Хайх зүйлээ бичнэ үү

10 мин

З.Энхмөнх: Төгсөгчид маань дэлхийн хамгийн шилдэг их сургуулиудад сурч байна

“Сант” сургуулийн 2018-2019 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо.


Монгол Улсын өнцөг булан бүрт мөнгөн хонх жингэнэж, хүүхэд багачууд есдүгээр сарын 1-ний өдрөө угтаж байна. Энэ өдөр “Сайн хүн болох ухаанд суралцаж
Сайхан ирээдүйг бүтээх эрдэм мэдлэгийг эзэмшиж
Санаачлагч, бүтээгч, манлайлагчид болцгооё” уриатай “Сант” сургуулийн 2018-2019 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо.

Аав, ээжийнхээ гараас хөтлөн эрдмийн их өргөөний босгыг анхлан давж буй зургаан настнууд, багш, анги хамт олноо үгүйлэн санасан сурагч багачууд хичээлийн шинэ жилийн нээлтдээ хүрэлцэн иржээ. Дүрэмт хувцасаараа гоёж, баглаа цэцэгсийг багшдаа барих сурагчид шинэ зорилго, тэмүүлэлтэйгээр хичээлдээ орж байна.  

Нээлтийн үеэр “Сант” сургуулийн захирал З.Энхмөнх “Сант сургуулиар овоглосон ажил мэргэжилдээ гарамгай, амжилт ололтоор арвин эрдэмтэн багш нараа, эрхэм дээд хүсэл, зорилгын эзэд хичээнгүй сайн сурагчид аа, та бүхэнд 2018-2019 оны хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе. Сант сургуулийг төгссөн хүн бүр дэлхийн оюун санааг ойлгож, дэлхийн хүмүүстэй нэг хэлээр ярьж, олон орны залуустай соёл сэтгэлгээ, мэдлэг, чадварын ижил түвшинд харьцаасай гэж бид хүсдэг. Тиймээс бид нар энэ хичээлийн жилийг шинэ санаачлага, шинэ зорилготойгоор угтаж байна. Хичээлийн хөтөлбөрүүдээ илүү сайжруулан, сурагчдынхаа боловсрол, мэдлэгт илүү ахиц гаргахын төлөө хамтран ажиллах болно. Та бүхэнд сурлага хөдөлмөр, ажлын их амжилтыг хүсье” гэлээ. 

Өдгөө 22 дахь удаагийн хичээлийн шинэ жилийн нээлтээ хийж буй “Сант” сургуульд энэ жил 120 хүүхэд нэгдүгээр ангид элссэн бөгөөд  нийт 1200 сурагч сурч байна. Дэлхийн эдийн засгийн форумын үеэр 2030 он гэхэд эрэлт хэрэгцээтэй, шинээр бий болох мэргэжлүүд, түүнд тавигдах шаардлагуудын талаарх судалгааг танилцуулсан юм. Энэ танилцуулгад “Сант” сургуулийн удирдлагууд анхаарч, хичээлийн хөтөлбөртөө ч тусгасан байна. Энэ жил нэгдүгээр ангид элсэж буй сурагчид 12 жилийн дараа буюу 2030 онд төгсөх юм. 

Нэгдүгээр ангидаа элсэж байгаа М.Санжаасүрэн “Сургууль гоё байна. Сургуульд үсэг сурдаг болохоор цэцэрлэгт явахаас арай жоохон өөр юм байна. Би бичих дуртай. Би онц сурч, олон найзтай болно. Аав, ээж хоёр маань “Онц сураарай” гэсэн. Шинэ хувцасаа өмсөөд, сургуульдаа ирэх гоё л байна” гэсэн бол нэгдүгээр ангийн сурагч Д.Хулан “Сургуульд анх орж байгаа болохоор гоё байна. Би онц сурна гэж бодож байгаа. Би ах нар шигээ мундаг сурагч болно” гэж сэтгэгдлээсээ хуваалцлаа. 

