Хайх зүйлээ бичнэ үү

9 мин

Дулаан инээмсэглэлт шидтэн: Хаяао Мияазаки* | Tegshee's Movie Corner

Энэ цагийн амьд домог Хаяао Мияазакигийн шидэт ертөнц


“Хүний амьдрал эгээ л салхи...эсвэл дуу авиа шиг.

Оргүйгээс үүсэж оршихуйгаараа шүргэлцэн холбогдоод...замхран оддог.”

Хаяао Мияазаки

Бидний амьдрал зуурхан, гэвч энэ зуурханд бид хүн гэсэн нэгэн ижил оршихуйд биежиж өөрийн давтагдашгүй хувь тавилан, үүх түүхийг амьдралаараа бүтээгээд ертөнцөөс оддог билээ. Амьдрал гээч эл зуурхан аялалын салшгүй дагуул нь, та хэн ч байлаа гэсэн, тантай нэгэн ижил заяа тавиланг хуваалцагч хүн юм. Тиймдээ ч хүн хүнээ өөрчилж, сорьж, нөлөөлж, нэгнээсээ хамаарч, хэн хэнийхээ оршихуй, хувь тавиланг бүтээлцсээр байдаг. Бидний амьдрал салхи шиг, хүн хүндээ эгээ л салхи юм гэвэл “Ghibli” (хүчит салхи гэсэн утгатай үг) студийн үүсгэн байгуулагч, японы нэрт аниме мастер Хаяао Мияазаки бол мянган мянган хүүхэд залуусын дотор урам зориг, итгэл найдвар, эр зоригийг тээн ирэгч хүчит салхин билээ. Түүний цэвэр агаар, цэнгэг булаг шиг бүтээлүүд, хүүхэд насанд  хүргэж өгдөг шидэт галт тэрэг шиг анименүүдийг үзэх тоолонд гэгээн сайхан, нийгүүлсэл, хайр, хүүхэд насны баялаг төсөөлөл, цоглог, цолгиун, сониуч амьсгаа бидний дотор бөхчихөөгүй зүрх мэт цохилсоор байгааг эрхгүй мэдэрнэ.

1941 онд японы эгэл нэгэн гэр бүлд дөрвөн хүүгийн хоёр дахь болон мэндэлж, 4 настайдаа дайны бөмбөгдөлтийг нүдээр үзэж, 1963 онд улс төр, эдийн засгийн мэргэжлээр их сургууль төгссөн гэх эл хэсэг хүртэл Хаяао Мияазакийн намтар энгийн дундаж япон хүнийхээс гойд ялгарахгүй. Харин 1963 онд тухайн үеийн японы хамгийн том анимэйшн студи болох “Toei”-д туслах зураачаар ажилд орсноор хойшдын агуу аниме мастер болох эхний шангаа тавьж өөрийгөө тасралтгүй боловсруулсаар 43 насандаа анхны бие даасан, бүрэн хэмжээний бүтээл “Салхит хөндийн Наусика охин” анимегаа хийж, 1985 онд насан туршийн хамтрагч, анд найз Исао Такахата хамтран “Ghibli” студио байгуулснаар анимэйшн кино урлагийн амьд домог Хаяао Мияазакийн шидэт ертөнцийн үүд нээгддэг.

Салхит хөндийн Наусика охин (Nausicaa of the Valley of the Wind, 1984)

