Хайх зүйлээ бичнэ үү

8 мин

Таны амьдрал аажмаар нуран унаж буйг илтгэх 10 шинж

Та энэ бүхнийг ялж чадна.


Сэтгэл гутрал, стресс, айдас, ядаргаа, үл ойлголцол гээд энэ бүх мэдрэмж таныг бүрхэн авч, таныг аажим аажмаар "идэж" буйг хэрхэн мэдэх вэ? Ажил - гэр - ажил - гэр гэсэн нэгэн хэвийн, уйтай амьдрал, нөгөө л нэг зам, нөгөө л нэг хийдэг зүйлс, нөгөө л нэгэн адил айдас, стресс. Энэ бүхэн таныг туйлдуулж байна уу? Та үнэхээр өнөөг хүртэл өөрийгөө ноцтой байдалд ороогүй гэж бодож байгаа ч эргэлзэж байвал энэ 10 шинжийг уншаад үз. Хэрэв танд үнэхээр ийм мэдрэмжүүд төрж байвал танд гарцаагүй өөрчлөлт хэрэгтэй байна.

1. Энэ дэлхийд таныг баясгаж, сонирхолтой санагдуулах зүйл нэг ч үгүй.

Таныг гайхшруулж, сонирхлыг тань татах нэг ч зүйл үлдээгүй мэт санагдаж байна уу? "Ангараг гариг руу пуужин хөөрсөн гэж үү? Тийм ээ, сайхан зүйл болж. Гэхдээ ямар хамаатай юм. Ажлын хэн нэгэн хүнтэй гэрлэж байгаа хэрэг үү? Ямар ч байсан баяр хүргэе дээ." 

Хүний нас гэдэг зөвхөн паспорт дээрх тоогоор биш өөрөө өөрөөсөө шинийг олж мэдэх, шинэ зүйлээр дүүрэн байхаас их шалтгаалдаг. Таны амьдралд үнэхээр тэсрэлт болохоор тийм сайхан үйл явдал ойрд болсон байна уу? Та нэг сайн бодоод үз. Хэрэв үгүй бол, бүх зүйл утгагүй, уйтгартай санагдаж байвал энэ бол эхний шинж тэмдэг.

2. Та өөртөө эсвэл гэр орондоо анхаарал тавихаа болино.

Та гэрээ сүүлд хэзээ цэвэрлэснээ ч бодож олж чадахгүй байгаа бол эсвэл өөртөө зориулж хамгийн сүүлд хэзээ сайхан зүйл хийснээ бодоод олохгүй байвал хувь хүний зөрчлийн үеийн шинж тэмдгүүд танд илэрч байна. Та зүгээр л буугаад өгсөн, ялагдлаа хүлээн зөвшөөрсөн мэт болж. Хүн бүхэнд өөрчлөлт хэрэгтэй гэдэг. Тиймээс та тэр өөрчлөлтийг гэрээ цэвэрлэснээр эхлүүлэх боломжтой. Цэвэрлэгээ хийх нь үеийн үед сэтгэл санааны тогтворгүй байдал, уйтгар гунигаас сатаарах сайхан арга байсаар ирсэн. Дараа нь новширсон олон зүйлээсээ салахад танд гайхалтай мэдрэмж төрөх болно. Бас үсээ засуулах, дэлгүүр хэсэх зэрэг нь үнэхээр сайхан эмчилгээ болж өгдөг шүү.

3. Ажлаа үзэн ядна.

Ажил дөнгөж эхэлж байхад цаг тоолоод суугаад эхэлсэн юм биш биз? Хурдхан дуусгахыг, хурдан гарч явахыг хүсэж, хэзээ хамгийн сүүлд сайхан амарсан тухайгаа бодож эхэлнэ. Ажлаа ингэж их үзэн ядах нь танд гарцаагүй өөрчлөлт хийх хэрэгтэй болсны шинж. Магадгүй уйтгартай үүрэг даалгаврууд, хачин харилцаатай хамт олон эсвэл сэтгэлд үл нийцэх цалин мөнгө таныг зовоож байгаа байх. Тийм бол та уг нөхцөл байдлыг өөрчлөхийн төлөө ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй. Ярилцаж үзээд, болохгүй бол ажлаа сольсон ч буруудахгүй юм.

4. Бусадтай харилцахаас зайлсхийх болно.