 Д.Нарантуяа: "Сант" сургууль шинжлэх ухааны мэдлэгийг бат найдвартай олгодог

Түүний ээж Д.Нарантуяа “Би “Сант” сургуульд гурван хүүхдээ элсүүлсэн. Энэ жил бага охиноо нэгдүгээр ангид оруулж байна. Охин маань сургуулийнхаа хичээлийн шинэ жилийн нээлтийн хонхыг дуугаргахаар болсонд нь маш их баяртай байна. Анх би “Сант” сургуульд том хүүгээ оруулж байлаа. Хүү маань сайн сурч, олон олимпиадад амжилттай оролцон сургуульдаа суралцах 100 хувийн тэтгэлэг ч авч байсан. Ахлах ангиа төгсөөд Америк, Японы томоохон их сургуульд 100 хувийн тэтгэлэгтэй суралцах эрх авсан. Одоо хүү маань Японы Технологийн их сургуульд сурч байгаа. Энэ сургуульд оруулснаар хүүхдүүд маань эрдэм мэдлэгтэй болоод зогсохгүй бие даах чадварт маш сайн суралцсан. Тиймдээ ч гадаадад сурч байгаа хүү минь гэрээсээ хол ч гэсэн өөрөө бүх зүйлээ зохицуулаад явж байна даа. Дэлхийд батлагдсан шинжлэх ухааны мэдлэгийг бат найдвартай олгож, дэлхийн хүмүүстэй мөр зэрэгцэн хамтарч ажиллах, ойлголцох чадварыг эзэмшүүлдэг учраас удаах хүүгээ болон охиноо “Сант” сургуульд оруулсан. Дэлхийн эдийн засгийн форумаас 2030 гэхэд дэлхий нийтэд эрэлт хэрэгцээтэй байх мэргэжлүүдийг дурдахад нь сэтгүүлч хүний хувьд анхааралдаа авсан байсан. Азаар “Сант” сургууль маань энэ жил элсэж байгаа зургаан настнуудаа 2030 он гээд төгсөхөд нь эрэлттэй байх 50 мэргэжилд суурилж бэлтгэх хөтөлбөр боловсруулсан байсан нь маш их таалагдсан. Охиноо “Сант”-д оруулах болсон бас нэгэн шалтгаан нь энэ” гэв. 

Хүүгээ нэгдүгээр ангид элсүүлж буй Д.Мөнх-Оргил “Сант сургуулийн төгсөгчид дэлхийн шилдэг сургуулиудад ордог юм билээ. Миний мэддэг хоёр гурван хүүхэд Америкийн томоохон их сургуульд сурч байгаа. Тиймээс хүүхдийнхээ ирээдүйг бодоод Сант сургуульд орууллаа” гэсэн юм. 

 “Сант” сургуулийн захирал З.Энхмөнх: Төгсөгчид маань дэлхийн хамгийн шилдэг их сургуулиудад сурч байна

“Сант” сургууль 2017-2018 оны хичээлийн жилийн амжилтаараа улсад эхний байрт шалгарсан нь энэ сургуулийн чанар чансааны баталгаа болж байна. Сүхбаатар дүүргээс “Амжилтын гараа чанарын аварга сургууль”-иар өргөмжлөгджээ. Төгсөгчид нь жил бүр дэлхийн топ сургуулиудад тогтмол элсэн суралцаж байна. Тодруулбал, дэлхийн шилдэг Нью-Йоркийн их сургууль, Чикаго, Браун, Токиогийн технологийн их сургууль, Цинхуа, Сөүлийн их сургуульд энэ жил 50 орчим сурагч элсжээ. Сурагчдаа хэрхэн амжилттай сургаж, хичээлийн хөтөлбөрүүдийнх нь онцлог, давуу талын тухай “Сант” сургуулийн захирал З.Энхмөнхтэй цөөн хором ярилцлаа.

-“Сант” сургуулийн сурагчид улсдаа төдийгүй олон улсад амжилт гаргаж, төрөл бүрийн олимпиадад оролцон медалийн эзэд болж байна. Та сургуулийнхаа хичээлийн хөтөлбөрийг танилцуулна уу?

-Манай сурагчид олон улсад амжилт гаргаж, эх орныхоо нэрийг гаргаж байна. Энэ амжилтын төлөө бид баг хамт олноороо ажилладаг. Сургуулийн бага боловсрол буюу 1-5 анги, дунд боловсрол болох 6-9, ахлах боловсрол буюу 10-12 ангиудад тусгайлсан хөтөлбөрүүдээр хичээл ордог. Дэлхийн эдийн засгийн форум дээр ирээдүйн ажлын байранд шаардагдах ур чадвар, мэдлэг боловсролын талаарх судалгааг танилцуулсан. Энэ жил нэгдүгээр ангид орсон хүүхдүүд 12 жил сураад 2030 онд төгсөхөд л өөрсдөд нь хэрэгтэй мэдлэг боловсрол, биеийн төлөвшил, амьдрах ухаан зэргийг бид нар эцэг эхчүүдтэй нийлж олгохоор зорьж байна. Бага анги маань математик, монгол хэлний хоёр ангийн багштай хичээллэдэг. Энэ практикийг анх сургууль байгуулагдсан цагаас л хэрэгжүүлж эхэлсэн. Тус практик нь үр дүн сайтай байдаг учраас дэлхийн олон улс энэ практикийг хэрэгжүүлж эхэлжээ.

