Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Гадаадын жуулчдад дургүй 6 газар

Испанид “Ард түмэн жуулчдын эсрэг” хөдөлгөөн ч бий.


Аялал жуулчлал бол ашиг орлого олох эдийн засгийн том салбар. Маш олон улсын хамгийн их орлоготой салбар нь аялал жуулчлал байдаг билээ. Гэвч хамгийн их жуулчин ирдэг газрууд дунд гадаад жуулчдад дургүй, эсэргүүцдэг газрууд цөөнгүй байна. Жуулчдад хамгийн дургүй тив бол Европ. Испанид “Ард түмэн жуулчдын эсрэг” хөдөлгөөн ч бий. Тус хөдөлгөөн жуулчдын очих дуртай газруудад “Жуулчдаа гэртээ харьцгаа”, “Жуулчдын улирал эхэлсэн юм бол тэднийг агная” зэрэг зурагт хуудас хадаж байснаа энэ жилээс идэвхтэй үйл ажиллагаанд шилжсэн. Тэд гадаад жуулчдын машин, унадаг дугуйг эвдлэн, дугуйг нь зүсэж, зочид буудлын цонхыг хагалж, жуулчдын автобусыг зогсоон заналхийлж эхэлсэн. Хорватын Дубровник, Италийн Флоренцид жуулчдын эсрэг жагсаал болж, Шинэ Орлеан, Бангкокийн иргэд жуулчдын тоонд хязгаар тогтоохыг шаарджээ.
Гадаадын жуулчдад дургүй байх олон шалтгаан бий. Тэднээс болоод байр, зочид буудал, өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгддэг нь нутгийнханд таалагддаггүй. Мөн амьдралын тогтсон хэв маягийг нь жуулчид эвддэг нь нөлөөлж байна. Экологийн шалтгаан ч бас байна. Ялангуяа Азийн орнуудын дэд бүтэц олон тооны жуулчдын ачааллыг даах чадваргүй бөгөөд байгаль орчин ч жуулчдын хөлд үрэгдэж байгаа юм.

1. Филиппин, Борокай

Ерөнхийлөгч Родриго Дутерте энэ оны 4-р сарын 26-наас аялал жуулчлалын том төв Борокай аралд жуулчин оруулахгүй байх шийдвэр гаргасан. Эрхэм Ерөнхийлөгч жуулчид арлыг хогийн сав болгон хувиргалаа гэж хэлсэн юм. Борокай арал үзэсгэлэнт байгаль, цасан цагаан элстэй наран шарлагын газраараа алдартай. Өнгөрсөн жил энэ арал 2 сая жуулчин хүлээн авч, 1 тэрбум долларын орлого олсон. Гэхдээ энэ олон жуулчныг хүлээн авах дэд бүтэц байгаагүйн улмаас зочид буудал, хоолны газрууд хогоо шууд далайд асгаж байлаа. Мөн жуулчид ариун дагшин газруудаар хамаагүй зорчиж, ой модыг их хэмжээгээр сүйтгэсэн байна.

2. Таиланд, Пхи-Пхи

Энэ орны байгальд ч жуулчид нөхөж баршгүй хохирол учруулсан. Тайландын Засгийн газраас энэ оны 6-10 сард Пхи-Пхи арлыг жуулчдад хаалттай бүс болгон зарласан юм. Энэ арлын Майя-Бэй булан Леонардо ди Каприогийн “The Beach” киногоор дэлхий дахинд алдаршсан.  Энэ буланд гэхэд зураг авахуулахаар өдөрт 4000 жуулчин ирдэг гэнэ. Тэд завь, хөлөг онгоц, нисдэг тэрэг гээд төрөл бүрийн тээврийн хэрэгслээр ирнэ. Энэ завинаас болоод тус булан машины зогсоол шиг болон хувирсан юм. Түгжрэл гэдэг жинхэнэ утгаараа энд болдог байна.

