Хайх зүйлээ бичнэ үү

"+17" цувралын гол дүр, Эмоци продакшны залуу жүжигчин У.Цогтбаяртай ярилцлаа.

"+17" цувралын гол дүр, Эмоци продакшны залуу жүжигчин У.Цогтбаяр маргааш нээлтээ хийх "Bad Angel" киноны гол дүрийг бүтээсэн юм. Урлагийн ертөнцөд шинэ өнгө төрх нэмж, дэлгэцийн бүтээлд шинэ уур амьсгал оруулаад буй түүнтэй хийсэн яриаг уншигч танд хүргэж байна.

-Ярилцлагаа таны сүүлийн үеийн уран бүтээлийн тухай яриагаар эхэлье. Ойрын үед ямар бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Одоо “Эмоци” продакшны наймдугаар сарын 25-нд болох “This is Mongolia” тоглолтод бэлдэж байна. Мөн энэ сарын 23-нд “Bad Angel” кино маань нээлтээ хийх гэж байгаа. Киноны ажил ерөнхийдөө дуусчихсан. Одоо тайзны тоглолтын бэлтгэл үргэлжлээд явж байна.

-"+17" цуврал нийт 9 ангитай шүү дээ. Анх энэ бүтээлийн санаа хэрхэн төрсөн бэ. Ер нь хэрхэн шинэ санаа орж ирдэг тухайгаа хуваалцана уу?

-Тухайн үед их аз завшаантай зүйл болсон юм шиг санагддаг. “Orange” энтертаймент надад "Stand-up шоу хийгээч, бид маркетинг нь хийе. Галзуу, мэргэжлийн түвшинд stand-up комеди шоу хийцгээе" гэсэн санал тавьсан. Надад тийм туршлага байхгүй, зөвхөн хошин урлагт л таван жил ажиллаж байсан учир "Маск" продакшнд арван жил ажилласан туршлагатай Жижгээ ахтай уулзаж энэ тухай ярилцсан. Жижгээ ах надад гадны шоунуудыг үзүүлж, би ч бас нэг Америкийн шоу үздэг байснаа нийлүүлж байгаад эхний удаа туршилтаар хийж үзсэн. Туршилтаар хийсэн зүйл маань амжилттай болж, төсөв мөнгө хангалттай гараад, 20, 30-аад хүний баг бүрдүүлэн “+17" цувралаа эхлүүлж байсан даа. Мөн "+17" цувралын санаануудын 50-60 хувь Жижгээ ах бид хоёроос гарч байсан. Эхний санаа нэг иймэрхүү байя, эхлээд нэг гүнж шивэгчин хоёр хоорондоо ярилцъя гэх мэтээр ерөнхий санаануудаа гаргаад, МУИС-ийн Анхбаяр гэх мундаг зохиолч, нийтлэлч хүнээр диалогуудыг нь бичүүлсэн. Тэр хүнийг ерөнхийдөө сүүлийн үеийн кинонуудын хамгийн сайн диалоги бичдэг хүн гэж ойлгодог. 

-“Bad Angel” бүрэн хэмжээний уран сайхны кино нээлтээ хийх гэж байна. Киноны тухай сонирхуулаач?

-Миний хувьд бүрэн хэмжээний уран сайхны кинонд бүтээсэн гурав дахь гол дүр. Өмнө нь “Параллель ертөнц”, “Зөв алдаа” гэсэн хоёр кинонд гол дүрд тоглосон. Жижгээ ахын хувьд цувралын гол дүр байсан ч энэ кино анхных нь бүрэн хэмжээний киноны гол дүр гэж хэлж болно. Киноны хувьд “+17” ямар цуврал байсан бэ, мөн бид хоёрыг жүжигчний хувьд хэр хэмжээнд байгаа вэ гэдгийг харуулсан кино болно гэж бодож байна.

- Киноны дундуур хөгжилтэй зүйлс их тохиолддог байх. Дурсамжаасаа хуваалцана уу?

-Хөгжилтэй зүйл зөндөө тохиолддог. Жижгээ ах нэг цагдаагийн хувцас олоод замын цагдаа болж байгаа хэсэг дээр зураг авалтгүй сул байж байх үедээ тэрүүгээр явж байсан жолооч нарыг зогсоож, янз янзын юм асуугаад инээдэм болж байтал цагдаа ирээд Жижгээ ахыг машинд суулгаад аваад явчихсан. Тэгээд Жижгээ ах бараг л уйлахаа шахсан. Явахдаа намайг дуудаад л Ерөнхий найруулагчийг бас дуудаад л, бараг усан хулгана шахуу юм болчихсон байсан. Дараа нь бөөн юм болж байж гаргаж авсан даа. Ер нь цагдаа, сэргийлэхийн хувцас өмсөөд гадуур дотуур хамаагүй маазарч болохгүй юм байна лээ.

