Хайх зүйлээ бичнэ үү

10 мин

Та яг одоо ямар ном уншиж байна вэ? №4

Уншиж буй номынх нь тухай бид дэлгэрэнгүй сэтгэгдлийг асуусан юм.


Есдүгээр сар гарч хотын хөл хөдөлгөөн эрс нэмэгджээ. Бид "Та яг одоо ямар ном уншиж байна вэ?" контентынхоо хүрээнд таван хүнээс ямар ном уншиж байгааг болон тухайн номын тухай сэтгэгдлийг асуулаа. Бид тун удахгүй камераа бариад, хотын гудам, кофе шоп, сургуулиуд дээр ном уншиж яваа тантай таарч, уншиж буй номын тухай асуух болно.

#1 Акутагава Рюноскэ “Ид шидийн урлаг”

Д.Төмөр-Очир (“Хөх толботын номын тэмдэглэл” хуудсыг хөтлөгч, тоймч)

Акутагава Рюноскэгийн "Ид шидийн урлаг" номыг уншиж байна. Японы уламжлалт утга зохиолыг орчин цагийн амьд хэлээр баяжуулсан зохиолч гэж үздэг. Үлгэр домог, хууч яриаг бодит байдалдтай сүлэн бичих, хүний дотоод сэтгэлзүйг гярхай мэдэрч, нуугдмал зан араншин, далд шаналал гуниг, зөрчил тэмцлийг нэвт шувт нээж үзүүлэх шиг санагдаж байна. Өгүүллэгүүд нь огцом эргэлттэй, хэний ч санаанд оромгүй мөртлөө, яг л тийм явдал болж өнгөрсөн мэт сэтгэлд нэг юм үлдээдэг. 

Амьдрал, үхлийн заагт аргагүй байдалд орсон хүнээс ёс зүй, мораль шаардах эрхтэй юу (Рашёомон хаалга), хүн өөрийгөө бусадтай харьцуулж зовж шаналж явдаг болохыг (Хамар), хүний гадаад төрх бус дотоод мөн чанар ариун гэгээн байвал сайн сайханд хүрдэгийг (Ариухнаараа үлдсэн нь), үйлийн үр гэдэг арвайн чинээ буян ч нэмэр, атгаг муу сэтгэл ч хор болдгийг (Аалз), амьдралын утга учиргүйд цөхөрч шаналсан хүний гунигт тавиланг (Ганцаардлын там), хорвоогийн юмс үзэгдэл хуурмаг, илбийн мэт шидийн чанартай боловч шунал хүсэлдээ автсан хүмүүн тэр нууцыг эзэмших чадваргүй болохыг (Ид шидийн урлаг) гэх мэт өгүүллэгээс ойлгож мэдэрлээ. Уран бүтээлчийн дотоод дуу хоолой, үзэл бодлыг "Харанхуй дахь мэтгэлцээн" харилцан ярианаас тодорхой мэдэж авч болохоор байна. Сэтгэлзүйн далд нууцлаг үзэгдлийг тэмтэрч, хүний амьдралд тохиох сайн, муу явдлыг уншигч өөрөө шүүн тунгаах тийм эргүүлэгт оруулж орхидог нь зохиолчийн өвөрмөц онцлог юм. "Бурхдын инээмсэглэл", "Намрын уулс" өгүүллэгийн түүврүүдийг нь олж уншмаар санагдлаа.

#2 Г.Аюурзана “Сахиуст хангайн нууц”

Э.Эрдэнэ-Очир (МУИС-ийн IV ангийн оюутан)

