Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Миша Алоян: Сонирхогчдын бокс мэргэжлээс илүү хэцүү

Сонирхогчдын боксчны хувьд надад мэргэжлийн стильд орох шаардлага гарч байгаа.


Сонирхогчдын боксын дэлхийн хошой аварга, олимпийн хүрэл медальт Михаил Алоян “Рио 2016” олимпийн наадмын дараа мэргэжлийн бокст шилжсэн билээ. Тус наадамд мөнгөн медаль хүртсэн ч тоглолтын дараа сэргээш хэрэглэсэн нь тогтоогдон, медалиа хураалгасан юм. Түүнийг саяхан мэргэжлийн боксын 50 сая долларын шагналын сантай “World Boxing Super Series” тэмцээнд урьсан байна. Энэ тэмцээн нь хүнд, дунд гэсэн 2 жинд явагддаг бөгөөд хасагдах системээр зохион байгуулагддаг. Миша Алоянтай “Спорт Экспресс” сонины сурвалжлагч Михаил Потапов уулзан ярилцжээ.

– “World Boxing Super Series” оролцох болсноо хэнээс мэдсэн бэ? Баярласан уу?
– Дасгалжуулагч билүү, Боксын холбооны ЕНБД Умар Кремлев хоёрын нэг надад хэлсэн санагдаж байна. Зөвшөөрөх эсэхээ ярьж хэлэлцээд оролцохоор шийдсэн. Энэ бол дэлхийн аварга болох сайхан боломж. Баярлаж хөөрөөгүй ч том цолын төлөө тоглох болсон нь таатай байна.
– WBSS-ээс урилга ирнэ гэж бодож байв уу?
– Огт бодож байгаагүй ч урилга хараад гайхаагүй. Анх бокс тоглож байгаа залуу тамирчин биш болохоор хэрийн юманд гайхахгүй.
– Өрсөлдөгч Золани Тетегийн талаар юу мэдэх вэ?
– WBO холбооны дэлхийн аварга. Би нэтээс замналыг нь уншиж, хэд хэдэн тоглолтын бичлэг үзсэн. Одоо багш нартайгаа задлан шинжилж, тулалдах л үлдлээ. “World Boxing Super Series”-д сул өрсөлдөгч байхгүй, бүгд аюултай. Есдүгээр сард болно. Тодорхой хугацаа гараагүй байгаа.

– Та мэргэжилд 4 тоглолоо. Дандаа Никарагуагийн тамирчидтай тулалдаж байна. Яагаад?
– Би ч өөр улсын тамирчинтай тоглохыг хүсч байна. Гэхдээ менеджер, промоутер хоёр л тийм шийдвэр гаргасан юм чинь тэднээс асуу л даа.
– 4 тоглолтын хоёрт нь шүүгчид санал нэгтэйгээр танд ялалт өгсөн. Харин үлдсэн 2-т нь санал хуваагдсан байсан. Та мэргэжилд хийсэн тоглолтдоо сэтгэл хангалуун байдаг уу?
– Сайн, муу үе аль аль нь байлаа. Би өөрийгөө шүүмжлэх дуртай. Гаргасан алдаагаа засаж, улам хүчтэй болно гэдэг тулалдах урам зориг өгдөг. Сонирхогчдын боксчны хувьд надад мэргэжлийн стильд орох шаардлага гарч байгаа. Хүчтэй цохилт, хүч чадлаа хэмнэх, хаана илүү хөдлөх гээд сурах юм их байна. Мэргэжлийн боксын жижигхэн бээлийтэй тоглоход ч дасах шаардлагатай. Би сонирхогчдын бокст 20 жил тогложээ. Бага багаар өөрчлөгдөж л байна. Алоянд хүчтэй цохилт байхгүй гэдэг шүүмжлэгчдийн үгийг тоодоггүй. Нам цохиж унагааж болохгүй бол өөр аргаар ялж болно шүү дээ.
– Сонирхогчдын бокс дахь таны хамгийн ялгуусан үе гэвэл?
– Олон байсан ч 2008 оны Москвагийн Дэлхийн Цом, 2011 оны Бакугийн ДАШТ-ийг дурдмаар байна. Риогийн олимп ч гэсэн сайхан байсан. Харамсалтай нь финалд болж өгөөгүй. Сэтгэл хангалуун байсан ч алтан медаль авахыг хүсч байлаа.

– Яагаад ОХУ-д мэргэжилд 30 нас хүрээд ордог, харин Баруун Европ, Америкт 24-25 насандаа ордог юм бол?
– Манайд мэргэжлийн бокс сайн хөгжөөгүй болохоор боксчин болгон сонирхогчдод амжилт гаргаж, карьер хийхийг хичээдэг. Дараа нь бүр өнгөрсөн хойно мэргэжилд шилжээд гэрээ байгуулах газар хайгаад л.
– Сонирхогч, мэргэжлийн гол ялгаа?
– Олон ялгаа бий. Хамгийн гол нь мэргэжилд хүчтэй цохиж, өрсөлдөгчөө унагаахад хэзээд бэлэн байх ёстой. Ялагдаж явсан ч хоёр оновчтой цохилтоор ялж болно. Харин сонирхогчид хэзээ ч рингэнд нам цохино гэж гардаггүй. Сонирхогчид оноо авах, түүх гэж гардаг. Огт хоёр өөр спорт гэж хэлдэг ч хүн байгаа. Бас нэг ялгаа бол сонирхогчдод тэмцээний турш жингээ барих шаардлагатай болдог. 2 долоо хоног орчим. Энэ хооронд 5-6 тамирчинтай тулалдана. Хүн болгонтой тоглох гэж бэлтгээд маш их стресстэй. Харин мэргэжилд ганцхан өрсөлдөгч байна. Ганц л удаа жингээ үзүүлнэ. Бэлтгэлээ, зодолдлоо, амарч болно.
– Александр Усик сонирхогчдын бокс мэргэжлээс илүү гэж хэлсэн.
– Би ч гэсэн тэгэж боддог. Өөрөөрөө жишээ авахад мэргэжлээс сонирхогчдод байхад илүү хэцүү байлаа. Шинэ өрсөлдөгч болгоныг судлана гэдэг том стресс гэдгийг давтан хэлье. 3 үе тоглодог ч мэргэжилд 12 үе тоглосноос илүү ядрах үе бий. 9 минут хамаг хүчээ шавхан, ажиллана гэдэг амар зүйл биш шүү.
– Та өөрийгөө ямар стильтэй боксчин гэж үздэг вэ?
– Би өөрийгөө ухаалаг боксчин гэж хэлнэ. Хэрэв надтай хаа хамаагүй дайрдаг, аюултай тамирчин таарвал би мэдээж адилхан цохилцоод байж чадна. Гэхдээ ухаангүй цохилцоод байхгүй, ухаан, ур чадвараа ашиглаад давж гарах болно.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.02
Дэлхийн хамгийн агуу тулаанч эмэгтэй Аманда Нуньес
2
2019.01.01
Видео: Флойд япон "жаалыг" зодоод 9 сая доллар авлаа
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
16 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
17 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
21 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
11
48
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.