Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

“Амьдрахуй” туужаас авах амьдралын тухай 12 хүчирхэг сургамж

Хувь тавилан бидэнд аз жаргал, зовлон зүдгүүрийн аль алийг нь өгдөг.


Хувь тавилан бидэнд аз жаргал, зовлон зүдгүүрийн аль алийг нь өгдөг. Тэр дундаас бид тулах цэгээ олж авах л хамгийн эрхэм гэсэн санааг Үй Хуа зохиол бүрдээ ямар нэг хэмжээгээр тусгадаг. Их мөрөнд хөл алдан үйж яваад унжгар удны нэгээхэн мөчрөөс атгаж аврагдах адил тийм л авралын мөчрийн эрэлд зохиолынх нь дүрүүд хатаж явдаг. Жаргалд ташуурах, зовлонд бүдрэхийн алинд ч зуураад үлдэх үнэт зүйлс хүний оршихуйд хэрэгтэй. Бид зовлонт амьдрал дундаас юу эрдэг вэ? гэсэн асуултаар уншигчаа алхам тутамд нь “шамдуулдаг” билээ. Тэрхүү этгээд ур маяг, өнгө аяс, дүр төрх тод туссан бүтээл нь “Амьдрахуй” тууж. Бид тун удахгүй та бүхэнд хүрэх зохиолч Үй Хуагийн “Амьдрахуй” туужаас амьдралд сургамж, хүч өгөх 12 эшлэлийг хүргэж байна. 

1.

Манай Шюй овогтны өвөг дээдэс тахианы дэгдээхий тэжээж галуу болгоод, галуугаа хонь, хонио үхэр болтол тэжээж арчилдаг байлаа.

2.

Торгон цамц минь цоорч, мөр минь холгож цус шүүрсэн нэг өдөр тийн өнгөрлөө. Би нулимс дуслуулсаар гэр өөдөө гэлдрэв. Ганцхан өдөр зоос зөөхөд л ингэж яс яйрах шахаж байхад энэ мөнгийг олох гэж хэчнээн хүн шар махтайгаа хатсаныг би таашгүй. Үүнийг л ухааруулах гэж аав минь хүрэл зоос зөөлгөснийг би сая ойлгов. Хэчнээн их зовж зүдэрч байж мөнгө олдгийг ухаарах тусам цааш ганц ч алхмааргүй санагдаж, сөхөрч унаад мэгшиж гарлаа.

3.

Амьдрах л аз жаргал, ядуу зүдүү ч хамаагүй.

4.

Хожим нь эгээ л Фу Гүй шиг хувцасладаг, түүний нэгэн адил нүүрнийх нь үрчлээ бүхэнд нарны туяа, тоос шороо нэвчсэн хүмүүстэй таарах болгондоо өөдөөс инээмсэглэх тэдний аманд хэдэн шүд үлдсэнийг хэрэг болгон хардаг болчхож билээ. Тэд үргэлж л нус нулимстайгаа холилдож явах ч шаналж зовсондоо бус, агшин хором бүрд жир бус явдалтай учирч, баяр хөөрөөр бялхдагаас тийн аягладаг улс.

5.

Арга мухардсан амьдрал гэмээр ядуухан дурсамжаа хүүрнэх болбол хүмүүсийн ихэнх нь ердийн үйл явдал, бядуу үгсээр хулдаж, инээдээр дөмнөн аргацаадаг. Тэдний туулсан амьдралд яруу сайхан дурсамж даанч дутмаг. Голцуу дам яриагаар чигжсэн армаг тармаг дурсамжууд л бий. Өөрсөдтэй нь холбоогүй шахуу тэдгээр улиглалыг нь сонсох бүрдээ би тэднийг “Туулсан амьдралыг нь нохой залгисан харламарууд” гэж зүхдэг юм.

6.

Хэтэрхий олон мөрөөсөл, санагалзал нэгдэхээрээ өр зүрхийг торлож орхидог бололтой. Би ам, хамраа тагласан ч амьсгал тасарч өгсөнгүй.

7.

Хүмүүн бид нэгэн насны амьдралдаа өчнөөн зүйл үзэж туулсны эцэст боловсорч гүйцээд газар унасан лийр адил болж үлддэг ажээ.

8.

Зүрх минь мөс адил хүйтэн болчхоод, үе үе дотроос хайрна. Хоёр сайхан үрээ алдсан хөгшин миний нүднээс нулимс ч гарахаа больж, Жиа Жэн хөлийн чимээ хүлээгээд сэрүүн хэвтэж байгаа байх даа гэсэн бодол ургана. Намайг гарахад Фэн Шиаг бие хөнгөрөнгүүт ирж хүүхдийнх нь хүйсийг дуулгана шүү хэмээн захиж билээ. Гэтэл охин минь үхчихлээ.  Би харьж очоод ижийд нь юу гэх билээ.

9.

Хүн амьдралдаа хүнд бэрх зовлон зүдгүүр туулах тусмаа үхлийн өмнө өөртөө хүндэтгэлтэй байдгийг Жиа Жэн тэр үед ойлгосон болов уу. Үе үехэн дуугаа хурааж байгаад л үргэлжлүүлж ярьдаг байлаа.

10.

Зовохдоо зовоод, ядрахдаа ядраад амьдарч явахад зүрхэнд гэгээтэй. Кү Гэн байгаа болохоор хүч тэнхээ ч нэмэгдээд ирнэ. Өдөр өдрөөр өсөж том болохыг нь ажихуй ажил алба ч тэр чинээгээр хөнгөрнө. Орой болохуй хоёул босгон дээрээ суугаад наран авхай алтан шаргал туяагаараа тариан талбайг гийгүүлэхийг харж, ажлаа дуусгасан тосгоныхон ам амандаа шуугилдан ярилцахыг сонсдог сон.

11.

Гагцхүү сэтгэл амар байхыг л хүснэ. Бүх дотно хүнээ өвөр дээрээсээ үдэж өөрөө аваачиж нутаглууллаа. Хэзээ нэгэн өдөр би ойчлоо гэхэд хоргодох юм үгүй. Үхэлтэй нүүр тулбал үнэнхүү амар амгалан угтана гэдгээ ч ухаарсан. Голомт залгах хүнд ч зовних хэрэг байхгүй. Тосгоныхны маань нэг нь намайг хээрлүүлнэ биз. Өмхийрч муудчихвал харин тэр үнэрийг тэвчих хүн олдохгүй байх. Би бусдыг хөдөлмөрийг үнэгүйдүүлэхгүй. Дэрэн доороо арван зоос хийж хэвтэнэ. Өлбөрч үхлээ ч би түүнээс хумслахгүй. Хүүрийг минь хөдөөлүүлсэн хүнд үлдээжээ гэдгийг тосгоныхон цөмөөрөө ойлгоно. Тэд Жиа Жэний дэргэд намайг тавихаа ч бас мэднэ.

12.

Хүний амьдрал энгийндээ сайхан. Тэмц, хувь заяатайгаа хэзээд тэмц. Яг л над шиг. Туулах тусам бүтэлгүй, урагшгүй байсан ч хамаагүй, чи амьдрах л хэрэгтэй. Миний таньдаг хүмүүс нэг нэгээрээ цувран одсон ч би байж л байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Дэлхийн номын өдрөөр санал болгох ЕСӨН шинэ ном
2
2024.04.18
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
3
2024.04.17
Хаврын урт өдрүүдийг үр дүнтэй давж гарахад тань туслах АРВАН шинэ ном
санал болгох
1
6 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
3
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.