Хайх зүйлээ бичнэ үү

Хэдий боловсрол эзэмшиж, сайхан хослол өмсч, гоёмсог машин унасан орчин үеийн жентлмен эрэгтэй болсон ч, далд ухамсартаа “эршүүд” хэвээр байгаа. Тиймээс гэр орны ажлаа хийгээд, чимээгүй байдаг эмэгтэйчүүд боловсрол гэдэг “аюултай” том зэвсгийн хүчээр хэлэх гэснээ хэлчихдэг, бичдэг, өмнөөс нь дуугардаг, тэгэхдээ бүр зөв дуугардаг зэрэг илүү байдал нь хүлээн зөвшөөрөхөд нь хэцүү болж байгаа байх.

Боловсролын асуудал өнөөдөр манай нийгэмд хамгийн ихээр яригдах болсон. Зөвхөн мэдлэгийн хувьд төдийгүй хүн амын боловсролын түвшин нийгмийн олон салбарт хэрхэн нөлөөлж байгаа тухай ярилцахаар судлаач, эдийн засагч Б.Отгонтөгсийг бид урьсан юм. Тэрбээр АНУ-д судалгааны ажлаа хийж байгаад эх орондоо ирээд байгаа нь энэ. 

-Та Монголдоо амрахын хажуугаар судалгааны ажил амжуулахаар ирсэн гэлээ. Ямар сэдэв, чиглэлээр ажиллаж байна вэ?

-Монгол гэр бүлд эдийн засгийн шийдвэрийг хэн гаргаж байгаа тухай судалгааны ажилдаа ороод явж байна. Өмнө нь хийсэн судалгаагаар монгол айлд дийлэнхдээ буюу эцсийн шийдвэрийн 54 хувийг нөхөр гаргаж байна гэж гарсан. Гэвч энэ судалгааны аргачлал эргэлзээ төрүүлсэн учраас дахиж хийж байна. Учир нь эмэгтэйчүүдийн хувьд шийдвэр гаргаж, түүнийхээ гүйцэтгэл буюу гэр орны ажлаа өөрөө хийж байгаа хандлагатай ч гэрийн эзэн буюу нөхрөө хүндэтгэдэг уламжлалт ёс, сэтгэл зүйн үйл хөдлөлтэй. Судалгаа авахад “Өө манай нөхөр л мэднэ” гээд хариулахад мэргэжлийн судалгаанд энэ нь шийдвэрийг нөхөр гаргадаг л гэж бүртгэгдэнэ. Гэтэл нөхрийнх нь хажууд биш тусад нь суулгаад асуухад “Ноолуурынхаа мөнгийг ч яахав би мэднэ ээ” гэдэг ч юм уу, бие даасан хариулт өгөх боломжтой. Тэгэхээр таамаглалаа харвал эмэгтэйчүүд шийдвэрийн 50 хувиас илүүг гаргаж байх магадлалтай, ямартай ч аргачлалаа өөрчилж дахин судлахаар болоод Хөвсгөл, Төв аймгаар явж байна. Мөн Налайх дүүрэгт гэхчлэн хэд хэдэн газарт манай судлаачид ажиллаж байгаа.

-Дийлэнх шийдвэрийг эхнэр гаргаж байгаа таамаглал бий гэлээ. Гэхдээ шийдвэрийн дагуу зохицуулах ажлыг эхнэр хийдэг учраас тэгж харагддаг талтай бишүү?