-Урлагийн хүн, тэр дундаа жүжигчин хүнд заримдаа шантарч, хэцүү санагдах үе нэг биш удаа тохиолддог байх. Тэр үед өөрийгөө хэрхэн зоригжуулдаг вэ?

-Би өөрийгөө өглөө толинд харж байхдаа “За алив л дээ, чөтгөр алгад гэж, залуу минь чи чадна” гэж өөртөө хэлээд, нүдээ аниад G-Class дотор суучихсан гэр бүлтэйгээ явж байна, гадаад руу аялж байна, онгоцтой болчихсон байна гээд аль болох дүрсэлж хардаг. Ер нь бага багаар биелээд байх шиг байна. Хоёр жилийн өмнөхөн гутлаа чирсэн гуйлгачин л байлаа шүү дээ. Одоо бол харьцангуй сайхан болжээ.

-"+17" цувралын Цогтоо, Жижгээ гэдгээр нь хүмүүс, тэр дундаа залуучууд андахгүй болсон. Тэгвэл амьдрал дээр та хоёр яг ямар хүмүүс байдаг вэ?

-Бид хоёр цуврал дээрх шигээ бол биш. Цуврал дээрээ хормойд нь салхи орчихсон аятай л байдаг шүү дээ. Зүгээр инээж ханиах юм бол бий. Маазрах үе ч зөндөө. Жижгээ ахыг би БНСУ-д гурван сар ажил хийгээд ирчихсэн, хошин урлагт арван жил ажиллаж, ер нь сайн муу юмыг их үзсэн сайн залуу гэж боддог. Үүнтэй адилхан Жижгээ ах ч намайг ингэж боддог байх. Би амьдрал дээр тийм ч хөдөлгөөнтэй биш ээ. Эсвэл сүүлийн үед тийм болчихсон ч байж магадгүй.

-Хэр нийтэч хүн бэ. Олон найз нөхөдтэй юу?

-Ер нь нийтэч. Гэхдээ бүр нэг хамаа намаагүй хүмүүс байдаг даа? Тийм бол бас биш байх. Багын найзуудтайгаа л чөлөөтэй, сайхан байдаг. Бусад хүмүүсийн хажууд болохоор биеэ бариад байдаг ч юм уу, үг дуу цөөтэй л байх юм.

-Одоо нэг хүүхэдтэй шүү дээ. Хэр том болсон бэ. Бас хэдэн хүүхэдтэй болохыг хүсдэг вэ?

-Одоо манай хүү 8 сар хүрлээ. Боломж нь байвал олон хүүхэдтэй болохыг л хүсч байна даа.

-Танай эхнэр ажлыг чинь хэр ойлгож дэмждэг вэ? Урлагийн хүнтэй гэр бүл байх хэцүү гэдэг.

-Хэцүү хэцүү. Урлагийн хүн гэр бүлдээ анхаарал халамж, цаг зав гаргах нь бага байдаг болохоор хэцүү юм шиг санагддаг. Эхнэртэйгээ ярилцаад үзэхээр зүгээр байдаг мөртлөө оронд нь өөрийгөө тавиад бодохоор өөр. Одоо тоглолтын бэлтгэлдээ орчихсон, үндсэндээ бүтэн сар өглөөнөөс шөнө болтол гэртээ харихгүй байна гэхээр нялх хүүхэдтэй учраас хэцүү үеүд тохиолдоно. Гэхдээ энэ нь надад л бодогдоод өнгөрч байгаа зүйл. Хоорондоо ярилцаад үзэхээр тийм юм байхгүй, амьдрал зүв зүгээр үргэлжилж байна. Яалт ч үгүй цаг зав бага болохоор гэр бүлдээ анхаарах минь багасаад байж магадгүй. Бусдаар бол гайгүй дээ. Би одоо “Bad Angel” киноныхоо нээлтийг хийж, олон хүмүүст чадахаараа хүргэснийхээ дараа амрах бодолтой байна.

-Айлаас хэдүүлээ вэ?

-Айлын том. Охин дүүтэй.

