Хайх зүйлээ бичнэ үү

Японы шинэлэг, өвөрмөц уран бүтээлч.

Тэр бол Японд төрж өсөн, гадаадын улс орнуудаар аялж, өөрийн бүтээлч мэдрэмжийг сэргээн одоо ч, цаашид ч шинийг эрэлхийлэн ажиллах мундаг уран бүтээлч юм. Түүний экспериментал поп урлагийн бүтээлүүд гарцаагүй дотоод мэдрэмж, асар том утга санааг өөртөө агуулж, илүү сайхныг бусдад түгээхээр зорьсон нь хальт харахад биш анхааралтай харахад мэдэгдэнэ. Тэр Монгол улсад анх удаа зочилсноос гадна аяллын энэ давчуухан цагаасаа надад зориулан, ярилцлага өгсөн юм. Хүлээн авна уу.

-Та өөрийгөө уншигчдад танилцуулна уу?

-Намайг Йо Нагао гэдэг. Би Японд төрж өссөн. Экспериментал поп арт чиглэлээр уран бүтээл туурвидаг. Монгол улсад түүх соёл болоод нүүдэлчин ардыг сонирхохоор ирсэн. Нүүдэлчдийн хувьд ёс заншил болоод амьдралын хэв маягаараа ч тэр Япон хүмүүсээс өөр болохоор үнэхээр их сонирхол татаж байгаа. Бас саяхан болсон Даншиг наадмыг үзэж сонирхсон.

-Таны уран бүтээлүүдийг харахад аялж очсон тухайн улс орны соёлыг зарим талаараа шингээж өгсөн байгаа харагддаг. Энд ч бас та шинийг эрэлхийлэн ирэв үү?

-Би хөдөө нутгийг маш их сонирхож байгаа. Одоо хөдөө явах гэж байгаа болохоор их догдолж байна. Эргэж ирээд би мэдээж энд амьдардаг нутгийн хүмүүсийн тухай бүтээл хийнэ. Би одоо ч судалгаа хийж, янз бүрийн мэдээлэл, түүх зэргийг цуглуулж байна. Их ч олон зураг авч байгаа. Бас хүмүүсээс янз бүрийн сонирхолтой түүхүүдийг ч их сонсож байна. 

-Тэгэхээр энэ таны Монголд зочлон ирж буй анхны тохиолдол байх нь. Та Монголын уран бүтээлчидтэй энэ хугацаанд уулзаж танилцан, бүтээлүүдийг нь сонирхов уу?

-Үнэндээ хараахан амжаагүй л явна. Энд байх хугацаандаа Даншиг наадам болон хэд хэдэн сүмээр зочилсон. Үүнээс өөрөөр Монголын уран бүтээлчдийн бүтээлтэй танилцаж амжаагүй байгаа. Гэхдээ намайг энд аялахад тусалж байгаа найз маань хэд хэдэн хүнтэй уулзахад минь туслах байх. Би Монголын уран бүтээлчидтэй танилцахыг их хүсэж байгаа. 

-Хамгийн ихээр сонирхол татаж, үзэхээр яарч буй зүйлээсээ хуваалцвал?

-Монгол улс хөгжиж яваа орон болохоос гадна уламжлалт соёлоо авч үлдсэн нь их таалагддаг. Үндэсний хувцас, хэрэглэл, ёс заншил гээд бүх зүйл нь их нандин холбоотой. Тэр дундаа би Монгол гэрийг маш их сонирхож байна. Хоёр жилийн өмнө би Мексикт очиж байсан. Тэнд амьдардаг хүмүүс байшин сууцаа цэнхэр юм уу ягаан гэсэн тод өнгөөр будах дуртай. Гаднаасаа шууд л тодоор харагдаж, харц булаадаг. Харин Монгол гэр гаднаасаа цав цагаан. Тийм учраас миний сонирхлыг маш их татаж байгаа юм л даа. Дотроо ямар байх бол, гаднаасаа тийм энгийн харагдаж байгаа гэр дотор хүмүүс хэрхэн амьдардаг бол гэхээс сэтгэл хөдөлж байгаа. 

-Та бидэнд контемпорари поп урлагийн тухай болон өөрийн бүтээл хийх явцаа тайлбарлаж өгөөч?

