Хайх зүйлээ бичнэ үү

Монголын уул нуруу их таалагдаж байна.

“Рио 2016” олимпийн наадмын чөлөөт бөх, сонгомол барилдааны сонгон шалгаруулах “The first “Last-Chance” тэмцээн маргааш Буянт-Ухаа спорт цогцолборт эхлэнэ. Тус тэмцээнээс олимпийн эрхээ авах гэж байгаа бөхчүүдээс гадна хэдийнэ эрхээ өвөртлөөд байгаа олон алдартан Монголд хамтарсан бэлтгэл хийж байна. Тэдний дунд Латвийн бөх, дэлхийн аваргын хүрэл медальт, Европын 4 удаагийн аварга Анастасия Григорьева хичээл зүтгэлээрээ бусдаас илт ялгарч байлаа. Түүнтэй уулзаж, Монгол орны талаарх сэтгэгдэл, олимпийн наадамд тавьсан зорилгынх нь талаар ярилцлаа.


-    Европын 4 удаагийн аварга болсонд тань баяр хүргэе.
-    Баярлалаа.
-    Монгол танд ямар санагдаж байна вэ?
-    Үнэхээр сайхан орон юм. Маш их таалагдаж байна. Биднийг Монгол явах гэж байхад “Хоол муутай”, “Халуун усны дараалалд бүтэн цаг болдог” гэж хүмүүс айлгаж байсан. Бид үнэмшээд хоол ундаа хүртэл Латвиас зөөгөөд ирсэн чинь харин монгол хоол маш амттай юм. Латвид монгол хоолны гуанз нээвэл орлого олох юм байна гэж ярьдаг болоод байгаа. Бууз хуушуур ч идлээ. Лапшанаас гадна монгол үндэсний хоол үнэхээр амттай байна. Халуун ус ч асуудал алга, интернет ч байдаг орчин үеийн газар байна. Бид сэтгэл хангалуун байгаа. Энд бэлтгэл хийх нөхцөл бүрэн хангагджээ. Сайхан уултай. Өглөө болгон ууланд гүйж байгаа. Би Монголд хайртай.
-    Латвид таны жин болох эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд өрсөлдөгч битгий хэл бэлтгэл хангагч ч байхгүй гэж сонссон. Үнэн үү?
-    Зөвхөн миний жин биш, ер нь чөлөөт бөхөд тамирчин цөөн тул өрсөлдөөн багатай. Надаас гадна Лаура Скуиня, Каролина Типко, тэгээд хоёр залуу, бид хэд л гадаадын тэмцээн уралдаанд оролцох хэмжээний тамирчид байгаа юм. Гэхдээ чөлөөт бөх бага багаар хөгжиж байгаа.
-    Дотоодын өрсөлдөөн бага байхад Европ, дэлхий, олимпийн түвшинд барилдахад хэцүү байдаг байх даа?
-    Хамт бэлтгэл хийх охид байхгүй тул би багаасаа хөвгүүдтэй барилдаж өссөн. Сүүлийн үед гадаадаас хамтарсан бэлтгэл хийхээр тамирчид ирдэг болсон, бид ч гадаад орнуудад очиж, бэлтгэл хийдэг болоод байгаа.
-    Өөрсдийн зардлаар бэлтгэлд хамрагддаг уу?
-    Улсаас зардал даадаг. ҮОХ-ноос ч бас мөнгө өгнө.
-    Даугавпилс хотын захиргаанаас танд зориулан тусгай мөнгөн шагнал гаргасан гэж сонссон.
-    Латвид тив, олимп, дэлхийн аваргаас медаль хүртсэн тамирчныг шагнадаг системтэй. Хот, улсаас мөнгөн шагнал олгодог. Азербайжан зэрэг улс шиг их хэмжээний биш ч гэсэн миний хувьд маш их мөнгө.
-    Латви улсад хамгийн их хөгжсөн спорт юу вэ? Хөлбөмбөг үү?
-     Үгүй дээ, манайд хоккей их сонирхдог. Сагсан бөмбөг, өвлийн спортын төрлүүд болох бобслей, чарга, цана их хөгжсөн. Өвлийн спортоор дэлхийн аваргууд олонтой.
-    Таны хамгийн гол, заналт өрсөлдөгч манай С.Батцэцэг мөн үү?  
-    Заналт гэж бол хэлэхгүй. Түүнийг л ялах нь хамгийн чухал гэж би боддоггүй.  С.Батцэцэг ч, би ч хэн хэн нь олимпийн наадмаас медаль авахыг хүсэн мөрөөдөж байна. Гэхдээ түүнд олимпийн медаль байгаа, надад бол байхгүй.