Миний одоогоор уншиж Г.Аюурзана "Сахиуст хангайн нууц" роман нь Сэцэн хан аймгийн Жонон Бэйсийн хошуу одоогийн Баянхонгор аймгийн Баянбулаг, Гурванбулаг, Хүрээмарал гэсэн гурван сумыг хамарсан нутагт амьдарч байсан "Ятган хуурч" Пүрэв гүн хэмээх хүний ээдрээтэй адал явдалтай амьдрал түүнээс дээш дөрвөн үеийн хүмүүсийн аж амьдралын тухай хүүрнэн өгүүлсэн зохиол юм. Энэ романы гол шугам нь Сэцэн гүн, Сэцэн гүний хүү Дархан ноён нар. Пүрэв гүн бол Дархан ноёны хүү бөгөөд удам залгасан мэргэн сэцэн ухаантай хүмүүсийн аж амьдралын тухай гарна. Дархан ноён нутаг усандаа алдартай дархан хүн бөгөөд түүний хүү болох Пүрэвжавыг эд хөрөнгөөр элбэг айл гэр болгож өгсөн боловч эхнэрээсээ салж Ягаан дарь хэмээх хатантай сууж, түүнийгээ үхтэл нь хамт байсан бөгөөд сүүлдээ галзуурах дөхөж номын хүчээр багш нь аварна. Энэ романд бас нэг сонирхолтой зүйл бол "нүдний гэм" хэмээх ойлголт. Зохиолч Г.Аюурзана олон салаа ээдрээтэй одоо хүртэл маргаантай асуудлыг хөндсөнөөр олны анхаарлын татсан зохиол болж чадсан.

Миний хувьд романыг унших болсон шалтгаан нь би зохиолын үйл явдал өрнөх газар буюу Баянхонгор аймгийн Баянбулаг сум төрж өссөн учраас "нүдний хорхойн" талаар нутгийн хүмүүсээс олон дуулж, одоо ч тийм хүмүүс байдаг гэдгийг мэддэг учраас хамгийн ихээр сонирж унших болсон. Сахиуст Хангайн шилийн сайн эр, хаад ноёдын талаар илүү ихийг мэдэхийг хүссэн учир энэ зохиолын үг өгүүлбэр бүрийг анхааралтай унших нэг шалтаг болсон юм.

#3 Франсуаз Саган “Сайн уу, гуниг минь”

П.Ангарагмаа (Монгол хэл, уран зохиолын багш, судлаач)

Яг одоо бол Францын нэрт зохиолч Франсуаз Куарегийн 1953 онд 18 насандаа бичсэн "Сайн уу, Гуниг минь" бэсрэг романыг уншиж байна. Мөр бүхэндээ сэтгэл хөвсөлзүүлсэн энэ зохиолоос өөрт хамгийн их таалагдсан хэсгүүдээ сонирхуулж болох болов уу. 

“Анна нуруугаа цэхлэн суухад нүүр нь таталцаж харагдав. Тэр уйлж байлаа. Аннаг бусдын л адил зовж шаналдаг зүрх сэтгэлтэй хүн гэдгийг, түүнийг нь өөрийн гараар хайр найргүй сийчиж орхисноо тэгэхэд л би анх ухаарсан юм. Нэгэн цагт Анна бага зожиг ч гэмээр бяцхан охин байсан байж таараа. Өдий насанд хүрэхдээ өрнүүн дэврүүн залуу насыг тойрч гараагүй нь лавтай. Одоо тэр дөчин настай атал орь ганцаараа үлдлээ. Хүнд хайртай болж, түүнтэйгээ арав, хорин жил аз жаргалтай амьдарна гэж итгэсэн. Гэтэл…”

Сэтгэл гэгч хүнд дүүрэн байх тусмаа тэр хэмжээгээрээ асгарч, алдуурч, дахин хоосроод түүнийгээ дүүргэх нэгнийг хаа нэгтэйгээс хайх хачин тогтворгүй эрхтэн. Чиний амьдрал хүнд байх уу эсвэл амар хялбар байх уу гэдгийг зөвхөн чи л шийднэ, чи л түүнийг бий болгоно. Аливаад хэт их шунан дурлах нь эргээд тийм хэмжээний шаналал зовлон л авчирна гэдгийг энэхүү номноос уншиж мэдлээ. 

