Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

"Пигийн амьдрал" романаас онцлох ИТГЭЛ НАЙДВАРЫН тухай 10 сургамж

Угтаа эл роман байгаль, шашин, хүний амьдралын талаарх арвин эргэцүүлэл бүхий зохиол юм.


Канадын зохиолч Янн Мартелын “Пигийн амьдрал” романыг дэлгэцийн бүтээл болсноос хойш ихэнх уншигчид Бенгалийн бар, энэтхэг хүү хоёрын талаарх адал явдалт зохиол төдийхнөөр төсөөлөх болсон. Угтаа эл роман байгаль, шашин, хүний амьдралын талаарх арвин эргэцүүлэл бүхий зохиол юм. Зарим судлаачид үүнийг зохиолчийнх нь философийн мэргэжилтэй  холбон ярьдаг. Тэгвэл монгол хэлнээ орчуулагдаад удаагүй буй “Пигийн амьдрал” романаас амьдралд хэзээ ч итгэл найдвараа алдаж болохгүйг сургамжилсан хүчирхэг 10 эшлэлийг толилуулж байна. 

1.

Юмс үзэгдлийг ул үндэстэй тайлбарлах тал дээр шинжлэх ухааныг гүйцэх зүйл нэгээхэн ч үгүйн адил биеэр мэдрээгүй зүйлд итгэхийн аргагүй. Саруул ухаан, гярхай нүд, шинжлэх ухааны багахан мэдлэгтэй байхад л шашин гэгч ямар ч утгагүй мухар сүсэг болохыг ойлгоно. Бурхан гэж байдаггүй.

2.

Христ хүртэл Гетсемэний цэцэрлэгт шөнийг өнгөрүүлэхдээ амь тэмцэн залбирч, загалмайд хадуулчихаад байхдаа “Бурхан минь, та юунд намайг хөсөр хаяв даа?” хэмээн орь дуу тавин хашхирсан байхад хүмүүн бид эргэлзэх нь лавтай. Гэхдээ бид урагшлах учиртай шүү дээ. Эргэлзэхийг амьдралынхаа үзэл баримтлал болгоно гэдэг ургаа хад унаж явах гэж зүтгэхээс юуны ялгаа байх вэ.

3.

Хэт туйлшрах хэрэггүй! Фундаменталист, литералистууд шиг байж болохгүй. Би Кришнагийн тухай нэг домгийг байнга санаж явдаг. Тэр шөнө бүр үхэрчин эр болоод саальчин бүсгүйчүүдийг ойд урин авчирч хамтдаа бүжиглэдэг байжээ. Шөнийн харанхуйд түүдгийн гал дүрэлзэн асаж, хөгжмийн хэмнэл улам түргэсэхүйд бүсгүйчүүд эзэн бурхны хамтаар эргэлдэн бүжицгээнэ. Кришна нэг ч бүсгүйг үлдээлгүй бүгдтэй нь бүждэг байв. Тэгтэл бүсгүйчүүд цөм түүнийг өмчирхөн, зөвхөн өөрийн эр байлгахыг хүсэх болжээ. Яг тэр үед Кришна ор сураггүй алга болсон гэдэг. Тиймээс бид бурхныг өмчлөх ёсгүй юм.

4.

Өөрийнх нь амь нас дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байхад хүн гээч амьтан бусдыг гэсэн сэтгэлээ айдас хүйдэстээ тушаачихаад зөвхөн өөрийнхөө амийг хоохойлох гэж хувиа хичээн зүтгэдэг ажээ.

5.

Зарим хүмүүс санаа алдах төдийхнөөр амьдралд бууж өгдөг. Зарим нь сөрж тэмцдэг боловч төдөлгүй буугаад өгчихдөг. Харин үлдсэн хэсэг (над мэтийн улс) нь хэзээ ч бууж өгдөггүй. Тэд тэмцээд л, тэмцээд л, тэмцээд л байдаг. Хэчнээн их юм золиосолж, хэчнээн ихийг алдсан ч бууж өгөхгүй, бүр ялах найдваргүй байхад ч хүртэл тэмцсээр л байдаг. Эцсээ хүртэл тэмцэнэ. Эр зоригтойдоо биш, аливааг зөнгөөр нь орхиж чаддаггүй харам сэтгэлийн л илрэл. Угтаа бол амьдралаас хагацахгүй гэж мугуйдлан зүтгэж буй хэрэг шүү дээ.