-Миний бүтээлээ хийдэг төрөл бол ерөнхийдөө их шинэлэг. Би коллаж бүтээдэг. Зурж эсвэл будаж хийдэггүй болохоор тэр чигтээ шинэлэг санагдах байх. Янз бүрийн сонин сэтгүүл, даавуу болоод цавуу байхад би бүтээлээ хийж чадна. Маш олон хүн бүтээлүүдийг маань хараад “Үнэхээр янзтай болж”, “Яаж ингэж зурж хийдэг юм бэ” гэж хэлдэг. Гэхдээ энэ бол зурах биш хэсэг хэсгээр нийлүүлэн бүтээх аргачлал юм. Би урам зориг, шинэ санаагаа үргэлж уугуул иргэд болоод эртний зүйлээс олж авдаг. Бид өвөг дээдсээсээ ямар олон шинэ зүйлийг нээж харж болох нь хачирхалтай шүү. Би Африкт очиж байсан юм. Тэнд амьдардаг уугуул иргэдийн хувьд орчин, амьдрах нөхцөл байдал хүндхэн ч гэлээ тэд өөрсдийн хувцас хэрэглэл, чимэг зүүлт зэргээ огтхон ч гээлгүй таашаан хэрэглэсээр байдаг. Одоо үед хэрвээ мөнгөтэй л бол хүн хүссэн эд зүйл, мэдээлэл гээд бүхнийг амархан авч чаддаг болсон байна. Харин тэдний хувьд энэ бүхэн их хязгаарлагдмал боловч амьдралыг хэрхэн таашааж, сэтгэл хангалуун байхаа мэддэг. Миний бүтээлээ хийх явц их энгийн юм шиг боловч би түүндээ утга санаа шингээхийг, бүтээлч байхыг зорьдог. Өмнө нь гараад ирсэн байсан зүйлийг дагах хүсэлгүй. Харин ямар нэгэн зүйлийг шинээр нээхийг хүсдэг. 

-Таны бүтээлүүдэд ан амьтад их дүрслэгдсэн байна. Энэ халимыг харлаа л даа. Би өөрөө ч гэсэн их дуртай болохоор сонирхолтой харагдаж байна.

-Халимыг дэргэдээс нь харж байсан уу?

-Үгүй ээ. Гэхдээ би ОХУ-руу явахдаа харна гэж бодож байгаа. 

-Тэгэхээр аквариумд очиж харна гэсэн үг үү?

-Тийм ээ. Уг нь би амьтдыг байгаль дээрээ л байгаасай гэж хүсдэг ч миний ойроос харж болох ганц боломж энэ болчхоод байгаа нь гунигтай. Та амьтны хүрээлэн, аквариумыг эсэргүүцдэг үү?

-Би Хавайд халимыг дэргэдээс нь харж байсан. Байгаль дээрээ амьдарч байгаа ямар ч амьтан сайхан, аз жаргалтай харагддаг. Яг чамтай адилхан би аквариум, амьтны хүрээлэнгийн эсрэг байдаг л даа. Үнэхээр гунигтай санагддаг. Бид амьтдыг яг амьдарч буй газарт нь очиж үзэх хэрэгтэй. Бид өнөө үед байгаль болоод амьтадтай тийм ч их холбоотой байхаа больсон. Монголд ирээд би амьтадтай ойр байдаг маш олон хүнийг харсан. Морь бол та бүхний хувьд их ойр бас эрхэм амьтан болохоор тэр шүү дээ. Гэхдээ хүмүүс өдөр ирэх тусам амьтадтай холбоотой байхаа больж байна. Амьтдыг үл хүндэтгэж, тоохгүй байх нь хүмүүсийн хувьд хэтэрхий амархан болсон ч юм шиг. Бид байгаа зүйлээ үнэлж хайрлаж чадахгүй байгаа болохоор ирээдүйд их аюул учирч магадгүй. Тиймээс би амьтдыг бүтээлдээ оруулж, чухал гэдгийг нь хүмүүст бага ч болтугай сануулахыг хүсдэг. Чи халимд маш их дуртай болохоор түүнийг дэргэдээс нь очиж үзэх их чухал байгаа шүү дээ. Энэ бол их чухал зүйл. Тэр амьтдын оршиж байгааг мэдрэх нь хүмүүст чухал байх ёстой. Тиймээс ч бүтээл дээр минь амьтад байвал зарим хүмүүс ч болтугай ойлгох мэт санагддаг.

-Зургуудыг тань харахаар их хурц тод өнгөтэй юм. Та хөгжмийн бичлэг эсвэл анимэйшн зэргийг маш сайн хийж чадах юм шиг санагдаж байна шүү. Өмнө нь оролдож үзэж байсан уу?

