Хайх зүйлээ бичнэ үү

12 мин

ТЭД БИДНИЙ ТУХАЙ: Даяар шашин ба Нэгдсэн Фронт: Монголын асуудал

2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр jamestown.org сайтад нийтлэгдсэн Даяар шашин ба Нэгдсэн Фронт: Монголын асуудал хэмээх нийтлэлийг "Тэд бидний тухай" булангаар орчуулан хүргэж байна.


2018  оны 7 дугаар сарын 10-ны өдөр jamestown.org сайтад нийтлэгдсэн Даяар шашин ба Нэгдсэн Фронт: Монголын асуудал хэмээх нийтлэлийг орчуулан хүргэж байна. Уг нийтлэлийг Jichang Lulu хэмээх бичгийн нэрээр бичдэг Miguel Martin бичсэн агаад тэрээр Хойд тэнгис болон Нэгдсэн Фронт дахь хятадын бодлого, үйл ажиллагааны талаар голчлон бичдэг юм байна.

Twitter хаяг: @jichanglulu

Ши Жинпин даргын гадаад бодлогынхоо хэрэгсэл болгон дэвшүүлж буй Нэгдсэн фронтын үзэл санаанд “хятадын баримжаат шашин” чухал үүрэгтэй ажээ. Манжийн Чин гүрний үеэс эхтэй төрийн удирдлага доорх бурхны шашин гэх бодлогын чадамжийг ХКН-ын зүгээс цохон тэмдэглэхийн сацуу НФ-оос монголд явуулах бодлогын тэргүүлэх бүрдэл хэсэг хэмээн үзэж байгаа юм. Жавзандамба хутагтын шинэ дүрийг тодруулж буй явцад тэдний анхаарал ихэд төвлөрч байгаа бөгөөд энэ нь шинэ эзэнт гүрний Шашны мяндагтнуудын хойд дүрийг тодруулах удирдлагын тогтолцоон дахь эмзэг сэдэв билээ. Хойд дүрийн удирдлагын тогтолцоо нь Далай ламын дараа дүрийг тодруулах асуудал дээр бэрх сорилттой тулгарах нь гарцаагүй.  

Үүний зэрэгцээ НФ хятадын төрөөс чиглүүлж буй шашны хамтын ажиллагааг монголын хэд хэдэн сүм хийдтэй холбогдон явуулж байгаагийн дотор зарим сүм нь монгол улсын бүртгэлд бүртгэгдээгүй байгаа нь илэрчээ. Тэд Далай ламын орогнож буй Дармасалагаас ирэх нөлөөллийг сөрөх, даяар буддизмын номлолын хүчийг сулруулахын тулд настай лам нарыг өөгшүүлэх замаар монголын шашны дотоод хагарлыг өдөөж байна. Хэдийгээр монголд шашнаар дамжуулан нөлөөлөх боломж хязгаарлагдмал ч гэлээ Ши даргын баримжаатай ийм тактик нь НФ-ын зүгээс хятадад явуулж буй уламжлалт үндэсний цөөнхийн бодлогын хүрээ, үйл ажиллагааг илэрхийлж байгаа юм.