-Бага байхдаа “Гэрэлтэй цонх” үзээд жүжигчин болохоор шийдэж байсан гэдэг. Анх танай гэр бүлийнхэн жүжигчин болно гэхэд хэрхэн хүлээж авч байсан бэ?

-Бага байхад хүүхэд учраас хөгжиж дэвшиг гэсэн үүднээс жүжгийн дугуйланд намайг явуулж байсан юм. Олон жил явсан л даа. Бас хүүхдийн нэвтрүүлэг хөтөлдөг, уралдаан тэмцээнд их ордог хөдөлгөөнтөй хүүхэд байсан болохоор гэрийнхэн их дэмждэг байсан. Яг арван жилээ төгсөөд мэргэжлээ сонгох тэр үед манай ээж “Миний хүү зүгээр хуульч бол” гэж надаас аминчлан гуйж байсан юм. Би юм уншаад, түүнийгээ марталгүй тогтоогоод үлдчихдэг, тэр талдаа сайн болохоор ээж маань хуульч болбол алдахгүй гэж бодсон юм шиг байгаа юм. Тэр үедээ би илтгэлийн тэмцээнд их оролцдог байсан. Тэгээд ганцаараа зөрсөөр байгаад л хотод ирээд жүжигчин болчихсон. Сүүлд ээжийн маань хэлсэн үг ортой байж гэж бодогдох үе байсан. Яагаад гэвэл би оюутан байхдаа зөөгч хийдэг байсан. Тэгээд хуулиар сурсан бол ирээдүйд аль нэг том компанийн хуулийн зөвлөх хийгээд явж байх байж дээ гэж бодож байсан.

-Арван жилдээ хэр сурлагатай хүүхэд байсан бэ. Хэрэг төвөг их тарьдаг байв уу эсвэл хичээлээ хийгээд явдаг номын хүүхэд байсан уу?

-Тэр их сонин. Үзэгнийхээ бэхийг уугаад л, тоглоом хийгээд л, ер нь хамгийн хөдөлгөөнтэй хүүхэд байсан даа. Сургуульдаа бараг хамгийн сахилгагүй нь байсан. Уг нь бага ангидаа их гайгүй байсан юм. Дунд ангид ороод л байхгүй, уран зохиолын хичээлээс бусад хичээлд бол нойл.

-Оюутан байхдаа зөөгч хийж байсан гэлээ. Үүнээс гадна ямар, ямар ажил хийж үзсэн бэ. Хамгийн хэцүү ажил нь таны хувьд юу байсан бэ?

-Үерийн далан, зам засварт ажиллаж байлаа. Аль аль нь л хүнд ажил. Гахайн фермд бас ажиллаж байсан. Тэр бол хамгийн хэцүү нь. Ер нь дэлхийн хамгийн хэцүү ажил бол гахай маллах гэдэг юм байна лээ. Гахай маллах ажлыг одоо бүр төсөөлөхийг ч хүсэхгүй байна. Зүүдэнд ормоор. 

-Жүжигчин байхын хамгийн сайхан нь таны бодлоор?

-Айл болгоны хойморт, цэнхэр дэлгэцээр гардаг хүн бол жүжигчин. Тайзны шоу тоглолт ч бай, уран сайхны кино, богино хэмжээний зар сурталчилгаа ч бай. Тэгэхээр их л бэлгэшээдэг юм. Энэ нэр хүндийг аятайхан л авч явах юмсан гэж боддог. Буруу авч яваад алдсан хүмүүс их харагддаг.

-Тэгвэл хэцүү тал нь?

-Хэцүү тал нь гэвэл олны хараанд ил тод байдаг. Хэцүү байдаг ч гэж, сайхан л байна даа.

-Одоогийн Монголын хошин урлаг ямар түвшинд байгаа гэж боддог вэ. Яг ямар зүйл дутагдаж байгаа юм шиг санагддаг вэ? 

