Хайх зүйлээ бичнэ үү

Тэдний "Hello The Saway" шоу энэ сарын 7-нд болно.

Монголын Хүүхдийн Ордноос 2006 онд гараагаа эхлүүлсэн “Goodboys хамтлаг энэ жил албан ёсоор нэрээ сольж, “The Saway нэртэй боллоо. Эрч хүч, шинэлэг өнгө аясаар дүүрэн залуустай удахгүй болох тоглолт, цаашдын уран бүтээлийнх нь талаар ярилцлаа. Хүлээн авна уу.

- Хамтлаг шинэ нэртэй болсноос хойш анхны тоглолтоо хийх гэж байна. Тоглолтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

- Очко: Манай хамтлаг Goodboys гэдэг нэртэй байсан бол 2018 оноос албан ёсоор нэрээ сольж The Saway гэх нэртэй болсон. Бид энэ сарын 7-нд Hello The Saway нэртэй шоуг зохион байгуулах гэж байна. Манай тоглолтод дөрвөн DJ, нэг уран бүтээлч оролцоно. Түүнчлэн манай хамтлаг өөрсдийн уран бүтээлээ толилуулах юм. Тоглолтод хүрэлцэн ирснээр бидний шинэ гаргасан уран бүтээлийн анхны сонсогч болох боломжтой.

- Яагаад The Saway гэж нэрлэсэн бэ?

- Очко: Ямар нэр өгөх талаар их бодсон. Нэг удаа тоглолт болохын урд өдөр хамтлагаараа сууж байгаад маргаашийн тоглолт дээр бүгдээрээ савцгаая, савъя гэж өөрсдийгөө зоригжуулж, хөгжилдсөн. Тэгээд англиар савъя гээд бичиж үзэхэд таалагдсан учраас The Saway хэмээн нэрлэсэн. Онцгой утга агуулгагүй.

- Танай хамтлагийн нэрээ өөрчилснөөс хойш оролцсон хамгийн том шоу бол “Sunrise festival”. Уур амьсгал ямар байсан бэ. Үзэгчид хэрхэн хүлээж авав?

- Жаргал: Манай хамтлаг “Sunrise-2018”-ийн сүлд дууг дуулсан. Шоуны үеэр бид бүхэн main stage дээр “Sunrise-2018” фестивалийн сүлд дууг түүнчлэн гурван электро сэтийг үзэгчдэдээ хүргэсэн. Манай хамтлагийн хувьд сэтгэгдэл маш өндөр байсан. Үзэгчид ч сайхан хүлээж авсан.

- Уянгын хувьд хамтлагийн бүрэлдэхүүнд сүүлд нэмэгдэж орсон. The Saway хамтлагт орох завшаан хэрхэн гарсан бэ?

- Уянга: Бидний хувьд 2015 онд анх “Nature sound”-д танилцсан. Тэр үеэс хойш олон тоглолтод хамтарч дуулсан л даа. Энэ зунаас хамтлаг маань MNG-тэй гэрээ байгуулж, албан ёсоор хамтлагийн гишүүн болсон.

- Танай хамтлаг маш өвөрмөц бүрэлдэхүүнтэй шүү дээ. Дөрвөн эрэгтэй, ганц эмэгтэй гишүүнтэй хамтлаг Монголд бараг байхгүй. Эрэгтэй хүмүүстэй хамтарч ажиллахад ямар санагддаг вэ?

- Уянга: Үнэхээр түшигтэй, халамжтай байдаг. Эрэгтэй хүмүүстэй найзлахад илүү амар санагддаг. Хамтлагийнхаа гишүүдтэй байхад өөрийнхөөрөө, нээлттэй байж чаддаг шүү.

- Найдка хамтлагт Goodboys нэртэй байхад орж ирсэн. Анх тус хамтлагийн гишүүн болох санал ирэхэд ямар санагдсан бэ?

- Найдка: Дууныхан үгийг бичээд, дагаж дуулдаг байсан хамтлагаас маань санал ирсэн болохоор үнэхээр их баярласан. Бүр цочирдсон гэж болно(инээв). Хамтлагт орохоос өмнө сайн найзууд байсан учраас сэтгэгдэл маш өндөр байсан. Хамтлагт орсон цагаас эхлээд нэг зорилго, нэгэн дээвэр дор нэгдсэн дээ.