6.

Энгийн хэр нь харгис үнэн: Хүн юунд ч дасан зохицож чадна, бусдын амийг таслахад хүртэл шүү.

7.

Цаг хугацаа гэдэг чинь ердөө л хоолой боомилогч хоосон зэрэглээ шүү дээ. Би түүнийг ор тас мартсан тулдаа л амьд үлдэж чадсан билээ.

8.

Уйтгар гуниг, айдас хүйдэс шиг сэтгэл хоёрдуулдаг зүйл үгүй. Заримдаа амьдрал яг л хоёр тийшээ савлах дүүжин даажин шиг санагддаг. Тэнгисийн ус толь шиг тунгалаг, сэвшин үлээх салхи ч үгүй, цаг хугацаа зогссон мэт ажин түжин ахуйд зүрх сэтгэл уйтгар гунигт автмуй. Харин шуурга тавьж, далайн давалгаа хуйлран босоход сэтгэл санаа түгшүүрлэн, дэн дун болно. Үнэндээ энэ бол нэг зоосны хоёр тал юм. Хүн уйтгар гунигт автсан үедээ ч айж түгшүүрлэдэг. Нулимс нь сулдаа асгарч нурууных нь үс өрвийн босож орь дуу тавин хашхирч өөрийгөө баахан зовооно. Нөгөөтэйгүүр айж түгшүүрлэсэн үедээ (тухайлбал, хүчит шуурга дэгдэхэд) уйтгар гунигийг мэдэрдэг. Тэр үед сэтгэл санаа юу ч үгүй хоосорно.

9.

Хүний сэтгэлийг үргэлж хоёрдуулж байдаг зүйл бол үхэл. Аливаа хүн амь нас нь аюулд ороогүй үед түүний үнэ цэнийг үл мэдэхээр барахгүй, өөрөө бүр үхээд өгөх тухай ч боддог. Харин амь нас нь дээсэн дөрөөн дээр дэнжигнэх үед түүнээс эрхэм юм үгүй болж, амьдралаас зуурч үлдэхээр хамаг чадлаараа хичээнэ.

10.

Аврах завиар гэр хийж яваа хүнийг амьдарч байна гэж хэлэхэд хэцүү. Шатраар бол өргийн төгсгөлтэй л ижил юм даа. Хийх нүүдэл нь тун энгийн боловч гарах үр дагавар нь бүхнээс эрсдэлтэй. Тэр л энгийн “нүүдэл” бие махбодыг тэсэхийн аргагүй тарчлааж сэтгэл санаагаар үхүүлж ч мэднэ. Тиймээс амьд үлдэе гэвэл дасан зохицохоос өөр аргагүй. Олон ч зүйлээ гарзадна. Өөрт байгаа зүйлсээсээ аз жаргалыг мэдрэх нь л чухал. Тамын ёроолд унасан ч гараа энгэртээ зөрүүлэн инээмсэглээд өөрийгөө энэ дэлхийн хамгийн жаргалтай хүнээр төсөөлөх хэрэгтэй. Яагаад гэж үү? Яагаад гэвэл хөл дор чинь бяцхан загас үхчихсэн хэвтэж буй.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.02
Фото: Якутууд 40 хэмийн хүйтэнд хэрхэн амьдардаг вэ?
2
2019.01.02
Баярын дараа үлдсэн хоосон шилийг ашиглах 3 арга
3
2018.11.30
Хүүхэд насандаа хүнд хэцүү амьдрал туулсан хүмүүст л байдаг 5 давуу тал
санал болгох
1
7 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
5
21
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.