Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Эцсийн цэг

#HeForShe аяныг угтсан "Гэрэг" сэтгүүлийн тусгай дугаарын хэсгээс цувралаар хүргэж байна.


Нийтлэлийг: Ч.Бат-Уянга

Миний өмнө сүүлийн гурван жилд үйлдэгдсэн, шүүхээр шийдэгдсэн “хүчиндэх” гэмт хэргийн тоон мэдээ байна. Ингээд зогсохгүй мөн хугацаанд шүүхээр шийдэгдсэн бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэргийн 39 шийтгэх тогтоол байна. Сүүлийн гурван жил буюу 2015- 2017 онд бид хүний, эмэгтэйчүүдийн, хүүхдийн эрхийн талаар тоо томшгүй  удаа ярьсан, бичсэн, ярьсан, бас мэтгэлцсэн. Энэ зуур манай улсад 569 хүчиндэх гэмт хэргийг шүүхээр шийдвэрлэжээ. Хүчиндэх гэмт хэрэг бол хүний бэлгийн халдашгүй байдалд халдаж буй ноцтой үйлдэл, эцсийн цэг. “Эцсийн цэг” гэж буйн учир нь хормой хотыг нь сөхөх, ус цацах, гуя хасыг нь илэх, элдэв бэлгийн шинжтэй үгээр тохуурхах, наргиа хийх зэрэг бэлгийн эрх, эрх чөлөө рүү халдаж буй олон үйлдлүүдээр “замаа зассаар” очиж буй цэг нь юм.

Шүүхээр шийдвэрлэсэн хэргийн тоо буюу 569 гэх тооны цаана үүнээс олон хохирогч, гэмт хэрэгтэн бий. Зарим хэргийг бүлэглэн буюу хоёр, гурваараа нийлж нэг хүний эсрэг үйлдэнэ, эсвэл хоёр гурван хүний эсрэг нэг хүн үйлдэнэ. Иймээс үргэлж хэргийн тоо нь хохирогч, гэмт хэрэгтний тооноосоо зөрдөг.

Ингэхэд хүчиндэх гэмт хэргийг хэн үйлддэг юм бол? Энэ 569 хэргийг хэн үйлдчихэв ээ? Юун түрүүнд энэ хэргүүдийг 649 эрэгтэй, Монгол улсын иргэд үйлджээ. Дурдаж буй гурван жилийн хугацаанд тоологдсон манай улсын эрэгтэй иргэдийн тоотой (дундчилбал 15-аас дээш насны эрэгтэй 1.562.373) харьцуулахад бага тоо. Гэвч энэ “бага” тооны цаадах хохирогч хийгээд хэрэгтнүүдийн үүнээс хойшхи амьдралыг төсөөлөхөд бэрх.

Үүнээс зөвхөн Улаанбаатар хотод үйлдэгдсэн, шүүхээр шийдвэрлэгдсэн бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэргийн 39 тохиолдлыг сугалан авч харахад гэмт хэрэгтнүүдийн 67.2 хувь нь 18-35 насныхан байна. Энэ насныхан бол Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулиар “залуучууд” гэж тооцогддог.  Үеийнх нь залуучууд хиймэл оюун ухаан, технологийн хөгжил, гарааны бизнесийн талаар ярилцаж байх зуур тэд Улаанбаатарын аль нэг гудамж, булан тохой, гэр хорооллын аль нэг хашаа, гэрт 13-аас ч бага насны охидыг хүчиндэж байна. Бидний цэцэг цэврүү шиг охидыг цагтаа мөн л бидний цэцэг цэврүү шиг хөвгүүд байсан залуус хүчиндэж байна. Хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгосон улсад яагаад хамгийн хүмүүнлэг бус хэрэгтнүүд бий болчихов оо?