-Би бичлэг хийхийг хүсдэг ч одоохондоо хийж амжаагүй байна. Бүтээлээ анимэйшнтэй холбох юм бол гайхалтай болно байх. Илүү их дэвшиж, сайжрахыг хүсэж байгаа.

-Та бүтээлээ ямар нэгэн байдлаар зарж борлуулдаг уу? Жишээ нь энэ зургууд цамцан дээр хэвлэгдэх юм бол их өвөрмөц харагдах юм байна. Та ч бас бүтээлээ цамцан дээр хэвлүүлсэн байгааг харлаа.

-Би Африкт хийсэн аялалдаа Намибиа руу явсан юм. Энэ зурагтай цамц бэлэг байсан юм. Олон улсаар аялахад мөнгө шаардагддаг тул би өөрийн бүтээлээ тусгасан зүйлийг цөөн тоогоор зардаг. Энэ удаа Монголд ирэхийн тулд ч бас адилхан зүйл хийсэн байгаа. Гэхдээ бүтээлээ тусгасан цамц ч юм уу ямар нэгэн эд зүйл зарахад түүнийгээ тээврээр явуулах, хүргэх гээд их мөнгө шаардагддаг тул би одоогоор албан ёсоор зарж борлуулахгүй байгаа. Тэгээд ч мөнгө олох нь гол зорилго биш юм хойно.

-Та бүтээлээ хийж байх үедээ ямар төрлийн дуу хөгжим сонсдог вэ?

-Ихэвчлэн рок, пост-рок, заримдаа ж-поп, хип-хоп төрлийн дуунууд сонсдог. Германд амьдарч байх үедээ би техно хөгжмийн клубт очдог байсан. Тэр үедээ техно хөгжим сонирхдог байлаа. Яг студи дотроо суугаад, бүтээлээ хийж байх үедээ бол би янз бүрийн DJ нарын микс сонсдог. Ихэвчлэн нэг цаг гаруй урттай хөгжмүүд байдаг болохоор сатаарч, босч хөгжмөө солих шаардлагагүй. Эмбиент, электроник, поп, жазз төрлийн миксүүд их тавьдаг. Тийм ч галзуу, хурдтай биш намуухан хэмнэлтэй, цохилттой дуунууд сонсоход их таатай байдаг. Белгийн DJ LEFTO-гийн миксүүд надад хамгийн ихээр таалагддаг. Бас дан ганц хөгжим гэлтгүй, студи дэх уур амьсгалаа өөрчлөхийн тулд хааяа Японы хошин шог сонсдог. Бас заримдаа түүхүүд сонсоно. Хийж буй зүйлээ зогсоохгүйгээр сонсоод, бодож тунгаах боломжтой зүйл сонсох нь надад таалагддаг. Философич, зохиолч, түүхэн хүмүүсийн тухай сонсоход төсөөлөн бодох чадварт ч бас нөлөөлдөг. Тэгэхээр дуу хөгжим, хошин шог, түүхүүд гэсэн гурван зүйл байна даа. 

-Та нийт хэдэн улс орноор аялаад байна вэ?

-Найман улсаар л аялсан байх. Дөнгөж 20-той байх үедээ бараг талаар нь аялж байсан болохоор тухайн үед зүгээр л юм үзэж харах гээд явж байсан. Гэхдээ сүүлийн 4, 5 жилд яг зорилго тавиад аялж эхэлсэн. Би их аялах дуртай ч бас гэртээ үлдээд, юмаа хийж суух дуртай. Тиймээс өөрийн бүтээлтэй холбоотойгоор аялж эхэлсэн нь дээр юм байна гэж бодсон. Энэ зорилтот аялал маань Мексикээс эхэлсэн л дээ. Тэгээд Намибиа, Испани, Литва, Герман, Монгол гээд цааш үргэлжилж байна. Би янз бүрийн шинэ түүх сонсож, бүтээлдээ тусгах дуртай. Интернэтээр ороод бүх зүйлийг асууж, мэдэж болох хэдий ч өөрийн биеэр явна гэдэг хамгийн чухал. Яваад өөрийн биеэр үзэж харах боломжтой байтал яагаад гэртээ сууна гэж? 

-Та Монголд бүтээлтэйгээ холбоотой шинэ содон юу хийхээр төлөвлөж байна?