-Бас яахав тийм тал бий. Жишээ нь, нөхөр нь тамхи татаж сууж байгаад л энэ жил нэг мотоцикль авна аа гэж хэлэхэд л шийдвэр нөхрийнхөөр гарч байна гэсэн үг. Ер нь малчин гэр бүлийн шийдвэр гаргах энэ үйл явцыг судлах их сонирхолтой. Дашрамд, энэ жилийн судалгааг дахиж авахдаа бид асуулгаа нэмсэн. Учир нь дэлхий дахинд боловсрол судлалын салбарт монголчуудын хувьд охидын боловсрол хөвгүүдийнхөөс өндөр гардаг нь онцлог болж харагддаг. Олон улсын хурал, зөвлөгөөнд оролцоход хүмүүс надаас яагаад Монголд охид, эмэгтэйчүүдийн боловсрол тийм өндөр байдаг юм бэ гэж асуухад надад бодит, судалгаанд суурилсан хариулт олддоггүй. Ердөө гурван сая хүн амтай, түүний хагас нь нүүдэлчин хүмүүсийн охид, түүнчлэн хөдөөгийн охид хүртэл илүү сурч болоод байна гэдэгт хариулт байдаггүй. Ялангуяа, дээд боловсролын түвшинд эмэгтэй оюутны тоо эрэгтэйнхээс илүү. Сургууль төгсч, шалгалтаа өгч байгаа нь эмэгтэйчүүдийн тоо олон. Энэ бол үзэгдэл. Тиймээс малчин өрхөөс хүүхдүүдээ сургахдаа охин хүүхдээ сургуульд явуулахыг илүүд үздэг үү, тийм бол яагаад гэхчлэн асууж байгаа.

-Сүүлийн үед их яригдаж байгаа хүйсийн урвуу ялгарал бий болж байгаагийн учир шалтгааныг хайсан сонирхолтой судалгаа болох нь ээ.

-Тийм ээ. Ялангуяа, яг малчин аав, ээж нар үүнийг юу гэж тайлбарлах нь гэдэг их сонин байна. Хотын өрхийн хувьд өөр шүү дээ. Өөр амьдралын хэв маягтай, өөр хүмүүс гэсэн үг. Харин 247 мянган малчин өрхийн малчин хүмүүс охидуудаа илүү сургаж байна. Бид үүнийг олон жилийн турш хараад, хүлээн зөвшөөрөөд дадсан байна. Хотын бидний хувьд бүгд л хөдөө хамаатан, садантай тэгээд хөдөөний нэг охин ирээд л сургууль, соёлд сураад явдаг. Гэтэл яг шинжлэх ухааны үүднээс яагаад малчид охиноо сургаад байна? Малчны амьдрал үнэхээр хэцүү болохоор тэр хатуу, хөтүүг охиддоо мэдрүүлэхгүй гэж хичээж байна уу? Хүүгээ үнэхээр үлдээгээд малчин болгох гээд байдаг юм уу? Үүнийг чанарын болон тооны аргаар судалж байна.

-Ер нь энэ урвуу ялгарал ямар улсуудад түгээмэл харагддаг юм бэ?

-Сонин нөхцөл байдал харагддаг. Өмнөд Америкийн гурав, дөрвөн улс болон зүүн Европын улсуудад, хуучны социалист байсан Унгар, Чех, Польш зэрэг улсад ажиглагддаг. Мөн Балканы орнууд болон сая хөлбөмбөгийн ДАШТ-ээр танил болсон Хорватад бас ийм дүр зураг бий болсон. Гэхдээ манайх шиг 60/40 харьцаатай биш л дээ. Манай улсын хувьд энэ хуваагдал, ялгарал өндөр үзүүлэлтдээ орно шүү.

-Үүнээс үүдээд саяхан “The Guardian”-д гарсан “Монголын хэт амжилттай, хэт ухаалаг эмэгтэйчүүдэд гэрлэх эр олдохгүй байна” нийтлэл цахим орчинд маш их хэлэлцүүлэг дагууллаа.

-Тийм ээ, тодорхой судалгаагүй, баримтгүй энэ нийтлэл яриа өгсөн хүмүүсийн сэтгэгдэлд суурилж бичигдсэн байналээ. Гэхдээ миний хувьд гэрлэлтийн зах зээл, онцлогийг судалж, хардаг. Дэлхий дахинд энэ зах зээлд “ямар нэг зүйл болоод байна” гэсэн дохио бий болсон. Статистик үүнийг харуулаад байгаа учраас бид үүнийг судлах, учир шалтгааныг анхаарах ёстой. Яагаад охид сургуулиа амжилттай төгсөөд, магистр, доктор хамгаалаад байна. Энэ хүмүүс яагаад хүнтэй суухгүй байна. Хүн судлал, социологи талаас олон улсад угаасаа ийм үзэгдэл бий болж, түүнийг судалсан жишээнүүд бий. Хүн хамт амьдрах хань ижлээ хайхдаа боловсролын түвшин ижилдүү хүнтэй суудаг гэсэн маргашгүй судалгааны дүн байдаг.