-Би саяхан "50 чухал хүн" гэдэг номонд орсон. Номын зарлага ирэхэд нь яагаад тэр номонд орсноо их гайхаж байсан. Учир нь тэр номонд Ц.Нямдорж гуай, Ц.Балхжав, Гацууртын Л.Чинбат гэх мэт Монголын салбар салбарын том хүмүүс байснаас хамгийн залуу нь би байсан. Монголын хорин жилийн түүхтэй хошин урлагийг шинэ түвшинд хөгжүүлсэн гээд намайг оруулсан юм билээ. Их л гайхаад байгаа юм. Би яах вэ энтертайнмент талыг л барьсан. Хүмүүс тэр болгон СТӨ-нд очоод хоёр цаг тоглолт үзээд байх цаг завгүй. Харин ажлаа тарж ирээд гэртээ хүүхдүүдээ унтуулчихаад үзэх насанд хүрэгчдийн контентийг анх гаргаж хэрэгжүүлснээр "ёндоотой" зүйл болсон гэж бодож байна. Энэ нь хошин урлагийг хөгжүүлсэн гэж байгаа боловч Жижгээ ах бид хоёр ярилцахдаа "Манайд 'UB comedy', 'Оннц Дүмд' гээд хөгжөөд байна. Хошин урлагт нэг шинэчлэл хийе, насанд хүрэгчдийн болгоё" гэх мэт их бодож, ярилцаж гаргасан. Энэ маань үнэхээр санаанд оромгүй амжилт авчирч чадсан.

-Хошин урлагт дутагдаж байгаа зүйлийг нөхөж чадсан гэж ойлгож болох нь.

-Тэгж хэлж болно.

-Жүжиглэхээс гадна өөр авьяас бий юу?

-Багадаа яруу найраг, эсээ зэргээр олон уралдаан тэмцээнд түрүүлж байлаа. Ээж минь зохиолч, аав маань зураач, сийлбэрч хүн болохоор удмын нэг юм байдаг юм шиг. Энэ маань бусад жүжигчдээс ялгарах давуу тал болдог юм шиг байна лээ. Яагаад гэхээр би цуврал дээрээ үг хэллэг дээр нь дандаа өөрөө ажиллаж байгаад зураг авалтад ордог. Тэгэхгүй бол байгаагаар нь үгээ хэлчихвэл цээжилсэн үг болоод, тавилттай болох тал байдаг болохоор "ерөнхий миний зорилго ийм, би ингэж ярилцаад, дараагийнх дээр ингэнэ" гэдгээ тооцоолж бодоод, тэр дундах үгээ боловсруулахдаа харин дотроо боддог байхгүй юу. Цаасан дээр буулгачихвал бас бичсэн үг болчихдог тал бий. Тийм учраас Жижгээ ах бид хоёрын ажиллагаа хүмүүст энгийн хүрдэг юм болов уу. 

-Жүжигчин хүнд байх ёстой хамгийн гол зарчим юу байдаг юм бол. Олон хүүхэд залуус жүжигчин болох хүсэл мөрөөдөлтэй байдаг шүү дээ. 

-Стив Жобсын хэлсэн нэг үг бий. Тэр нэг их лаг үг биш л дээ. Бага байхад нь гардаг байсан нэг сэтгүүлийн ард талд  “Тэнэг бай, өлсгөлөн бай” гэдэг үг байсан гэсэн. Тэр үг амьдралынх нь зарчим гэдгийг баримтат киноноос нь үзэж байсан. Үүнийг л дотроо бодож явдаг. "Өлсгөлөн бай, тэнэг бай" гээд л. Цаг минут тутамд тэнэг бай, юмыг мэдэх юмсан гэдэг хүсэлтэй бай. Өлсгөлөн бай гэдэг нь шинэ санаа, шинэ зүйл хаана байна тэрийг эрэлхийлдэг, өлсөж байгаа мэт л эрж хай гэсэн утгатай байх. Энэ үгийг л зарчмаа болгоё гэж бодоод байгаа.

-Монголын кино урлаг, хошин урлагийнхнаас та хэнийг шүтэж, үлгэр дуурайлал авч явдаг вэ?

-Хорин жилийн түүхтэй энэ хошин урлагаас Жижгээ ах бид хоёр гарч болохоор байсан ч орхиогүй. Олон жилийн түүхтэй энэ зүйлийг залуучууд бид л өөрчилж, хөгжүүлнэ гэж боддог. Тийм учраас хошин урлагаас гарах ямар ч хүсэлгүй байна. Яаж улам шинэ түвшинд хөгжүүлэх вэ гэж бодож байгаа. Би хувьдаа Баатархүү ахыг их хүндэлж явдаг. Баатархүү ах бол намайг хошин урлагаас болиод телевизийн салбарт оръё гэж бодож байх үед энэ салбарт маань үлдээсэн хүн. Тийм ч учраас Баатархүү ахдаа их баярлаж явдаг. Хүндэлж явдаг мундаг комедиан гэвэл Төтө, Тэмка, Баатархүү, Бархүү, Хүрлээ ах нар маань байна. Дандаа мастерууд. Эд нарыг л багаасаа үзэж, дуурайж явдаг байсан. Нэг мэдсэн одоо хамт ажилладаг, зүү орохооргүй ах дүү болцгоосон. 