Хүн төрөлхтөн хөгжил дэвшил, соёл иргэншлээ дайнаар устгаж аварга том шавьжнууд шавсан хорт ширэнгэн ойг бий болгожээ. Салхит хөндийн хаант улсын гүнж Наусика харин эл хордсон ой шугуйг судалж, тэндхийн ан амьтан болон хүмүүс мөхлийн ирмэгт ирсэн ертөнцөд зэрэгцэн орших арга замыг хайна. “Салхит хөндийн Наусика охин” хүн, байгаль хоёрын амин хэлхээ холбоог хүн төрөлхтний хэт техникжсэн үсрэнгүй хөгжлөөс болж сүйрч буй дэлхий ертөнцтэй харгалдуулан хөндсөнөөрөө агуулгын хувьд ч чухал ач холбогдолтой, гүйцэтгэлийн хувьд ч шидээвэр болсон юм. Мөн анимегийн түүхэнд залуу эмэгтэйн дүрийг анх удаа тийм баатарлаг, хүчтэй, бусдаас хараат бус, хүнлэг, нинжнээр харуулснаараа онцгой. Мияазаки Наусика охины дүрийнхээ тухайд “Эмэгтэй хүн бодит ертөнц болон бусад ертөнцийн хооронд шилжиж чаддаг. Наусика сэлмээр гойд тулалддагтаа бус хүн болоод шавьжны ертөнцийг аль алийг ойлгодог нь чухал. Наусика ганцхан “би” гэсэн балмад оршихуйгаасаа бүрэн ангижирч чаддаг болохоор ямар ч амьтан түүнийг ойртоход аюул мэдэрдэггүй хэрэг. Харин эрэгтэй хүн бол ингэж чадахааргүй дэндүү түрэмгий, баригдмал. Тиймээс л Наусика эмэгтэй дүр байгаа юм” гэсэн байдаг.

Хүн төрөлхтний түүхийн өнөөг хүртэл эмэгтэй хүнийг эр хүнтэй адил тэгш хүн гэдэг утгаар бус нөхөн үржихуй зэрэг биологийн зөвхөн аль нэг шинжийг нь илт дөвийлгөж, зөвхөн түүгээр нь тодорхойлж, хэм хэмжээ оноох зэргээр эмэгтэй хүний хүн хэмээх ерөнхий, олон талт мөн чанарыг үгүйсгэж, хязгаарлаж ирсэн нь нууц бус. Эл бурангуй байдал орчин үед л халагдах боломжтой болж анх удаа эмэгтэй хүнийг хүн хэмээх бүхэл мөн чанараар нь тодорхойлж,  эр хүнтэй эрх тэгш хүн юм гэж хүлээн зөвшөөрч буй ээлтэй нийгэм бүрдэж байгаа билээ. Хаяао Мияазакийн “Наусика охин” бол залуу эмэгтэйг хүнлэг, нинжин сэтгэл зэрэг аль нэг чанарыг нь илт товойлгосон бус, хэнээс ч үл хамаарах, бие даасан, басхүү эр зоригтой, эрсдэл үүрч, хүсэл, зорилгынхоо төлөө тэмцэж чадах зэрэг олон талт шинжийг нь бүрэн дүрэн харуулсан орчин цагийн залуу эмэгтэйн бадрангуй төлөөлөл болон дэлгэцнээ амилсан дүр юм.

 Кикигийн хүргэлтийн үйлчилгээ (Kiki’s Delivery Service, 1989)

Кики бол хорон санаат шулам эмгэн Баба Ягагийн дүрээр ихэвчлэн ой тойнд буудгаас онхи ондоо үсэндээ том, улаан туузтай бяцхан шүүрээ унан хүргэлтийн үйлчилгээ хийдэг өсвөр насны өхөөрдөм хөөрхөн шулам юм. Кики хэдий шүүртэйгээ нисэх чадвартай, Жижи хэмээх ярьдаг мууртай онцгой нэгэн боловч өсвөр насны охидын адил өөрийн оршихуйг бэдэрч, уналт, бүтэлгүйтлийг туулж, өөрчлөгдөн, өсөж хөгждөг амьд дүр, гэхдээ үнэхээр хайр хүрэм. Мияазаки “Кикигийн дүрээр өсвөр насны охидын бие даах гэж зүтгэдэг ч бусдаас хамаарахаас аргагүй зөрчил, энэ зөрчил дунд өөрийгөө таньж мэдэж, нээж, хөгжүүлж буй тухай үзүүлэхийг хүссэн” гэсэн байдаг.  

