У. БОЛОРТУЯА: Барьсан сэдвээ сенсаци болгоод, асуудал шийдүүлж чадвал сэтгүүлчийн ололт тэр #WOMENWHODARE


  |     2018-09-03 19:51   |     11996
  2018-09-03 19:51   |     11996

Залуу халуун насныхаа гал дөлөөр бадарч яваа нүдэндээ галтай нүүрэндээ цогтой энэ бүсгүйтэй ярилцаж суухад хүүхэд шиг гэрэлтэх нүднээс нь бөөн бөөн эрч хүч цацарна. Шудрага бус зүйлийг мэдсээр байж дуугуй байна гэдэг өөрөө тэр хэрэгт хутгалдсантай ялгаагүй. Зоригтой дуугарч, болохоосоо болохгүйг хүртэл явдаг түүний мятрашгүй зан чанар л түүнийг эрэн сурвалжлах сэтгүүлч болгосон гэлтэй. “Шуудтелевизээс эхлэн “Ийгл Ньюс” телевизед ажиллаж байх хугацаандаа агаарын бохирдол, хар тамхи, гэр бүлийн хүчирхийлэл гэх мэт олон арван асуудлыг хөндөн сурвалжилсан байна. Түүний сүүлийн бүтээл болох “Чимээгүй хашгираан” олон нийтийн анхаарлыг татаж, Монголын эрэн сурвалжлах сэтгүүл зүйн шилдэг бүтээлээр шалгарсан. Баримт нотолгоотой, тэнцвэртэй, ёс зүйтэй сэтгүүл зүйн төлөө зүтгэж буй түүнээс урам зориг, эрч хүчийг аваад сургуульд нь үдэж өглөө. Түүн шиг сэтгүүлчид олон болоосой гэж ерөөгөөд Ub.life “Women who dare” булангаараа эрэн сурвалжлах сэтгүүлч У.Болортуяаг танилцуулж байна.

-Сэтгүүлч болох ажлын гараа хаанаас яаж эхэлсэн бэ?

-Би Төв аймгийн Сэргэлэн суманд өссөн. Намайг телевиз үзэж сонирхож байх үед үндэсний телевизээс өөр суваг гардаггүй байсан.  Тиймээс сонголтгүй, бүх нэвтрүүлгүүдийг нь үзнэ. Цагдаагийн ерөнхий газраас бэлтгэдэг гэмт хэргийн тухай нэвтрүүлэг, “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр зэргийг илүү шимтэн үздэг байлаа. Мөн толины өмнө суугаад сэтгүүлч болж, ганцаараа ярьж тоглодог байснаа санаж байна. 16 настай байхдаа Төв аймгийн телевизийн хүүхдийн нэвтрүүлгийн хөтлөгч хийдэг байсан. Тэндээс л эхэлсэн юм байна. Ер нь их нийгмийн идэвхитэй л хүүхэд байсан.  Тэгээд уг нь Радио, телевизийн дээд сургуульд орсон. Гэхдээ нэгдүгээр курсийн оюутны төлбөрийг заавал бүтэн авна гээд, ээж маань хувааж л төлөх боломж байна гээд аргагүй сургуулиа орхиод хямд төлбөртэй хувийн сургууль руу шилжсэн. Гэхдээ азаар сонины алдартай эрэн сурвалжлах сэтгүүлч Оюунбилэг багшаар сэтгүүл зүйн хичээл заалгасан. Ингээд нэгдүгээр курсээсээ shuud.mn вэбсайтад сэтгүүлчээр ажилд орж, ажиллангаа сурч төгссөн дөө. 

-Эрэн сурвалжлах сэтгүүл зүйг яагаад илүү их сонирхох болсон юм бэ? 