-    С.Батцэцэг таныг ялж, олимпоос медаль авч байсан.
-    Тиймээ, намайг ялсан. Харамсалтай нь дараа нь тэр ялагдчихсан. Уг нь би түүнийг финалд шалгараасай гэж их дэмжиж байсан. Тэгсэн бол надад медалийн төлөө барилдах боломж гарах байлаа. Гэхдээ энэ бол спорт шүү дээ. Өнөөдөр С.Батцэцэг хүчтэй байлаа гэхэд маргааш би ялах жишээтэй. “Рио 2016” олимпийн наадамд бид хоёр шагналын тавцанд хамт зогсож байвал сайхан даа. Ер нь надад өрсөлдөгч нартаа уурлах сэтгэл байдаггүй. Тамирчин болгон л ялахыг хүсдэг.
-    С.Батцэцэгээс өөр өрсөлдөгч гэвэл хэн байна?
-    Бүгд л хүчтэй. Украин, Болгар, Японы бөхчүүд байна. Японоос хэн ч ирсэн адилхан, бүгд л медалийн төлөө өрсөлддөг. Тэнд сул бөх байхгүй.
-    Таны нэгэн ярилцлагыг уншиж суухад “Спорт миний амьдралыг аварсан” гэж хэлсэн байсан. Ямар утгаараа тэр вэ?
-    Үнэхээр би тэгж боддог. Юуны өмнө дуртай зүйлээ хийгээд түүнийхээ төлөө цалин мөнгө авч, амьдралаа залгуулж, гэр бүлийнхэндээ тусалж чадаж байгаа болохоор спорт намайг аварсан гэж хэлж болох юм. Харин эсрэгээр гэр бүлийнхэндээ тусалж чадахгүй, их сургуульд сурлаа гэхэд төлбөрөө төлөх гэж өдөр нь сураад, орой нь ажил хийхээс өөр аргагүй байсан бол их хэцүү байх байсан. Тэгвэл одоо би бэлтгэл сургууль хийх боломжтой, дээр нь улс орныхоо нэр төрийг хамгаалан тэмцээн уралдаанд орох эрхтэй байна.