Мононоко гүнж (Princess Mononoke, 1997)

Өш хонзон, үзэн ядалтаа дийлэлгүй түүндээ идэгдэн хамаг биеэс нь өт язганан арвалзсаар үхэж буй буг болон хувирсан ариун сүнс, ойн ариун дагшныг илтгэх дугуй, цагаан царайтай, нүүр нь эргэлддэг бяцхан Кодама, аварга том цагаан чонон дүрт ариун сүнс, түүний өргөмөл охин Сан, гартаа туссан хараалаа хариулж эдгээхээр зорих Ашитаки, эмэгтэйчүүдийн тосгон, хатуу сэтгэлт удирдагч эмэгтэй, ойн бурхад, байгалийн тэнцвэрийг сахигч буган дүрт бурхан, байгалийг ховх сорон мөлжигч цуцашгүй, шуналт хүмүүс. Дүр, дүрслэл болгоноороо шидээвэр болохоо батлах “Мононоко гүнж” бол “Ghibli” студийн хамгийн өндөр өртгөөр бүтсэн, мөн анх удаа компьютер графикаар зарим хэсгийг зурсан бүтээл.

“Хилэгнэсэн бурхад, хүмүүний хоорондох тэмцэлд аз жаргалтай төгсгөл гэж үгүй юм. Хэдий тийм байлаа ч, ийм их үзэн ядалт, аллага, хядлага дунд ч амьдралд тэмүүлүүлэх үнэ цэнэтэй зүйлс бий. Ийм харанхуй бэрх дунд ч сайн сайхан учрал, сайхан зүйлс бий” гэсэн үндсэн санаанд эл аниме зангидагдаж буй хэмээн Мияазаки нэгэнтээ хэлсэн байдаг.

Мияазакийн анименүүд хорвоо ертөнцөд бүх зүйл сайхан байна, ямар ч асуудалгүй гэсэн хөнгөн, хялбарыг хэзээ ч өгүүлдэггүй бөгөөд ертөнц хэчнээн зөрчил, тэмцэлтэй, шударга бус, харгис болохыг нуудаггүй, бөгөөд харин тэрхүү хүлээн зөвшөөрөмгүй бодит байдлаас л сайн сайхныг, шударга ёсыг, эв эеийг, хүнлэг нинжнийг нээж байдгаараа онцлог юм. Жинхэнэ урлаг угаас хүнийг тайтгаруулж аргадах худал хуурмагийг бус, хүнийг цочроож, түгшээх бодит үнэнийг дэлгэх, тэрхүү үнэнээс сайн сайхныг олж нээх итгэл зоригийг хүнээс олборлож байдаг.

“Баатар гэхээр тэмцсээр муу муухайг ялах хүчирхэг нэгнийг бүү төсөөл. Учир нь муу муухай бол ялж эсвэл ялагддаг зүйл биш юм. Муу мухай гэдэг жам ёс. Хүн бүрийн дотор оршдог. Тиймээс муу муухайг ялж болохгүй харин хянаж л болно. Муу муухайг хянахын тулд жинхэнэ баатрын ёсоор амьдарч, аливааг үзэн ядалтаар буртаглагдаагүй тунгалаг нүдээр харж сурах учиртай. Муу муухайн доторх сайн сайхныг, сайн сайхны доторх муу муухайг харах. Аль ч тал руу нь туйлшралгүй голд нь орших” гэсэн Маяазакийн эл үгс түүний анименүүдийн хүнлэг, дайнч бус энх тайвныг эрхэмлэсэн, үл туйлширсан дүрүүдийн тайлал биз ээ.

Сүнсээр туугдагсад (Spirited Away, 2001)

Мияазакийн хамгийн алдартай, оргил бүтээл болох “Сүнсээр туугдагсад” анимегийн гол дүр Чихиро нэрт бяцхан охин. Эцэг эхийнхээ нүдэнд буюу томчуудын ертөнцөд зүггүй, салан задгай, хайнга хэмээн шүүмжлүүлдэг Чихиро охин шидэт ертөнцөд гахай болж хувирсан эцэг эхээ аварч чадах хүч чадал, сэтгэлийн тэнхээ, арга ухаантай болж таардаг. Чихиро охины төөрч орхидог шидэт ертөнцийн жигтэй дүрүүдүүрээ хүний хүсэл шунал, ер олон талт мөн чанарыг гайхалтай уран сэтгэмжээр бэлгэдэн үзүүлсэн уг аниме хүүхдийн цэвэр тунгалаг ертөнц, буртаглагдаагүй, чөлөөт мөн чанарыг хамгаалсан гэлтэй.

