Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Эрүүл мэндээ үл хайхардаг эрийн 6 шинж

#HeForShe тусгай дугаарын хэсгээс.


"Гэрэг" сэтгүүл #HeForShe хөдөлгөөний Монгол дахь нээлтийг угтан энэ сард тусгай дугаараа уншигчиддаа хүргэсэн билээ. Бид энэ дугаарын онцлох нийтлэлүүдээ онлайнаар мөн хүргэж байгааг хүлээн авна уу.

Нийтлэлийг: Ж.Мөнхзул

Жендерийн тэгш байдал гэхээр ихэнх хүмүүст сүрдмээр, албаны ойлголт санаанд нь буудаг. Парламент дахь эмэгтэй гишүүдийн квотоос авахуулаад нийгэм, улс төр дэх тэдний дуу хоолой, эдийн засгийн чадавх, манлайлах чадамж гээд л албархуу тодорхойлолт олонтаа сонсдог болоод тэр биз. Мэдээж энэ бүх асуудлыг хөндөхийн цаадах цорын ганц зорилго бол хүйсийн ялгаанд суурилсан ялгаварлах үзэл, тогтсон буруу ойлголтыг зогсоох. Эрэгтэй ч бай эмэгтэй ч бай амьдралд ижил тэгш боломж эдэлж, ачаа үүрэх тухай л юм. Энэ том зорилго нь харин бидний өдөр тутмын амьдралын өчүүхэн жижиг хэмнэл болох идсэн хоол, унтсан нойр зэргээс шалтгаалж болохыг та мэдэх үү?

Нэгэнт дэлхий нийтээр эрчүүд жендерийн асуудалд санаа тавин, идэвхтэй хувь нэмрээ оруулж эхэлсэнтэй холбогдуулан Монгол эрчүүдэд хандаж, эмэгтэйчүүдээ хүчирхэгжүүлэхэд туслах хэдэн зөвлөгөө санал болгоё. Та нар минь чих тавин чагнаад, аан гээд уун гэж ойлгон тунгаана буй за. Түүнээс өмнө нэгэн баримт хэлэхэд, Үндэсний Статистикийн Хорооны мэдээллээр Монгол Улсад 2016 оны байдлаар эрэгтэй хүний дундаж наслалт 65, эмэгтэй хүний дундаж наслалт 75 байна. Эмэгтэйчүүд бидний тэгш боломж, тэнцүү ачааны тухай мөрөөдөлд саад тотгор учруулж буй энэ статистикийг үзээд дуугуй өнгөрөөж сэтгэл түвдсэнгүй билээ.

Жаргаж суух жаран насан дээрээ, магадгүй түүнээс эрт, ар гэрийнхээ аз жаргалыг булааж, ардаа хань ижил, үр хүүхдээ орхиод яваад өгөх нь амиа хичээсэн хэрэг бус уу эрчүүд минь? Энэ л өнцгөөс харваас айл гэрийн эр нөхөр эрүүл мэндээ хайхрахгүй, идээ ундаагаа тохируулахгуй, дасгал хөдөлгөөн хийхгүй байх нь маш хувиа хичээсэн хэрэг болж таарна.  Нийтлэгийг харвал эрчүүд ихэвчлэн зовох юмгүй тааваараа, аль өгснийг болон олдсныг идчихээд, ажил тарж ирж хойморт налайж зурагтаа үзчихээд, гарч явахаараа газар дэлхийг мартталаа наргисан шиг амьдарч байтал нэг мэдэхэд янз бүрийн өвчин хуучтай болж, 60 жаахан гараад 'лагшин чилээрхэж' эхэлдэг түгээмэл үзэгдэл байна. Ийм зүйл болж, эрчүүд та бүхэн эрт өвдөж, эрт буцвал ард чинь хоцрох эхнэр хүүхдүүд тань хамгийн их зовно. Үлдэх улс л үүрэх ачаатай хоцорно.

Дөнгөж тэтгэвэртээ гарав уу, үгүй юу яваад өгөх юм бол ядаж л яах гэж тэр олон жил нийгмийн даатгал төлсөн болж таарах вэ? Монголд 60, 70 насыг хөгширсөн, ажлын чадамжаа алдсан нас гэж эндүүрэх хандлагатай. Угтаа харин ч амьдралыг нэвт шувт таньсан, одоо л өөрийн дүрмээр тоглоно гэдэг нас байлтай. Дэлхий нийтийн сэтгэл судлалын практикт хүн дунджаар 69 насандаа амьдралдаа сэтгэл хангалуун болдгийг тогтоожээ. Иймд 65 нас бол үхэхэд байж боломгүй эрт нас юм. Үүнийг сонсоод бид цочирдох естой. Тэгэхээр урт наслахад нь төвөг учраад буй Монгол эр хүний билиг танхай амьдралын хэмнэлд ямар ямар зан төлөв, дадал зуршил багтдагийг тоймлон харуулъя.

