Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

1600 км туулж уулзсан 81 настай эмэгтэй, 22 настай залуу хоёрын нөхөрлөл

Спенсер Слейон уулзалтынхаа дараа найзтайгаа авахуулсан зургуудаа интернетэд байршуулж, тэр нь сая сая хүнд хүрсэн юм.


Спенсер Слейон бол Нью-Йорк хотод амьдардаг 22 настай реппер, продюсер залуу. Өнгөрсөн оны аравдугаар сард тэр найзуудтайгаа цуг хэн нь тэдний хамгийн дотно найз болох тухай яриа өрнүүлэн сууж байжээ. Спенсерийн ярих ээлж ирэхэд тэр, “Миний хамгийн сайн найз бол Флоридагийн тэтгэвэрт гарсан хөгшдийн байранд амьдардаг 81 настай цагаан арьст эмэгтэй” хэмээн хариулсан байна. Мэдээж бүгд гайхсан. Магадгүй Спенсер Слейон ингэж хэлсэндээ тухайн үед өөртөө ч гайхсан биз.

Үнэндээ тэд хэзээ ч уулзаж байгаагүй бөгөөд зөвхөн утасны цаанаас л нэгэнтэйгээ харилцдаг байжээ. Гэвч найзуудынх нь эхлүүлсэн энэ яриа реппер залууг зөвхөн “Words With Friends” гэх утасны тоглоомоор л мэддэг байсан найз Росалинд Гуттмантайгаа уулзахаар Флорида нисэхэд хүргэсэн юм.

“Түүнтэй уулзахад бид хоёр хэзээнээсээ л нэг нэгнээ мэддэг юм шиг санагдсан. Өөрийнхөө нэг найзтай ярьж байгаагаас ямар ч өөрцгүй.” Реппер залуу энэ тухай ярилцлага өгч, мөн Твиттерт уг түүх маш олон хүнд хүрчээ. Энэ нөхөрлөл нь утсан дээрх үг эвлүүлдэг тоглоомыг хамт тоглосноор эхэлж, тэд анх тоглож эхэлснээсээ хойш 300 гаруй тоглоомыг хамт тоглосон гэнэ. Утасны цаанаас хамт тоглох хөгшин эмэгтэй хип хоп сонирхдог залуусын мэдэх “phat” гэх үгийг эвлүүлэхэд Спенсер шууд л “Та энэ үгийг яаж мэдээд байгаа юм бэ” гэж гайхшран асууснаар бүх зүйл эхэлсэн гэдэг. Анх зүгээр л тоглоомоо тоглодог байсан тэд яваандаа амьдралынхаа нарийн ширийнийг ярилцаж, мөрөөдөл, мэдрэмжийнхээ тухай санаа зовох юмгүй хүүрнэлддэг болжээ. 2016 оноос эхлэн олон төрлийн тоглоомыг хамтарч тоглосон тэд жинхэнэ гар нийлсэн хамтрагчид болсон байв. Өдөр болгон тоглоом тоглож, ярилцдаг байсан ч Спенсер яваандаа тоглоом тоглох завгүй болжээ. Эцэст нь тэр тоглоомын аппликэйшныг устгахаар шийдэж, хамтран тоглогч хатагтай Гуттмантай салах ёс хийхээр болон, тоглоомоо устгахаас өмнө түүнээс ирээдүй болоод мөрөөдлийнхөө тухай зөвлөгөө авахыг хүссэн байна. Харин Гуттман түүнд, “Амьдралдаа чи юуг ч өөрийн болгохыг хүссэн бай, яваад, өөрийн болго” хэмээн хэлжээ. Залуухан реппер залууд энэ үг өөр ямар ч хүний хэлсэн үгнээс илүү сэтгэлд бууж, улам их хичээн зүтгэх эрмэлзлийг олж авчээ.

Өнгөрсөн аравдугаар сард тэр Нью-Йорк хотод нүүн ирснээс хэдэн сарын дараа тоглоомоо татан авч, тэр даруй найзтайгаа дахин холбогджээ. Гэхдээ найзынх нь ээж Эми Батлер түүний онлайнаар харьцдаг найзын тухай сонсох хүртэл тэр очиж уулзах тухай бодоогүй байсан байна. Манхеттен хотын “Riverside” сүмийн ахлах Эми Батлер тэдний нөхөрлөлийн тухай цааш түгээхийг хүссэн бөгөөд хатагтай Гуттмантай утсаар холбогдсон байна. Ийнхүү тэр Спенсер Слейоны хамтаар Флоридад очиж уулзжээ. “Тэдний уулзалт миний төсөөлж байснаас ч сайхан байсан. Нэг нэгнээсээ эмээх зүйл юу ч байгаагүй. Яг л соронз шиг бие биедээ татагдан ярилцаж байсан нь гайхалтай” гэж тэрбээр дараа нь ярьжээ. Хэзээ ч нэгнээ харж байгаагүй хэр нь анх удаа уулзахдаа бүр дээр үеэс л нөхөрлөсөн найз нөхөд мэт ойр дотно байна гэдэг нөхөрлөл цаг хугацаа, орон зай, нас хүйс, арьс өнгө үл харгалзан хүн бүхний сэтгэлийг бүлээцүүлж, “ганцаараа биш” гэх мэдрэмжийг төрүүлдгийн баталгаа юм. Уулзалт инээд хөөр, хошигнол дүүрэн өнгөрч, тэд хамт өдрийн хоол идэн суухдаа тоглоомын тухай ярилцаж, сүүлдээ халууран улс төрийн сэдэв рүү хүртэл орсон байна.