-Би энд бямба гарагт буюу наймдугаар сарын 11-нд “workshop” хийх гэж байгаа. Коллаж урлагийг сонирхож байгаа хэн ч бай энэ эвентэд бүртгүүлж болно. Гол нь 20 хүнийг сонгон, өөрийн бүтээл хийх арга барилаасаа хуваалцахаас гадна шинэ бүтээлийг хамтдаа хийж үзэх болно. Хүмүүс өөрсдөө хайчилж, наах сэтгүүлүүдээ авчраад оролцох боломжтой. Би аялж байсан газрууддаа энэхүү “workshop”-ийг мөн адил үнэ төлбөргүй хийж байсан. Би мөнгөөр энэ зүйлийг хийж, бусдад заах дургүй. Нүүдлийн зурган өгүүлэмж, SMS-Startup Marketing Space зэрэг газрууд надад энэ зүйлийг боломжтой болгоход тусалж байгаа. 

-Та ер нь өөрийгөө ямар төрлийн хүн гэж хэлэх вэ?

-Би аялж, явж, хүмүүстэй танилцан орчноо өөрчлөх дуртай. Би мөрөөдөгч бас амар амгаланг эрдэг төрлийн хүн. Хэн нэгэнтэй маргалдах үнэхээр дургүй. Маргаан ямагт таагүй зүйлийг авчирдаг. Тэр дундаа манай дэлхийд хэрүүл маргаан гэх зүйл хүмүүсийн эв найрамдалгүй байх гол шалтгаан болдог. Хэдий аялж, олон улсаар явах хүсэл зөндөө байдаг ч дотор минь бас гэртээ сууж, хайртай, дуртай зүйлээрээ хүрээлүүлж байх хүсэл их байдаг. Би хоёр мууртай. Бас үрчилж авч байгаа нохой маань удахгүй над дээр ирнэ. Би амьтадтай ойр байх дуртай. Би ер нь Японы нийгэмд их хачин хүн гэж харагддаг байх. Гэхдээ одоо маш олон хүн намайг үнэлж, хүлээн авч эхэлж байгаа. 

-Та урлагийн чиглэлээр сурсан уу?

-10 жилийн өмнө би урлагийн сургуулийн сурагч байсан. Тэр үед надад бусдад үзүүлж харуулах бүтээл гэх зүйл байхгүй байлаа. Би график дизайнер мэргэжлээр төгссөн, тэр мэргэжилдээ дуртай байсан ч урлаг болон график дизайн хоёр миний хувьд өөр зүйлс байсан. Би ажиллаж байгаадаа дуртай байсан ч тухайн үед хийж байгаа зүйлс минь өөртөө зориулсан биш ямагт захиалагчдад зориулсан бүтээлүүд байсан. Дараа нь Герман руу нүүсний дараа би жинхэнэ уран бүтээлч болж хувирсан. Тэнд л би өөрийгөө ийм байх ёстой юм байна гэсэн замыг олж авсан. Би одоогийн амьдарч буй хэв маягтаа дуртай. Заримдаа хүмүүс гайхширдаг ч энэ бол миний л амьдрал. Би эрх чөлөөтэй, өөрийнхөөрөө амьдрах л дуртай. Би Японы энгийн нэгэн иргэн шиг зан ааш, амьдралтай биш л дээ. Гэхдээ миний зүрх сэтгэл ямагт Япон улсыг хамгийн эрхэм нандин хэмээн тэмүүлдэг. Учир нь миний эх орон шүү дээ.

-Та бүтээлүүдээрээ юуг илэрхийлэхийг оролддог вэ? Хүмүүс янз бүрийн өнцгөөс харж болохоор мэт санагдлаа.

-Би бүтээлдээ ямагт нэг гол дүрийг бий болгохыг оролддог. Хэрэв зурвас харах юм бол бүтээлүүд маань футуристик хэв маягтай, уугуул иргэдийг дүрсэлсэн, янз бүрийн сэтгүүлийн зургуудыг нийлүүлж наасан харагдана. Бүтээлүүдэд маань дунджаар 100, 200 гаруй хайчилж бэлдсэн хэсгүүд орсон байгаа. Жишээ нь энэ бүтээл дээр хайчилж наасан хэсгүүдээр амьтан, уул болоод хүнийг дүрсэлсэн байна. Энэ бол бид амьтан, байгальтай харьцах нандин холбоогоо гээж буйг харуулж байгаа юм. Гэхдээ би энэ мэдрэмжийг энгийн будаг, бийрээр, хуучны арга барилаар биш шинэ арга барилаар дүрслэхийг оролдсон. Илүү өнгөлөг, олон төрлийн материал ашигласан байгаа. Орчин үеийн материал, орчин үеийн хэв маягаар ийм эртний маягийн зургийг бүтээсэн нь “Бид ирээдүйд хаашаа яваад байгаа юм бэ” гэсэн асуултыг гаргаж ирж байгаа юм. Санаагаа би уугуул болон нутгийн иргэдээс авдаг. Бид тэднийг уугуул, эртний хэв маягтай хүмүүс гэж харж байгаа ч тэдний хувьд өөрсдөд нь тийм биш. Зарим нь тэднийг хоцрогдсон гэж ярьдаг. Үнэндээ бидэнд тэднээс сурах асар олон зүйл бий. Өдөр ирэх тусам эрт дээр үеэс өвлөсөн зүйлээ гээж байгаа хүмүүс ихсэж, уугуул иргэд цөөрч байна. Бид шууд л тэднийг гээж, тэдэнгүй ирээдүй рүү явж байна. Миний санаа бол, бид ирээдүйгээ уугуул, нутгийн иргэдээс авсан зүйлээрээ бүтээж, хамт урагшлах ёстой. 