-Магадгүй манай өвөө нөлөөлсөн байх. Намайг хүүхэд гэж голохгүй бүх зүйлийн талаар их сайн ярилцдаг байсан. Дунд ангийн сурагч хэрнээ л УИХ, Засгийн Газар, Яамдуудын ажлын тухай мэддэг, төсөв батлах гэж юу байдаг талаар гадарладаг байсан. Өвөө минь сумын засаг дарга байсан болохоор сонин, төрийн эмхэтгэл, элдэв ном их байдаг байлаа.  Энэ нь сониуч, учир шалтгааныг олох гэсэн зантай болгосон юм болов уу. Өвөө байнга л “Ццц, хммм... Ийм шударга бус байх гэж” гээд л мэдээ үзээд ярьдаг, эмээ зурагттайгаа хэрэлдээд байх юм гээд инээдэг байсан юм. Өвөө минь л сэтгүүлч болох хүсэл, зорилготой болгосон гэж боддог. Харин эрэн сурвалжлах сэтгүүл зүйд “Шууд” Тв-ийн дарга нар л чиглүүлж өгч байсан.

-Сэтгүүлч эрэн сурвалжлага хийхэд хамгийн эхэнд зориг хэрэгтэй. Таны зориг хаанаас гарч ирдэг гэж боддог вэ? 

-Сайн мэдэхгүй л байна. Хүнд аливаа зан чанар төрмөл байх тохиолдол ч байдаг.  Зоригтой байна шүү гэж өөртөө зорилго тавьж, бодож үзээгүй. Тэгэхээр  яаж хаанаас гардгийг сайн мэдэхгүй байна. Зүгээр л хийх ёстой, ийм байж болохгүй л гэж боддог. Өөр зүйл бодогддоггүй. 

-Сэтгүүл зүйн олон төрлөөс яагаад заавал асуудал хөндөх, эрэн сурвалжлах чиглэлээр ажиллах болов?

-Түрүүн хэлсэн дарга нар маань чиглүүлсэн. Учраа олоод эхлэх үед “од” болох л миний хүсэл байсан. Телевизийн сэтгүүлч хүн чинь “од” байх ёстой, хэн ч танихгүй нэг газар 30 жил ажиллавал эмгэнэлтэй гэж боддог байлаа. Нэгдүгээр курсийн оюутныг анх ажилд ороход хамт олон минь сайн “усалсан”.  Нэг талаараа тэд намайг эвлүүлдэг тоглоом шиг эвлүүлж түлхэж өгсөн. Монголд телевизийн 200 сэтгүүлч байна, Болортуяа чи яаж ялгарах вэ гээд л шахна. Маргааш ямар гоё мэдээ хийх үү, цаг агаарын мэдээ байсан ч гэсэн хөтлөлттэй хийнэ гэдэг ч юм уу, зүгээр үзэсгэлэнгийн мэдээг ч гэсэн яаж сонирхолтойгоор гоё болгох уу гэж бодоод л шөнө унтдаггүй байлаа. 

-Одоо “од” болох хүсэл тань хэвээрээ юу?

-“Од” болох чухал биш болсон. Гэхдээ амбицтай. Үнэхээр тэр асуудлыг шийдчих юмсан гэсэн хүсэл илүү болсон. Өдөр тутмын амьдралд хүмүүсийн анхаарлыг хандуулж байж шийдэгдэх олон асуудлууд байдаг. Маш олон шүү. Сэтгүүлч хүн л энэ бүхэнд ард иргэдийн дуу хоолой болох ёстой. Дуугүй өнгөрвөл өөртэйгээ зөрчилдөнө гэсэн үг. Бид аливаа зүйлийг үр хүүхдийнхээ төлөө гэж их ярьдаг. Тэгээд өөрийнхөө хүүхдийг хооллоод, гоё хувцаслаад, боловсролд нь анхаардаг. Мэдээж зөв. Гэхдээ бусдын хүүхдийг ч хамаатуулах хэрэгтэй санагддаг. Учир нь бид нэг нийгэмд амьдарч байна. Нэг гудамжаар алхдаг, нэг газар хооллодог, нэг газар л шоуддаг. Цаашилбал хайранд өссөн таны хүүхэд хайранд өсөөгүй, хүчирхийлэл дунд хүн болсон хүнтэй ч хамт амьдарч болно. Тиймээс тусад нь авч үзэх боломжгүй. Бид нэг нэгнээсээ хамааралтай цул ойлголт. Тиймээс аливаа асуудалд аминч үзлээр хандаж болохгүй санагддаг. Сэтгүүл зүйн бүтээл бүр, дуу хоолой нь болж байгаа асуудал болгон нийгмийг засахад том нэмэр. Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйгээр дамжиж ардчилал бэхжинэ. 

