Хайх зүйлээ бичнэ үү

Тэр тун удахгүй шинэ уран бүтээлүүдээ та бүхэнд хүргэх болно.

Монголын хип-хоп урлагийн шинэ залуу үеийн төлөөлөл болох Roockie буюу У.Мөнхбагана өөрийн бүтээлүүдээрээ залууст хэдийн танигдсан нэгэн билээ. Түүнтэй хийсэн ярилцлагыг уншигч та бүхэндээ хүргэж байна.

-Сүүлийн үеийн уран бүтээл болон ямар шинэ уран бүтээл гаргахаар ажиллаж байгаа тухай уншигчидтай хуваалцаач?

Одоогоор нэг цомог бичиж байна. Гэхдээ гарах үгүйг нь сайн хэлж мэдэхгүй байна. Дуунуудаа нэг нэгээр нь цацах  уу, эсвэл цомог болгож гаргах уу гэдгээ ярилцаж байгаа. Хамгийн сүүлд Амараа гэдэг залуутай хамтран “Pretty boy swag” дуугаа гаргасан.

-Анх энэ урсгалаар уран бүтээлээ хийж эхэлж байхад хүмүүс хэрхэн хүлээж авч байсан бэ. Одоо хүмүүсийн   хандлага өөрчлөгдсөн үү?

 Анх бол хэцүү байсан. Сэтгэгдлүүдийн 100-гаас 80 хувь нь сөрөг хандлагатай, 20 хувь нь л энэ хөгжмийг таалдаг хүмүүсийн эгнээнд орох ч юм уу. Харин одоо бол гайгүй болсон. Хүлээн авч сонсож буй хүмүүсийн 80 орчим хувь нь зөвшөөрдөг болсон. Дээрээс нь бид нараас хоёр дээшээ үеийн репперүүд ч гэсэн хүлээн зөвшөөрдөг болсон гэж ойлгож байгаа.

-Багадаа ямархуу хүүхэд байсан бэ. Багаасаа урлагт сонирхолтой байсан уу?

Багаасаа л сонирхолтой байсан. Эгч ах нар хип-хоп их сонсдог байсан. Тэгээд л тэд нар дээр очиж хип-хоп сонсдог байлаа. Миний аав надад Майкл Жексоны CD-ийг авч өгдөг байсан. Тэгээд CD тоглуулагч дээр тоглуулж, клипийг нь үздэг байсан. Майкл Жексон, Крис Браун зэргийг дуурайгаад л. Гэхдээ ер нь эргээд харахад монгол дуу бага сонссон байна лээ. Аав маань ерөөсөө монгол дуу сонсдоггүй байсан л даа. Итали дуунууд сонсдог, дэрэээс нь аав ээж хоёулаа гитар тоглодог байсан. Тийм болохоор хөгжимтэй ойр өссөн.

-Дууны үг бичих санаа хэрхэн орж ирдэг вэ?

Цэвэрхэн орчинд байхдаа эсвэл байгаа орчноо гялс цэвэрлэчхээд тав тухтай орчинд байж байхдаа л юунд ч сатаарахгүй байдаг. Тамхи татаад бүтэн нэг өдөр суух үе ч гардаг. Бүр хайрцаг тамхиа дуусгасан байдаг.

-Залуу репперүүдийн хувьд уран бүтээлээ гаргахад тулгардаг хамгийн том бэрхшээл нь юу байдаг вэ?

Мэдээж спонсор. Эсвэл бид нараас дээд үеийн, урлагийн дээд түвшнийхэн гэх юм уу, тэд нар залуу уран бүтээлчдийг жаахан түлхэх асуудал гардаг. Үе тэнгийн залуучууд бас юм хийдэг хүмүүсээ хүлээн зөвшөөрөхгүй байх асуудал ч гарна. Сэтгэл санааны хувьд тиймэрхүү онцгүй зүйлс их тохиолддог. Гэхдээ түүнийгээ зүгээр өнгөрөөж сурсан.