Ямар эрчүүд богино настай байна вэ?

       1. Өглөө унд цайгаа уулгүй гарч, өдөр цайны газрын өөх тостой, хайрсан хуурсан хоол цааш харуулаад, хэдий орой харивч том аягаар дуурэн хоол идээд унтдаг эрчүүд. Түүнчлэн цуйван, бууз, хуушуур, тургэн хоолонд нугасгүй хүмүүс эрсдэлт бүлэгт хамаарна. Монгол эрчүүд залуугаасаа гэдэс гүзээгээрээ таргалдаг нь хоол хүнсний буруу дэглэмийнх. Тэд маш эрт зүрх судасны өвчнөөр өвдөх, чихрийн шижин болон бусад холестрины гаралтай өвчнөөр өвдөх магадлалтай.

       2. Гэрт байх цаг заваа идэж унтаж, хэвтэж өнгөрүүлдэг эрчүүд. Эхнэрүүд та нарыг ядраа байлгүй, унт амар, ууж ид хэмээн бөөцийлж байна уу? Энэ буруу шүү. Хоолоо хамт хийн, гэрээ хамт цэвэрлэж, хүүдүүдээ хамт өсгөлцөж, багийн арга барилаар хамт ажилла. Гэртээ хэр оролцоотой эр хүн байна, төдий эрүүл, бас хавьгүй жаргалтай байдаг тухай судалгаа олон. Мөн дасгал хөдөлгөөн хийдэггүй, жилдээ нэг удаа гэнэт заал авч багтрах шахдаг, бусад цагийг ажлын ширээний ард хөдөлгөөнгүй өнгөрүүлдэг эрчүүдийг үе мөч, нуруу нугас, мэдрэлийн гаралтай олон өвчин хүлээж байдаг.

       3. Ажил, амралтаа зохицуулж чаддаггүй эрчүүд. Ажил, ажил гэж ар гэртээ ховор үзэгддэг хүмүүс хамгийн аз жаргалгүй, сэтгэл гутралд амархан өртдөг байна. Сэтгэцийн эрүүл мэнд биеийн эрүүл мэндтэй ижил чухал юм шүү.

       4. Унтах, сэрэх тогтсон цаггүй хүмүүс. Хүний дархлал сэргэг байхад биологийн хэмнэл асар их нөлөөтэй. Хоногт найман цагийн нойр авч чаддаггүй, үдэш 11 цагаас өмнө унтдаггүй, утсаараа оролдож, телевиз ширтэж хэвтдэг нөхдүүд урт наслахгуй болж таарах нь. Хүн унтах ёстой цагтаа унтаж, босох ёстой цагтаа босох нь биед эрч хүч хуримтлуулдаг чухал хэмнэл ажээ.

       5. Архи, согтууруулах ундаа хэтрүүлэн болон ойр, ойрхон хэрэглэдэг эрчүүд. Миний л амьдрал учраас би юу дуртайгаа хийнэ, хэн ч намайг хориглож чадахгүй гэж боддог эрчүүд олон байдаг. Гэвч хамгийн эрт явдаг улсууд тэд л юм. Энэ бол хувиа хичээн, эрт “нутаг буцах” шалгарсан арга юм.

       6. Хэнэггүй, хайнга, сахилга батгүй эрчүүд. Ямарваа гай түйтгэр, гэнэтийн осол аюулд өртөх магадлал өндөр. Согтуугаар машин барих, аюулгүйн дурэм журмыг үл тоомсорлох зэргээр хэнэггүй яваад янз бүрийн зүйлтэй учирна. Эдний нэг аюултай юм нь өөрсдийгөө хохироогоод зогсохгүй өөр бусад хүмүүсийг давхар хохироодог.

Уншигч эр хүн та дээрх зүйлсийн хичнээн нь таны амьдралын хэв маяг, дүр зурагтай дүйж буйг эргэцүүлж үзээрэй. Алдаагаа олж үзээд, анзаарч засах сэдэл олоосой гэсэндээ эдгээрийг тэмдэглэлээ. Дахин хэлэхэд, хүн эрүүл мэнд бие махбодио хайрлахгүй байгаа нь хамт амьдарч буй хүмүүсээ хайрлахгүй байгаагаас ялгаагүй юм. Эхнэрээ, үр хүүхдээ, гэр бүлээ хамгаалах, хүйсийн тэгш байдал төдийгүй цаашлаад эрүүл, жаргалтай нийгмийг бий болгоход эр хүн та эрүүл байж хувь нэмрээ оруулаарай.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
23 цагийн өмнө
ХХ зууны эхэн үеийн фитнес
2
Өчигдөр
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
3
Уржигдар
Гэдэсний халдварт өвчнөөс хэрхэн СЭРГИЙЛЭХ вэ?
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
45
8
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.