Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Л.Золбаатар: Нөхөн сонгуульд намын фоноос илүү, хувь хүний хүчин зүйл илүү нөлөөлөхөөр байна

Ер нь энэ тойрогт өрсөлдөөн үүсэх боломжтой, тэр нь сонгуулийн үеийн кампанит ажлаас л хамаарахаар байна. Дахин хэлэхэд нийтээрээ шийдвэрээ гаргачихсан, яг ийм гэсэн нөхцөл байдал 42-р тойрогт алга. Ялангуяа, Н.Энхбаяр очоод л бүгдийг нь шууруулаад гараад ирнэ гэх олны хүлээлт бодит байдалтай нийцэхгүй байна.


Улстөрийн барометр судалгааг тогтмол хийж олон нийтэд танилцуулдаг “МЭК” компани энэ удаад 10 дугаар сарын 7-нд товлогдоод буй УИХ-ын сонгуулийн 42-р тойргийн нөхөн сонгуулийн тандалт судалгааг хийжээ. Энэ тухай бид тус компанийн захирал Л.Золбаатартай ярилцлаа.

-Хэнтий аймагт хийсэн судалгааны тухай суурь мэдээллээс яриагаа эхэлье.

-Энэ сарын 3-5-нд УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгуулийн тандалтын судалгаа хийгээд ирлээ. Энэ тойргийн хувьд Хэнтий аймгийн Хэрлэн, Жаргалхаан, Мөрөн сум багтдаг нийт 14 мянга орчим сонгогчтой. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар буюу 2016 онд сонгогчдын 60 орчим хувь нь саналаа өгч МАН-аас нэр дэшсэн Д.Гантулга ялалт байгуулсныг та бүхэн мэдэж байгаа. Түүний дараа буюу 415 саналын зөрүүтэйгээр тухайн үеийн Хэнтий аймгийн Засаг дарга АН-аас нэр дэвшигч Ж.Оюунбаатар удаалж байсан юм билээ.

-Хоёр жилийн өмнөөс маш бага зөрүүтэй гээр МАН ялж байжээ. Өнөөдөр энэ рейтинг хадгалагдаж байна уу?

-Үгүй ээ. Энд нэг асуудал байгаа нь улс төр судлаачид, намын гишүүдийн дунд Намбарын Энхбаяр Хэнтий аймагт нэр дэвшвэл шууд ялна гэсэн хүлээлт байгаа нь сүүлийн үед их яригдлаа. Гэхдээ бидний хувьд чанарын болон зорилтот бүлгийн ярилцлага хийж, мэдээлэлтэй иргэдтэй ганцаарчилсан ба зорилтот уулзалтууд хийсэн. Энэ мэдээллийг нэгтгэн дүгнээд үзэхэд Намбарын Энхбаяр шууд ялна гэсэн ойлголт байхгүй.

-Ямар учраас?

-Нэгдүгээрт, Намбарын Энхбаяр улстөрчийн хувьд том өрсөлдөгч болох нь гарцаагүй. Гэхдээ шууд ногоон гэрлээр ялчих нь гэж байхгүй. Бид таамаглалдаа нэр дэвшигчдийг МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас Ж.Оюунбаатар, МАХН-аас Н.Энхбаяр гэж оруулж судалгаа авсан. Ингэхэд хамгийн өндөр боломжтой нь Ж.Оюунбаатар гэсэн дүн гарсан. Тэрээр Хэнтий аймгийн Засаг дарга байхдаа багагүй ажил хийсэн, иргэдийн дунд энэ нь эерэг үнэлгээ авсан байна. Мөн АН-ын рейтинг иргэдийн дунд МАН-аас үл ялиг илүү байгаа нь нөлөөлж байна.

-Тэгвэл Н.Энхбаяр, У.Хүрэлсүх нарыг иргэд хэрхэн үнэлж байна вэ?

-Н.Энхбаярын хувьд юун түрүүнд ясны улстөрч буюу зангарагтай гэсэн үнэлгээ ялангуяа ахмад настнуудын дунд их байна. Гэтэл сул тал нь Н.Энхбаяр цаашид хийх юмгүй болсон, чадах зүйлсээ хийчихсэн гэсэн хандлага. У.Хүрсэлсүхийн хувьд давуу тал нь Засгийн Газар тэргүүлж байгаа хүн. Тиймээс Хэнтий аймагт тухайлсан ажил хийхэд ч бүрэн боломж, эрх мэдэлтэй. Сул тал нь Ерөнхий Сайд болоод жил болсон ч, тодорхой хийсэн ажил юу байна вэ гэдэгт хариулт алга. Мөн өмнө нь УИХ-ын гишүүн байхдаа Хэнтий аймагт юу хийсэн бэ гэдгийг ч асуух хүмүүс байна.