3. Испани, Пальма-де-Майорка

Испанийн Майорка арлын захиргаанаас өнгөрсөн 6-р сараас Пальма хотод гадаадын жуулчид цахим хуудсаар байр хөлслөн авахыг хориглосон. Энэ арал Эртний Ром, мавритан стилийн хуучны барилгаараа алдартай. Мөн жуулчид наран шарлагын газарт амарч, нутгийн дарс амсахаар ирдэг. Арлын захиргаа энэ жилээс эхлэн согтуу жуулчидтай тэмцэх аян зохион байгуулж байна. Архи согтууруулах ундааны зүйлсийг хямдруулах, 2-оос дээш тооны хүмүүсийг олон нийтийн газарт 22.00-08.00 цаг хүртэл согтууруулах ундаа хэрэглэхийг хоригложээ. Майорка арлын Кальви хотод гадаад жуулчдыг ирэхгүй болтол нь хавчин хяхах бодлого баримталж эхэлсэн. Энд элсэн дээр байшин барьж тогловол 100 еврогийн  торгуультай төдийгүй цэцэг таслах, зүлгэн дээр бохир ус асгах, усан оргилуураас ус уух зэрэг үйлдэлд торгуулийн арга хэмжээ авч байна.

4. Каталон, Барселона

Барселона хотын захиргаа жуулчдын тоог бууруулах бодлого баримталж байгаа. Өнгөрсөн жилд энд 75 сая жуулчин ирсэн байна. Харин хотод 1.6 сая хүн л байнга оршин суудаг гэж байгаа. Жуулчдын тоог багасгахын тулд Барселонад шинэ зочид буудал барихыг хориглож, гадаадынханд байр түрээслэх шинэ зөвшөөрөл өгөхгүй байхаар шийдвэрлэжээ. Жуулчдаас болж байрын үнэ нэмэгдэж байгаа нь дургүйцлийн гол шалтгаан.

5. Итали, Венец

Жил бүрийн 5-10 сард энэ хот өдөрт 70 мянган жуулчин хүлээн авдаг. Энэ жуулчдын зарим нь хотын түүх соёлын дурсгалт гарыг хайрладаггүй, гэртээ харьсан хойно нь нутгийн иргэд яаж амьдрахыг огт тоодоггүй. Венецийн Цагдаагийн газраас “Гадаадын жуулчдын биеэ авч яваа байдал хэв журамд таарахгүй төдийгүй бүдүүлэг танхай байгаагаас хотын иргэдийн амьдралд үхлийн аюул учруулж байна” гэж мэдэгдээд хэд хэдэн хориг арга хэмжээ авсан юм. Гадаадын жуулчдад түүх соёлын дурсгалт газруудад зориулалтын бусад газруудад суух, хоол идэхийг хориглосон. Хог хаявал 400, явган хүний замаар дугуйтай зорчвол 100 еврогийн торгуультай. Мөн Венецид тагтаанд хоол өгөх хориотой. Хотын төвд хэдэн хүн байгааг харуулдаг сайт гаргаж, хэт олон хүн байвал ирэхгүй байхыг сануулдаг болсон. Өнгөрсөн жилээс эхлэн хүлээн авах усан онгоцны тоог 20 хувь бууруулжээ.

6. Нидерланд, Амстердам

Дэлхийд найрсгаараа алдаршсан Амстердам хот ч жуулчдаас залхаж эхэлжээ. Эрх чөлөөний хот хэмээн алдаршсан нь тус хотод орлого, мөнгөгүй хэдэн зуун залуус цуглах шалтгаан болсон байна. Гадаадын жуулчид гадаа хонож, хямд зочид буудалд байрлан, хямд хоол иддэг нь хотын эдийн засагт орлого оруулахгүй байгаа аж. Амстердам хотын захиргаанаас хотын эдийн засагт хоногт 50 евро оруулж чадахгүй жуулчдыг хүлээн авахгүй болно гэдгээ ил тод зарласан. Энэ жилээс жуулчин бүр зочид буудлын төлбөрөөс гадна нэг хоногт 10 евро төлөх журам гаргасан юм. Мөн шинэ зочид буудал барих, нээхийг хоригложээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
30
33
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.