Хятадын баримжаат шашин даяаршил руу зүглэнэ

ХКН-ын шашны бодлого нь дарамт шахалт ба хамтран сонгох арга барилыг хослуулдаг. Нэгдсэн Фронтын Үйл Ажиллагааны Газрын гол ажил нь хятадад байгаа болон гадаадад буй шашны болон бусад нам бус хүчнүүдийн удирдлагыг хамтран сонгох юм. НФ-ын энэ арга барил нь 1920-иод онд ХКН-д зөвлөлтийн коммунист зөвлөхүүдийн зааж өгсөн ленинч бүтээл юм. НФҮАГ-ын ашиглаж байгаа шашныг удирдах тогтолцоо бол Коминтерны дараа үед Хойд Солонгост хэрэгжүүлж байсан шинэчлэгч бодлогын нэг хувилбар ажээ.  Шашныхан тэсэж үлдье гэж байгаа бол намын “эх оронч “ хэрэгсэл болж, гаднаас орж ирсэн христийн болон буддын шашныг “хятадын баримжаатай” болгох нь чухал хэмээн Ши дарга өөрийн хүслээ 2016 оны 4 дүгээр сард CPC news-д, 10 дугаар сард People’s Daily-д тус тус ярьсан билээ. «Улсаа хайрла, шашнаа ч хайрла» (爱国 爱 教) гэх уриа нь ХКН-ын зүгээс сүсэгтнүүдэд тавьж байгаа дээд зэргийн санал юм.

China Brief-т 2018 оны 4 дүгээр сард мэдээлснээс үзэхэд Ши Жинпин дарга ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албыг авсныхаа дараачаас НФҮАГ-ын эрх, үүргийг эрс өсгөн нэмэгдүүлсэн байна. Нэгдсэн фронтын тогтолцоог урьд хожид байгаагүйгээр өргөжүүлсэн нь олон улсын шашны бодлогод хоёр зүйлээр нөлөөлж байна. Юуны өмнө Шашны харилцааны Төрийн удирдлагын газар (国家宗教事务局) хэмээх засгийн газрын байгууллагын үүргийг ХКН-ын шашны бодлогыг хэрэгжүүлэгч НФҮАГ-т шилжүүлэв. Ингэснээр урьд нь Шашны харилцааны Төрийн удирдлагын газрын хянаж байсан Хятадын Буддист холбоо (CBA, 中国佛教协会) одоо ХКН-ын шууд удирдлагад орох болжээ. Хоёрт, НФ-ын үйл ажиллагааны хүрээг даяаршуулж, өргөтгөв. Саяхнаас НФ-ын нөлөөлөлд оруулахын тулд хилийн чанад дахь объектуудыг идэвхтэй ашиглах болсон нь үүнийг гэрчлэнэ. Урьд нь гадаадын шашны байгууллагууд дахь сонгуулийг гадаад дахь хятадын сүмүүдээр (To, 2009, хуудас 151) юм уу гадаад дахь төвдүүдээр (Journal of Current Chinese Affairs, 2012) дамжуулан зохицуулдаг байсан билээ. Тайваньд төвлөрч байсан олон улсын буддист байгууллагуудад БНХАУ-ын голлох нөлөөг бий болгох хүчин чармайлтын ачаар илүү даяаршиж, ХКН-ын Энэтхэгтэй (Carnegie India, 2017. 3 сар) хийх өрсөлдөөнд зонхилох байрыг эзлэв. Дэлхийн буддистуудын дунд нөлөөтэй Хятадын буддист холбооны дэд ерөнхийлөгч, Хайнаны салбарын тэргүүн Иншунь (印顺) ихээхэн нөлөөтэй болон товойж гарч ирлээ. Иншунь болбоос өмнөд хятадын хоёр сүм болон Балба дахь бурхан багшийн төрсөн нутаг Лүмбэнд нэг сүмийг (Fenghuang Fojiao, 2017.10 сар; Caijing, 2017.12 сар) толгойлдог. Мөн Нанхайн Буддын академийг удирддаг ажээ. Энэ академи нь Өмнөд хятадын Санья хотод 2017 онд нээгдсэн бөгөөд хятадын, төвдийн, теравадын буддист сургалтыг явуулж, Энэтхэгийн өрсөлдөгч байгууллага болох Наландагийн Их сургуулийн нөлөөллийг төлөвлөгөөтэйгээр, барьцтайгаар арчиж байгаа юм. Нанхайн академийн НФ-д гүйцэтгэх үүрэг нь гадаадын шашны хамсаатнуудын хэргэм, мяндагийг батламжилахын өмнөхөн Хайнаний НФҮАГ-ын дарга урих буюу айлчилдагаар илүү тодорхой болж ирлээ. 2017 оны 9 дүгээр сард Синьхуа агентлагт өгсөн ярилцлагадаа Иншунь өөрийн үйл ажиллагааны зорилгыг дэлхий дахинд «хятадын баримжаат буддын тогтолцоог» санал болгох хэмээн тодотгож хэлэв. Ийм буддист тогтолцоонд шашны шинж чанар давамгайлах ч улс төрийн асуудлаас хөндий байхгүй аж. Иншуний зохион явуулдаг дугуй ширээний ярилцлага нь «Өмнөд хятадын тэнгис бол хятадын л тэнгис», «Хятад дэлхийн буддизмын төв болсон» гэх зэрэг «зөвшилцөлд» хүргэх агаад  «дэлхийн шашны хөгжилд голлох үүрэг гүйцэтгэнэ» гэдэгтээ итгэлтэй байгаа гэнэ (Caijing, 2017.12 сар). Тэрээр нийгмийн сүлжээгээр Ши даргын ХКН-ын XIX чуулган дээр тавьсан илтгэлийг магтан дуулж, эгээ л “орчин цагийн Буддист номлолыг” гараар хуулан бичихтэй зүйрлэв. (China Digital Times, 2017.12 сар).