-Үүнийг гэхдээ дэлгэрүүлж тайлбарлаж өгөөч. Мэдээж хостойгоо танилцмагцаа өө чи магистр биш юм байна гэж сонголт хийхгүй. Боловсролыг дагаж ямар хүчин зүйлс илэрдэг болоод гэрлэлтэд ингэж нөлөөлөөд байна?

-Тийм, тэгж ойлгож болохгүй. Боловсрол гэдэг бол эрдмийн зэрэг, диплом биш, үүний цаана ертөнцийг үзэх үзэл, хүнтэй харилцах чадвар, нийгэмд өөрийгөө тавьсан байр суурь, зорилго гээд олон зүйл бий. Тэгэхээр манай нийгэмд охидын боловсрол илүү байна гэдэг нь эмэгтэйчүүд илүү төлөвшсөн, зорилготой байна гэхчлэн давуу талыг илэрхийлж байгаа юм. Нөгөө талаас “The Guardian”-д дурьдсан шиг саар үр нөлөө бас бий. Тухайлбал, залуу, боловсролтой эмэгтэйчүүдийн хувьд гэр бүл зохиох, хүүхэд төрүүлэх нь багасна. Төрөлт багасаад ирэхээр хүн амын боломжит цонх, дараа дараачийн хүүхдээ тэжээж явах ёстой тэтгэврийн, нийгмийн даатгал төлөх асуудал гээд маш олон зүйл хөндөгдөнө. Тиймээс дээрх нийтлэлийг дагаж олон хэлэлцүүлэг өрнөж, зарим нь бухимдаж, зарим нь аргадаж янз бүрийн сэтгэгдэл явж байсан.

-Ялангуяа эрчүүд их бухимдах шиг болсон шүү.

-Ер нь манай нийгмийн хувьд эрчүүд эртнээсээ анчин, адуучин, хүнд хүчрийг өргөөд л, даван туулаад л цас, зуданд явж тэр хүчээ мэдэрдэг гэхчлэн уламжлалт ойлголтод суурилсан, эр хүний “эршүүд” төрхийг хүсдэг талтай. Харин монгол эмэгтэй бол даруухан, нөхрийнхөө урдуур орж ярих ёсгүй, цэвэр ариун байх учиртай. Гэтэл орчин үеийн нийгэмд энэ ойлголт эвдэгдэж байна. Тийм учраас хүссэн, хүсээгүй “эршүүд” дүрд бий болсон эрчүүд нь нийгмийн тэр өөрчлөлтийг хүлээж авахдаа дургүй байна. Хэдий боловсрол эзэмшиж, сайхан хослол өмсч, гоёмсог машин унасан орчин үеийн жентлмен эрэгтэй болсон ч, далд ухамсартаа “эршүүд” хэвээр байгаа. Тиймээс гэр орны ажлаа хийгээд, чимээгүй байдаг эмэгтэйчүүд боловсрол гэдэг “аюултай” том зэвсгийн хүчээр хэлэх гэснээ хэлчихдэг, бичдэг, өмнөөс нь дуугардаг, тэгэхдээ бүр зөв дуугардаг зэрэг илүү байдал нь хүлээн зөвшөөрөхөд нь хэцүү болж байгаа байх. Хөдөөд ч тэр, Ховд аймгийн Булган суманд тарвас тариалж байгаа эмэгтэйг аваад үзье. Байгалийн асар хүнд, хэцүү нөхцөлийг давж арай гэж ургуулж, түүнийгээ нэг машин олж аймгийн төвд аваачиж зарна. Тэгээд намрынхаа мөнгийг олоод охиноо сургуульд явуулна. Ингээд нэг боловсролтой эмэгтэй хөгжиж, нийгмийн гишүүн болно. Ийм л давтамж нийгэмд үргэлжлээд байна. Өнөөдөр боловсролтой эмэгтэй давамгайлсан нийгэм бүтээж байгаа буюу 60/40-ийн харьцаатай болсон нь гэхдээ хэвийн биш үзэгдэл. Тиймээс бид эрэгтэйчүүддээ анхаарах энэ харьцааг зохих түвшинд л байлгах ёстой.