Ер нь энэ тойрогт өрсөлдөөн үүсэх боломжтой, тэр нь сонгуулийн үеийн кампанит ажлаас л хамаарахаар байна. Дахин хэлэхэд нийтээрээ шийдвэрээ гаргачихсан, яг ийм гэсэн нөхцөл байдал 42-р тойрогт алга. Ялангуяа, Н.Энхбаяр очоод л бүгдийг нь шууруулаад гараад ирнэ гэх олны хүлээлт бодит байдалтай нийцэхгүй байна.

-Одоогийн Засаг Дарга Н.Ганбямбыг иргэд хэрхэн үнэлж байна вэ? Түүний хувьд нөхөн сонгуульд өрсөлдөж магадгүй гэх яриа бас бий.

-Фокус бүлгийн хэлэлцүүлгээс харахад өмнөх Засаг Даргын үйл ажиллагааг гүйцэхгүй гэх хандлага давамгай байна. Уг нь алсыг харсан бодлоготой, бизнес, инновацийг дэмждэг гэж байгаа ч улстөрчийн карьер нь эсрэгээр “агаарын”, “хийсвэр” зүйл ярьдаг, ер нь их сайхан ярьдаг, хэрэгжүүлдэггүй гэсэн сөрөг имиж болсон нь судалгаанаас харагдлаа.

-Хэнтий аймгийн иргэдийн хувьд төлөөллөөсөө ямар ажил хийхийг хүсч байгаа хүлээлт ажиглагдав?

-Улс орны хөгжил гэсэн өргөн хүрээтэй асуудлаас илүүтэй Хэнтийн хөгжилд юу хийх юм бэ гэдгийг илүү харж байна. Энэ бол орон нутгийн сонгогчдын хувьд хаана ч байдаг хандлага л даа. Тулгамдаж байгаа асуудлаа ч, үйлдвэрлэл, ажил эрхлэлтэй холбоотой тавьж байна. Ямар нэг жижиг үйлдвэрийн газартай болох, үйлдвэрлэл дэмжье, дагаад ажлын байртай болох гэхчлэн хандаж байна.

-Танай компанийн хувьд Улаанбаатарын иргэдийн дунд улстөрийн барометр судалгаа мөн явуулдаг. Сүүлийн жил гаруйн турш улстөрийн намуудын рейтинг унаж байгааг бид олонтаа ярилцсан. Хэнтийн иргэдийн хувьд ямар хандлагатай байна?

-Ер нь аль ч намын үнэлгээ 2016 оны үетэй харьцуулахад унасан байна. Зорилтот бүлгийн ярилцлага хийж байхад ч тэр, намуудад тогтолцооны өөрчлөлт хийх хэрэгтэй гэдгийг хүмүүс ярьж байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг ч зарим нь хөндөж, цаг нь болсон гэхчлэн байр сууриа илэрхийлсэн.

-Хоёр жилийн өмнө МАН-д саналаа өгч байсан хүмүүс өнөөдрийн байдлаар АН-ын нэр дэвшигчийг илүү үнэлж байгааг та сая хэллээ. Хоёр жилийн хугацаанд ийм өөрчлөлт ороход юу нөлөөлсөн бол?

-Энэ бол намыг нь харж гэхээс илүүтэй шийдвэр гаргахдаа хувь хүн нь хэн бэ гэдгийг харж байгаатай холбоотой болохыг судалгаа харуулж байна. Нөгөө талаас 2016 онд МАН-д саналаа өгсөн энэ удаад АН-д өгнө гэж харахаас илүүтэй сонгуульд оролцох байх магадлал өндөр шүү.

-Яагаад?

Яагаад гэвэл өөрийнх нь дэмждэг нам нь, тэр намаас дэвшээд сонгогдсон хүн нь улстөрийн хүрээнд амжилт олсонгүй. Одоо тэгэхээр яасан ч яахав дээ гэсэн хандлага байж мэднэ. Гэхдээ судалгаанд хамрагдсан иргэдийн хүрээнд аваад үзэхэд уг нь 40 орчим хувь нь ямар ч гэсэн нөхөн сонгууль болоход саналаа өгнө гэсэн байна.

-Сонгогдож гарсан Д.Гантулга гишүүний асуудал жил гаруй олны анхаарлын төвд байснаар өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Энэ асуудалд нутгийн иргэд нь ямар дүгнэлт хийсэн байна вэ?

Ер манай хүн хэлмэгдчихлээ гэсэн, өмөөрсөн аяс харагдсан шүү. Одоо яахав дээ гэхчлэн шууд буруутгахгүй маягтай. Манайхан өөрийн хүнээ хаацайлдаг, хамгаалдаг байр сууринаас ханддаг нь харагдах шиг болсон.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.11.16
“Гэрэг: Боловсрол” сэтгүүлээс санал болгох 6 нийтлэл
2
2018.11.08
Монгол бахархлын өдөр тохиож байна
3
2018.09.04
The Saway: Бид хүрч чадах эцсийн цэг хүртлээ хамтдаа явна
санал болгох
1
10 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
11
6
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.