Би Намибиад очоод олон уугуул иргэдтэй уулзсан. Намибиа өмнө нь Германы колони байсан юм. Тэр үед Герман хүмүүс олон уугуул иргэдийг хороосон. Тухайн үед тэд өөрсдийн уламжлалт хувцсыг өмсдөг байсан ч колончлолын үеэр хувцас загвар нь ийм болж өөрчлөгдсөн. 

Бид өвөг дээдсийнхээ хувьд хүүхдүүд, үргэлжлэл нь шүү дээ. Бид тэдний өв уламжлалыг авч үлдэх, цааш дамжуулах үүрэгтэй. Гэтэл бид одоо энд байна. Тэр бүх үнэт зүйлс аажмаар алга болж байна. Тэгэхээр бид хаашаа яваад байна вэ? Баруунаас тэрхүү соёлт нийгэм гэх зүйл орж ирэн дэлхийгээр тархсан. Харин Япон, Монгол зэрэг улсууд өөрсдийн гэсэн уламжлал, соёл, ахуйтай шүү дээ. Тийм байтал яагаад бүх зүйл баруунжиж, нэгэн хэвийн болох ёстой гэж? 

-Таны бүтээлдээ ашигладаг эртний соёл, ахуйтай холбоотой өөр сонирхолтой арга барил байгаа юу?

-Би зургуудынхаа ард хэрээс, янз бүрийн дүрс, шугам зэрэг ашигладаг. Амьтны дүрс, хээ угалз, зиг-заг дүрс, бөөрөнхий дүрсүүд гэх мэт. Уугуул иргэд ийм төрлийн хэрээс, хээ зэргийг ашигладаг. Яг л бидний ДНК-д уламжлагдаж ирсэн мэт бид энэ хээ угалз, дүрс гэх зүйлсийг одоо үед ч ямар нэгэн зүйлийг чимэглэхдээ ашигладаг. Бүтээлүүддээ Япон, Африк зэрэг уламжлалт дүрс, даавуу зэргийг ашигласан байгаа. Энэ бүтээлд бол “Coca-Cola”, “Nike”, “Supreme” зэрэг брэндийн логонууд нуугдсан байгааг харж болно. Бүхлээр нь харахад энэ бүхэн шууд нүдэнд тусна гэж байхгүй. 

-Та Монголд бүтээлээ хийнэ гэж бодож байгаа юу?

-Энд би өөрийн хэрэгтэй материалуудаа авчирч хараахан чадаагүй. Өмнө нь Намибиад байхад бас л тэнд шинэ бүтээл хийх боломжгүй байсан. Мексикт байх үед харин нэгэн студийн хүнтэй танилцсан тулд тэндээ материал олж хийхэд харьцангуй амар байсан. Энэ удаадаа би энд шинэ бүтээл хийж чадахгүй байх. Гэхдээ дахин ирэхдээ би Монголын уугуул иргэд болоод бусад зүйлс дээр тулгуурлан бүтээлээ хийнэ. Бас энд үзэсгэлэн гаргахын тулд би бүтээлүүдээ тээвэрлэх, зөөх гээд маш их зүйл шаардагдах болно. 

-Бүтээлээ хийж дуусгахад юу мэдрэгддэг вэ?

