Хайх зүйлээ бичнэ үү

8 мин

Д.Бум-Эрдэнэ: Мөнгөтэй байлаа гээд их хэрэглэх албагүй. Хэрэглээгээ л тохируул.

"Байгаль эх халуунтай, өвчтэй орон дээрээ бөөлжчих гээд л хэвтээд байна. Тэгэх л юм бол олон хүн алчих гээд байгаа болохоор тэсээд байна шүү дээ. Яг л ээж хүн шүдээ зуун өвчнөө тэсч буй мэт. Бид бүгдийг хайрлаад л, ухаарахыг нь хүлээгээд л байна. Байгалийн их сүр хүчинд хүн төрөлхтөн өчүүхэн гэдгээ мэдэхгүй л байна. Олон байгалийн гамшигт үзэгдлүүдийг бид яаж ч чадахгүй байгааг харж байгаа байх. Энэ бол эхний шинж тэмдэг гэдгийг ойлгох учиртай" - Д.Бум-Эрдэнэ


Дэлхий дахинд ногоон хэрэглээ, ухаалаг амьдралын хэв маяг 1990-ээд оны сүүл үеэс дэлгэрсэн. Байгальд ээлтэй хэрэглээг эрхэмлэх хүмүүсийн тоо ч жил ирэх тусам нэмэгдсээр байна. 2010 оны байдлаар дэлхийн хүн амын 20 орчим хувь нь цагаан хоолтон байсан бол энэ тоо тасралтгүй өсч, Англид л гэхэд 1.5 сая гаруй цагаан хоолтон бий гэжээ. Ингээд бид өнгөрсөн тавдугаар сард TEDxUlaanbaatar-ийн тайзнаас дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн талаар ярьсан Д.Бум-Эрдэнэ эрхэмтэй ярилцсанаа хүргэе. 
 
Mongolian Marketing Consulting Group-ийн үүсгэн байгуулагч Д.Бум-Эрдэнэ
 
Ярилцахаар тохирсон цагтаа нэгэн кафед уулзлаа. Халуун өдөр байсан тул бид хоёул хийжүүлсэн хүйтэн ус захитал зөвхөн S.Pellegrino ус л байж таарав. Өөр сонголт байгаагүй тул усаа ч захилаа. Харин Д.Бум-Эрдэнэ усны тагийг онгойлгох зуураа “Ус уух сонголт бидэнд ижил мэт боловч алс хол Францаас зөөсөн ус уухын оронд дотоодынхоо усыг л сонгох хэрэгтэй байгаа юм. Тээвэрт шаардлагатай түлшнээс эхлээд байгальд учруулах хор хөнөөлийг бодох л учиртай. Хэрэглээг ухаалаг байлгах нь хамгийн чухал” гэж хэлээд ярилцлагаа эхэлсэн нь надад нэгийг бодогдуулав. Тэрбээр өөрийгөө Монголд байх 10 мянга гаруй цагаан хоолтон гэр бүлийн нэгэн төлөөлөл гэж танилцуулсан бөгөөд дэлхий дахины чиг хандлагын талаар ярилцсан юм.   
 
- Энэ жил “TEDxUlaanbaatar” арга хэмжээнд  яагаад уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал сэдвийг сонгож ярих болов? 
 
- Би ес дэх жилдээ цагаан хоолтон хэв маягаар амьдарч байна. Энэ бол байгаль дэлхий, хүн төрөлхтний төлөө өөрийн бие дээрээ хэрэгжүүлж буй миний өчүүхэн үйлдэл. Монголчууд үүнийг дэглэм гэж хараад байдаг. Гэтэл бид идэж буй хоол хүнс, хэрэглээндээ анхаарахгүй л бол байгаль дэлхий бидэнд сануулга өгсөөр байна. Би энэ мэт энгийн мөртлөө хүмүүс тэр бүр анзаардаггүй зүйлсийг залуу үедээ сануулах гэж энэ сэдвийг хөндсөн. 
 
Би илтгэлдээ “Хойд мөсөн далай 2040 он гэхэд хайлж дуусна” гэдгийг дурьдсан. Зүгээр л нэг хайлах юм шиг сонсогдож байгаа ч үүний ард юу байна вэ гэдгийг харах ёстой. Хойд хоёр мөсөн туйл байж гэмээ нь агаарын циклон зөв горимын дагуу эргэлддэг. Энэ баланс алдагдаад эхлэхээр байгалийн гамшигт үзэгдлийн тоо эрс нэмэгдэнэ. 2017 онд тохиосон байгалийн гамшигийн өртөг үнэхээр өндөр байсан. Харви гэх нэг үер 180 сая ам.долларын өртөгтэй байсан шүү дээ. 
 