Хүн болгонд хувийн орон зай хэрэгтэй. Гэхдээ таны хувьд энэ орон зай асар ихээр хэрэг болж буй мэт санагдах болно. Юу ч сонсмооргүй, хэнтэй ч үг дуугармааргүй санагдаж гэр бүл, найз нөхөдтэйгөө ч харьцах харилцаагаа багасгаж, бүр хааж орхино. "P.S. I Love You" киноны гол дүр Холлиг санаж байна уу? Түүнд гэр бүл, найз нөхөд нь л хамгийн хүнд нөхцөл байдлаас гарахад нь тусалдаг шүү дээ. Хэрэв хэн нэгэнтэй харьцахаас дургүй хүрээд эсвэл олон хүнтэй байхаас зайлсхийж байгаа бол хамгийн дотнын хүмүүстэйгээ сайтар ярилцаж, сэтгэлээ уудлахыг хичээгээрэй. Тэд хатуу боловч хамгийн үнэтэй зөвлөгөөг танд өгч чадна.

5. Бүх зүйл таныг уурлуулж бухимдуулна.

Та зүгээр л бүх зүйлээс болоод бухимдаж эхэлнэ. Цаг агаар, гаргаж хаяхаа мартсан хог, хэн нэгний чанга яриа, таван минут хоцорч ирсэн автобус, таны өмссөн цамцны өнгө гээд л бүх зүйл бага багаар уур хүргэж эхэлнэ. Та маш хурдан тэвчээр алдарч уйлж, орилж хашхирч, юм авч шидэх дээрээ тулна. Үнэндээ амьдралд бухимдах зүйл тоймгүй их. Та алхам тутамдаа тийм зүйлтэй учирна. Ялангуяа манай хотод бухимдах зүйл бүр их шүү дээ. Хэрэв тэр болгон дээр бухимдвал таны сэтгэл санаа яг л ямар нэгэн эрхтэн шиг гэмтэнэ. Тиймээс та бүх зүйлийг байгаагаар нь хүлээн авахыг хичээгээрэй. Бас таныг хамгийн ихээр зовоогоод байгаа зүйл юу болохыг, түүнээс болж энэ бухимдлууд үүсээд байгааг ухаарах хэрэгтэй. Тэгээд түүнтэйгээ тэмц.

6. Асар олон муу зуршилтай болно.

Стресстэй байгаа үедээ хүн муу зуршилд амархан ордог. Архи, тамхи, хэт их өөх тостой эсвэл чихэрлэг хоол хүнс эсвэл тоглоом, интернет гээд л. Ямар нэг зүйл болоход, тавгүйтэхэд л та энэ муу зуршилтайгаа зууралдаж эхлээд байх юм бол сэтгэл санаа огтхон ч дээрдэхгүйн дээр бие махбод тань зовох болно. Бусдад ч бас хэцүү шүү дээ. Тиймээс хамгийн эерeгээр хэрхэн хэцүү байдлаас гарах ёстойг суралцаарай. Йог, бясалгал, дугуй унах, ууланд авирах, зураг зурж, хөгжим тоглох, бүжиглэх, аялах гээд л танд хийж болох асар олон сайхан зүйл байна! Муу зуршилд үрж байгаа мөнгөө сайтар цуглуулаад аялалд гарч болохгүй гэж үү?

7. Та өнгөрсөндөө амьдарч эсвэл хий дэмий мөрөөдсөөр хамаг цагийг үрнэ.

"Хуучны сайхан өдрүүдэд ч амьдрал хамаагүй дээр байж дээ" ч гэдэг юм уу "Тэгсэн бол өдийд ёстой сайхан явж байхгүй юу" гэх мэтээр өнгөрсөндөө гацаж, хий мөрөөдсөөр сууна уу? "Маргааш бүх зүйл арай дээр болох байх" гэж найдсаар юу ч хийхгүй мөртлөө гайхамшгийг хүлээгээд суугаад байж болох юм. Энэ хүлээлт нэг цаг, өдөр, сар тэгээд хэдэн жилээр ч үргэлжилж болно. Мэдээж сайхан мөрөөдөлд умбаж эсвэл өнгөрснөө санан дурсах нь сайхан л даа. Гэхдээ та байнга ингээд байвал таны одоогийн амьдрал зэрэглээ шиг л, ямар ч дурсан санах зүйлгүй хоосон өнгөрнө. Хайран цаг хугацаа байгаа даа! Оронд нь та ирээдүйд дурсан санах илүү сайхан зүйлийг бүтээхийн төлөө ямар нэг зүйл "хийх" хэрэгтэй. "Хүсэх" биш шүү.

8. Тайтгарч, эрч хүч авах ямар ч газар үлдээгүй мэт санагдана.