Хэрэгтнүүдийн 9.5 хувь нь боловсролгүй, 20.4 хувь нь бага боловсролтой, үлдэх 70 хувь нь улсын боловсролын системээр сурч боловсорч суурь, бүрэн дунд, тусгай мэргэжлийн дунд, дээд боловсрол эзэмшиж. Гэсэн ч “болох болохгүй, хүний, хүний бус үйлдэл”-ийн талаар бичиг үсэг тайлагдсангүй.

Хүчингийн хэргийн талаар төсөөлөхөд хэрэгтэн шөнө орой, харанхуй гудамжинд отож зогсоод зугаалж цэнгэж явсаар оройтож ганцаараа харьж яваа хэн нэг охиныг онилж буй дүр зураг харагддаг. Гэвч энэ бол үнэнээс холуурх төсөөлөл. Дурдаж буй 39 тохиолдлын 77.8 хувьд нь хохирогчийг ямар нэг байдлаар таньдаг хүмүүс  гэмт хэрэг үйлдсэн байлаа. Төрсөн эцэг нь охиноо, төрсөн ах нь дүүгээ, хойт эцэг нь дагавар охиноо нэг, хоёр гурван удаа, нэг, хоёр, таван жил хүчиндэж. Ажилдаа явахдаа хүүхдээ хөршдөө түр харуулах хооронд өнөөх нь охиныг нь, эхнэрээ шөнийн ээлжтэй үед аав нь охиноо оролдоно. Эмээгийнхээ зараалаар дэлгүүрээс байцаа худалдаж авчихаад ороход хөрш нь орцонд, найз хөвгүүнтэйгээ уулзахаар очиход түүнийх нь ах илүү гэртээ... гээд зүрх зүсэм тохиолдлууд хөвөрнө.

Энэ хэргийн хэрэгтнүүдэд хуулиараа 12-20 жил, эсхүл бүх насаар нь хорих ял оноох хуулийн заалттай. Ялын хүнд, хөнгөний талаар биш энэ ялыг эдлэх хугацаанд, эдлээд гарахдаа энэ залуус гэмших болов уу? Ахин ийм хэрэг үйлдэх болов уу? Гэмших, хүмүүжүүлэх чиг үүргийг төр гүйцэтгэж чадаж байна уу? Өнөөдөр шинээр төрөөд Зайсангийн хэдэн давхар хауст байх гэртээ очиж буй нярай ч, Шар хадны эцэст зөвшөөрөлгүй барьсан, гэрэл цахилгаангүй, хоол ундгүй гэртээ очиж буй нярай цөм адил үүнээс арван хэдэн жилийн дараа “хүчиндэгч” болж өсөхгүйн баталгаа бий юү?

Хичнээн эсэргүүцсэн ч баримт бол баримт. Төрсөн болон хойт аав, төрсөн болон авга, нагац ах, хөршийн залуугийн дүрээр Монгол эрчүүд ийм хэрэг үйлдэж байна. Хужаа ч биш, вьетнам ч биш, харьяалалгүй иргэд ч биш, эмэгтэйчүүд ч биш.. Бид эцсийн цэгтээ ирээд байна. Хүчин гэлтгүй бэлгийн халдашгүй байдал руу халдаж буй үйлдлийг үйлдэж буй, завдаж буй, хэзээ нэгэн цагт үйлдэж мэдэх эрчүүд рүү, нийгмийн энэ харанхуй бараан байдал руу гэрэл тусгах цаг аль өчигдөр л ирсэн. Бид хоцорч явна. Ахиад илүү хоцорч болохгүй. Тэр гэрлийг эрэгтэй, эмэгтэй хамтдаа тусгах ёстой. Үүний тулд эхлээд харамсалтай ч баримтыг хүлээн зөвшөөрөөд дараагийн алхамдаа орох ёстой. HeForShe: Stand Together аяны зорилго ч энэ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
2024.04.25
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
2024.04.24
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
2024.04.22
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
3 өдрийн өмнө
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
44
2
27
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.