-Сонирхолтой асуулт байна шүү. Хөгжилтэй нь, би ямар нэгэн бүтээлээ дуусгахаасаа өмнө, бараг тал дээр нь явж байхдаа л шинэ бүтээлийнхээ санааг бодчихсон байж байдаг. Шинэ өвөрмөц санаа төрсөн ч “Үгүй ээ, эхлээд үүнийгээ дуусгах хэрэгтэй” гэж боддог. Энэ нь нэг талаараа надад бүтээлээ дуусгах маш их эрч хүч өгдөг. Бүтээлээ хийж дуусгасны дараа, дөнгөж дараахан нь байсан ч гэсэн надад тэр бүтээл маань миний өнгөрсөн үе мэт санагддаг. Яг л шат шиг. Дээш гарахын тулд гишгүүр болгон дээр гишгэх ёстой. Тиймээс зогсолтгүй дээшлэх л ёстой. Яг л төгсгөл гэж байхгүй мэт. Заримдаа айдас төрдөг л дөө. Энэ бүхэн хэзээ дуусах юм бол доо, дуусахгүй байх вий гэж. Бас сүүлийн үед надад шинэ санаа төрж байгаа. Баримал хийж болох юм шиг санагдаад байгаа. Хог ухдаг ч юм уу хэрэглэхгүй орхисон зүйлсээр хэлбэр дүрс гарган шинийг бүтээж болно. Энэ миний дараагийн шинэ ажил болох байх. 

-Залуу уран бүтээлчдэд хэлдэг зөвлөгөөнөөсөө хуваалцаач?

-Залуу хүмүүст төрдөг бүх л мэдрэмжийг би мэдэрч, тэдний туулж байгааг туулж байсан. Гэхдээ хүн бүхэн л хүнд хэцүү үеийг туулж үзэх ёстой. Тэр асуудал, хүнд хэцүү явдлууд нь тэр бүхнийг даван туулах хүч болох ёстой. Амжилт болоод дэвшил энэ хүнд хэцүү зүйлсийн араас гарч ирдэг. Туулахгүйгээр тэнд хүрнэ гэж байхгүй. “Би яагаад үүнийг хийж байгаа вэ”, “Би яагаад хийх ёстой вэ” гэдгийг энэ бүх хүнд хэцүү асуудлууд руу улам гүн орж, даван туулснаар ойлгоно. Дуртай зүйлдээ өөрийгөө бүрэн зориулахаас буцаж, эргэлзэж болохгүй. Дуртай зүйлээ хийж байгаа үйл явц та нарт маш их таашаалыг авчрах болно. Бууж өгөх хэрэггүй. Хийх гэж оролдож байгаа бол эхлээд өөр зүйлийг дуурайж, тэндээс суралцахаасаа санаа зовох хэрэггүй. Эхлээд шууд л өөрийн хийх онцгой арга замыг шууд олно гэж байхгүй. Гэхдээ хуулна гэдэг та бүхний хувьд цаашдын ажиллах арга зарчим болж болохгүй. Зөвхөн өөрийн хийж чадах зүйлийг олж, зөвхөн өөрийн гэсэн зүйлийг хийх хэрэгтэй. Тэгэх юм бол хүмүүс илүү үнэлж, сонирхох болно. Үүнд товчилсон зам гэж байхгүй. Бүх зүйлийг л туулах хэрэгтэй. Цор ганц, онцгой байхаас санаа зовох хэрэггүй. Өөрийн чинь оюун ухаан, бодол онцгой болохоор л онцгой зүйл хийж байгаа гэсэн үг. Бусдыг дагах хэрэггүй. 

-Таны бүтээлийг хуулбарласан байгаатай таарч байсан уу?

-Тийм ээ, тэгж байсан. Гэхдээ миний арга барил бол маш олон хэсгүүдийг нийлүүлж, нэг цогц болгох. Би маш олон зураг хайчилж, нааж, нийлүүлж, маш их цаг үүнд зарцуулдаг. Хэн нэгэн хуулсан байж магадгүй л дээ. Гэхдээ яах гэж? Хуулбарлаж хийхэд өөрөө шинийг хийснээс их цаг зав, хүч хөдөлмөр шаардагдана шүү дээ. Миний хувьд үүнийг тийм хүндээр хүлээж авдаггүй. Гэвч бүх бүтээлүүд хүмүүсийн нүдэн дээр ил байгаа. Тиймээс хүмүүс хуулбарласан, хуулбарлаагүй ямар ч бүтээлийг үнэлж, дүгнэлт хийх болно. Хэрэв хуулбарласан байх юм бол хүмүүс “Чи түүний бүтээлийг хуулсан юм уу” гэх шүүмжлэлийг өгнө гэсэн үг. Ирэх арваннэгдүгээр сард би Нью-Йорк хотод өөрийн дөрвөн бүтээлээ хамтарсан үзэсгэлэнд тавих болно. Амжилттай болох эсэхийг мэдэхгүй байгаа ч хэрэв хүмүүс бүтээлийг минь үнэлж, анзаарах юм бол их сайхан байх болно. Учир нь Нью-Йорк бол уран бүтээлчдийн хувьд маш чухал, бараг л төв цэг гэж хэлж болох газар. Тэгэхээр хүн ам олонтой газар бүтээл маань танигдаж эхэлбэл хүмүүс хуулбарласан ч тэр нь том асуудал болохгүй байх. Тэгээд ч миний бүтээлээ туурвидаг энэ төрлөөр шуудхан нэр амжилтад хүрнэ гэдэг хэцүү шүү дээ. Бас залуу уран бүтээлчдийн хувьд хэрвээ бүтээл нь хуулбарлагдаж байвал энэ сайн дохио байж болох юм. Хэн ч муу уран бүтээлчийг хуулбарлаж юм хийхгүй. Гэхдээ эрт дээр үеэс л аливаа нэгэн зүйлийг хуулбарлаж, эсвэл түүнээс санаа аван шинийг хийснээр аливаа зүйл цааш хөгждөг байсан шүү дээ. Тиймээс залуу уран бүтээлчдэд хуулбарлаж болох хэдий ч цаашид хуулбарлах гэдэг та нарын эцсийн зорилго байж болохгүй гэдгийг л хэлэхийг хүсэж байна.   