-Ямар уран бүтээлчээс урам зориг авдаг вэ?

Камертон хамтлагийн Болд ах. Ер нь хамтарч дуу хийнэ гэсэн бодолтой байдаг. 

-Squally Boyz хамтлаг анх Squally Boyz дуугаа гаргахад хүмүүс сөрөг хандлагаар хүлээж авч байсан тэрийг юу гэж  хүлээж авсан бэ?

Тэр үед трап гэдэг урсгал Монголд орж ирэхэд бас нэг том туслалцаа үзүүлсэн байх гэж боддог. Яагаад гэвэл яг зоригтой суугаад хийчих хүмүүс байгаагүй. Шинэ үеийнхний дөнгөж бэлтгэгдэж байсан үе. Шинэ үеэсээ арай түрүүлж алхсан гэж боддог. Тухайн үед бид нарыг үг хэллэгээс авахуулаад л жаахан гэж хүлээж авч байсан. Харин одоо бол арай дадлага туршлагатай болоод юу хэлэх вэ, ямар үг хэллэгтэй байвал хүмүүс хүлээж авах вэ гэдгийг ойлгосон.

-Бүжиглэдэг гэж сонссон. Дуулахаас гадна өөр юу сонирхдог вэ?

2011-2014 он хүртэл бүжгийн хамтлагт байсан. Ер нь бүжиглэх дуртай. Гудамжны бүжгийн тэмцээн байнга үздэг. Тэрийг үзэж өөрийгөө цэнэглэж, илүү өөрийнхөөрөө байдаг. Тэр хүмүүсийн дунд орж орилоод, хөдөлгөөнүүдийг нь хараад байж байдаг. Ер нь 10 жилээсээ дуугаа гаргаад эхэлсэн байсан. Төгсөөд СУИС-д жүжигчний мэргэжлээр сурч байгаад дуу хийхийн тулд сургуулиасаа гарч байсан. Мөн пянз цуглуулах дуртай. Пянзаа сонсонгоо хоол хийх дуртай. Нарийн боов, торт ч хийж байсан. (инээв)

-Одоо дахиад жүжигчний мэргэжлээр сурна гэсэн бодол байгаа юу?

Байгаа. Өөрөө кино хийнэ гэж боддог. 

-Ирээдүйд хийж бүтээх зүйлийг чинь 100 хувь гэж үзвэл одоо хэдэн хувь дээр явж байна?

50 хувь руу дөхөж байгаа. Насны хувьд ч авч үзэхэд тийм байна.

-2017, 2018 оны “XMF” дээр дуулж байсан. Удахгүй энэ сарын 31-нд болох “xxx hip-hop party” дээр дуулна гэж сонссон. Өөр иймэрхүү арга хэмжээнд дуулах санал хэр их ирдэг вэ?

Ямар нэгэн үдэшлэг, хонхны баяр дээр дуулах санал их ирдэггүй. Жилдээ ганц болдог том хөгжмийн наадмуудын саналууд ирдэг. Энэ жил бас “Playtime” наадам дээр дуулсан. Одоо болох гэж байгаа парти дээр гурван үеийн хип-хопууд дуулах болно.

-Бие даасан тоглолт эсвэл адилхан уран бүтээлчидтэйгээ хамтарсан тоглолт хийх бодол байгаа юу?

Мэдээж байгаа. Би сүүлийн үед нэг хамтлагт дуртай болсон. “Vandebo” гээд бид нарын үеийн, шинэ гарч ирж байгаа хамтлаг. Бид нар нэгнийгээ дэмжихийг оролдож байгаа. Учир нь бид нар бие биенээ дэмжиж байж шинэ үеийн урсгал хөгжих болно. Гэхдээ одоогоор “Vandebo”-той холбоо барьж амжаагүй байна. Гэхдээ удахгүй хамтарч дуу хийх байх гэж бодож байна. Мөн “Sanga” гээд манай найз бий.