-Сүүлийн үеийн сурвалжлагуудаас 29-р сургуулийн хэрэг олны анхаарлыг их татсан. Ямар бэрхшээлүүд тохиолдов?  

-Ярилцлага авсан хүүхдүүдийнхээ аюулгүй байдлыг бодож, бүх ярилцлагаа нууцаар авсан. Хүүхдүүдэд баригдчих вий гэсэн болгоомжлол байсан даа. 

Монголын сэтгүүлчид ер нь юу хийдэг юм гээд хүмүүс их шүүмжилдэг. Яг нэг талыг нь харах юм бол үнэндээ гайхамшигтай залхуу. Ерөөсөө ч нэгнээсээ ялгагдах юмгүй, нэг хэвэнд цутгасан. Шүүмжлүүлэхээс ч аргагүй. Нөгөө талдаа дуугараад явж байгааг нь тоодоггүй. Хэрвээ сэтгүүл зүйн асуудал хөндсөн аливаа сурвалжлага бүрийг хараад шийдвэрлэхийн төлөө төр анхаарч нэг хардаг, тоодог бол олон асуудал шийдэгдсэн байгаа. Нөгөөтэйгүүр сэтгүүлчид бид мэдээлэх үүргээ л гүйцэтгэх ёстой. Араас нь өргөдөл бариад, жагсаад тэмцээд явах нь бидний үүрэг биш. Гэхдээ би төрийг шүүмжлэх бус сэтгүүлчдийгээ ажиллаад өгөөч л гэмээр байна. Монголд болохгүй юм их байгаа учраас бид нарт сэдэв арвин байна. Илээд өнгөрдөг, нэг хийгээд мартдаг баймааргүй байна. Бид олуулаа хүчтэй дуугарвал төр тоодог болно. Сенсаци хөөсөн сэтгүүлч гэж гайгүй ганц нэгийгээ шүүмжлээд байгаа харагддаг. Барьж авсан ажлаа сенсаци болгоод, асуудал шийдүүлж чадаж байвал сэтгүүлчийн ололт тэр. Тиймээс дорвитой бүтээл хийхийн төлөө л бүгд явдаг болбол сэтгүүлчээс айснаасаа болж асуудал шийддэг олон жишээ дэлхий дахинаа ил байна. Сүүлд  Солонгосын хувьсгалын үеэрх сэтгүүлчийн хичээл зүтгэл “1987: When the day comes”, “Washington Post” сонины бодит үйл явдалын тухай “Post” зэрэг киног үзээд үргэлжлүүлэн интернэтээс ч судалсан. Сэтгүүлчийн ажлаар бахархсан. Сэтгүүлч бидэнд улс орноо өөрчлөх боломж их байна, харамсалтай нь  ашиглахгүй юм. 

-Төр нь тоохгүй байна гэхээр ард иргэд өөрсдөө мэдээлсэн мэдээг ач холбогдол өгөн үзэж, уншиж шаардахгүй байгаа тал байгаа байх тиймүү? 

