Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Г.Батсүх: Эрдэм, оюун ухааныг бүрдүүлэхээр тарьсан үр маань ургацаа өгч эхэлжээ

МГТИС-ийн (GMIT) 2018-2019 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо.


Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС)-ийн 2018-2019 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо.

Нээлтэд тус сургуулийн захирал, доктор Н.Дорждэрэм, ХБНГУ-ын Элчин сайдын яамны төлөөлөл, БСШУСЯ-ны Дээд боловсролын хөгжлийн бодлого төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн Д.Баяр, “Оюу толгой” компанийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх нар болон бусад төлөөлөгч, багш ажилтан, оюутнууд оролцсон юм. 

МГТИС-ийн захирал, доктор Н.Дорждэрэм багш ажилтнууд болон оюутнууддаа хичээлийн шинэ жилийн мэнд хүргэж, хичээл сурлагын амжилт хүслээ.

Тэрбээр “Манай сургууль дэлхийд тэргүүлдэг инженерийн герман боловсролыг монгол хүүхдүүддээ англи хэлээр, онол дадлага хослуулан олгодгоороо давуу талтай. Олон улсад магадлан итгэмжлэгдсэн сургууль юм. Германы сургалтын хөтөлбөрт тулгуурласан, монгол компаниудын хэрэгцээнд зориулсан сургалтын системээр хичээллэдэг. Сургууль маань “Герман мэдлэг, монгол ухаан” гэсэн уриатай. Мөн оюутнуудынхаа дадлагын ажлыг чухалчилдаг учраас дотоодын болон гадаадын компаниудад дадлага хийлгэх бүрэн боломжоор хангасан. Энэ жил оюутнуудаа Герман, Франц, Казахстан, Хонконгод мэргэжлийн дадлага хийлгэсэн. Тиймээс манай төгсөгчид Монголын төдийгүй олон улсын компаниудад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн болж байна гэсэн үг” гэлээ. 

Энэ хичээлийн жилд тус сургуульд 170 гаруй оюутан суралцаж байгаа аж. Уул уурхай боловсруулах инженер, Механик инженер, Хүрээлэн буй орчны инженер, Үйлдвэрлэлийн менежмент, эдийн засагч инженерийн чиглэлээр бакалаврын боловсрол олгож байгаа бөгөөд инженерийн бэлтгэл ангийн нэг жилийн хөтөлбөр болон Байгалийн нөөц, хүрээлэн буй орчны олон улсын менежментийн магистрын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

МГТИС нь Монголын хамгийн анхны хотхонтой их сургууль бөгөөд Налайх дүүрэгт байрлаж байна. Нийслэлийн хүн амын төвлөрлөөс зайдуу, оюутнуудыг зөвхөн хичээлдээ шамдан суралцах орчин, нөхцөлөөр 100 хувь хангаж өгснөөрөө онцлог юм. “Оюу толгой” ХХК байгуулсан сургуулийн байр нь лекцийн заал, лаборатори, компьютерийн танхим, номын сан, бялдаржуулах өрөө, амралтын өрөө, дотуур байр зэрэг оюутан, ажилтнуудыхаа сурч боловсрох, ажиллах боломжоор бүрэн хангасныг онцлууштай. 

Г.Батсүх: "Оюу толгой" ХХК боловсролын салбарт 125 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр БСШУСЯ-тай гэрээ хийсэн

“Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх “Аливаа нийгмийн баялгийг хүн бүтээдэг. Барилга байгууламж бүтээхээс илүүтэйгээр хүнийг бүтээх нь чухал гэдэгт оюу толгойчууд итгэдэг. Тийм учраас манай компани сүүлийн жилүүдэд боловсролын салбарт ихээхэн хөрөнгө оруулалт хийсээр ирсэн. БСШУСЯ-тай гэрээ байгуулж, 125 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэн оюутнуудыг гадаад, дотоодод сургаж байна. Дархан, Чойр, Эрдэнэт, Налайх, Даланзадгад, Ханбогдод сургууль барьж байгуулах болон сургуулийг өргөтгөх ажлууд хийж байна. Мөн багш нарыг Канад, Австрали зэрэг гадаад улсад сургах зэргээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн боловсролыг эзэмшүүлж байгаа. Түүний нэг нь өнөөдөр хичээлийн шинэ жилийн нээлтээ хийж буй Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль юм. 2012 онд тухайн үеийн БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр, “Оюу толгой” компанийн удирдлагууд болон Налайх дүүргийн удирдлагууд хамтран энэ сургуулийн шавыг тавьж байлаа. Харин өнөөдөр оюутны хотхон хөгжчихсөн, сургуулийн хичээлийн танхим болон оюутны дотуур байранд ороход дэлхийн аль ч их, дээд сургуулийн байртай ижилхэн хэмжээнд байгаад нь талархаж байна. Эрдэм, оюун ухааныг бүрдүүлэхээр 2012 онд тарьсан үр маань өнөөдөр ургацаа өгч эхэлжээ. Анхны төгсөгчдийн нэг Сүхбат манай компанид ажиллаж эхэлсэн. Энэ бол “Оюу толгой” компани, гадаадын хөрөнгө оруулагчид, манай улсын Засгийн газрын хүсэн хүлээсэн, төлөвлөж байсан үр дүн гарлаа гэж үзэж байна. Дэлхийн хэмжээний боловсролыг Монголдоо эзэмшсэн төгсөгчид уул уурхайн салбарын компаниудад болон “Оюу толгой”-н гүний уурхай ашиглалтад орох 2020 он гэхэд тэнд ажиллах боловсон хүчин бэлтгэгдэж байгаа нь их чухал юм. Учир нь энэ сургуулийн оюутнууд төгсөөд аль ч орны магистрын хөтөлбөрт суралцахад хэлний болон мэргэжлийн саадгүйгээр шууд элсдэг юм байна. Тэгэхээр энэ сургууль дэлхийн хэмжээний төгсөгчдийг бэлтгэдэг байна. “Оюу толгой” зөв шийдвэр гаргаж, энэ сургуулийг барьж өгчээ. Нийт оюутнууддаа санаж, бодож яваарай гээд ардынхаа хоёр ухаант үгийг хэлье. Эртнээс монголчууд “Эрт боссон хүн нэгийг үзэж, орой унтсан хүн нэгийг сонсдог” гэж ярьсаар ирсэн. Цагийн үнэ цэнийг мэдэрч, хичээлдээ шамдаарай. Хоёрдугаарт, “Эдээр биеэ чимхээр эрдмээр биеэ чим” гэж үг бий. Эд бол ямар нэг байдлаар алга болно харин сурсан эрдмийг хусаад ч арилахгүй шүү, хүүхдүүдээ” хэмээлээ. 

2017-2018 онд “Оюу Толгой” ХХК-д Хүрээлэн буй орчны инженер хөтөлбөрийн гурван оюутан, Механик инженер хөтөлбөрийн нэг оюутан дадлагын ажил хийснээс анхны төгсөгчдийн нэг А.Сүхбат тус компанид ажилд орсон байгаа. Мөн энэ онд Механик инженерийн хөтөлбөрийн оюутан П.Тэмүүлэн “Оюу Толгой” ХХК-ийн дотоодын тэтгэлэгт хөтөлбөрт амжилттай хамрагдсан аж.


Оюутнуудаа DAAD-ын цалинтай тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжийг бүрдүүлжээ

Хичээлийн нээлтийн үеэр DAAD-ын тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн оюутнууддаа батламж гардуулав. Тэдний нэг Э.Уранбилэг “Өнгөрсөн жил сургуулийнхаа инженерийн бэлтгэл ангид суралцсан. Энэ жил нэгдүгээр курст орж байна. DAAD-ын тэтгэлэгт тэнцсэндээ маш их баяртай байна. Энэ тэтгэлэг нь сургалтын төлбөр дээр нэмэгдээд сар бүр 200 еврогийн стипенд олгодог юм. Би инженер болох хүсэлтэй. Сургууль маань Монголд инженер бэлтгэдэг сургуулиудаас хамгийн сайн нь гэж боддог. Оюутнуудынхаа бие даах чадварыг маш сайн хөгжүүлдгээс гадна суралцах орчин нь тав тухтай, их сайхан байдаг” гэсэн юм. 

Одоогоор МГТИС-ийн нийт оюутны 40 хувь нь тэтгэлэгт хамрагджээ. Тэтгэлгийг сургууль болон түнш байгууллагуудаас санал болгодог аж. Мөн 2017 оноос эхлэн 20 оюутанд DAAD-ын цалинтай тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжийг бүрдүүлсэн байна.

Монгол-Германы ашигт малтмал, технологийн их сургуулийг байгуулах талаар Герман Улсын Канцлер Ангела Меркел болон тухайн үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж нар 2011 оны аравдугаар сард хэлэлцэн тохиролцжээ. Улмаар 2013 онд Монгол, Герман хоёр орны Засгийн газрын санаачилга болон “Оюу толгой” компанийн дэмжлэгтэйгээр МГТИС-ийг үүсгэн байгуулсан түүхтэй. МГТИС-ийг хоёр улсын Засгийн газар дэмжин ажилладаг юм. Монгол Улсаас БСШУСЯ болон ХБНГУ-аас Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ), Германы Эрдмийн Солилцооны Алба (DAAD)-наас хариуцан, хэрэгжүүлэгч байгууллагаар ажиллаж байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.11
2018 оны шилдэг 10 Солонгос кино
2
2019.01.11
Хүүхдэд заавал сонсгох шилдэг 10 сонгодог хөгжмийн бүтээл
3
2019.01.10
Playlist: Гэртээ харих замдаа сонсох 13 дуу
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
2
32
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.