-Дууныхаа ая, beat-ийг өөрөө зохиодог уу?

Сүүлд энэ он гараад “Sky”, “Гэр бүл”, “Bae” гээд гурван дууныхаа аяыг өөрөө хийсэн. Одоо л ая, beat-ийг өөрөө хийж эхэлж байгаа. Гэхдээ дөнгөж эхэлж байгаа болохоор тийм сайн биш л дээ. Маш удаан сууж байж нэг ая гардаг гэдгийг ойлгосон. Tuugu18 гээд ая зохиодог залуу байдаг. Лойчихсон, Ginjin, FLA зэрэг уран бүтээлчдийн аяыг хийж өгдөг. Тэр залуутай шинэ уран бүтээлүүд дээрээ хамтарч ажиллаж байгаа.

-Хамтран уран бүтээл гаргахыг хүсдэг эмэгтэй  уран бүтээлч байгаа юу?

Ерөнхийдөө идэр насны уран бүтээлчтэй хамтран уран бүтээл хийвэл гэсэн бодол байдаг. Яагаад гэвэл би шинэ үеийн жанраараа дуулахад тэдний насны хүмүүс ч бас сонсоно, бүх насныханд хүрнэ гэсэн үг.

-Өөрийн уран бүтээлээ гаргасны дараа сонсоход ямар мэдрэмж төрдөг вэ?

Хамгийн гоё мэдрэмжийг авдаг. Өөрийн хийсэн дуугаа, өөрийнхөө хоолойг сонсоно гэдэг гоё зүйл. Шинэ гаргасан дуугаа тасралтгүй хоёр хоног сонсчихдог. 

-Урам зориг авч, өөрийгөө хурцлахад юу хамгийн их тус нэмэр болдог вэ?

Хөгжим. Өөрийнхөө юу хийснийг эргэж нэг хардаг. Шантрах үе зөндөө байдаг. Бараг тогтмол шахуу л хэцүү зүйлс гарч ирдэг л дээ. Гэхдээ дуртай зүйлээ хийж байгаа болохоор хичээдэг. Монголд дуртай юмаа хийж амьдрах хэцүү. Заавал түүнийхээ хажуугаар ажил хийж байж тэнцвэрээ барьдаг гэх юм уу. Хүн амын тооноосоо л болдог байх. Мэдээж 10 сая хүн байсан бол студиэс гарахгүй л ажиллана. Хувийн жолоочтой, жолооч нь ирээд авах хэмжээнд ажиллаж болно. 3 сая хүнтэй болохоор хэд нь хөгжим сонсох уу, тэр дундаасаа хэд нь хип-хоп сонсох уу, хип-хоп сонсдогоосоо хэн нь хэнийгээ сонсох вэ гэдэг чинь асуудал болоод байгаа юм.

-Өнөөгийн залуусын хандлага, байгаа байдал, биеэ авч явах соёл зэрэг нь чамд хэрхэн тусдаг вэ?

Хотынхоо байршлаас шалтгаалдаг юм шиг санагддаг.  Гэхдээ одоо бол нэг үеэ бодоход соёлтой болсон. Соёлыг ойлгодог болсон. Одоо соёлтой зан дээрээ тэвчээртэй занг нэмчихмээр байна. Уучлаарай гэж хэлдэг, нэг алхам хойшлоод урдаа нэг хүн оруулчихдаг ч юм уу. Архи их ууж бас хар тамхи их хэрэглэдэг болж. Энэ тал дээр яг зөв бурууг нь ялгах хэрэгтэй юм шиг санагддаг. Гэхдээ залуу үеийхэн маань гоё болох байх. Бид нарын үеэс л гоё болж байна гэж бодож байгаа.

-10 жилийн дараах У.Мөнхбагана ямар болсон байх бол?