#4 Ошо “Агнистын гэгээ”

Г.Жавзмаа (“Дефакто Газет” сонины редактор)

Та яг одоо юу уншиж байна вэ? гэж асуух үед гэрийн ширээ л санаанд орж байна. Юу байгаа билээ гээд … Гэтэл үнэндээ номыг ширээн дээр сууж унших нь ховор шүү дээ. Ихэвчлэн орон дээрээ тухлаж аваад л ном эргүүлдэг байж. 

Юун түрүүн “Непко” хэвлэлийн газраас эрхлэн гаргасан “Агнистын гэгээ” цувралыг хамгийн их эргүүлж байна. Орчуулагч П.Бадралын “бүтээл”. Магадгүй зүгээр л “Агнистын гэгээ” гэдэг нэр нь тайвшруулах, амгалан болгох юм шиг санагдсан учраас л шунан байж 17 цувралыг бүрнээр нь авсан байх. Хэн нэгэн “Юуны тухай ном вэ?” яриад өгөөч гэвэл би л хувьдаа ярьж чадахгүй. Би өөртөө ойлгочихсон, мэдэрчихсэн тэгээд л тэр гэж хэлэх байх. -Агнистын гэгээ”-н аль нэг цувралыг барьж аваад хүссэн хуудсаа уншсаны дараа тархи өөртөө ташаалтайгаар ажиллаж байхдаа асар их амардаг юм байна даа гэж бодогддог. Гэхдээ нэг дор уншаад дуусчих ном биш ээ. Харин Агнистын гэгээ намайг үргэлж бодох юмтай байлгах ном. 

Харин эргүүлэх бүрд ярих зүйлтэй болгодог “Дэлхий” дэлгэрэнгүй зурагт лавлах номыг орчноо солимоор санагдах үедээ байнга эргүүлж байна. Бөөн гоё зураг, үнэн юм байхдаа гэж гайхмаар сонин тайлбаруудтай учраас нэг нээчихээр нэлээн хэдэн цаг эргүүлээд суучихсан байдаг. Сонин хачинг өөртэй чинь их ойрхон мэдэрч, хүлээж авдаг нэгэнтэй үзвэл “Дэлхийг”-г утгаар нь амтална.

#5 “Истанбул: Дурсамж ба хот”, “Хайрын таван хэл”

З.Гандарь (Туркийн элчин сайдын яамны ажилтан)

Туркийн зохиолч Орхан Памукийн “Истанбул: Дурсамж ба хот” номыг эхлүүлээд байгаа. Турк орныг, тэр дундаа орчин цагийн Туркийг чухамхүү сонирхолтой бичжээ. Би өөрөө Туркэд суралцсан болоод ч тэр үү, өөрийн үзэж харсан, очиж амьдарсан газруудынхаа талаар ийм сайхан дүрслэлтэй бүтээл унших таатай байгаа. Дан ганц өөрийнхөө ч бус үндэстнийхээ гуниг зовлонг, хүсэл тэмүүллийг мэдэрнэ гэдэг чухам зохиолч хүнд л байх мэдрэмж бололтой. 

“... Хуучирч муудсан орон сууцны барилгууд, хаягдаж орхигдоод будаг нь халцарч, хана туурга нь нурж унасан модон байшингуудыг харах тоолон өөрийн эрхгүй живж орхидог уй гунигтаа ч хайртай. Ийм дүр зургийг, ийм бүүдгэр орчныг би Истанбулаас өөр хаана ч үзээгүй л явна. Өвлийн үдэш харанхуйд аажуухан уусах хотын гудамжаар өөд уруугаа холхих үй олныг харахад эгээ л ахан дүүс шиг сэтгэлд дотно санагдах агаад шөнийн харанхуй бидний аж төрөл, амьдардаг гудамж талбай, ер бидэнд хамаатай юм бүхнийг халхлан нуух тэр л үест дулаахан гэртээ, унтлагынхаа өрөөнд, зөөлөн хөнжилдөө шургачихсан хэвтэж буй аятай амар амгаланг мэдэрч, барагдаж дууссан эд баялаг, баатарлаг түүхээ дурсан санагалзах сөхөөтэй болно. Үдшийн бүрий гудамжны ёлтгор гэрлүүдийг үл тоох мэт орчин тойрныг тэр чигт нь нөмрөн авахуйд би ядаж л шөнийн цагаар бид барууныхны нүднээс далд амар жимэр байж, ядуу зүдүү хот минь харь хүний өөнтөгч харцнаас халхлагдах юм даа хэмээн сэтгэж өөрийгөө тайтгаруулдаг билээ...” 

