48 кг-д Ц.Намуунцэцэг барилдана. Дасгалжуулагчдын зөвлөлөөс ийм шийдвэр гаргасан. Өөр санал ирээгүй. Сая Астанад түүнийг барилдуулах гэж байсан ч жингийн асуудал гараад чадаагүй юм. Харин 75-д О.Бурмаа, Г.Наранчимэг хоёр дээр санал хураасан. О.Бурмаа барилдахаар болсон. Ер нь бол энэ тэмцээнээс, үгүй гэхэд Туркт болох сүүлийн тэмцээнээс эрхээ авчихна гэж бодож байна.  


-Сүүлийн үед эмэгтэй чөлөөт бөхийнхний амжилт эрс сайжирч, сайн тамирчид их гарч байх шиг.  
-Манайх 2010 онд С.Батцэцэг гээд анхныхаа дэлхийн аваргатай болж байлаа. Тэрнээс хойш чөлөөт бөхөөр хичээллэх хүүхдүүдийн тоо эрс нэмэгдсэн. Яг адилхан хоол унд идээд, ижилхэн хувцас хунар өмсөөд, нэг төлөвлөгөөгөөр хамт бэлтгэл хийж өссөн хүүхэд нь очоод дэлхийн аварга болчихоор 90 оныхон тэр чигээрээ “дэлбэрчихэж” байгаа юм. Бид нар ч гэсэн чадах юм байна гэсэн итгэл нь нэмэгдсэн. Дэлхийн аварга гэдэг чинь их хол бодогддог байсан үе байлаа. Тэр их нөлөө үзүүлсэн. Тэгээд дараагийн үеийнхэн буюу 1993, 1995 оныхон хичээж эхэлсэн. С.Цэрэнчимэд гэхэд 1995, П.Орхон 1993 оных. Ингээд дотоодын өрсөлдөөн ихэссэн дээ.
-Гадаадын алдартай бөхчүүдтэй барилдахдаа бэргэж эмээдэг байсан бол одоо аархаж, давамгайлж барилддаг болсон шиг санагдах юм.
-Тийм ээ, манайхан илүүрхэж барилддаг болсон. Энэ нь бэлтгэл сургуульдаа монгол үндэсний бөх дээр суурилсан мэх оруулж байгаатай холбоотой гэж боддог. Гаднынханд эвгүй, хариулахад хэцүү мэх хийдэг болсон. Стандартын бус арга барил гэж хэлж болох юм. Бид япончуудтай адилхан хөлийг баруун зүүнгүй авж чадна. Япончуудын арга барил бол ижилхэн. Бүгдийнх нь “шкоол” багаасаа ижилхэн болохоор барилдаан нь ч адил, онцлох юм байхгүй. Тэр замаар нь хөөгөөд тэднийг гүйцнэ гэвэл их цаг хугацаа шаардагдана. Тэгэхээр тэр тогтсон хайрцгийг эвдэж, шал хөндлөн далий нөхдүүд орж ирсэн гэсэн үг л дээ. Босоо барилдааны хариу мэх, том даацтай тонгороо, мушгиа мэхийг дандаа эсрэг тал руугаа хийдэг. Баруун талтай мөртлөө зүүн тал руугаа тонгордог, зүүн талдаа мушгидаг. Стандартад бол баруун хүн баруундаа л мушгидаг бол манайхан эсрэг. Гаднынхан хачирхаад гайхаад байдаг.
-Гадаадын бөхчүүд гайхдаг байсан бол одоо судлах гэж ирж байна уу? Хамтарсан бэлтгэл хийхээр судлуулаад байна гэж хүмүүс ярьдаг. Жишээ нь, Латвийн А.Григорьева С.Батцэцэгийн жингийн өрсөлдөгч бөх. Тэр барилдаанд нь дасаад судалчих юм биш биз дээ.
-Энэ хоёр бөхийн хувьд хоорондоо таван удаа барилдаж, манай тамирчин гурав ялсан. Энэ бэлтгэл дээр С.Батцэцэгийг түүнтэй бэлтгэл хийлгэхгүй, залуучуудаа л барилдуулж байгаа. Ер нь нэг бариад үзэхээр, нэгнийгээ мэдрээд барилдахад хялбар болчихдог тал бий. Гэхдээ одоо судалгаа хавтгайрчихсан шүү дээ. Манайхан судлуулахаас айгаад байдаг. Америкчууд ирчихэж, одоо биднийг судалж байгаа гээд байдаг юм. Бид ч гэсэн хүн байна даа, тэднийг бас судална. Залуучуудаа оруулаад одоо чи тийм мэх хийж үз гээд л барилдуулна. Бичлэг энэ тэрийг нь хийж, анализ хийхэд ашиглана. Хамтарсан бэлтгэл хийхээр судлагдана гэдэгтээ манай багш нар санал нийлдэггүй. Өөрсдөө ч судалж болно шүү дээ.
-Олимпийн наадмаас хоёр аваргатай болох зорилготой гэж ярьсан. Яг алтан медаль авна гээд хэлбэл хэнийг нэрлэх вэ?