Хаяао Мияазакийн бүтээлүүдийн ихэнх дүрүүд гол төлөв хүчирхэг, хүнлэг эмэгтэйчүүд, адтай, сэргэлэн, өхөөрдөм бяцхан охид байгааг уншигч та хэдийн анзаарсан байх. Тэрээр өөрийн бүтээлүүдийн эмэгтэй дүрүүдийн тухай “Миний ихэнх киноны гол дүр зүрх сэтгэлийнхээ угаас итгэж буй зүйлийнхээ төлөө хором ч эргэлзэлгүй тэмцэн босох хүчтэй, зоригтой, бие даасан охид байдаг. Тэдэнд анд найз, хамтран зүтгэгч хэрэгтэй ч аврагч хэрэггүй. Ямар ч эмэгтэй хүн эр хүнтэй л адил баатар байж чадна” гэсэн байдаг.

Өрнийн ихэнх анимэйшн кинонуудад үзүүлж дадсан аврагчаа хүлээсэн, идэвхигүй, эр хүний үнсэлт, хайр, эр зоригоос хувь заяа нь бүрэн хамаармал үнсгэлжин, цасан гоо, гүнж нарын түүх, дүрээс зоригт Наусика, адтай, бяцхан Кики, сүнслэг, онгон зэрлэг Мононоко, сониуч, хаттай Чихиро, зүггүй Поня нар хувь тавилангаа эрэн бэдэрч, амьдрал, хүсэл мөрөөдөл, зорилгынхоо эзэн нь байж, тэмцэж, алдаж онож, ялагдаж, ялж, өөрчлөгдөж, хөгжиж байдгаараа кино урлаг дахь хамгийн амьд халуун, уярам, зоригт, бүрэн дүүрэн залуу эмэгтэйчүүдийн дүр төрх болдог билээ. Дулаан инээмсэглэл тодруулсан япон өвөөгийн анименүүд үүгээрээ мянга мянган хүүхэд залууст ид шидийн гайхамшигт аргаар урам зориг, итгэл найдвар, эр зоригийг дотор нь үрслүүлж байдаг нь л гайхамшиг юм. Тэр бол ийм л шидтэн.

“Би уг нь хувь хүнийхээ хувьд маш гутранги хүн. Хорвоо ертөнц муу муухай руу улам дөтөлж байна. Гэтэл энэ ертөнцөд хүмүүс нэмэгдсээр, жишээ нь л гэхэд манай ажлын хүн хүүхэдтэй боллоо гэхэд түүнд сайн сайхныг ерөөхөөс өөр аргагүй, энэ ертөнцөд ирсэн жаахан амьтанд “чи ийм газар ирэх ёсгүй байсан юм” гэж хэлж болохгүй шүү дээ, энэ мэт зөрчилтэй бодлуудын дундаас би ямар бүтээл туурвих ёстойгоо ухаардаг. Тиймээс би “хорвоогийн муу муухайд цөхөрч гутраад нүүр буруулан зугатаа” гэж хүүхдүүдэд ойлгогдох кино хийж чадахгүй.” 

Хаяо Мияазаки

*Энэхүү нийтлэл Гэрэг сэтгүүлийн HeForShe хөдөлгөөний тухай  тусгай дугаарт гарсан болно.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
Гэртээ кино үзээд бэлэг аваарай
2
6 цагийн өмнө
Фото: Пак Бу-гомын Инчон стиль
3
Өчигдөр
Дэвид Бекхэм жүжигчин Марк Уолбергийг шүүхэд өглөө
санал болгох
1
2 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Өчигдөр
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Өчигдөр
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
13
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.