-Үүний тулд яах ёстой вэ? Нийгмийн өөрчлөлт явагдаж, шинэ хэм хэмжээ тогтох нь дамжиггүй. Соёл, уламжлал, нийгмийн хэвшмэл ойлголт зэрэг нь хэрхэн өөрчлөгдөж, тогтдог юм бэ?

-Эрчүүдэд “эршүүд” энэ байдал үнэндээ аажимдаа, нийгмийн орчныг дагаж бий болдог байх. Оюутан хүүхдүүд тухайлбал үүнийг тэр бүр мэдэхгүй. Харин сургуулиа төгсөөд эрэгтэй, эмэгтэй адилхан нэг сая төгрөгйн цалинтай байснаа хэлтсийн даргаар ихэвчлэн эрэгтэйчүүд тушаал дэвшиж, хөдөөд бол багийн дарга болно гэхчлэн явна. Тэгэхээр энэ ойлголт бол 27-30 наснаас эхэлж байх шиг. Нэмээд манай Азийн орнууд ялангуяа Япон, Солнгос, Хятадад эрэгтэйчүүд орой үдэш уулздаг, нөхөрлөдөг, цэнгэдэг энэ үеэр хэлэлцээ явуулдаг зэрэг нөхцөлөөс үүдээд эрэгтэйчүүдэд ажил бүтээх, нэг талаар амжилт олох бололцоо бий болдог. Харин Америкт байхдаа анзаарахад тэнд манай эмэгтэйчүүд л гайгүй ажилд ордог. Юманд тууштай, нарийн тооцоотой, нямбай чанар нь давуу болоод ирдэг.

-Ямар ажилд тэр вэ?

-Жишээ нь, нямбай, ажлын жижиг зүйлсийг ч анхаарч хийдэг чадвар бол бараа өрөхөд маш чухал. Өнөөдөр бидний сууж байгаа энэ кафе гэхэд л аягаа угаах, орой хаахад ямар байдалтай байх ёстой гээд бүх зүйл нь нарийн стандарт дагаж мөрдөж байгаа. Манайхан, ялангуяа эрчүүдэд маань энэ чадвар нь арай сул бололтой стандартыг дагадаггүй, яаж ийгээд хийх хандлагатай. Гэтэл Япон, Солонгос, Америк хаана ч тэр эцсийн үр дүнгээс гадна үргэлжлэх үйл явц нь жигд, сайн байхыг чухалчилдаг. Гэтэл бид чинь юу ч үгүй сууж байгаад эцсийн мөчид л даалгавраа хийгээд өгч дадсан хүмүүс. Бостонд дэлхийн эмийн зах зээлийн гол дөрвөн тоглогчийн нэг томоохон компанид нэг монгол эмэгтэй удирдах алба хашиж байгаа. Түүнтэй ярилцахад статистикийн судалгаа хийхэд манай монголчууд гологдох хандлага байдаг. Учир нь, хятад, вьетнамууд нарийн ажиллагааг маш тууштай хийдэг, уйгагүй чанартай учраас биднээс илүү ажиллаад байна гэнэ. Тэгэхээр өндөр боловсрол эзэмших нь нэг үзүүлэлт. Гэхдээ нягт нямбай байх, тууштай байх зэрэг нь 21-р зууны мэргэжилтнээс зайлшгүй шаардах онцгой ур чадвар болоод байна.

