Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

У.Хүрэлсүх нүцгэрнэ

Н.Ганбямбын ажил хэргийг аймгийнхан нь дүгнэхдээ өмнөх Засаг дарга Ж.Оюунбаатарын хийж бүтээсэнтэй харьцуулж дулимагхан үнэлдэг бөгөөд МАН-ын өөрийнх нь судалгаанд ч Н.Ганбямба Ж.Оюунбаатарынхаа ард хоцорсон үзүүлэлттэй давхиж яваа нь даажинтай. Тиймээс У.Хүрэлсүхэд өөрөө үзэхээс өөр сонголт үлдсэнгүй.


МАН-аас Хэнтийн нөхөн сонгуульд хэн өрсөлдөхийг МАН-ын Удирдах зөвлөл ч биш, ганцхан У.Хүрэлсүх шийдэхийг сая болж өнгөрсөн Бага хурлын цомхон үйл ажиллагаа ойлгомжтой харуулсан билээ. Яг л “Чишш, чимээгүй, наана чинь У.Хүрэлсүх шийдэж байна” гэх шиг тавхан минутад тарсан Бага хурал. “Юун нөхөн сонгууль, юун нэр дэвшигч, тарцгаа” гэсэн.

АН-ын хувьд “Олны танил, нэр хүндтэй хүний нэрийг дэвшүүлнэ” хэмээн хөнгөхөн шоу маягийн мэдэгдэл хийсэн Хэнтийн нөхөн сонгууль бол Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн хувьд алдаж үл болох амин чухал наадам юм. Энэ өрсөлдөөн түүний хувьд У.Хүрэлсүх хувь улстөрчийнхөө хувьд шийдвэр гарган өмнөх Засгийн газрын Шадар сайдын албан тушаалаас татгалзах замаар Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагах, 60 тэрбумын хэрэгт нэр холбогдсон М.Энхболдыг МАН-ын даргаас огцруулах тэмцлийнх нь нэг жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлогтой. Мөн Хэнтий бол У.Хүрэлсүхийг том улстөрд “Хэнтийн гурван тэнэг”-ийн нэг болтол өргөмжилсөн онцгой тойрог билээ. Тиймээс шударга ёс, сахилга хариуцлагаар андгай тангараг өргөн байж намын даргаар сонгогдож, сайд нарын хоёрдугаар ээлжийг бүрдүүлэн өөрөө Ерөнхий сайд болсны нь алсын хараа хийгээд алдар гавьяа юу байсны бодит дүнг эцэг өвгөдийнхөө өлгийд, өөрийг нь их улс төрд сонгож байсан түшиц нутагт тунхаглан зарлах гэж байгаа хэрэг. Энэ удаагийн нөхөн сонгууль УИХ-д ганц суудал алдах, эсэх тоглолт төдийгүй У.Хүрэлсүхийн, түүний улс төрийн бодлогын, Засгийн газрынх нь нэр хүндийн дэнчин, МАН-ын Засгийн газар цаашид тогтвортой ажиллах хувь заяаны ээдрээт зангилаа юм. Тиймээс У.Хүрэлсүх төрөлх Хэнтийн нөхөн сонгуульд хэнийг өрсөлдүүлэхээ хар толгойгоороо шийднэ. Эсвэл хоёр хүрэхгүй сарын өмнө олон нийтэд зарласнаасаа буцан өөрөө ч зодоглохоор нүцгэлэхийг үгүйсгэх аргагүй нөхцөл байдал үүсэх магадлалтай. У.Хүрэлсүхийн л мэдэх хэрэг. 

Энэ намрын улс төрийн хамгийн халуун цэг болж байгаа Хэнтийн 42 дугаар тойргийн иргэд ер бусын ажин түжин. Скандинавын хойгийн хүмүүс аятай улс төрийн мэдээллээс хол, улстөрчдийг сонирхохгүй байгаа нь судалгааны дүнгээс харагдана. Хэнтийд Скандинав шиг амар жимэр болоогүй. Харин хэнтийчүүд ой гутам бандаашны дуулианд, сахилга хариуцлага, шударга ёсоор түрээ барин гарч ирсэн хэрнээ үнэт зүйлс улдан цөхөрсөнд дургүйцсэндээ улс төрийг юман чинээ санахаа больсон хэрэг.   

МЭК: Ж.Оюунбаатарын рейтинг 35 хувь

Тандалт судалгааны “МЭК” ХХК-ийнхан энэ сарын 3-5-нд Хэнтий аймгийн төв Хэрлэн сум, Жаргалтхаан, Мөрөн сумдад санамсаргүй түүврийн аргаар нийт 443 хүн сонгож олон нийтийн санал асуулга явуулсан байна. Иргэдийн олонхийн амнаас “Мэдэхгүй” гэдэг шазууртай хариулт давамгайлжээ. Хуурмаг олон үгтэй, учир нь олддоггүй нууц явдлуудтай нам, улстөрчдийг өөрсдийнх нь ажил, амьдралд эерэгээр нөлөөлөх хүлээлтгүй болчихсон нь илт гэсэн дүгнэлт хийж болохоор. “Та одоогоор аль намыг дэмжиж байна вэ” гэсэн асуултад 22 хувь нь АН-ыг, 17 хувь нь МАН-ыг, 11 хувь нь МАХН-ыг дэмжихээ илэрхийлсэн бол “Мэдэхгүй” гэж хариулсан нь 45 хувь буюу тэд дангаараа засгийн эрх барьж буй улс төрийн хүчнийг дэмжигчдээс, эсвэл гол хоёр намын хүлээсэн дэмжлэгээс хэд дахин их байгааг нотолж байна. МЭК үүнд “Сонгуулийн мэдээлэл явж эхлээгүй байгаатай холбоотой болов уу” гэсэн боловсон тайлбар зүүсэн хэдий ч үнэндээ Хэнтийн иргэд улс төрийн намд итгэхээ больсны энгийн бөгөөд бодит хэмжүүр биз ээ.