-Би ч гэсэн өөрөө залуу хүний хувьд шинэ зүйл хийж бүтээхийг хүсдэг. Гэхдээ хүмүүсийн бодол санаа, шүүмжээс санаа зовоод байдаг юм. Хэрхэн хэн ч шүүмжилж байсан тоолгүй өөрийнхөөрөө байж, өөрөөр сэтгэдэг чанараа улам хөгжүүлж болох вэ. Өөрийн тань хувьд яаж тэгж чадсан бэ. Энэ бүхэн эх орноосоо гарч, Герман явсантай холбоотой юу?

-Миний хувьд эх орноосоо явж, өөрийн улс орныг өөр өнцгөөс харах нь их тусалсан. Улс үндэстэн болгонд гадагшаа гарч, эргэн шинийг оруулж ирэх хүмүүс хэрэгтэй. Тэр тусмаа зураач, зохиолч гэх мэт хүмүүс. Энд байх хугацаандаа тодорхой туршлага, чадвар хуримтлуулсан хүмүүс цаашид юу хийж чадах эсэхээ, юуг илэрхийлж чадахаа өөр газраас олж мэднэ. Маш олон шинэ туршлага, мэдрэмжүүд дагаад ирэх болно. Таны сурч мэдсэн зүйлс бүтээлд тань туссанаар илүү шинэлэг болж, үүний хариуд хүмүүс танд талархана. Илүү шинийг сэтгэж, сонирхолтой зүйлийг бүтээсэнд тань. Аялал одоо цаг үед илүү хямд болж байна. Бас бидэнд хэрэгтэй технологиуд байна. Үүнийг ашиглах хэрэгтэй. Энд танилцсан нэг хүн надад гадаадад сурахыг хүсдэг ч хүүхдээ харахын тулд үлдэх хэрэгтэй болоод байгаагаа ярьсан. Харин би түүнд хэсэг хугацаанд л яваад ирэх юм чинь эцэг эхээсээ гуйгаад үзвэл яаж байна гэж хэлсэн. Хэрэв чи өөрийн гэсэн зорилготой бол бусдыг ятгах тийм ч хэцүү биш. “Чи яагаад тийшээ явах гээд байгаа юм?” гэж асуухад би үүнийг хийж үзмээр байна, би ийм зүйл сурмаар байна, ийм учраас би ийшээ очих хэрэгтэй байна гэх тодорхой зорилго байвал тэд ойлгох болно. Харин ямар ч зорилгогүй бол энэ нь бусдад ч анзаарагдахгүй. Германд амьдарч байх үедээ би Намибиагийн тухай олж мэдсэн юм. Өмнө нь Германы колони улс байсан, одоо ч уугуул иргэд амьдардаг гэх мэт мэдээллийг олж сонсоод би шууд л очихыг хүссэн. Би Элчин сайдын яамандаа хүсэлт гаргаж, намайг энэ улстай холбож өгөхөд тусална уу хэмээн хүссэн. Дараа нь нислэг болон аяллаа төлөвлөсөн. Зорилготой байгаа цагт хүмүүс чамд тусалж, дэмжихэд бэлэн байх болно.