Зөвхөн гадаадад судалгаа, шинжилгээ хийхэд ч биш өнөөдөр нүүдлийн мал аж ахуйг хөгжүүлэхэд ч монгол хүнд энэ чадвар хэрэгцээтэй болно. Бид соёл, уламжлалаа хадгалах хэрэгтэй малчин эр адуугаа манаж, чонотой тулалдаж, цас зудыг давах гэхчлэн чадварууд шаардагдах нь дамжиггүй. Гэхдээ нүүдлийн мал аж ахуйг эрчимжүүлэх тухай үргэлж яригдах болсон энэ цаг үед малын тоогоо 30 саяыг 40 сая болгохдоо биш чанарын тухайд ярих хэрэгтэй. Өөрөөр хэлбэл 2000 малтай хүн, таван жилийн дараа малын тоо тэд хүрнэ, үүнээс тэдийг үйлдвэрт өгнө, тийм тооны төгрөгтэй болно гэхчлэн тооцоолж чаддаг байх шаардлагатай. Үүнд л холыг харсан, нарийн тооцоолох чадвар хэрэг болно. Тэдэн сарын тэдэнд төрсөн, 14 хоногийн дараа тийм вакцих хийсэн, дараа нь ийм угаалганд орсон, эмчийн үзлэгээр хэрхэн орсон, нэг настайдаа тэдэн кг болсон гэхчлэн. Ингэж байж бид эрүүл малын, шаардлага хангасан махыг Орос, Хятад, Унгар луу гаргах тухай ярина.

-Яг энэ асуудалд бол төрийн бодлого, бодит байдал хоёрын зөрүү их байгаа шүү дээ.

-Бидний алсын хараа эрчимтэй мал аж ахуйтай болно л гэж яриад байгаа. Үүний тулд 274 мянган малчин өрхийг яггүй тооцоотой, нямбай, мал болгоныхоо мэдээллийг бүртгэж хадгалдаг, малаа эрүүл, өсгөж байгаа хүн нь ч эрүүл байх шаардлагатай. Шинэ зуун биднээс ийм л эрчимжсэн аж ахуйг шаардаж байна. Ер нь 200 жилийн дараа дэлхий ямар болохыг мэдэхгүй, гэхдээ бид нүүдлийн аж төрөх байдлаа алдана гэж би боддоггүй. Учир нь монголчууд бүгдээрээ бүх малаа зараад л Улаанбаатарт ирээд 9 давхар байшинд амьдраад байх сонирхолтой, боломжтой биш. Нөгөө талаас хөдөө аж ахуй, мал аж ахуй эрхлэхэд хязгаар, саад алга. Энэ хөдөө тал, бэлчээр нутгаар отор хийх, малаа хариулах газар нутаг нь Үндсэн хуулиар хэн нэгэнд олгогдсон өмч биш, улсын л өмч. Энэ нөхцөл байсан цагт хонь мал өсдгөөрөө өснө, бас малаа маллаж байгаа хүмүүс бүгдээрээ сургуульд сураад, онц сураад улсын бодлого хөгжүүлээд байх хүмүүс биш, тийм шаардлага ч байхгүй.

-Өмнөх сэдэв рүү ороход боловсролын эдийн засгаар судалгаа хийдгийн хувьд та энэ тухайд нэг тайлбарлаач.

-Боловсролын эдийн засаг гэдэг бол боловсролд оруулж байгаа эдийн засгийн хөрөнгө оруулалтыг үр өгөөжтэй, хүртээмжтэй байлгах тухай юм. Ер нь боловсролын салбарын хөрөнгө оруулалтын түвшин ямар байх ёстой вэ, бүр их ядуу улс мөртлөө тийм их хөрөнгө зараад байх шаардлага бий юү, эсвэл багыг зарцуулах юм уу, улс хэдийг зарцуулж, ээж, аав нь хэдийг гаргах учиртай вэ гэхчлэн олон талаас нь харж судлах ухаан л даа.

-Манай Засгийн газрын хувьд боловсролын салбар хамгийн их төсөвтэй нь байх аа?