- Та нарыг Goodboys байна шүү дээ гэж таних хүн хэр их байдаг бэ. Нэр өөрчлөгдсөнөөс хойш шинэ хамтлаг шиг хүлээж авч байна уу?

- Тэлмэн: Нэр өөрчлөгдсөнөөс хойш биднийг зөвхөн The Saway гэдгээр хүлээж авч байгаа. Бид Goodboys гэх хамтлаг байсныгаа хэнээс ч нуудаггүй бас ичдэггүй. Гэхдээ бидний царайг хараад ч таньдаггүй юм шиг байна лээ (инээв). Нэр солигдсоноос хойш хүмүүсийн хандлага маш их өөрчлөгдсөн. Түүнчлэн манай хамтлагийн таван гишүүн бүгдээрээ хөгжим дардаг, бүгд дуулдаг болохоор бусад хамтлаг, дуучдаас ялгарах онцлог гэж боддог.

- Амьд хөгжим хэзээнээс эхэлж тоглосон бэ?

- Жаргал: Анх 2011 оноос эхлээд өөрсдийн сонирхдог хөгжмөөрөө хувь хувьдаа суралцсан. Хөгжимд хайртай, дуртай болохоор амьд хөгжмийн хамтлаг болцгоохоор шийдсэн. Өөрсдөө бие дааж сурцгаасан. Тодорхой хэмжээнд бага зэрэг асууж тодруулах зүйл байвал мэргэжлийн хүнээс зөвлөгөө авдаг байсан. Бүгд Youtube гэх багшаар дамжуулж бие даан сурцгаасан даа.

- Хамтлаг байгуулагдсан цагаас хойш ололт амжилттай болон бэрхшээлтэй үе ч байсан байх. Энэ тухайгаа сонирхуулна уу?

- Очко: Монголд шинэ залуу үеийн уран бүтээлчид уран бүтээл хийхэд маш хэцүү болсон. Бүх хүн өндөр өртгөөр уран бүтээл хийгээд байж чадахгүй шүү дээ. Гэхдээ бид яг энэ хүнд хэцүү нөхцөл байдалд багаасаа бэлтгэгдэж байсан гэж боддог. Бидний хувьд энэ сарын 7-нд болох тоглолтынхоо бичлэг, дуугаралт, гэрэл, найруулга гээд бүх зүйлсийг өөрсдөө хийж байгаа. Бидэнд маш хэцүү үе зөндөө гарч байсан. “Монгени” цогцолбор сургуульд сурч байхдаа сургуулийнхаа бэлтгэлийн байранд хөгжмөө давтдаг байсан. Төгсөөд бэлтгэлийн байр олоход хэцүү болсон. Хэд хэдэн бэлтгэлийн байр сольж, “туулайчилж” явах үе олон байлаа.

Найдка:  Монгенид анх бэлтгэл хийснээс эхлээд л бид тав үргэлж хамт байсан. Түүнчлэн бид жил болгон ямар нэгэн эвент зохион байгуулж, хүмүүст өөрсдийгөө илүү шинэлэг өнгө аястайгаар мэдрүүлэхийг хичээж байсан. Шантрах үе нэлээдгүй байсан л даа. Хүмүүст сайн уран бүтээл, чанартай тоглолт үзүүлэхэд бэлтгэл хамгийн чухал. Тийм ч учраас бэлтгэлийн байр хамгийн том асуудлуудын нэг байлаа. Бэлтгэлийн байр байхгүй бол бүх зүйл зогсонги байдалд ордог. Магадгүй зарим хүний өнцгөөс бол шууд л шантрах байсан байх. Гэхдээ бид нар огтхон ч сэтгэлээр унаж байгаагүй. Бүх зүйл болно бүтнэ гэдэгт итгэлтэй байсан. Шантрах зүйл гарч ирсэн ч бид нар хамтдаа даваад гардаг. Нэг бэлтгэлийн байрнаас бүх хөгжмөө аваад хайчхаа мэдэхгүй гудамжинд гараад алхах үе зөндөө байсан. Тэгсэн ч гэсэн огт сэтгэлээр унахгүй, одоо яах уу гэж хэдэн бие рүүгээ харж инээлдээд, өөдрөг даваад гардаг байсан даа. Жаргалтай зовлонтой олон дурсамж маань бидний цаашдын ирээдүйг тодотгож өгсөн.