-Залуу хүн, шинэ зүйл хийж яваа уран бүтээлч хүний хувьд тулгардаг бэрхшээл юу байдаг юм бол?

-“Orange entertaiment", “Nomadia pictures” болон “ +17" төслийг хөрөнгө оруулж дэмжсэн нь энтертаймент талын салбарт анх удаа шинэ залуу хоёр хүнийг дэмжсэн үйл явдал болж байгаа юм. Хошин урлагийн нэрт мастеруудыг тоглуулж болохоор том төсөл, том хөрөнгө оруулалт байгаа болохоор бид хоёрыг оруулах гэж их л юм болсон доо. Бид хоёр ч чадна гэдгээ харуулсан. Ер нь уран бүтээлчдийг залуу гэлтгүй хөрөнгө оруулдаг, дэмждэг байвал залуучуудаас их юм гарах юм шиг санагдсан. Жижгээ ах бид 2 чинь хорин хэдтэй л залуус. Тэгэхэд он гаргаад арав гаруй компанийн нүүр царай болж, нэг өдөрт арван нэвтрүүлэг залгаж байсан. Ийм их эрэлт хэрэгцээтэй хүмүүс болно гэдгээ төсөөлж ч байгаагүй. Тэгэхээр залуу гэлтгүй амжилтад хүрэх боломжтой юм байна лээ. Мөн "+17" төсөл жүжигчний мэргэжлээр сурч, хичээж яваа олон залуучуудад урам өгсөн болов уу. Хэний ч танихгүй хоёр залуу хийгээд, тэслээд л гараад ирсэн. Үүн шиг олон залуучууд байгаа гэж бодож байна. 

-Цогтоо гэж хүн ер нь ямар хүн болохыг хэлж өгөөч. Өөрийгөө магтсан ч болно шүү дээ. Энэ бидний ярилцлагын сүүлчийн асуулт болог.

-Одоо болтол өөрийгөө би олоогүй л гэж бодож байна. Яагаад гэвэл би оюутан байх хугацаандаа жүжигчний фестивальд оролцоод уянгын жүжгээр шагнал авч байсан болохоор тийм нүдээр өөрийгөө хардаг байлаа. Төгсөөд УДЭТ-т орно гэсэн ч үнэхээр орох боломж байхгүй, хошин урлагийн продакшнууд ч авахгүй гэх мэт зөндөө хэцүү зүйл тохиолдож байсан. Одоо бодоход кинонд дуу оруулдаг байх үед бас богино хугацаанд амжилт олсон. Олон ч анимэйшн кинонд дуу оруулж байсан. Тийм болохоор хошин урлагт авьяастай юм уу, уянгын эсвэл драмын талдаа авьяастай юм уу, нэг бол закадрын жүжгийн талдаа ч авьяастай юм уу, өөрийгөө мэдэхгүй л байна. Нэг бол уран зохиолын салбарт хэний ч бичиж чадахааргүй зохиолыг бичиж чадах ч юм уу гэх мэтчилэн би өөрийгөө эрж хайгаад явж байна. Яадаг ч байсан уран бүтээлээ үзэгчдэд тасралтгүй хүргэнэ. Яс хавталзаад өөрийгөө бас яг магтаад хэлж чадахгүй нь. Наймдугаар сарын 23-нд "Bad Angel" киногоороо эцсийн эцэст "+17" цувралын Цогтоо, Жижгээ хоёр ямар чансаатай жүжигчин бэ гэдгээ харуулах болно. Аль аль нь "Маск" болон "Эмоци"-ийн тоглолтууддаа сайн оролцоно. Тайзны урлаг амьд байдаг учраас маш их кайфтай байдаг. Дэлгэцийн бүтээл бол эвлүүлгийн урлаг байдаг учраас тухайн мөчид биш хэсэг хугацааны дараа хүмүүст хүрнэ. Ирж үзсэн хүмүүсийн сэтгэгдэл 100 хувь гэж үзвэл дараа нь интернэт, гар утсаар ч юм уу, зурагтаар үзэхэд тухайн мэдрэмжийн хаана ч хүрдэггүй юм шиг санагддаг.

-Ярилцсанд баярлалаа.

Ярилцсан: Э.Мөнхжаргал


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.