Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Сибирийн охин Мария Шараповаг амжилтад хүргэсэн амьдралынх нь дүрэм

Хөлс гаргалгүй амжилт олно гэж бүү хүлээ.


ОХУ-ын нэрт теннисчин Мария Шарапова 1987 оны 4-р сарын 19-нд Нягань хэмээх жижигхэн хотод төржээ. Сибирьт орших энэ хотод байгаад байсан бол өдийд Шарапова хаана, юу хийж явахыг хэн ч таашгүй. Ямар ч гэсэн теннисчин болохгүй байсан нь лавтай. Харин Мариягийн азаар, магадгүй теннисний спортын аз түшиж, тэдний гэрбүл халуун дулаахан Сочи хотод амьдрах болжээ. Энд Мария газрын теннистэй анх танилцаж, 4 настайгаасаа теннис тоглож эхэлсэн. Зургаан настайдаа тэр теннисийн спортын домог Мартина Навратиловатай сургалтын тоглолт хийсэн байна. Бяцхан охины авьяас, чадварыг танисан Мартина аав Юрийд нь охиноо Америкт аваачиж, Ника Боллетьерийн академид сурган, улам хөгжүүлэх хэрэгтэй гэж ятгасан байдаг.

Ингээд 1995 онд Юрий охиноо дагуулаад Флорида мужийн Брадентон хотод халаасандаа 700-хан доллартай, англи хэлний ямар ч мэдлэггүй хүн очиж байжээ. Флоридад болсон нэгэн тэмцээнд 11 настай Шарапова өөрөөсөө 2-3 нас ахмад хүүхдүүдтэй тоглож байгаад зодог тайлаад удаагүй байсан Бетси Нагельсений нүдэнд өртөв. Бетси телевизэд теннис тайлбарладаг байснаас гадна хамгийн гол нь IMG агентлагийн эзэн Марк Маккормакийн гэргий байв. Бетси нөхөрлүүгээ утасдаж, авьяаслаг орос охин олсноо хэлжээ. Тус агентлагийн мэргэжилтэн Гэвин Форбс Марияг судлаад хамгийн гайхсан зүйл нь түүний намтар байлаа. Залуу тамирчдыг ихэнхдээ ээж нь дагуулан явж амжилтад хүргэдэг бол энэ удаад аав нь охиноо авчирч, ээж нь Сочид үлдсэн байв. Цохилт, хамгаалалт гээд өөлчихмөөр юм түүнд байсангүй. Форбс түүнээс “Мария, чи амьдралдаа юу хийхийг хүсч байна вэ” гэж асуухад Маша “Би дэлхийн шилдэг теннисчин болохыг хүсч байна” гэж хариулжээ.

Ийм охиныг IMG алдаж болохгүй. Авьяаслаг орос охиныг IMG авах гэж байгаа сураг тарж, бараг бүх агентлаг түүний хойноос хөөцөлдөж эхэлсэн ч IMG илүү гэрээ санал болгосноор тэдний хамтын ажиллагаа эхэлсэн түүхтэй. Тэр үед Юрий танилынхаа гэрт, Маша Ник Боллетьерийн академийн дотуур байранд амьдарч байв. Шараповагийн аав байр хөлсөлж, машин авах гээд жилд 50 мянган долларын гэрээ байгуулья гэсэн ч IMG-гээс өгөөмөр хандаж, жилийн 100 мянган долларын гэрээ байгуулжээ.
“Гэрээ байгуулснаар амьдрал огт өөр болсон. Аав бид хоёр орон байр, идэх хоолны төлөө санаа зовохгүй болсон. Анхны гэрээний энэ мөнгө надад их зүйл сургасан. Теннис бол спорт. Гэхдээ жирийн нэг спорт биш. Энэ бол бизнес, мөнгө юм. Мөнгөтэй бол гэрбүл минь тогтвортой байна. Цаашдаа яах хэрэгтэйгээ ч ойлгосон. Миний зорилго амар болсон. Талбайд гараад л ялах хэрэгтэй” гэж Шарапова дурссан байдаг. Мария 11 настайдаа Nike компанитай гэрээ байгуулж, дэлхийн том компаниудын нүүр царай болох замналаа эхлүүлсэн.
2005 онд Мария Forbes сэтгүүлээс гаргадаг “Хамгийн орлоготой эмэгтэй тамирчдын” жагсаалтыг тэргүүлж, 11 жил дараалан, суудлаа алдаагүй. 2016 оны сэргээшийн асуудлаас болж, бараг тэмцээн уралдаанд оролцолгүй хоёрдугаар байрт буусан ч 2018 онд хамгийн их орлоготой эмэгтэй тамирчдын тэргүүн байраа эргүүлэн авахад тун ойрхон байгаа билээ.