-Тийм. Жишээ нь 29-р сургуулийн асуудал хөндөгдсөнөөр хүмүүс хөгжлийн бэрхшээлтэй, харааны бэрхшээлтэй, сонсголын бэрхшээлтэй иргэн гэж ямар хүмүүс байдаг талаар анхан шатны ойлголттой болсон. Миний санаж байгаагаар тусгай сургуулийн удирдлагууд ямар хүмүүс байх ёстой гэдэг журмыг боловсруулна, боловсролын сургуульд тусгай хэрэгцээт багш нарыг бэлтгэдэг тэнхимтэй болох гэж байна гэх мэт эерэг өөрчлөлтүүд яригдсан. Нөгөө талдаа эцэг эхийн буруу. Бүгд л эцэг, эхийн хохирогч нар. Хэрэв эцэг, эх нь анхаарал халамж тавьдаг, хүүхдүүдтэйгээ ярилцдаг, онцлогийг нь ойлгож хүүхэдтэйгээ илүү ойр дотно байсан бол бэлгийн хүчирхийлэлд өртсөн тэр хүүхдүүд ядаж ээж, аавдаа хэлэх л байсан. Захирал нь шүүхдээд буцаад ажилдаа орсон. Захирлыг ажлаас нь чөлөөлөх үйл явц буруу хийчихсэн юм билээ л дээ. Ажилд авсан нь шүүхийн буруу биш. Одоо ч 29-р сургууль дээр зарим асуудал хэвээр. Сурагчид над руу холбогддог, бичсээр л байгаа. Гэтэл үе үеийн Сайд нар тусгай сургуулийн захирал өөрөө ядаж дохионы хэлгүй байхад явуулж чадахгүй хэвээр л байна. Дохионы хэл мэдэхгүй, ёс зүйн хувьд тэнцэхгүй гэдгийг нь олон зүйлээр харуулаад нийгмээрээ хэлэлцээд байхад ч одоо хүртэл сайн захирлаар солиогүй л байгаа биз дээ. Ер нь бол захирал солигдоод асуудал бүр мөсөн шийдэгдэхгүй. Тогтолцооны гажуудлаа өөрчлөх сайд л алга байна. Мэдээлээд өглөө, үзүүллээ, харууллаа. Тэгээд салбар нь яах ч үгүй л байна. Тиймээс сэтгүүлчид бид арай илүү арга барилаар бүр сайн ажиллах хэрэгтэйг ойлгоод л сууж байна. 

-Та ямар нийгэмд амьдрахыг мөрөөддөг вэ. Тэр мөрөөдөлд хүрэхийн тулд бид юу хийх ёстой вэ? 

 

-Тайваньд сурч байхад Тайвань хүн анх удаа залилан хийлээ гээд Тайванийн хэвлэлээр шуугиж, тайвань хүн гэж хэн юм бэ гэсэн хэлэлцүүлэг өрнөж байгааг найз маань хэлэв. Цагаачид залилан хийдэг болохоос тайвань хүн залилан хийж байгаагүй гэнэ. Гэтэл манай улс гэмт хэргийн гаралт, хүчирхийлэл, хулгай, залилан зэрэг нь хүн амтайгаа харьцуулахад дэндүү их. Санаатай хүн амины хэрэг гардаггүй, гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг улсдаа хоёрт ордоггүй, зам тээврийн ослоор жилдээ 300, 400 хүн үхдэггүй нийгэм хүсч байна. 

-Гэр бүлийн хүмүүжил төлөвшлийн хувьд эмэгтэй хүн яаж өсч, хүмүүжих тухай ээж аав тань ямар юу гэж хэлж, үлгэрлэдэг байсан бэ?

-Намайг их зөнгөөр нь л өсгөсөн. Зөнгөөр нь орхисон хүүхэд бие даадаг байх. 

-Хайр дурлал, найз залуугийн тал дээр ямар бодолтой байдаг вэ?

-Надад бол тэвчээртэй, зөөлөн хүн л тохирох юм шиг санагддаг. Эр хүн гэлтгүй хүн нийгмийн наад захын шалгуур ёс суртахууныг хангасан байх ёстой. Хариуцлагатай байх, хэлсэн амандаа хүрдэг байх, худлаа хэлдэггүй байх гэх мэт.  

-Сэтгэлээр унасан үед таныг юу хурцалдаг вэ?  