-Та яагаад “workshop” хийх болсон бэ. Танд мөнгө санал болгож, багшлуулахыг хүссэн газрууд байсан гэж дуулсан. Гэхдээ та үүний оронд улс орнуудаар явж хүмүүст үнэгүй сонирхуулж, зааж байна шүү дээ. 

-Би долоо дахь удаагаа воркшоп хийх гэж байна. Залуу уран бүтээлчид юм уу сурагч, оюутнуудыг би энэ зүйлдээ хамруулах сонирхолтой байдаг. Ер нь хаана ч байсан бидэнд илүү шинэлэг зүйлийг олгож, өгч, зааж чадах зүйлийг бид олж харж, түүнд хамрагдахыг зорих ёстой. Жишээ нь бид дөрвөн жилийн турш нэг их сургуульд суралцаж, бүгд нэг ижил зүйлийг сураад гардаг. Ийм байхад бид хэрхэн өөрчлөлт хийж чадах вэ? Багш нар болоод их сургуулийн бидэнд зааж өгөөгүй зүйлийг бид суралцах хэрэгтэй. Хэрэв сурсан бол түүнийгээ хуваалцаж яагаад болохгүй гэж? Коллаж хийх воркшоп дээр бид олон сонирхолтой зүйлийг хамт хийж болно. Жишээ нь хөрөг. Хөрөг гэхээр дан ганц өөрийн нүүр царай, биеийг илэрхийлж бүтээнэ гэсэн үг биш. Юунд дуртай, юугаар өөрийгөө илэрхийлдэг, бас мэдрэмж гээд юуг ч коллаж аргаар бүтээж болно. Надад гол нь хүн болгоны өөрийгөө илэрхийлсэн бүтээл хэрэгтэй. Хөрөг хийлгэж эхлэхийнхээ өмнө би хүмүүсээс эхлээд өөрийнхөө тухай бод, юунд дуртай, хаанаас ирсэн, ямар зорилготойгоо бод гэж хэлнэ. Хүн болгон өөр шүү дээ. Ихрүүд хүртэл өөр хоорондоо ялгаатай байдаг. Өөрийн хэн гэдгээ олж мэдэж чадахгүй бол чи ямар ч өөрчлөлт гаргаж чадахгүй. Сургуульд дандаа ижил зүйл зааж, ижилхэн болгохыг оролддог. Харин би үүний эсрэг байдаг. Багшилна гэдэг нэг ижил мэдээлээ дахин дахин, өөр өөр хүмүүст өгөхийг хэлдэг болчихсон. Учир нь нийгэм бидэн шиг олон “өөр” хүмүүстэй байхыг хүсэхгүй байна. Бас үүнийг үнэгүй хийж байгаа гол шалтгаан минь бол би боловсролыг үнэгүй байх ёстой гэж боддогтой холбоотой. Бас бие биедээ хариу нэхэлгүйгээр мэдлэгийг түгээх ёстой. Хэрэв ямар нэгэн зүйлийг сурахын тулд өндөр үнэ төлж байгаа бол, энэ дэлхийд чинь юу болоод байна вэ? Зөвхөн мөнгөтэй, баян хүмүүс сурч, бусад нь ядуурч, шаналж амьдрах ёстой гэж үү? Би үүний эсрэг байдаг. Илүү сайхан ирээдүйг бүтээхийн төлөө би яагаад өөрийн чадах өчүүхэн ч гэсэн зүйлийг хийж болохгүй гэж? Залуу үеийнхэнд илүү их боломж байгаа. Би ирээдүйд өөрийн урлагийн сургуультай болохыг хүсэж байна. Бүтээлч хүн бүхэнд зориулсан тийм газартай болох нь миний мөрөөдөл. Өмнө нь хэлсэнчлэн нийгэм өвөрмөц хүмүүсийг олон байлгахыг хүсэхгүй байна. Гэхдээ хүмүүс нэгэн хэвийн болсоор байвал бүгд яг л машин шиг болно. Тэгээд гоо сайхан, урлаг гэж үгүй болохтой зэрэгцэн зөвхөн эдийн засаг, мөнгө гэсэн зүйлс л үлдэнэ. Хэрэв ингэх юм бол бидний дэлхий удаан тэсэхгүй байх. Харин уран бүтээлчид бүтээлээрээ дамжуулан бүх хүмүүст шинэ содон санаа, сайхан сэтгэл, онцгой мэдрэмжийг түгээх ёстой. 

Түүний воркшоп бямба гарагт буюу наймдугаар сарын 11-нд болох ба та яг одоо эвент рүү орж үзнэ үү.

Instagram: yohnagao

Facebook: Yoh Nagao 長尾ヨウ


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.