-Хамгийн түрүүнд С.Батцэцэг. Японы нэг домог болох Каори Ичог Ярыгиний тэмцээнээр монголчууд зогсоож чадсан. Тэгвэл олимпийн дэвжээн дээр яагаад нөгөө нэг домог Саори Ёшидаг зогсоож болохгүй гэж гэсэн бодол бидэнд бас байна. 53-аас дээш жинд хэн нь ч олимпийн алтан медаль авчихаад зогсож байхад бид нэг их гайхаад байхгүй.
-Тэгвэл манай шигшээ багийн бэлтгэлд санаа зовох зүйл байхгүй гэж ойлгож болох уу? Бүх юм төлөвлөгөөний дагуу явж байна уу?
-Олимпийн гол бэлтгэл зургаадугаар сарын сүүл, долоодугаар сарын эхээр эхэлнэ. Сүүлийн гурван жилд их юм амжууллаа. Өнгөрсөн өвөл бэлтгэл сургуулиа ч сайн базааж, сууриа тавиад авсан. Дараа нь ерөнхий хөгжил, тусгай хөгжлийн бэлтгэлдээ орсон. Шигшээ баг тодрохоор гол бэлтгэлдээ орно.
-Сэтгэл зүйч хэзээнээс ажиллуулж эхэлсэн юм бэ?
-2015 оны 3-р сараас эхэлсэн. Урьд өмнө манай дасгалжуулагч нар өөрсдөө мэхээ ч заадаг, сэтгэл зүйч, хүчний багшийг нь ч бүгдийг нь хийдэг байлаа. Ямар нэг ялагдлын дараа хамаг буруугаа чихдэг хогийн савтай байсан гэсэн үг. Сэтгэл зүй болсонгүй гээд л боллоо. Харин тэр сэтгэл зүйн бэлтгэл нь ямар байх ёстой байсан, яах байсан гэдгийг огт ярьж чаддаггүй байсан. Гэтэл спортын сэтгэл зүйч гээд бие даасан шинжлэх ухаан байдаг. Манайд ч тэр чиглэлээр төгссөн хүмүүс бий. Манайд ажилладаг сэтгэл зүйч нар буудлагын гавьяат тамирчин О.Гүндэгмаатай 2008 онд ажиллаж байсан туршлагатай хүмүүс. Сэтгэл зүйчтэй болсноор маш их өөрчлөлт гарсан. Анхаарал төвлөрүүлэх, эрсдэлээ тооцоолох, том ялалтын дараах шилжилтийн үед яах, ялагдсаны дараах үе гээд л олон тал дээр тус болсон. 2015 оны гуравдугаар сараас С.Батцэцэгийгээ анх сэтгэлзүйчтэй ажиллуулсан. Учир нь тэр үед ДАШТ-ий өмнө С.Батцэцэгт хүнд үе таараад байлаа. Гар дээрээ өсгөсөн өвөө нь  нас бараад, өөрөө УАШТ-д гуравдугаар байрт орчихсон, дотооддоо түрүүлж чадаагүй гээд олон нийтийн сүлжээгээр янз бүрийн дайралтууд ирж байлаа. Эмэгтэй хүнд их хэцүү байсан байх гэж боддог. Тэгээд Лас-Вегаст очоод ёстой л үнэмлэхүй барилдаан үзүүлсэн шүү дээ. Ингээд бид сэтгэл зүйчээ шигшээ багт 11 дүгээр сараас ажиллуулах болсон. Олимпийн эрхийн тэмцээн дуусахаар эрх авсан шигшээ багтайгаа тулж ажиллана. “Рио 2016”-д сэтгэл зүйчээ авч явах бодолтой байгаа.
-Олимпийн шигшээ багийг сонгоход хэр маргаан гардаг вэ? Багш болгон л өөрийн шавиа оруулахыг хичээдэг байх.
-Эхлээд дасгалжуулагчийн зөвлөл дотроо ярилцдаг. Дасгалжуулагч багш нараас санал авдаг. Магадлалтай гэж үзэж байгаа тамирчныхаа нэрийг дэвшүүлнэ. Гаднын бөхчүүдтэй хэн сайн барилддаг нь медаль авах магадлалтай гэж үздэг. УАШТ чухал нь чухал. Гэхдээ нэгдүгээр сард болдог УАШТ, зургаадугаар сард зохиогддог олон улсын тэмцээний хооронд асар их ялгаа бий. Эцсийн шийдвэрийг холбоо гаргана.
-Мельдонийгийн хэргээр Гүрж, Оросын бөхчүүд барилдах эрхээ хасуулаад байна.
-Манай тамирчид мельдоний бэлдмэлээс ангид, цэвэр. Энэ бэлдмэлийг сэргээшийн тоонд оруулна гэж бид өнгөрсөн намар сонсож байсан юм. Энэ талаар санаа зовох зүйл огт байхгүй.  
-Ярилцлага өгсөнд баярлалаа. Та бүхэнд олимпийн наадамдаа амжилттай оролцохыг хүсэн ерөөе.

 


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
6
23
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.