-Хөгжим сонсох, тэврэлдэх, спортоор хичээллэх, саунд суух гэх мэт даван туулах аргуудыг шинжлэх ухаан хэлээд өгсөн байна. Тиймээс энэ аргуудыг л хэрэглэхийг хичээдэг. Бусдыг нь цаг хугацаа л шийднэ дээ. 

-Та юунаас хамгийн их айдаг вэ?

-Хүн мэддэггүй, чаддаггүй юмнаасаа айдаг, зугтдаг. Тэрэнтэйгээ нүүр тулдаггүй. Одоо зугтахгүйгээр нүүр тулаад, давж гарахыг л хичээж явна даа. 

-Ямар эмэгтэйг WOMEN WHO DARE гэх вэ?

-Надад бол эмээ минь л бодогдоод байнаХүчтэй хүн гэж хэн гэвэл эмээгээ л хэлнэ. Эмээгээ харж байхад ач, зээгээ харах их ачаанд дарагдаагүй гэх мэт эрх чөлөөт амьдардаг. Үр хүүхдээсээ ач нэхэх шиг утгагүй юм үгүй. Гэхдээ үр хүүхдийнхээ хайр ивээлд өтөлж чадаж байвал тэр нь үр хүүхдээ зөв өсгөж хүмүүжүүлсний, зөв хайрласны илрэл гэж боддог. Эмээ минь жаргалтай л өтөлж байна. Хүчтэй хүн гэж намтар баянтай, тэмцэгч хүн бүрийг бас хэлэхгүй шүү дээ. Жаргаж өтөлж байгаа нь хүчтэй эмэгтэй явсных нь илрэл л гэж боддог. Ажлын онцлогоос улбаалж олон гэр бүлийг харж, уулзаж явсан. Өтөлсөн хойноо үр хүүхэддээ ачлуулж чадахгүй байгаа хүн өрөвдөлтэй ч хатуугаар хэлэхэд үйлийн үр  шүү дээ. 

-Таны амьдралдаа авч байсан хамгийн үнэтэй зөвлөгөө юу байсан бэ? 

-Эмээгийн үг. Орчин цагт жендерийн мэдрэмжгүй үг л дээ. Гэхдээ цаад утга нь тэвчээртэй бай гэсэн үг. “Бүсгүй хүн бүтэж үхэхгүй бол дуугүй байсан дээр” гэж. Бүсгүй хүн дуугүй бай гээд ялгаварлаад байгаа юм шиг байгаа биз. Гэхдээ тэвчээртэй бай гэдэг талаас нь ойлгодог. Аливаад түргэдчих гээд байдгийг минь анзаарч ингэж хэлж өсгөсөн байх аа. 


Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

2 сэтгэгдэлтэй

  • Tseegii   [202.131.247.34]
      2018-09-03 16:21
    Boloroo egchdee surlagiin amjilt husey ee! Hurdan tugsuj ireed ihiig hiij buteegeerei :)

  • Зочин   [202.131.247.34]
      2018-09-03 16:21
    Boloroo egchdee surlagiin amjilt husey ee! Hurdan tugsuj ireed ihiig hiij buteegeerei :)

#WomenWhoDare | 18 настай гагнуурчин охин Э.Уужимсэтгэлт

Тэр Монголд маш цөөхөн байдаг эмэгтэй гагнуурчдын нэг. Түүний мөрөөдөл, зорилго, төлөвшил нь харин 18 настай гэмээргүй. Алсын хараа нь уужим, ажлыг чин сэтгэлээсээ хийдэг нь харваас илт.

  2018-12-12 21:15

Э.Уянга: Эмэгтэй хүн гэдэг маань эрчүүдээс дутуу гэсэн "автомат" шалтаг байж болохгүй | #WOMENWHODARE

Э.Уянга багаасаа усан сэлэлтээр хичээллэж, олон улсын тэмцээн уралдаанд амжилттай оролцож ирсэн бөгөөд хоёр жилийн өмнөөс триатлон спортыг Монголд хөгжүүлэх ажилд хүчин зүтгэж байна.

  2018-11-27 11:05