-Тийм. Манай улс ДНБ-ий 5-6 хувийг боловсролдоо зарцуулдаг буюу өндөр зарцуулалттай орон. Манайх өөрийн олж байгаа 10 тэрбум доллараас 5-6 хувийг боловсролд зарцуулна гэдэг маш чухал, сайн үзүүлэлт. Манайх социалист нийгмээс уламжлалтай юм уу, боловсролыг дээдэлдэг, тэгээд хүн бүр улсын зардлаар сурах гээд байдаг. Ялангуяа, нийт мөнгөний 60 хувь ерөнхий боловсролын түвшинд очдог. Улс орон даяар энэ олон сургууль, тэдгээрийн багагүй нь орон нутагт дотуур байртай сургууль бий. Дотуур байртай байх нь бас их чухал шүү, ингэж байж бид хот, хөдөөгүй хүүхдүүдээ сургуульд ижил тэгш хамруулж чадаж байна. Гэхдээ нөгөө талаас энэ нь маш их зардалтай. Хөдөөгийн сургуулийн төсвийн 65 хувь нь багш, ажилтнуудын цалинд явна. Тэгээд дотуур байр ажиллуулах, хүүхдүүдээ хооллох зардал гээд бас бий. Ингэсээр яг сурагчийн ном, сурах бичгийн бүрэлдэхүүнд 3%, уралдаан, тэмцээнд ороход 1% гэхчлэн ногддог. Гэтэл сайн чанарын сургалт бидний 1% зарцуулаад байгаа ном сурах бичиг, агуулгын шинэчлэлт, хөгжлөөс эхэлдэг. Тийм учраас жишээ нь Америкт хүүхдүүдийг iPad-аар хангаж, тэндээ гэрийн даалгавраа хийж байна. Уран зохиолын ном уншихад нь яг номыг хэдэн минут нээлттэй байлгасан, хуудас гүйлгэсэн үү зэрэг бүх мэдээлэл нь багшид харагдаж байдаг. Ийм ухаалаг хэлбэр Зүүн Өмнөд Азийн орнуудад ч түгээмэл болж байна.  Манайд харин энэ тал дээр хамгийн өндөр төсөвтэй салбар боловч, яг чанарын үр нөлөөтэй хэсэгтээ энэ мөнгөний маш бага хувь нь очиж байна. Тэгээд тэр ухаалаг орчинд сурсан хүүхдүүдтэй манай Хөвсгөлийн хамаатны хүүхэд өрсөлдөх глобаль ертөнц бий болоод байна.

-Сингапурт байгаа хүү, Хөвсгөлд байгаа хүү хоёрын “өрсөлдөөний” гараа хэзээ нэг түвшинд очих бол гэж та харж байна вэ?

-Манай Засгийн газар тогтворгүй, томилогдсон Сайд хүсэл эрмэлзэлтэй байлаа ч намын даалгавар биелүүлж байгаа суурин төлөөлөгч шинжтэй байдагт учир бий л дээ. Өнөөдөр бид боловсролын салбар ийм байна, 15 жилд тийм түвшинд очно, ингэвэл бид бүс нутагтаа тэргүүлэгч болно гэсэн алсын хараатай байж чадахгүй байх шиг байна. Манай систем угаасаа улс төрийн нам нь дийлдэг, нам нь хүнээ тавьдаг, хүн нь очоод дөрвөн жил намынхаа нэр хүндийг унагалгүй авч гарах ёстой тогтолцоо л доо. Нэг ёсондоо эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй, хэл ам гаргалгүй, маш чухал энэ салбарыг доройтуулчихалгүй авч гарах нь л чухал байдаг шиг. Түүнээс биш боловсролын чанарт анхаарах ёстойг хүн бүр мэдэж байгаа. Улс төрийн гол намууд бодлого гаргаж чадахгүй бол бидний хүүхэд хохирно. Өнөөдөр өндөр боловсролтой, ажиллаж байгаа сэхээтэн таны хүүхэд ч хохирно. Та хүүхдээ болгочихсон гэж бодож байвч хожим тэнцүү боломж эдэлж, боловсорч чадаагүй хүүхдүүдтэй таны хүүхэд аж төрж тэд бүгд үлдэж улсаа авч явна.

Тэдэнд 21-р зууны ажлын байранд нягт нямбай, жижиг зүйлд ч нарийн, тууштай ажиллаж чадах дадал үгүйлэгдэнэ. Бүдүүн, бааргаар хийдэг үе өнгөрсөн. Манай залуучууд болон монголчуудын хамгийн сайхан чанар нь аливаад дасан зохицох гэгддэг. Өчигдөр малаа маллаж байгаад өнөөдөр мэдээллийн технологи руу ороод л маш хурдтай. Гэхдээ ганц, нэг тийм хүн байдаг боловч массаараа тийм байх боломжгүй. Бид өнөөдөр 60 сая малтай, энэ бол маш том дата шүү дээ. Энэ малыг дөрвөн удаагийн вакцин, таван удаагийн килограмжуулалт гээд бодоход л асар том дататай ажиллах болно.