Спенсер Слейон уулзалтынхаа дараа найзтайгаа авахуулсан зургуудаа интернетэд байршуулж, тэр нь сая сая хүнд хүрсэн юм. “Миний оруулсан зургийн доор маш олон хүмүүс ‘Надад яг ийм түүх хэрэгтэй байлаа. Тэр тусмаа арьс өнгө, гарал угсаа өөр боловч хоорондоо ямар гайхалтай харилцаж байгаа тухай ийм түүх яг одоо бидэнд хамгийн ихээр хэрэгтэй байна’ гэж бичсэн байсан” гэж өгүүлсэн юм. Хүний амьдрал найз нөхөдгүйгээр уйтгартай. Заримдаа бидэн дундаас азтай нэгэнд нь гэр бүл шиг л сайхан найзуудтай учирч, хорвоог хамт туулах завшаан тохиодог. Спенсер болоод Розалинд хоёрын хувьд тэдэнд нас, угсаа гарал, хол зай огт хамаагүй байсан юм. Бидний өдөр тутмын хэрэглээ болсон интернет, олон нийтийн сүлжээ гэх зүйлээр дамжуулан хэн ч, хэнтэй ч нөхөрлөж болохыг энэ хоёрын түүх батлан харуулсан билээ. Спенсер магадгүй Розалиндыг үнэхээр сэтгэлд нь ойр, жинхэнэ найз гэдгийг мэдэрч, санасан болохоор л тоглоомыг дахин татаж, өөртэй нь тоглохыг хүлээж буй 81 настай эмэгтэй рүү зурвас илгээсэн биз. Тэр магадгүй утсан дээрх үг эвлүүлдэг тоглоомыг нэг л өдөр ганцаараа тоглоод сууж байх вий гэсэн айдсыг мэдэрсэн байх. Зөвхөн завгүй гэх шалтгаанаар тэр найзаасаа холбоо тасрахыг хүсээгүй юм.

Түүний найз хатагтай Гуттман тэдний нөхөрлөлийн түүх ийм олон хүнд хүрсэн тухай юу ч мэдээгүй байсан гэнэ. Олж мэдсэнийхээ дараа тэр, “Хүмүүс яагаад ингэж сүр дуулиан болоод байгааг мэдэхгүй юм. Хүн бүхэн бие биетэйгээ ингэж харьцах ёстой шүү дээ” гэжээ. Дараа нь тэрбээр Эми Батлерт ийн захиа илгээсэн байна.

Хүндэт Эмид,

Өнөөдрийн уулзалтыг зүйрлэн хэлэх сайхан үг олдохгүй нь. Ямар ч эргэлзээгүй, энэ өдөр миний амьдралын хамгийн сайхан дурсамжтай өдрүүдийн нэг байлаа. Би одоог болтол энэ сайхан нөхөрлөлийн дулаан мэдрэмжийг мэдэрч, догдолсоор байна. Спенсер та хоёр миний төлөө энэ хол замыг туулан ирж, хамгийн итгэмээргүй байдлаар намайг баярлуулж чадлаа. Яг одоо хэлж чадах үг минь хязгааргүй их баярлалаа гэх үг юм. Би та хоёрт бүхнээс илүү хайртай.

Хатагтай Роз.

Тэдэнд ердөө ганц л өдөр хамт байх боломж олдсон юм. Гэхдээ энэ ганц өдөр бол тэдний удаан хүлээсэн өдөр байлаа. Хэзээ ч нэгэнтэйгээ уулзъя гэж хэлж байгаагүй, магад боломжгүй гэж боддог байсан энэ уулзалт аль алиных нь хувьд мартагдашгүй дурсамж болж үлдсэн нь гарцаагүй. Хэрэв Эми Батлер уг нөхөрлөлийн тухай олж мэдээгүй бол тэд хэзээ ч уулзаж чадалгүй, нэгэнтэйгээ утасны цаанаас харилцсаар энэ бүхэн дуусах байсан биз. Харин уулзаж, хамт байх боломж өгсөн нь тэдний түүхийн хамгийн сэтгэл хөдлөм хэсэг юм.

“Маш олон хүн таны амьдралд ирж бас явна. Гэхдээ зөвхөн жинхэнэ найзууд л зүрхэнд тань хөлийн мөрөө үлдээх болно” гэх Элеонор Рузвельтын хэлсэн үгээр тэдний нөхөрлөлийн богинохон боловч дурсамжтай түүхийг энд хүрээд өндөрлөе.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
10 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
5
39
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.