- Өнөөдрийн бүтээсэн бүхэн та нарынх шүү дээ. Эргээд харахад үнэхээр сайхан байдаг байх?

- Очко: Тийм шүү. Нэг мэдсэн чинь бид нар өрөөгөөрөө дүүрэн хөгжимтэй болчихсон. Ямар ч дутагдах, гачигдах зүйлгүй л байна.

Найдка: Хамгийн гол нь бид нар эцэг эхээсээ мөнгө авъя гэж боддоггүй. Бидний сургалтын төлбөрийг маань төлж байна шүү дээ. Харин дуу хөгжим бол хичээлээс гадуурх бидний сонирхол. Өөрсдийн дуртай зүйлсээ хийхийн тулд зогсолтгүй хичээсээр өнөөдрийн энд байгаа бүхнийг бүтээж чадсандаа баярладаг. Бид үүгээрээ их бахархдаг. Бид нар эцэг эх, хамаатан садан хэнээр ч ивээн тэтгүүлээгүй. Тийм ч учраас бидэнд маш том туршлага бий болсон. Өнөөдөр бидэнд байгаа бүх зүйлийг өөрсдийн хичээл зүтгэл, авьяас, хөдөлмөрөөрөө олж авсан.

- Цаашид бодож, төлөвлөсөн зүйл хэр их байгаа вэ. Танай хамтлагийн алсын хараа юу вэ?

- Тэлмэн: Бидэнд бодсон зүйл маш их байгаа. Бид очиж чадах эцсийн цэг хүртлээ хамтдаа явна. Бараг л студитэй болчихлоо шүү дээ. Манай бэлтгэлийн байрыг студи гэж хэлж болно. Дээр нь бид үзэгчдэд 21-р зууны шинэлэг зүйлийг сонсгох гэж хичээж байгаа.

Найдка: Бид хэвшмэл байдлыг өөрчлөхийг хүсдэг. Аливаа тоглолт, үйл ажиллагаанд очихоор нөгөө л нэг мэддэг дуу, мэддэг хэмнэл явдаг. Одоо шинэ үеийнхэн маш чадварлаг болж байна. Тэр шинэ үеийн төлөөлөл болон явж байгаадаа баяртай байдаг.

- Та нарыг үргэлж дэмжиж байдаг гэр бүлийнхээ тухай яриач?

Жаргал: Ганцхан Очкогийн ээж, Уянгын ээж гэдэг утгаар биш, манай хамтлагийн ээж, аав нар гэдэг утгаар их дэмждэг. Үргэлж бидэнтэй хамт байсан учраас ээж аавуудын хамтлаг гэж хэлсэн ч буруудахгүй (инээв). Бидний багаас маань зөв чиглэл рүү чиглүүлж өгсөн учраас одоо бол тэдэндээ дараа болохыг хүсдэггүй. Хааяа мэдээж туслалцаа авах үе гардаг.

Найдка: Миний харж байгаагаар эцэг эх маань бид нарт маш их итгэл хүлээлгэсэн. Итгэдэг учраас бидэнд чөлөөт боломжийг нь олгодог. Хэрвээ чи дуртай байгаа бол үүнийгээ хий. Ард чинь бид нар байгаа. Итгэл алдаж болохгүй гэдгийг бидэнд сайн ойлгуулсан. Бусад найз нөхдийн эцэг эхийг харахад зарим нь хэтэрхий хорьдог. Зарим нь бүр дэндүү задгай тавьдаг. Манай эцэг эхчүүдийн хувьд яг хэмжээг нь тааруулдаг. Өөрсдийн хийсэн, бүтээсэн зүйлээ тэдэнд харуулахдаа үнэхээр баяртай байдаг.

Уянга: Би багаасаа дуулсан учраас ямар л тэмцээн уралдаанд оролцоно тэнд гэрийнхэн минь үргэлж явдаг байсан. Дээр нь энэ хамтлагт ороход маш их баярлаж байсан. Бидний хийж байгаа шоу, тоглолтод эцэг эхчүүд маань боломжоороо ирээд хамтдаа үзээд суудаг. Энэ бүхэнд маш их баярладаг.

- Та нар орон нутгаар явж, аялан тоглолтоо хийх үү?

