Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Сэтгүүлчид халдах нь иргэн таны мэдэх эрхэд халдаж буй хэрэг

Тиймээс иргэд та бүхний шахаж, шаардаж байгаа сэдвээр сурвалжилж буй сэтгүүлчид энэ мэт дарамт, шахалттай нүүр тулж байгаа нь эргэлзээгүй. Тиймээс мэдэх эрхийнхээ төлөө сэтгүүлчийг шаарддагтайгаа адилаар мэдэх эрхэд тань дам халдаж буй энэ мэт тохиолдолд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн талд иргэн та зогсоорой.


Ж.ХУЛАН

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 2-ныг Сэтгүүлчийн эсрэг гэмт хэрэг ял, шийтгэлгүй үлдэхийн эсрэг өдөр болгон  зарлаад даруй таван жил болж буй. Өнгөрсөн удаад "Аюулгүй, хамгаалагдсан, айдасгүй" гэх уриан дор энэ өдрийг тэмдэглээд зогсохгүй өдөр бүр сэтгүүлчийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлж, энэ төрлийн гэмт хэрэгт зохих хариуцлага хүлээлгэхэд анхаарахаар хэлэлцсэн. Учир нь өнгөрсөн 10 жилийн хугацаанд дэлхий дахинд 800 сэтгүүлч нийтийн мэдэх эрхийн төлөө мэдээ, мэдээллийн араас явж байгаад амиа алдсан байдаг юм байна. Тооцож үзвэл долоо хоногт нэг сэтгүүлч гэсэн үг. Харамсалтай нь, дээрхээс 10 хэрэг тутмын 9 нь ямар нэг хариуцлага хүлээгээгүй, шийтгэгдээгүй байдаг нь бүр ч их асуудал дагуулж буй.

Энэ тоотой харьцуулахад манайд нөхцөл байдал харьцангуй гайгүй гэж болох ч сэтгүүлчид өдөр тутамдаа үг хэл, бие махбодийн халдлагад жижиг гэлтгүй өртөх нь түгээмэл. Цаашлаад ажлын багаж хэрэгслээ хураалгах, эвдүүлэх гэхчлэн мэдээлэл олж авах, түгээх үйл ажиллагаанд саад учруулж Хэвлэлийн эрх чөлөөнд халдах тохиолдол элбэг гардаг. Хамгийн сүүлийн жишээ нь болох “Ийгл Ньюс”-ийн сэтгүүлч Б.Батцэцэгийн бие махбодид халдаж байгааг бид нийтээрээ, нүдээрээ харлаа. Үүнээс хэдхэн хоногийн өмнө “UBS” телевизийн зураглаачийн биед халдсан, мөн хэдэн сарын өмнө нэр бүхий 9 сэтгүүлчийг тагнаж, чагнасан тухай асуудлыг албаны байгууллагууд мэдээлсэн ч ажил, үүргээ аюулгүй, дарамтгүй гүйцэтгэхтэй холбоотой энэ асуудал тэгсгээд өнгөрсөн нь бас л эвлэрч боломгүй зүйл юм.

“Глоб интернэшнл” ТББ-аас гаргасан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тайланд дурьдсанаар манай улсад 2006-2017 оны хугацаанд хэвлэл, мэдээллийн байгууллагын ажилтан амь насаа алдсан дөрөв, бие махбодид нь халдсан 28 тохиолдол бүртгэгджээ. Түүнчлэн сэтгүүлчийг сүрдүүлсэн, дарамталсан, заналхийлсэн, доромжилсон, гэр бүлийн хүнийг дарамталсан 137 тохиолдол, цаашлаад ажлын багаж хэрэгсэлд халдсан, түр саатуулж хорьсон гээд 11 жилийн хугацаанд нийт 701 зөрчил зөвхөн “Глоб интернэшнл” ТББ-д бүртгэгдсэн байна. Үүний цаана редакцдаа болон судалгааны байгууллагад мэдээлж амжаагүй хичнээн тохиолдол байгааг мэдэх аргагүй.