БНХАУ-ын Монголын бурхан шашинтнуудтай харьцах бодлого даяаршиж байна

Монголд төвдийн буддизмын салбар урсгалууд ноёлдог. НФҮАГ-ын зүгээс монголын бурхан шашинтнуудтай харилцах бодлого нь даяар улс төрөөс ангид гэж мэдэгддэг ч бусад эх үүсвэрийн мэдээлэл үүнийг үгүйсгэж байгаа юм. Өнгөрсөн онд гэхэд л Төвдийн буддизмын академийн коммунист намын хорооны дарга Бээжинд үг хэлэхдээ “Бүс ба замын дагуух улсууд болон нутаг дэвсгэрт туслахын тулд тэдний шашны мэргэжилтнүүд, номлолын шаардлагыг хангаж, манай намын үндэстний болон шашны бодлогын давуу талыг “нээн харуулах” болно” гэжээ. (UFWD, 2017.7 сар). Уламжлалт улс төрийн үзэл баримтлалуудаар бол хайлтын нэгдсэн систем байгуулах, зохицуулалтын ажилд Хятадыг илүү санаачлагатай байж, «гурван улсад тодрох лам нарын дүрийг» албан ёсоор эцэслэн зарладаг, хүлээн зөвшөөрдөг болохыг санаархаж буй. Энэ нийтлэлд Монгол улсад Жавзандамба хутагтыг дахин тодруулах асуудал нь БНХАУ-тай шөргөөцөлдөх магадлалтай гэдгийг авч үзэж байгаа юм. Иймэрхүү тайлбарыг Хонконгийн нэгэн нэрээ нууцалсан судалгааны төв хэвлэсэн. Тэр төв нь CEFC гэх БНХАУ-ын эрчим хүчний компанийн санхүүжилтээр (HKEJ, 2011.11 сар) байгуулагдсан аж. Шашны харилцааны Төрийн удирдлагын газрын дарга асан Ие Шяовень(叶小文) Банчин богдыг дахин тодруулах явцад гүн хутгалдаж, бүх үйл ажиллагааг тэрхүү судалгааны төвтэй хамтран биечлэн удирдаж байсан билээ. Эдгээр байдлаас харахад Далай ламын нөлөөллийн хүрээг хумих нь тэдний үндсэн зорилго юм. Монголын сүм хийдүүд болон БНХАУ-д төвтэй байгууллагуудын хоорондын харилцаа нь ч гэсэн энэ зорилгод чиглэж, зарим тохиолдолд биечлэн хэрэгжүүлж байна.