Гэр бүл төлөвлөсөн байна байх. Гэхдээ бодож байгаа кинонуудаа бүгдийг нь хийсэн байна. Тэгээд бас кафетэй болно гэж боддог. Өөрөө нарийн боов, амттангуудаа хийдэг тийм газар. Ямартай ч Монголын нэг хөгжмийн урсгалыг надаар тодорхойлох цаг үе ирэх байх гэж бодож байна. 

-Дуугаараа яг юуг илэрхийлэхийг зорьдог вэ?

Нээх юм илэрхийлэхийг хүсдэггүй. Хүн болгон өөрийн гэсэн ертөнцтэй, өөрийн гэсэн хэв маягтай байдаг. Бусдаас ялгарах зүйл нь хэв маяг болдог шүү дээ. Тийм болохоор өөрийн хэв маягаараа сэдвээ хүргэж, дуугаа ойлгуулахыг хичээдэг.

-Өөрийн чинь тухай хүмүүсийн мэдэхгүй сонирхолтой зүйлсээс хуваалцаач?

Хар зураг зурдаг байсан. Бас нэг удаа арван жилийн зун эгчийнхээ ажил дээр ажиллаад цалингаа авчхаад шинэ хувцас авахаар 3,4-р хороололд явж байгаад түрийвчээ хулгайд алдаж байсан. Тэр үед би их гомдсон. Тэгээд одоо би хороололд дургүй. (инээв)

-Адил төстэй жанраар уран бүтээл туурвидаг бусад залуусыг харахаар ямар сэтгэгдэл төрдөг вэ. Манай улсын хувьд хэр хөгжиж байгаа гэж бодож байна?

Дөнгөж эхэлж байгаа. Ер нь таниулж эхэлж байгаа. Энэ жанр дээрээ өөр өөр өнцгөөс харж дуулах хэрэгтэй юм шиг. Ялангуяа дууны бичлэг дээрээ бүгд яг адилхан юм шиг санагдсан. Одоо клипэн дээрээ илүү зохиолтой ажиллах л үлдсэн байна. Тэгээд дууныхаа үгэн дээр ажиллах хэрэгтэй байх. Нэг дуу хийхээр нэгэнтэйгээ адилхан юм хийчих гээд байдаг. Жаахан өөрөөр задалж сэтгэхгүй байгаа юм шиг санагддаг. Би дан ганц сүүлийн үеийн жанраар хийдэггүй. Залуучууд ихэвчлэн “oldschool”, хуучны хэв маягаар нь хийдэг. Би аяыг нь хуучныхаар, сэдэв, үглэлт зэрэг нь шинэ үеийнхээр барьж, жаахан ажиллагаа ихтэй хийх гэж үздэг. Ирээдүйд миний юм болж үлдэх болохоор чанартай, үлдэцтэй юм болгож, алсыг харж хийдэг.

-Энэ хугацаанд олж авсан хамгийн том ухаарал?

Томоотой байдал, үлгэр дуурайлал хоёрыг шингээж авсан. Өсвөр насныхан надаас их үлгэр дуурайлал авдаг гэдгийг олж харсан. Тэгээд эд нарт зөв үлгэр дуурайлал болох ёстой юм байна гэдгийг ойлгосон. Олон дүүтэй хүн шиг л санагддаг.

-Манай уншигчдад хандан хэлэхийг хүссэн зүйлээ хэлнэ үү.

Дуртай юмаа хийгээрэй гэж хэлье. Удахгүй би үе тэнгийнхээ авьяаслаг залуучуудыг намар жижиг тоглолтондоо дээрээ урих байгаа. Ямар ч байсан энэ ондоо багтаагаад мөн цомог гарах байх. 

Ярилцсанд баярлалаа.

Ярилцсан: С.Ариунзаяа


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
15
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Ynjka 2019.02.13 112.72.11.116

Roockie ahiin huwiin amidraliig medmeer bna aa

0 Хариулах