-    Таныг анх жүдо бөхийн тамирчин байсан гэж сонссон. Яагаад чөлөөт бөх рүү “урвах болов”.
-    Яагаад гэвэл жүдогоор үргэлжлүүлэн барилдахын тулд өөрөөсөө мөнгө гаргах хэрэгтэй байлаа. Би 12 настай жаахан охин байсан. Тэмцээн уралдаанд орох болохоор мөнгө хэрэгтэй, гэр бүлд маань тийм их мөнгө байгаагүй л дээ. Харин чөлөөт бөхийн секц тэмцээн уралдаанд үнэ төлбөргүй авч явдаг байсан болохоор чөлөөт бөхийн тамирчин болсон.
-    Та Латвид алдартай хүн үү? Бүгд таныг таних уу?
-    Үгүй. Гэхдээ хот маань жижигхэн болохоор Даугавпилст бол зарим хүн таньдаг. Латви бол Монгол биш шүү дээ. Танайх бөхийн орон болохоор дэлхийн аварга боллоо гэхэд үндэсний баатар л гэсэн үг. Манай улсад хөнгөн атлетик зэрэг хэдхэн спортын төрлийг л сонирхдог. Харамсалтай нь чөлөөт бөх энэ тоонд орохгүй.
-    Тэгээд та яаж 2013 оны Латвийн шилдэг тамирчнаар шалгарсан хэрэг вэ?
-    Үзүүлсэн амжилтаар минь шалгаруулсан. Тэр жил би Европын аварга болж байсан юм.
-    Таныг Хуулийн дээд сургуульд суралцаж байсныг мэднэ. Сургуулиа төгссөн үү?
-    Жилийн өмнө төгссөн.
-    Зодог тайлахад хийх ажил бэлэн юм байна. Хуульч болох уу?
-    Хэзээ зодог тайлахаа хэлж мэдэхгүй байна. Олимпийн дахиад нэг цикл барилдаж ч магадгүй. Харж байж л больё.
-    Токиогийн олимпийн наадамд барилдана гэсэн үг үү?
-    Мэдэхгүй, юуны өмнө Рио-де-Жанейрод амжилттай барилдах. Дараа нь л шийднэ дээ.
-    “Рио 2016” олимпийн наадмын зорилго тань мэдээж алтан медаль байх.
-    Бүгд л олимпийн аварга болохыг мөрөөддөг ч ганц л тамирчин түрүүлдэг ёстой. Миний хувьд өөрийн чадах зүйлээ бүгдийг нь гаргаж барилдах зорилготой. Яагаад гэвэл би сайн барилдаж чадна. Тэрийгээ харуулахыг хүсэж байна.
-    Таны бэлтгэлийг харж байхад маш олон төрлийн дасгал сургууль хийж байна.
-    Танай бүсгүйчүүд ч гэсэн бэлтгэл маш сайн хийдэг. Монголчууд их чадалтай, биеийн хөгжил сайтай. Бид танайхныг хараад “ангайдаг” гэж байгаа.
-    Монголын эмэгтэй чөлөөтийн тамирчдын барилдааны онцлог юу вэ?
-    Гар барилдаан сайтай. Шидэх мэхийг үнэхээр сайхан хийдэг. Монголд ирээд харсан чинь бэлтгэлийн танхимын ханан дээр намайг будаа болтол шидэж байгаа гэрэл зураг хадаастай байсан. Би ч Монголд алдартай болж гэж бодсон шүү.  Танайхан техник сайтай, зоригтой. Дэвжээн дээр хатуу ширүүн ч тэмцээн, бэлтгэл дууссаны дараа эелдэг зөөлөн охид. Хэл мэддэг бол бүгдтэй нь найз нөхөд болох байсан байх.
-    Манай охидоос хэнтэй нь хамгийн ойр дотно харилцаатай вэ?
-    Бүгдтэй нь найз. Хэл нэвтрэхгүй ч дохиж зангаад, хамт бэлтгэл хийж байна. Тэд орой байранд чацарганы шүүс бариад л хүрээд ирдэг.
-    Та “Рио 2016” наадмын эрхээ авчихсан байгаа. Олимпийн наадам хүртэл хэрхэн бэлтгэл хийх төлөвлөгөөтэй байна вэ?
-    Монгол дахь хамтарсан бэлтгэлээ дуусгаад бид Финланд явна. Дараа нь Америкийн өндөр уулархаг газарт бэлтгэл хийгээд Канад, Испанид хамтарсан бэлтгэлд гарна. Тэгээд л эх орондоо үлдсэн бэлтгэлээ хийнэ дээ.
-    Бид гэдэг маань Латвийн шигшээ баг уу?
-    Үгүй. Надаас гадна энд ирээд байгаа Финландын Петра Олли, тэгээд Эстонийн нэг бүсгүй байгаа. Бид нэг баг болон хамт бэлтгэл хийдэг юм. Миний хувьд Латвид бэлтгэл хангагч байхгүй, мөн дасгалжуулагч багшгүй болсон тул тэдэнтэй нийлэх санал тавьсан. Тэд ч баяртай хүлээн авсан. Хэдий гуравхан хүнтэй ч бид нэг баг болон ажилладаг.
-    Та Латвид төрсөн үү? ОХУ-аас нүүж очсон уу?
-    Би Латвийн Даугавпилс хотод төрсөн. 90 мянган хүнтэй жижигхэн ч Латвидаа бол Ригагийн дараа ордог хот..
-    Монгол их таалагддаг гэж та хэлсэн. Хамгийн их таалагдаж байгаа зүйл юу вэ?
-    Латвид өндөр уул байхгүй. Тийм болохоор Монголын уул нуруу их таалагдаж байна. Монгол хоол их амттай гэж би хэлсэн. Бүх материал нь ориг юм билээ. Ийм амттай хоолтой газар Латвид цөөхөн.
-    Таны хообий хоол хийх гэж уншиж байсан юм байна.
-    Хоол хийх дуртай. Тамирчин болоогүй бол магадгүй тогооч болох байсан биз. Монгол хоолноос хуушуур хийж үзмээр байгаа. “Гүүгл”-ээс хайгаад жорыг нь олох юм бол үзээд алдана даа.
-    Ярилцлага өгсөнд баярлалаа. Олимпийн наадамд амжилттай оролцоорой.
-    Баярлалаа. Хичээх болно.


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
29
32
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.