Хажуугаар нь бас Гэри Чэпмэний 1995 онд бичиж хэвлүүлсэн “Хайрын 5 хэл” (The Five Love Languages) номыг уншиж байна. Хувь хүний хөгжил сэдвээр сүүлийн жилүүдэд нэг нэгнээсээ онц ялгарах зүйлгүй номууд олон гарсан учир сонирхож уншдаггүй ч олон сэтгэл зүйч, харилцааны экспертүүд бүгд л зөвлөөд байсан учир уншихаар шийдсэн юм.

Дэлхий дээрх 7 тэрбум 400 сая хүн хоорондоо харилцахдаа үзэл бодол, санал сэтгэгдлээ хуваалцахдаа 6912 хэл хэрэглэдэг гэнэ. Хоёр хүн хоорондоо нэг хэлээр эсвэл нэгнийхээ мэддэг хэлээр ярьж байж л сая зөвөөр ойлголцдог. Түүнтэй адил хайр дурлалт хосууд хоорондоо өөр өөрийн хайрын хэлээр харилцдаг. Хүн төрөлхтөн ойролцоогоор таван хайрын хэлтэй буюу таван янзаар хайраа илэрхийлдэг аж.
“Миний найз залуу, найз охин, эхнэр, нөхөр надад хайргүй юм шиг байна” гэж хүн бүр дор хаяж нэг удаа хэлж байсан биз. Тэгвэл энэ асуудал хайр үгүйгээс биш харин хосууд тэс өөр хайрын хэлээр ярилцаад нэгнээ ойлгохгүйгээс үүдэн гардаг юм байна.

Хүмүүс хайраа дараах таван янзаар илэрхийлдэг. Үүнд: үгээр илэрхийлэх, үйлдэл халамжаараа илэрхийлэх, бэлэг сэлтээр илэрхийлэх, хамт цагаа өнгөрөөж илэрхийлэх, хүрэлцэж илэрхийлэх зэрэг багтана. Нэг хүнд голчлон хэрэглэдэг нэг хайрын хэл, хоёрдогч байдлаар илэрхийлдэг мөн нэг хайрын хэл байдаг. Яг л бидний эх хэл монгол, хоёрдогч хэл англи гэдэг шиг.

Хос хоёр тэс өөр хайрын хэлээр ярилцаж, нэгнээ ойлгодоггүй учраас том жижиг олон асуудлууд урган гардаг аж. Жишээ нь, нэг хүн орос хэл мэдэхгүй хүнтэй оросоор ярихад нөгөөх нь хятад хэл мэдэхгүй хүнтэй хятадаар ярих шиг. Магадгүй та хайраа хүрэлцэж буюу үнсэж, тэвэрч, хөтлөлцөж илэрхийлдэг байхад таны хамтрагч хайраа үйлдлээрээ буюу таныг халамжилж илэрхийлдэг байж болно. Ийм тохиолдолд хосууд нэгнийхээ хайрын хэлийг сурснаас үл ойлголцлоос ангид байж чадах юм.

Олон хосуудад болон өөрт минь тохиолдож байсан асуудал учраас сонирхон уншиж байна. Хүн бүр унших хэрэгтэй юм шиг санагдлаа. Түүнээс гадна хайрын таван хэлийг найз нөхөд, үр хүүхэд, ажлын хамт олон зэрэг олон тохиолдолд хэрэглэж болох юм билээ. Ихэвчлэн уран зохиолын ном сонгож уншдаг учир өөр төрлийн ном унших сонирхолтой байлаа.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн шинэ инстаграм хаяг үзэн ядсан сэтгэгдлээр дүүрэн байна
2
4 цагийн өмнө
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
3
23 цагийн өмнө
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
17
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.