Мария Шараповагийн амьдралын дүрэм
“Би найз нөхөдтэйгээ хамт амарч зугаалан, дэлгүүр хэсэх дуртай. Харин ингэх чөлөөт цаг тун бага болохоор нэг боломж гарвал тултал нь ашигладаг”
“Миний байгуулсан сан дуртай юмаа хийх боломжгүй хүүхдүүдэд тусалдаг. Би тэднийг амьдралд амжилт олоход нь туслахыг хүсч байна”
“Би хүү, охин аль алинд нь дуртай. Гэхдээ хэрэв сонгох боломж байдаг бол охинтой болмоор байна”
“Хөгжөөн дэмжигчдээ Серб дэх Ивановичийн фэнүүд шиг галзуу байгаасай гэж боддог. Манай Орост балиашгууд хэт даруухан”
“Теннис бол өрсөлдөөн ширүүн спорт. Маргааш кортон дээр тулалдах хүнтэйгээ найзлана гэхэд санаанд багтамгүй”

“Уимблдонд түрүүлж байснаа дурсдаггүй. Хааяа сэтгэлээ сэргээх хэрэгтэй үедээ л дурсдаг юм”
“Би 20 нас хүртлээ бизнес эрхлэх талаар бодож ч байгаагүй. Нэг удаа мөрөө гэмтээгээд 8-9 сар цохиураа барьж чадахгүй хэвтэж байхдаа теннис бол миний бүх амьдрал биш юм байна гэдгийг ойлгосон. Ингээд бизнес эрхлэхээр шийдсэн”
“Намайг ямар орлоготой ажиллаж, хэдийг олдгийг хэн ч мэдэхгүй. Банкны дэвтэрээ би хэнд ч үзүүлдэггүй”

“Теннис тоглох эрхээ хасуулаад байж байхдаа би теннисгүй амьдарч чадах юм байна гэдгээ ухаарсан. Гэрбүлтэй гэдгээ ойлгож, тэдэнтэйгээ хамт байх сайхан байсан”
“Ойрын үед нөхөрт гарч, хүүхэдтэй болох юмсан. Би 30 нас хүрчихлээ”
“Би Серенаг талбай дээр маш их хүндэлдэг. Үнэн шүү. Харин талбайн гадна бол хүндэлдэггүй”
“Мөрөөдөлдөө итгэж, биелүүлэхийн төлөө зүтгэ. Хэзээ ч биелэхгүй мэт санагдаж байсан ч бүү шантар. Би ингэж байж амжилтад хүрсэн”

“Өөртөө хариуцлага хүлээж сур. Миний замнал өөрийн минь гарт байгаа гэдэгт би итгэдэг”
“Хэзээ ч бүү хоцор. Эцэг эх минь намайг цаг барьж сургасан. Яагаад гэвэл энэ бол хүмүүст хүндлэлээ харуулах хамгийн жирийн арга юм”
“Надаас зөвлөгөө хүссэн хүмүүст би “Өөртөө болон бусдад үнэнч шудрага бай” гэж хэлдэг”
“Гутранги үзэлтэн, атаархуу амьтдын үгийг бүү сонс. Намайг 17 настайдаа Уимблдонд түрүүлж, 18-тайдаа дэлхийн шилдэг теннисчин болно гэж хэн ч бодож байгаагүй шүү дээ”

“Шийдвэр гаргахдаа мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авч бай. Азаар миний хажууд  ойлгохгүй зүйлийг минь зөвлөөд өгөх, 100 хувь итгэлтэй хүмүүс байдаг”
“Гэрбүл минь гайхамшигтай. Эцэг эх минь намайг тамирчин болгох гэж хамаг юмаа орхиод харь оронд ирж байлаа. Тэдний ачаар би ялалт байгуулж чаддаг”
“Хөлс гаргалгүй амжилт олно гэж бүү хүлээ. Ялалт байгуулахын төлөө би маш их хөдөлмөрлөсөн, одоо ч хөдөлмөрлөж байна. Хэн нэгэн ахмад хүн ингэ гэж надад зааж өгөөгүй, амьдрал өөрөө сургасан"

“Загвар, гоо сайхны ертөнцөд өөрийгөө нэгэн хайрцагт баглан оруулж болохгүй. Янз бүрээр бодож, зоригтой шийдэж байх хэрэгтэй. Би шинэ загвар гаргахдаа гудамжинд яваа хүмүүсийг удаан ажигладаг”
“Амьдралын хамгийн гол зүйл бол эрүүл мэнд. Би эрүүл байж гэмээ нь л талбайд гарч, теннис тоглон, ялалт байгуулж чадна”
“Хүмүүс таныг яаж харахыг хүсч байгаагаас үл хамааран өөрийнхөөрөө л бай”
“Том аз жаргал жижигхэн баяр баясгалангаас бүрддэг. Ямар ч зүйлээс сайн юм олж болдог. Энэ бол миний хүч, давуу тал юм”

“Үргэлж ялаад байх боломжгүй. Хүнд тулаанд амссан ялагдал хялбархан ялалтаас илүү сургамжтай байдаг”
“Залуухан охид, хөвгүүд үнэтэй машин унаад явж байхыг хараад би “Харин би өөрийн хүчээр машинаа авсан шүү” гэсэн бахархал төрдөг”
“Тамирчин хүнд дайсан заавал гардаг. Теннисчин хүн бол бүгдэд аз жаргал бэлэглэдэг Тереза эх биш”
“Би төрсөн нутагтаа хайртай. Тэмцээний өмнө танилцуулахдаа намайг “Орост төрсөн” гэж хэлдэггүй. “Мария Шарапова Сибирийн Няганьд төрсөн” гэж зарлахад хүмүүс пөөх гээд л гайхдаг”
“Инээх нь уйлахаас илүү биенд ач тустай”

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
МИХАЭЛЬ ШУМАХЕР 50 НАС ХҮРЛЭЭ БУЮУ ТҮҮНИЙ АМЬДРАЛЫН ДҮРЭМ
3
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
санал болгох
1
19 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
19
25
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.