Дунд ангийнхандаа үндсэн хичээлүүдийн хажуугаар блок программчлал, python хэлийг, ахлах ангидаа java хэлийг үзнэ. Блок программчлалыг сурснаар хүүхдийн логик сэтгэлгээ, багаар ажиллах чадвар, бүтээлч сэтгэлгээ, асуудлыг олон талаас нь шийдэх ур чадварууд сайжирдаг юм. Мөн хоёр хөршийнхөө хэл, соёлыг ойлгодог мэддэг байх шаардлагатай гэж бид үздэг. Тиймээс орос, хятад хэлний хичээлийг сургалтандаа нэвтрүүлж эхэллээ. Хятад хэлний хичээлийг энэ жилээс хөтөлбөртөө оруулж эхэлсэн. 

-Ахлах ангийнхний хувьд?

-Ахлах ангийнханд AP /Advanced Placement/ хөтөлбөр болох математик, физик, биологи, статистик, макро эдийн засаг, компьютерийн шинжлэх ухааны хичээлүүд ордог. Энэ жилээс “хятад хэл ба соёл” хичээлийг зааж эхэлж байна. Хүүхдүүд өөрсдөө сонгон суралцах боломжтой. Энэ хөтөлбөр нь дэлхийн бүх сургуульд хүлээн зөвшөөрөгдсөн байдгаас гадна дэлхийн топ их сургуулиудад үзсэн хичээлийнхээ кредитийг тооцуулах боломжтой. Тиймээс сурагчид гадаадад сурахдаа 2-3 хичээлийнхээ кредитийг тооцуулдаг болохоор төлбөрөөсөө хөнгөлүүлэх, тэтгэлэгтэй оюутнууд хос мэргэжил эзэмших боломжтой болдог. 

-Хичээлээс гадна ямар секц, дугуйлан байдаг вэ. Сурагчдынхаа чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд хэрхэн анхаарч байна вэ?

-Манайх бадминтон, байт харвааны холбоодтой хамтарч ажилладаг. Тусгай хөтөлбөрөөр тамирчид бэлдэж байна. Сурагчид маань сонирхлоороо эдгээр клубуудэд хамрагдах боломжтой. Бадминтоны спорт хүний биеийн бүх мөчийг ажиллуулж, булчинг хөгжүүлдэг ямар ч хүн хичээллэх боломжтой учраас биеийн тамирынхаа хичээлийн хөтөлбөрт оруулсан. Сонирхогчоос эхлэн мэргэжлийн тамирчин болтлоо ч хичээллэх боломжийг бүрдүүлсэн. 

-Төгсөгчдийнхөө амжилтаас хуваалцана уу. Дэлхийн шилдэг их сургуульд ороход нь зөвлөгөө өгч, тусалдаг тусгай баг ажилладаг гэсэн. 

-Төгсөгчид маань орон орны хамгийн шилдэг их сургуулиудад сурч байна. Энэ жил гэхэд Нью-Йорк, Чикаго, Брауны их сургууль, Бритиш Колумб, Торонтогийн их сургуульд элсэж, оюутан боллоо. Японд гэхэд л Токиогийн Технологийн институт, Хятадын Цинхуа, Сөүлийн Үндэсний их сургууль, Хонгконгийн Политехникийн их сургууль гэх зэргээр орон орны хамгийн шилдэг сургуулиудад элсэж байна. Элсэхэд нь зөвлөгөө өгөх, сургуулиа сонгох, эсээ бичих, тэтгэлэгт хамрагдах тухай бүх мэдээллийг өгч, тусалдаг тусгай баг сургуульд маань байгаа. Энэ багт Оксфорд, Берклигийн их сургууль төгссөн зөвлөх багш нар ажиллаж байна.  


Хичээлийнхээ шинэ жилийн нээлтэд оролцож буй багш, сурагчдаас сэтгэгдлийг нь асуулаа. 