Дараагийн асуулга “Тус тойрогт нэр дэвшвэл дараах улстөрчдөөс хэнийг дэмжих вэ”. Энэ асуултад санал асуулгад оролцогчдын 35 хувь АН-ын гишүүн Ж.Оюунбаатарыг, 21 хувь нь МАХН-ын дарга Н.Энхбаярыг, 15 хувь нь МАН-ын дарга У.Хүрэлсүхийг дэмжихээ хэлсэн бол аанай л “Мэдэхгүй” гэж хариулсан хувь харьцангуй өндөр буюу 26 хувь байна. Ерөнхий сайд бөгөөд эрх баригч намын дарга, Хэнтий нутгаар овоглодог, энэ нутгаас УИХ-д гурвантаа сонгогдож байсан У.Хүрэлсүхийн рейтингийг “мэдэхгүй”-чүүд бараг нугалж хол хаясны учрыг МЭК нягтлахыг оролджээ. Ингэхэд харьцангуй мэдээлэлтэй, үзэл бодлын хувьд тулхтай байж болох 40-өөс дээш насныхан фокус бүлгийн ярилцлагад “Худлаа баахан юм ярьсан. Биелүүлэхгүй байна”, “Ам ажил нь зөрж байна. Хэрэгжилт байхгүй байна” гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг дүгнэсэн байна.

Дээрх судалгааг хөндлөнгийн, цэвэр судалгааны зорилгоор хийсэн гэж МАН-ынхан итгэхгүй байгаа аж. МАН-ын эх сурвалж “МЭК энэ судалгааг АН-ын, эсвэл МАХН-ын захиалгаар хийсэн байж болзошгүй” гэв.

МАН: У.Хүрэлсүхийн рейтинг 39 хувь

МАН дахь эх сурвалжийн хэлснээр, МАН энэ сарын эхээр 42 дугаар тойрогт судалгааны баг ажиллуулахад МЭК-ийн тандалтаас огт өөр дүн гарчээ. “Бүр Сантмарал-ын явуулсан судалгаа ч манай дүн ханатайг нотолно” гэв.

МАН-ынхны харж байгаа сүүлийн судалгааны “Яг одоо сонгууль болбол та аль намын төлөө саналаа өгөх вэ” гэсэн асуултад тандалтад оролцогчдын 29.8 хувь МАН-ыг, 15 хувь АН-ыг нэрлэсэн бөгөөд “Бусад намыг”, “Мэдэхгүй” гэсэн хариултыг 50 гаруй хувь нь илэрхийлсэн байна. Түүнчлэн тус тойрогт хамгийн их танигдсан хувь улстөрчдийн рейтингийг тогтоох асуулгаар бүрдүүлсэн жагсаалтадыг 39 хувиар У.Хүрэлсүх тэргүүлж, Б.Бат-Эрдэнэ аварга түүнийг удаалсан бол УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ гутгаарт жагсчээ. Эл жагсаалтын дөрөвдүгээрт АН-ын Ж.Оюунбаатар, тавдугаарт Засаг дарга Н.Ганбямба, зургадугаарт МАХН-ын дарга Н.Энхбаяр, долдугаарт фэнгшү С.Ганбаатар бичигдсэн байна.

Дээрх жагсаалтаас харахад, Хэнтий дэх топ гурван улстөрч буюу У.Хүрэлсүх, Б.Бат-Эрдэнэ, Л.Оюун-Эрдэнэ нарын хэн нь ч энэ удаа нөхөн сонгуульд нэр дэвшихгүй. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өрсөлдөхгүй гэдгээ зарласан бол, удаах хоёр нь УИХ-д суудлаа эзэлчихсэн хүмүүс билээ. Тиймээс одоо Хэнтий аймгийн Засаг даргаар ажиллаж байгаа Н.Ганбямба МАН-аас хамгийн боломжит нэр дэвшигч мэт харагдаж байна. Д.Гантулга УИХ-ын гишүүнээс огцрох мэдэгдлээ өгсний дараа хувийн сурталчилгаагаа цахим хэлбэрээр идэвхжүүлэн “гэрэлд цохиулсан” эхний хүн Н.Ганбямба байлаа. Түүний ажил хэргийг аймгийнхан нь дүгнэхдээ өмнөх Засаг дарга Ж.Оюунбаатарын хийж бүтээсэнтэй харьцуулж дулимагхан үнэлдэг бөгөөд МАН-ын өөрийнх нь судалгаанд ч Н.Ганбямба Ж.Оюунбаатарынхаа ард хоцорсон үзүүлэлттэй давхиж яваа нь даажинтай. Тиймээс У.Хүрэлсүхэд өөрөө үзэхээс өөр сонголт үлдсэнгүй. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2018.12.24
ХМЗ: Сошиалын мэдээлэл сэтгүүлчдэд найдвартай ЭХ СУРВАЛЖ биш
2
2018.12.04
“ГЭРЭГ” сэтгүүлийн шинэ дугаараас санал болгох 5 нийтлэл
3
2018.10.14
Монгол найруулагчийн бүтээл оюутны "ОСКАР" хүртлээ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
31
31
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.