- Очко: Бид нар орон нутгуудаар тоглолт хийж үзсэн. Тухайн үед ямар ч ивээн тэтгэгчгүй зөвхөн өөрсдөө бие дааж, жинхэнэ бор зүрхээрээ тоглолтоо хийсэн. Дутагдах зүйл ч их байсан. Дээр нь туршлагагүйтсэн. Тиймээс сайн төлөвлөж байж хийх ёстой гэдгийг ойлгосон. Одоо орон нутгаар аялан тоглолт хийхдээ нарийн төлөвлөж байгаад хийнэ гэж бодож байгаа.

- Хамтлаг удаан хугацаанд оршин тогтнох гол багана нь та бүхний нөхөрлөл байсан байх. Та нарын бодлоор нөхөрлөл гэж юу вэ?

- Найдка: Бид нар бие биедээ маш их итгэдэг. Бүх зүйл итгэлцэл дээр л тогтдог. Нэгэндээ итгэж байж л хариуцлага суудаг. Хэзээ ч нэгнийгээ хуурдаггүй.

Очко: Бид нар бараг мэдээ ороогүй цагаасаа эхэлж цуг явлаа (инээв). Миний хувьд нөхөрлөл гэдэг зүгээр л манай найзууд байх.

- Очког Тайван руу суралцахаар явахад хамтлагийн бусад гишүүдэд ямар санагдсан бэ?

- Жаргал: Очко бол манай хамтлагийн ахлагч шүү дээ. Ахлагч маань биднийг нэг жилийн хугацаатай орхиж явсан (инээв). Гэхдээ биднийг хаясан гэсэн үг биш. Өөрийгөө хөгжүүлэхийн төлөө, сурахын төлөө гадагшаа явсан. Үүнийг нь бид нар дэмжсэн. Гэхдээ хамтлагийн нэг гишүүн байхгүй болчхоор ямар ч зорилгогүй, хийцгүй болдог юм байна лээ. Бүгд хамт байж хамтлаг болдог юм байна гэдгийг ойлгосон.

Очко: Яваад, буцаж ирсэндээ баяртай байдаг. Учир нь би тэр хугацаанд хамтлагтаа ямар их хайртай гэдгээ мэдсэн. Ирээд шууд л шинэ ажилдаа дуу нэгтэйгээр орсон доо.

Тэлмэн: Яг л нэг гэр бүл шиг байдаг болохоор гэр бүлийн маань нэг гишүүн хол явахад маш их санаж үгүйлсэн. Бид нар долоо хоног ч уулзахгүй байж чаддаггүй хүмүүс шүү дээ (инээв). Илүү сайн бие биенийхээ орон зайг мэдэрсэн гэж болно.

Найдка:  Очког байхгүйд маш том орон зай хоосон хоцорсон. Тэр зайг нөхөх хүн байхгүй гэдгийг ойлгосон. Очко ирээсэй, байсан бол ингэх байсандаа гэх мэт бодох үе их байсан.

- Суралцаж байхдаа Тайваны хөгжмийн хамтлагт бөмбөр тоглосон гэсэн. Бусад орны хөгжимчдөөс суралцах зүйл хэр их байсан бэ?

- Очко: Би багаасаа хөгжимд дурласан. Хөгжмөөс өөр ямар ч сонирхол байхгүй. Яг үнэнийг хэлэхэд гэртээ нөүтбүүкнээс дуу тавихад хажуу айл ханаа нүддэг байлаа. Чихэвч л тус болсон доо. Надад дуу хуургүй бол миний амьдрал төсөөлөгддөггүй. Өөрийнхөө хорхойг дарахын тулд хөгжмийн дэлгүүрүүдээр явдаг байсан. Тэгж явж байгаад Тайван хамтлагтай танилцаж, бөмбөрчинөөр ажилласан. Тэд нарт атаархах үе байсан. Хамтлагаараа гоё юм аа гэж бодож байлаа. Гаднын хамтлагаас сурах зүйл их юм билээ. Ухамсар, цаг барилт, соёл зэрэг олон зүйл бий. Мөн бэлтгэл хэрхэн явагддаг болохыг илүү сайн мэдэж авсан. Хамтлагийн бэлтгэлээс өмнө хувь хувийн бэлтгэл гэж байдаг. Энэ бүх зүйлийг сураад найзууддаа зааж өгье гэж хүссэн.

- Найзууд чинь та нарыг үргэлж дэмжиж, та нар тусалдаг байх. Найзуудынхаа тухай сайхан дурсамжаасаа хуваалцаач?