Нэг дэлхий, Нэг Будда, Нэг хятад’ бодлого

НФ-ын тогтолцоо нь монголын шашныхны дундах хуваагдлыг илэрхий ашиглаж байна. Монголын хэд хэдэн сүмийн мяндагтнууд НФҮАГ, Шашны харилцааны Төрийн удирдлагын газар, Хятадын буддист холбоотой далд холбоотой ажилладаг. Тэдний дотор Дорж Шүгдэнгийн шүтлэгийн төв болсон Амарбаясгалант хийд, Улаанбаатар хот дахь Их хүрээ хийд багтдаг. Их Хүрээ хийдийн хамба З.Санждорж нь төв Гандангийнхаа эсрэг хатуу тэмцэж, Далай ламын монголд хийсэн айлчлалыг хурцаар шүүмжилсэн. 2016 онд З.Санждорж “Монголын хөршүүдийн”, “зөвшөөрөлгүйгээр” Далай лам айлчлан ирсэнд ихэд харамсаж буйгаа илэрхийлсэн билээ. (time.mn 2016.11сар). З.Сандоржийн үзэл бодлоо ийнхүү илэрхийлснийг БНХАУ-ын төрийн мэплийн хэвлэл мэдээллүүдээр ихэд сайшааж сурталчилсан юм. (Huanqiu, 2016. 11 сар) З.Санждоржтой дотно харилцаатай мэдээллийн хэрэгслүүд түүний хятадын буддист байгууллагуудтай тогтоосон харилцааг эерэгээр харуулахыг эрмэлздэг (control.mn, 2017.3 сар, 2016.8 сар, 2017.10 сар) Энэ сайтын ерөнхий редактор нь 2016 онд ХКН-аас зохион байгуулсан кибер орон зайн хөгжлийн форумд (chinanews, 2016.7 сар) уригдаж байсан байдаг. З.Санждорж лам нь Bank of China-гийн нэгэн сан дээр очиж өөр сүмд зориулна гэх нэрийдлээр 9 сая төгрөгийн хандив (тухайн үеийн ханшаар 4866 ам.доллар) авч байжээ (中蒙文化教育暨社会发展基金, 2015.1 сар).

Улаанбаатарын ядуу дүүргүүдийн нэг Налайхад байрлах “Сайн Номун” хийд нь НФ-ын үйл ажиллагааны амжилттай жишиг болж байгаа юм. Төвдийн буддизмын академийн (藏语 系 高级 佛 学院) коммунист намын хорооны нарийн бичгийн даргын үзэл бодлогыг хэрэгжүүлэхэр Бээжинд 2017 оны 11 дүгээр сард гадаадын лам нарыг хүлээж авсан (UFWD, 藏语系高级佛学院, 2017.11 сар) Тэдгээр лам нар Сайн Номун хийдээс ирсэн юм. Хийдийн хамба С.Нэргүй бүлгийг ахалж авчирсан. Тэд Шашны харилцааны Төрийн удирдлагын газрын удирдлага, Хятадын Буддист холбооныхонтой болон БНХАУ-ын хүлээн зөвшөөрсөн Банчин богдтой уулзжээ.

С.Нэргүй нь дээр дурдагдсан Иншуньтэй харилцан айлчлал хийдэг. 2017 оны 6 дугаар сард Иншунь “Сайн Номун” хийдэд зочилсон талаар НФҮАГ-ын веб хуудаснаа мэдээлсэн бөгөөд С.Нэргүй энэ үеэр хийдэд нь сургагчдыг ирүүлэхийг хүсчээ (UFWD, 2017.6 сар).  С.Нэргүйгийн гэр бүлийн гишүүдийн компани түүнд хийдээ барьж байгуулахад тусалсан гэх агаад тэнд нь хятад монголын уулзалтууд болдог ажээ. С.Нэргүйн ах дүүс улсынхаа бизнесийн болон улс төрийн хүрээний элитэд хамаардаг гэгдэх бөгөөд тэдний дотор сайд байсан (С.Отгонбаяр), Улаанбаатар хотын НИТХ-ын даргын алба хашиж байгаа (С.Амарсайхан) хүмүүс бий. 