-Боловсролын салбарын бас нэг чухал зүйл бол үнэлгээний систем. Элсэлтийн ерөнхий шалгалт авахдаа бид 11 жил хүүхдэд өөр арга барилаар буюу томъёо тогтоолгож сургачихаад, төгсөхөд нь гэнэт тестээр шалгалт авдаг. Энэ хэлбэр онооны үзүүлэлтэд нөлөөлдөг үү?

-Тийм талтай. Манайд Боловсролын үнэлгээний төв гэж байгууллага бий. Энэ бол бие даасан бүтэц боловч БСШУСЯ-ны харьяа, даргыг нь Сайд томилдог байгууллага. Энэ дарга боловсрол судлалын чиглэлийн хүн байх ёстой байх, уг нь. Шалгалтын асуулга нь дундаж хүүхдийн сурсан мэдлэг, оюун ухааны түвшинд таарсан байх учиртай, үүнийг хийнэ гэдэг нь шинжлэх ухаан. БҮТ өөрөө хүүхдүүд сайн дураараа жилийн хэдийд ч ирээд жишиг шалгалт өгч болдог хэлбэр бий болгосон ч болно шүү дээ. Гэртээ хүүхдүүд TOEFL, IELTS-т бэлддэгттэй адил. Энэ удаа 400 авлаа, дараа 420 авнаа гэхчлэн хүүхэд өөртөө дүгнэлт хийх боломжтой байвал. Мөн асуулгаа бэлдэхдээ олон талт экспертүүдээр хэлэлцүүлдэг байх нь дээр. Өнөөдөр ЭЕШ-ын асуултыг дунд сургуульд хичээл заалгүй удсан хүмүүс бэлдэж байгаа. Тэгэхээр гурван талт, магадгүй гадны нэг багшийг авчраад дөрвөн талт хэлэлцүүлэгт оруулаад бэлддэг байх боломжтой.

-Нийгмийн асуудлуудыг яриад байхаар сүүлдээ бүх зүйл системийн алдаа гээд гацдагтай л ижил болчих шиг.

-Үнэхээр тийм л байна. Сингапур, Их Британи, Канадыг харахаар боловсрол, эрүүл мэнд, жендерийн салбараа улстөржилтөөс хол байлгаж байна. Нам өөрчлөгдсөн ч энэ салбарууд анхаарлын төвд байдаг, өмнөх нөхцөл байдалд дүгнэлт хийж дараачийн хөгжлийн бодлогоо л ярьдаг. Намууд мөрийн хөтөлбөр ярьж өрсөлдөхдөө 70 мянган төгрөг өгнө гэхээс илүүтэй, энэ цаг үед дунд сургууль төгсөгчдийн тэдэн хувь нь 650 оноо авч байна, бид гараад салбараа ингэж хөгжүүлээд дундаж хүүхэд бүр 750 оноо аваад, мэргэжил эзэмших боломжтой бодлого, систем гаргана гэдэг ч юм уу бодит чанар ярьж өрсөлдөж байна. Бидний хувьд сонгогчид бас тийм хэмжээний шаардлага тавьж чадахгүй байна л даа. Бүгд дор бүрнээ урдах ажлаа хийгээд нам, засаг нь юугаа ч хийж байгааг мэдэхгүй. Нэг шийдвэр гардаг, гарсных нь дараа л хардаг, ийм байсан байна гээд. Харин судлаач бидний хувьд нэгэнт цаг, заваа зориулаад энэ салбараа судлаад, шинжлээд явдгийн хувьд хэлж, ярих ёстой. Ойлгосон мэдсэнээ ийм байдаг юм байна, бид энд яваа юм байна, тэнд хүрч чадахгүй ч энд хүрэхийн тулд иймэрхүү зүйл хийвэл болох юм шиг байна гэхчлэн тал бүрээс нь хэлэлцэж чаддаг байвал л ач холбогдолтой юм л даа.   


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
1
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.