Энэ бүхэн зөвхөн хувь сэтгүүлчид, хэвлэл, мэдээллийн ажилтанд халдаж байгаа төдий хэрэг биш юм. Ардчилсан нийгэмд иргэн бүр мэдээлэлтэй байх, мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй, энэ нь хуулиар баталгаажсан байдаг. Энэ ажлыг тэргүүн эгнээнд гүйцэтгэж, нийгэм олон нийтийн өмнөөс асууж, мэдэх эрхийнх нь төлөө ажилладаг хүмүүс бол сэтгүүлч, сурвалжлагчид, хэвлэл, мэдээллийн ажилтнууд. Тиймээс дээрх үйлдэл нь хувь сэтгүүлч, редакцийн хүрээний асуудал биш цаашлаад бидний үнэт зүйл-ардчилсан нийгэм дэх мэдээллийн нээлттэй орчинг бүрдүүлэхэд саад болж буй хэрэг яах аргагүй мөн. Түүнчлэн сэтгүүлчийн биед халдах бүү хэл багаж хэрэгсэлд нь халдсан, мэдээлэл олж авахад нь саад учруулсан, нийтлэл, нэвтрүүлгийг нь хориглохыг завдсан гээд олон үйлдэл үүнд хамаардаг.  

Гэвч сүүлийн үед сэтгүүлчдийг буруутгах, үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандах олон нийтийн хандлага түгээмэл болсон. Олны анхаарлыг татсан зарим хэргийг сурвалжилсангүй гэж буруутгах тохиолдол ч элбэг. Гэвч төрийн өндөр албан тушаалтнуудын оффшор данстай холбоотой асуудал, хар тамхи, хүн амины хэрэгт холбогдсон улстөрчид, тэдний эргэн тойрны этгээдүүдтэй холбоотой олон хэргийг сурвалжлаад “Хүүхдүүддээ хайртай л биз дээ”, “Маргааш ажилдаа очмоор байна уу” зэрэг наад захын мессеж хүлээж авсан ч айдсаа гээгээд эсвээс тээгээд ажилладаг сэтгүүлч өнөөдөр сэтгүүл зүйн салбарын 3000 шахам ажилтны дотор олон бий. Тэдэнтэй мөр зэрэгцэн ажилласаар ирж буйн хувьд үүнийг гэрчилнэ. Цаашлаад ажлаа тарахад машинаар дагах, мөрдөн байцаагчийн өмнө үндэслэл нь тодорхойгүйгээр “Яагаад сурвалжилсан бэ” гэдэг асуултанд хариулахаар суух сэтгүүлчийн тоо харамсалтай нь жилээс жилд нэмэгдэж байна.

Иргэд та бүхний шахаж, шаардаж байгаа сэдвээр сурвалжилж буй сэтгүүлчид энэ мэт дарамт, шахалттай нүүр тулж байгаа нь эргэлзээгүй. Тиймээс мэдэх эрхийнхээ төлөө сэтгүүлчийг шаарддагтайгаа адилаар мэдэх эрхэд тань дам халдаж буй энэ мэт тохиолдолд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн талд иргэн та зогсоорой. Нүүрийг нь илэрхий шанаадаж харагдсан ч, Б.Батцэцэг микрофоноо бариад асуултаа тавихаар цааш алхсантай адил дарамт, халдлагатай хэдий ч сэтгүүлчид үргэлж хариулт эрж урагшилсаар байдаг. Харин сэтгүүлч, хэвлэл мэдээллийнхэн төдийгүй олон нийтийн дэмжлэг дараа, дараачийн алхамд зориг нэмэх нь гарцаагүй.  

Тиймээс Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн өнөөдрийн шаардлагын дагуу зураглаачид халдсан хотын менежер болон сэтгүүлчид халдсан этгээдийн гэм бурууг тогтоож зохих хариуцлагыг хүлээлгэхийг бид зайлшгүй шаардах учиртай.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
3 өдрийн өмнө
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
4 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
5 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
7
20
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.