Иншунь бас С.Нэргүйтэй Нанхай академийн (南海佛学院, 2017.6 сар) зочин профессорын журмаар уулзаж байсан байдаг. 2017 оны 11 сард С.Нэргүй Шеньженд болсон Өмнөд хятадын тэнгисийн Буддист дугуй ширээний ярилцлагад уригдсан нь Шашны харилцааны Төрийн удирдлагын газрын дарга Ванг Зуо Аны санаачлага ажээ.(SARA, Nov 2017) Ванг одоо НФҮАГ-ын дэд дарга болсон. “Дугуй ширээний уулзалтаас” гаргасан тунхагт: «Шинэ эрин», «Тэнгисийн торгон зам», «Нийтлэг хувь заяагаар холбогдсон хамтын нийгэмлэг» гэх нэр томъёонууд дурдагдсан бөгөөд Хайнаны Хятадын Буддын холбооны нийгмийн сүлжээний хаягнуудаар (Weixin, 2017) С.Нэргүй ламын дугуй ширээний ярилцлага дээр хэлсэн үгийг тарааж байв. С.Нэргүй Ши даргын геополитикийн санаачлагуудыг магтаад, шашны зарчмуудаар ХКН-ын нутаг дэвсгэрийн амбицийг зөвтгөжээ. Тэрээр: «Бидэнд олон бурхан байхгүй, ганцхан Будда, ганц л дэлхий бий ... буддист орнуудын бүх лам нар Нэг Хятад бодлогыг дэмжиж байгаа. Бидэнд ганцхан Будда байдаг шиг, бид Нэг хятад бодлогыг дэмжинэ» гэж ярьсан байна.

Дүгнэлт

БНХАУ-ын зүгээс монголын бурхан шашинтнуудтай харилцаж байгаа хандлагыг ажихад НФ болон  Шашны харилцааны Төрийн удирдлагын газар, НФҮАГ-Ын албаны хүмүүүсээс тэдэнтэй тогтоосон холбоо сүлбээгээр дамжуулан харьцах сонирхолтой, амжилт олж эхлээд байгаа НФ-ын даяар буддизм бодлогыг тулгах аястай юм. БНХАУ-ын нам-төрийн оролцоотой субъектууд орон нутгийн шашны мяндагтнуудыг хөөргөж, монголын буддист нийгэмд хуваагдлууд үүсгээд хятадын “шашны капиталыг” цутгах замаар тэдэнд тодорхой дэмжлэг үзүүлж, лам нарыг нь сургаж байна. “Сайн Номун” хийд нь БНХАУ-ын нутаг дэвсгэрийн амбиц болон даяар буддизмын номлолыг дэмжиж, улс төр болон бизнесийн элитүүдтэй холбогдох суваг үүсгэхэд нь тусалдаг аж.

Эдгээр амжилтыг нь хэтрүүлэн үнэлэх шаардлагагүй. НФ нь угаас бага хүч, зардлаар ажиллах чиглэлтэй, монгол болон бусад газарт суртал ухуулгын чиглэлээр үйл ажиллагаагаа хязгаарладаг. Монголын дотоодод газар авсан хятадын эсрэг үзлийг зөөлөн хүчний бодлогоор зөнгөөр нь хумихад монгол лам нартай тогтоосон холбоо чухал ч БНХАУ-тай холбогдсон лам нарын холбоос нь албн ёсны түншлэлийн харилцаанд хохирол учруулж мэдэхээр байна.