“Сант” сургуулийн багш Ш.Сарангэрэл  “Би боловсролын салбарт 21 дэх жилдээ ажиллаж байна. Сант сургуульдаа 18 дахь жилдээ математикийн багшаар ажиллаж байна. 2006 оноос эхлээд жил бүр төгсөх анги дааж авч, ахлах ангийнханд математикийн хичээл орж байна. Жил болгон хүүхдүүдээ ирээдүйд нь үдээд явуулахад үнэхээр сайхан байдаг. Манай сургуулийн багш нар тухайн хүүхэд бүрийн онцлогийг мэдэрч, түвшин түвшинд нь тулж ажилладгаараа онцлог. Хүмүүс Сант сургуулийг математикийн гүнзгийрүүлсэн сургалттай гэж ойлгодог ч манай багш нар бүх хичээлийг гүнзгийрүүлж, өндөр түвшинд заадаг. Тиймээс хүүхдүүд маань бүх хичээлдээ жигд үзүүлэлттэй. Сургууль маань техникийн эрин зуунтай хөл нийлүүлэн алхаж, шалгалт, гэрийн даалгаврыг тусгай аппликэйшнээр засдаг болсон. Ямар бодлого, асуултад түлхүү алдаж байгааг ч түүнээс харах боломжтой. Нийт багш ажилтан, сурагчдадаа хичээлийн шинэ жилийн мэндийг хүргэе. Сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье” хэмээн мэндчиллээ. 

4д ангийн сурагч Б.Батноров

“Би энэ жил дөрөвдүгээр ангид орж байгаа. Хичээл эхлээд найзууд, багш нартайгаа уулзаад гоё байна. Би зуныхаа амралтаараа зусландаа очоод, найзуудтайгаа тоглосон. Зуны даалгавраараа ном уншиж, дасгал ажлууд хийсэн. Би тооны хичээлдээ дуртай. Яагаад гэвэл тоо бодлого сонирхолтой, зарим бодлого нь хөгжилтэй байдаг. Бас зургийн хичээл гоё, би зурах дуртай” гэв.

8д ангийн сурагч У.Бямба-Очир “Хичээл эхлээд сайхан байна. Найзуудаа их санасан. Манай сургуулийн багш нар хүүхдүүдтэйгээ тулж ажилладаг болохоор хичээлээ сайн ойлгодог. Хичээлээ сонирхолтой заадаг. Би математик, англи хэлний хичээлдээ дуртай. Би ирээдүйд программист болохыг хүсдэг. Тийм болохоор одооноос хичээлүүддээ шамдаж, мэдээллийн технологийн хичээлээ сайн хийж байгаа. Дээд ангийнхаа сурлага сайтай, олимпиадуудад амжилттай оролцдог ах нараасаа үлгэр дуурайлал авдаг” хэмээсэн. 

9в ангийн сурагч Б.Хонгоржин 

“Хичээлийн шинэ жилийн нээлт болоод их догдолж байна. Гурван сар амарсан болохоор найзууд, багш нар, сургуулиа их санасан. Хичээл эхэлж байгаад сэтгэл өндөр байна. Би нэгдүгээр ангиасаа эхлээд л “Сант” сургуульд орсон. Ахлах ангиа төгстлөө энэ сургуульдаа л сурна. Манай сургуулийг хүмүүс математикаар “бөмбөгддөг” гэж ойлгодог ч үнэндээ сурагчдаа бүх талаар нь хөгжүүлж, мэдлэг олгодог. Бид нарыг нийгэмшүүлэхийн тулд хавар, намар “Найрамдал” зусланд ангиар нь явуулах, сайн дурын ажлуудад хамруулах зэргээр олон үйл ажиллагаа зохион байгуулдаг. Бас байнга дуурь үзүүлж, урлагийн мэдрэмжтэй, хөгжмийн боловсролтой болоход анхаардагт нь дуртай. Сонирхсон мэргэжил, дуртай хичээлээрээ илүү гүнзгийрэх боломж олгохоор олон төрлийн дугуйлан хичээллүүлдэг. Би бага ангийн Гантуяа, дунд ангийн маань Сараа багш болон бүх багш нараасаа үлгэр дуурайл авч, багш нараараа бахархдаг” гэлээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.11
2018 оны шилдэг 10 Солонгос кино
2
2019.01.11
Хүүхдэд заавал сонсгох шилдэг 10 сонгодог хөгжмийн бүтээл
3
2019.01.10
Playlist: Гэртээ харих замдаа сонсох 13 дуу
санал болгох
1
15 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0