- Та хэрхэн байгальд ээлтэй аж төрж байна вэ? 
 
- Миний хувьд идэж буй зүйлдээ анхаарахаас гадна худалдан авалт хийхдээ шошгыг нь хамгийн их хардаг болжээ. Хэт их хэрэглээг дэмжсэн, хэт үнэтэй мөртлөө бага хэрэглэгддэг зүйлсээс татгалзаж, хэрэглээгээ бодитой байлгахыг хичээж байна. Та бүгд ч тэгэх хэрэгтэй шүү. Хүн амын 80 хувь авсан зүйлийнхээ 20 хувийг, харин 20 хувь нь авсан зүйлийнхээ 80 хувийг хэрэглэдгээс хэрэглээний тэгш байдал алдагдаж байна. Мөнгөтэй байлаа гээд их хэрэглэх албагүй. Хэрэглээгээ л тохируул.
 
Цагаан хоолтон хүмүүсийн тоогоор Англи, Энэтхэг, Тайвань зэрэг улс толгой цохидог. Европд цагаан хоолтон болон ухаалаг хэрэглээтэй хүмүүсийг дээд түвшнийх гэлцгээдэг. Ихэвчлэн баян хүмүүс гэсэн үг. Харин энэ нь бүрэн утгаараа мөнгөтэй холбоотой биш. Мөнгө ихтэй хүмүүс мэдээлэл сайтай, тэр түвшний мэдлэгтэй байна л гэсэн үг юм шүү дээ.
 
- Ер нь дэлхий даяар хэрэглээндээ хандах хүмүүсийн зан байдал өөрчлөгдөж байна уу? Ялангуяа, миллениалууд болон “Gen Z” буюу шинэ үеийнхнийг онцолж ярих болсон шүү дээ. 
 
Дэлхий дахинд тренд өөрчлөгдөөд байна. Милленалууд /25-40 насны хүмүүс/ дэлхий ертөнцийг сайн сайхан зүйлээр өөрчилж чадна гэж багагүй найдаж байсан ч, найдлагыг тэд даасангүй. Одоо милленалуудаас хүлээх хүлээлт моданаас гарч, Generation Z буюу 21 хүртэлх насны хүмүүст дэлхий ертөнц найдах болжээ. 
 
Милленалууд мөнгөний хойноос явдаг, мөнгөнд дуртай, хэт том эрсдэл хийхээс айдаг, болгоомжтой бүлэг. Харин Generation Z бол зоригтой өөрчлөлт хийдэг тул байгаль дэлхийд өөрчлөлт хийх бүлэг гэж хардаг. Энэ бүлэг дэлхийн нийт зах зээлийн 30 орчим хувийг эзэлж байгаа болохоор зах зээлийн дараагийн хэрэглэгчид гэсэн үг. Тэднийг дэлхий анхааралдаа авч, үнэт зүйл нь юу болох, юу сонирхдог бол гэдгийг дэлхий маш их сонирхож байгаа.
 
Олон улсын судалгаа харахаар 2040 онд амьдрах хүмүүс нь Generation Z байгаа юм. Цаг уур өөрчлөгдөж, 1000 гаруй гол горхи ширгэж, ордог бороо нь орохоо больж, хүйтрэх үедээ хүйтрэхгүй байгаа зэрэг нь уур амьсгалын өөрчлөлтийн аюулыг мэдрүүлж байна шүү дээ. Бидэнд амьдрах орчин л хэрэгтэй. Үүнийг бид маш сайн ойлгох учиртай. Хүүхдэд боловсрол чухал ч амьдрах орчинд нь анхаарах нь түүнээс илүү чухал. Тэдэнд орчин л үлдэнэ. Үүнийг залуучууд мэдэж, зөв амьдраасай гэж хүсдэг. Та нарын ирээдүйг хүмүүс бодохгүй байх талтай. Та нар л амьдрах учраас энийг ойлгоод, хор хөнөөлтэй хэрэглээг багасгаж, байгаль орчны мэдлэгээ тэлэх хэрэгтэй. Дэлхий дахинд эко тээврийн хэрэгсэл, минимализм, хог хаягдалгүй хэв маяг, хуванцар хэрэглээг халъя зэрэг хөдөлгөөнүүдийг залуучууд хийж байна. Тэд сэрчихсэн байна шүү дээ.
 