- Тэлмэн: Бид нар Cover night, тоглолт гэх мэт нэлээн олон үйл ажиллагаа зохиож байсан. Хүн дүүрсэн ч үе байна, бараг ганц хүн ч ирэхгүй үе байна. Тэр бүх тоглолтод манай найзууд бүгдээрээ байж байдагт нь маш их баярладаг.

Найдка: Хэзээ ч биднийг хаяж байгаагүй. Аль болох бүх талаас нь биднийг дэмждэг. Найзууд маань яг л хамтлагийн, гэр бүлийн гишүүн шиг дотно. Сая хүртэл ундаа бариад л ороод ирлээ (инээв). Тийм болохоор улам их урам ордог.

- Уянгын хувьд “Оддын академи” шоунд оролцсон шүү дээ. Тус шоунаас сурч, мэдсэн зүйл нь юу байсан бэ?

- Уянга: 12 өөр охин хамт амьдарч байсан учраас хүн бүрээс сурах зүйл их байсан. Олон өөр айлын охидууд учраас жоохон хэцүү. Хүмүүстэй илүү сайн харьцаж сурсан. Түүнээс гадна дуулалт, тайзан дээр биеэ авч явах байдал зэрэг олон зүйл сурсан даа. Одоо ч гэсэн Оддын академийн охидуудтай холбоотой байдаг. Нэг хаалга хаагдахад нөгөө хаалга нээгддэг гэдэг шүү дээ. The Saway хамтлагийн гишүүн болсондоо маш их баярладаг.

- Шинэ уран бүтээл төрөхөд хэдий хэр хугацаа шаарддаг вэ?

- Тэлмэн: Нэг сарын дотор төрдөг уран бүтээл гэж байна. Долоо хоногийн дотор төрөх уран бүтээл ч бий. Үйл явцын хувьд эхлээд дууны санаагаа олно. Түүнийгээ бичих, хөгжмийн найруулга хийх, ая зохиох, үг зохиох, хоолойн бичлэг, mix master гээд маш олон дарааллыг дамжиж уран бүтээл төрдөг. Маш их ажиллагаа, олон хүний сэтгэл шингэж дуу бүтдэг дээ.

- Шинэ уран бүтээлүүдийнхээ үг, аяыг өөрсдөө зохиосон уу?

- Очко: Ерөнхий “арам” болох суурийг нь бид нар өөрсдөө гаргадаг. Саяхан шинэ гарсан дууны үгийг манай найз бичсэн. Найз нөхдийнхөө хүрээллээрээ дамжуулж туслалцаа их авдаг. Ковер дуунуудыг бид нар өөрсдөө эхлээд хөгжим дээрээ бичээд дуулдаг. Яг л шинэ дуу төрөхтэй адил шат дараалалтай явдаг. Бүх зүйлээ өөрсдөө л хийдэг.  

- Бэлтгэл хэдэн цагаар хийдэг вэ?

- Тэлмэн: Тогтсон цаг байхгүй. Хангалттай боллоо гэх хүртлээ бэлддэг. Мэдээж хангалттай болтлоо удна. Олон цаг бэлтгэл хийгээд чих дүнгэнэх үе ч байна.

- Үлгэр жишээ авдаг ямар уран бүтээлчид байдаг вэ?

- Жаргал: Нэрлэх юм бол дуусахгүй байх. Бүх л хүрээг хамарч сонсдог. Жанр болгоноос авах зүйлийг нь авдаг.

Найдка: Хамтлаг, дуучин болгонд өөрсдийгөө илэрхийлсэн аялгуу байдаг. Тэрийг ойлгож сонсох нь чухал гэж боддог. Дуугаралтыг анхаарч сонсдог. Мэдээж үзэгчдийг татаж байгаа гол зүйл бол дуугаралт. Тиймээс аливаа уран бүтээлчийн дууг сонсохдоо яаж үүн шиг гоё дуугаралттай уран бүтээл хүмүүст хүргэх вэ гэж боддог.

- Ярилцсанд баярлалаа. Удахгүй болох тоглолтод нь амжилт хүсье.

- Тэлмэн: Баярлалаа. Нэмж хэлэхэд, бидний зохиож байгаа шоу бол “Хар сувд” хөлөг онгоцны хаалт юм. Маш чанартай дуугаралттай учраас залуусыг ирэхийг уриалж байна.

Бэлтгэсэн: Х.Хулан

 

 

 

 

 


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.