Хүн болгонд хэцүү үеэ давах гэсэн өөрийн арга байдаг. Жишээ нь би дуртай сонгодог хөгжмүүдээ сонсоод хүн багатай автобусаар зугаалж эсвэл зүгээр л гадуур алхдаг. Зарим нь фитнессээр хичээллэж, зарим нь дасгал хөдөлгөөн хийж, зарим нь янз бүрийн арга хэмжээнд очиж, хоол хийж, хаа нэгтээ нар жаргахыг харан суудаг. Гэхдээ танд тийм зүйл алга уу? Юунаас, хаанаас тайвшрал эрэх ёстойгоо мэдэхгүй байна уу? Тийм бол энэ сэтгэл санааны хувьд хамгийн хүнд хэцүү мэдрэмжүүдийн нэг. Та нэг хором ч тайван байж чадахгүй нь байна шүү дээ. Тиймээс тайвшраад, сайтар бод. Стресстэй байгаа газар хүртэл хэрхэн өөрийн дотоод ертөнцдөө тайван байхыг, яаж өөрийн хийх ёстой зүйлээ олохыг сайн бод. Бас хотоор зугаал. Бороо эсвэл цастайд, нар зөөлнөөр ээж байхад сайхан гэгээлэг дуу, аялгуу сонсоод алх. Хүмүүст тусалж, хөдөө агаар салхинд гар. Үнэхээр тусалдаг гэдгийг би баттай хэлж чадна.

9. Утас, дэлгэцийнхээ боол болно.

Питтсбургийн их сургуулийн нэгэн судалгаагаар юу гэж гарсан гээч? Өдөрт нэг хоёр цагаас илүү хугацаагаар утсаа оролдож, олон нийтийн сүлжээ ухдаг хүмүүс бусад хүмүүсээс хэд дахин их стресстэж, сэтгэл гутралд автдаг. Та зүгээр л гүйлгээд л, гүйлгээд л, огт инээгээгүй мөртлөө "ХАХА" дараад л... Та дэлгэцийн араас босоод амьдралыг амтлах хэрэгтэй. Гадаа агаарын теннис тоглоход цаг агаар сайхан байна уу? Тийм бол утсаа тавиад гар. Зайсан дээр очиж зайрмаг идээд, дээшээ алхах уу? Жаахан сэрүүхэн ч гэсэн зузаан нөмрөг аваад голын эрэг дээр суух уу? Сэлж чаддаггүй, дугуй унаж чаддаггүй байсан уу? Тэгвэл сурч болохгүй гэж үү? Хүмүүсийн түүхийг харж суухаар өөрөө түүх бүтээсэн нь хамаагүй сайхан. Тэгээд ч утсаа байнга оролдоод байвал мэдрэл, хараанд нөлөөлнө шүү дээ.

10. Та энэ хачин үеийг амьдралд тань дахин дахин давтагдахыг зөвшөөрсөн.

Шинэ жил гараад "Би яг шинэ хүн болно" ч гэдэг юм уу, ирэх даваа гарагаас би өөрчлөгдөнө гэх бодлууд бүгд худал. "Алиса гайхамшгийн оронд" дээр "Маргааш гэдэг хэзээ ч өнөөдөр тохиодоггүй" гэж гардаг даа? Өглөө босоход тэр маргааш гэх өдөр дахиад л маргааш болж хувирах болно. Тиймээс өнөөдөр, өнөө орой ч биш "одоо" эхлэх хэрэгтэй. Энэ хачин эргүүлэг дотроос гарахад "одоо" гэх үг үйлдэлтэй цуг хэрэг болно. Та өдөр болгоныг ингэж өнгөрүүлсээр нэг мэдэхэд юу ч хийх чадалгүй нэгэн болсон байвал яана? Харамсахгүйн тулд өөрт оногдсон амьдралыг хамгийн сайхан болгохын төлөө хичээгээрэй.   

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
9 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
2
3 өдрийн өмнө
Хүүхдээ хичээнгүйлэн өсгөж буй эцэг эхчүүдэд дэм болох үгс
3
4 өдрийн өмнө
Нарциссист хүнээс хэрхэн зайгаа барих вэ?
санал болгох
1
12 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
5
0
8
0
0
1

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зда 2019.09.22 202.21.107.198

Энэ бүр яг би байна шдээ хаха. Дөнгөж 21 тэй ч гэсэн дээрх зүйлүүд ихэнх нь надад байна. Сэтгэл хөдлөл кайф авах зүйл юу ч байхгүй болчихсон би ч өөрчлөгдөхгүй бол болохгүй байгаан байна даа гэхдээ Монгол би яг хүрээлэн байгаа орчин хүмүүс гэх мэт зүйлүүдийг бүр маш доогуур үнэлдэгтэй холбоотой байж магад шш. Бүдүүлэг зан, соёлгүй харьцаа энэ шоудалт гээд л зөндөө хүчин зүйл байгаа Энэ залуу үеийг би лав өрөвддөг шүү.

0 Хариулах


Сисимаа 2019.09.18 202.9.43.47

Дараа нь ганц бие ээжүүдийн сэтгэл гутралаас хэрхэн даван туулах талаар нийтлэл оруулж өгөөч баярлалаа

1 Хариулах