- Байгаль орчинд ээлтэй байх нь хүмүүсийн өдөр тутмын амьдралын хэв маяг төдийгүй бизнес эрхлэгчдэд ч хамаатай асуудал болсон байна. Хүрээлэн буй орчиндоо ээлтэйгээр бизнес эрхлэхийн утга учрыг та тайлбарлаач?
 
Бид бизнесээ ногоон эдийн засгийн хүрээнд явуулдаг. Энэ нь нэг ёсондоо бизнес дэх хэт их хэрэглээг бууруулах зорилготой гэсэн үг. Дахин боловсруулалтыг дэмжих, үүнийг нь татварын бодлоготой уялдуулах /green tax, green reform/ зэрэг өөрчлөлтүүд хийн ажиллаж байна. Ногоон бизнесийн форум зохион байгуулж, бараг 1000 гаруй аж ахуйн нэгжид “Бид яагаад ногоон бизнест шилжих ёстой вэ” гэдэг менежментийн сургалтууд хйисэн. Харин хувь хүн рүү хандсан ажил огт хийж чаддаггүй. Залуучууд мэдээлэлгүй байгаад үнэхээр харамсдаг. 
 
Мөн дэлхий дахинд ногоон бизнесүүд эрчээ авч, хэрэглэгчдийн сонголт тэрхүү лабелийг илүүд үзэх болсон. Би ч ажил хөдөлмөрөөрөө энэхүү трендийг хэрэгжүүлж явна. Дэлхий дээр био, амазоны модыг таслаагүй хийсэн гэх зэрэг алдартай лабелүүд бий болоод байна. Тэдгээр нь бараг үндсэн брэнд болчихсон. Тийм л лабелтай зүйлийг худалдаж авдаг болчихсон байна шүү дээ. 
 
Хүлэмжийн хийг буруулах асуудалд дэлхийн 196 орон нэгдэж, хөрөнгө оруулалтын сан бий болсон. Цаашдаа хүлэмжийн хийг бууруулахад чиглэсэн бизнесүүдэд маш бага хүүтэй зээл олгодог болж, нүүрсний салбарт хөрөнгө оруулахгүй гээд мэдэгдэл гарч л байна. Бизнесийн орчин өөрчлөгдөж байна гэсэн үг. Дэлхий юу бодож, юунд тэмүүлж байгааг ойлгохгүй монголдоо л юм чинь яадаг юм гэж бодож амьдраад байвал бүтэхгүй. 
 
Манай улс ихэнх хөрөнгө оруулалтаа гаднаас авдаг. Харин гадаадад бизнес эрхлэх гэхээр эргээд бидэнд ногоон шаардлага тавьдаг. Энэ мэт туршлагыг судлан, мэдлэгээ нэмэх шаардлагатай. Энэхүү байгальд ээлтэй ногоон шаардлагыг “Оюу Толгой” болон зарим нэг сан тавьж байна. 
 
Generation Z-ийг ирээдүйд дэлхийг аврах үе гээд байгаа. Энэ хүмүүс мэдээллээ бусдаас хамааралгүй бүхий л эх сурвалжаас авдаг, асар их мэдээллийн дунд амьдарч байна. Тэдний худалдан авалт ногоон болоод эхлэхээр түүнд нийцүүлж ногоон хэрэглээг санал болгохгүй л бол тэдний хэрэгцээнд нийцэхгүй. Тэд үзэл бодолдоо тун үнэнч хүмүүс. Бизнес эрхлэгчид ч үүнд санаа зовж байгаа. 
 
Байгальд ээлтэй амьдралын хэв маягийг бий болгоход туслах түүний зөвлөгөөг ЭНД дарж уншаарай.
"Байгаль эх халуунтай, өвчтэй орон дээрээ бөөлжчих гээд л хэвтээд байна. Тэгэх л юм бол олон хүн алчих гээд байгаа болохоор тэсээд байна шүү дээ. Яг л ээж хүн шүдээ зуун өвчнөө тэсч буй мэт. Бид бүгдийг хайрлаад л, ухаарахыг нь хүлээгээд л байна.  Байгалийн их сүр хүчинд хүн төрөлхтөн өчүүхэн гэдгээ мэдэхгүй л байна. Олон байгалийн гамшигт үзэгдлүүдийг бид яаж ч чадахгүй байгааг харж байгаа байх. Энэ бол эхний шинж тэмдэг гэдгийг ойлгох учиртай" - Д.Бум-Эрдэнэ 
Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
2
22 цагийн өмнө
"Triple X HIT Awards" 2 дахь жилдээ зохион байгуулагдана
3
Өчигдөр
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
санал болгох
1
Өчигдөр
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
49
27
38
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.