Энэ бүхнээс харахад НФ-ын тогтолцоон дахь монголын жишиг нь төвдийн буддизмыг эзэмдэх замаар шашны капиталыг ашиглахад чиглэгдэж байна. Энэ цаг үед монголын жишгийг орон нутгийн нөхцлүүд илүүтэй тодорхойлон хязгаарлаж байгаа тул НФ-ын үйл ажиллагааг гадаадад өргөтгөх, шашны бүлэглэлүүдийг ашиглах нь илүү глобал шинж чанарыг агуулахад хүргэнэ.  Ши даргын урт настай, чадавх сайтай засаглал нь НФ-ын ажилтнуудад нео-Чин гүрний загварыг бүтээх хангалттай цаг хугацаа, боломжийг олгож байгаа бөгөөд ийм арга барил нь буддизмтай төдийгүй бусад шашинтай харилцахад ч тустай.

Эх сурвалж:  jamestown.org/program/global-religion-and-the-united-front-the-case-of-mongolia/

Тайлбар

  1. Лүмбэнд хятадын аялал жуулчлал, шашны хоёр төсөл хэрэгжиж байна. Нэгийг нь бизнесмэн Xiao Wunan- ны (肖武男) байгуулсан ТББ, нөгөөг нь Хятадын Буддист холбоо хариуцаж байгаа.(WSJ, 2013.08; 2016.05)
  2. 2012 онд УБ-т нас барсан 9 дэх дүрийн богдын хойд дүрийг тодруулах явц хууль ёсны байх эсэх нь БНХАУ-ын онцгой санаа таьж буй асуудал юм.  Далай лам 2016 онд УБ-т айлчлах үеэрээ Аравдугаар дүрийг тодруулсан ч суудалд нь залахад балчир байгаа гэж мэдэгдсэн. Бээжин энэ айлчлалыг эрс шүүмжилж, эдийн засаг болон дипломатын шугамаар Монголийг дарамталсан. Дараа дүрийг тодруулахдаа Дармасалагаас хамааралгйүгээр бие даан шийдвэрлэх ёстойг сануулан, найдаж байгаагаа илэрхийлсэн билээ. (PRC embassy to Mongolia, Jan 2017).
  3. Далай ламаас Дорж Шүгдэн сахиусыг шүтэхийг хориглосон нь дагагчдынх нь дунд маргаан үүсгэж, БНХАУ-ын бодлоготой адилтгах болсон.  (Info-buddhism, 1998, 2014) БНХАУ-ын Засгийн газрын зүгээс Далай ламыг сөрдөг Шүгдэн урсгалыг дагагчдыг нууцаар дэмжиж ирсэн.(Ройтер, 2015. Хятадын төрийн хэвлэлүүд, албаны хүмүүс Далай ламын Шүгдэнг шүтэгчдэд хандах хандлагыг эрс шүүмжилдэг (tibet.cn, Aug 2015). Төвдөд Шүгдэн шүтлэг сэргэж, цэцэглэж байгаа. Зарим Шүгдэнгийн талынхан БНХАУ-ын засгийн бодлогыг дэмжих болсон.(Цэм Ринбүүчи, 2017.10). Амарбаясгалант хийдийнхэн 2018 онд Балба, Төвдөд болсон Шүгдэнгийн уулзалтуудад оролцсон. (Kathmandu Tribune, Jan 2018; Tsem Rinpoche, Feb 2018).
  4. 1995 онд Далай ламын тодруулсан XI Банчин богдыг Хятадын Засгийн газар эрхэндээ оруулж хувилгаан дүрээс нь сайн дураар татгалзуулсан. Хүүгийн хувь тавилан бүрхэг байдаг.
Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Татарстанд энэ жил Алтан Ордны улсын 750 жилийн ойг тэмдэглэнэ
2
2018.12.27
"Орел и Решка" нэвтрүүлэг хаагдлаа
3
2018.12.07
Тэд бидний тухай | Японы КООСЭН ба “Yйлдвэрлэлийн сэргээн босголт”-ыг Монголд экспортолно
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.