Хайх зүйлээ бичнэ үү

8 мин

Орчин үеийн эмэгтэйчүүдийн заавал унших 9 ном

Эмэгтэйчүүдэд зориулсан уран зохиолын номын сонирхолтой хөтөч


Өнөө үед үйл явдал, үнэ цэнэ нь нэг л сэтгэлд наалдахгүй, орчин үеийн эмэгтэйчүүдийн харьцангуй нээлттэй, чөлөөтэй амьдралын хэв маягтай авцалдаж өгөхгүй зуу зуун жилийн настай дэндүү "сонгодог" зохиолуудаас уйдаж байна уу? Тэгвэл танд эмэгтэйчүүдийн зүрх сэтгэл, сэтгэл зүй, нийгмийн амьдрал, хайр дурлал, эрх чөлөө, хүсэл сонирхол зэрэг эмэгтэйчүүдийг баялаг агуулгаар тал талаас нь бүрэн дүүрэн, сонирхолтойгоор нээн өгүүлсэн орчин үеийн алдартай зохиолчдын хамгийн онцлог, чансаатай зохиолуудыг танилцуулж байна. Орчин үеийн уран зохиолтой хөл нийлүүлэх, сайн зохиолыг хоцрохгүй унших, үгийн урлагийн ид шид, гайхамшигт амт шимтээр дамжуулан өөрийгөө, өрөөлийг илүү гүнзгий танин мэдэхийг хүсвэл энэ зохиолууд танд зайлшгүй туслана. Мөн эмэгтэйчүүдийн сэтгэл зүйг нарийн ойлгохыг хүссэн эрчүүд ч гэсэн эдгээр номыг уншаад үзэхэд алдахгүй. Мэдээж ямар ч хүйс, насны хүн уншихад харамсхааргүй шилдэг зохиолууд билээ.


1

Лев Толстой "Анна Каренина" роман

Орчин үеийн роман санал болгоно гэчихээд “Анна Каренина”-г жагсаалтын эхэнд нэрлэж буйд уншигч та гайхаж байж мэднэ. “Анна Каренина” бол эл жагсаалтанд байгаа цорын ганц сонгодог роман. Нэг ёсондоо Анна Каренинагийн хайр сэтгэл, эл дүрээр дамжуулан гаргасан нийгэм дэх гэр бүлийн институци, гэр бүлд эмэгтэй хүн ямар үүрэгтэйг хувь хүн болон нийгмийн зүгээс задлан шинжилсэн нь, эмэгтэй хүний сэтгэл зүй, нэмээд Лев Толстойн хүүрнэх хүчирхэг арга барил, хэр барагтай номоос олж уншимгүй хүний сэтгэлийн нарийн нандин зураглал, эргэцүүлэл уг романыг улам уншууртай болгодог. Харин 500 гаран хуудас дамнасан эл зузаан романыг уншиж дуусгахад жаахан тэвчээр л хэрэгтэй.

2

Хан Кан “Цагаан Хоолтон” роман

Англи хэлт уран зохиолын дээд шагнал “Мэн Бүүкэр”-ийн шагналыг хүртсэн анхны солонгос зохиол, өөрөөр хэлбэл дэлхий дахинд нэрд гарч танигдсан анхны солонгос зохиол гэж болох юм. Уг номын зохиогч Хан Кан эмэгтэй хүн, мөн уг зохиолыг анхлан англи хэлт ертөнцөд таниулсан орчуулагч нь ч хорин хэдхэн настай залуу эмэгтэй байдаг нь сонин тохиол юм. Нэг л өдөр гэнэт “мах идэхгүй” байхаар шийдсэн хаана ч ер хөхөвч өмсдөггүй этгээд зантай “Цагаан хоолтон” эмэгтэйн дүрээр солонгосын нийгмийн зүгээс эмэгтэйчүүдэд үзүүлдэг дарамт, эрх чөлөөний хавчигдмал байдал, түүний эсрэг эмэгтэй хүний нөр шаргуу боловч жигтэй тэмцэл, сэтгэл зүйг бичлэгийн сонирхолтой хэлбэрээр үзүүлсэн зохиол. Юутай ч “Цагаан хоолтон” хэн бүхэнд жигтэй содон “оюуны хоол” байна гэдэгт эргэлзэхгүй байна.

3

Милан Кундера “Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй” роман

Зохиолч Милан Кундера бол орчин үеийн романы туурвил зүйд онцгой гойд хувь нэмэр оруулсан өнөө цагийн хүүрнэл зохиолын гарамгай мастер юм. Товчоор орчин цагийн романы бичлэг, чиг хандлагатай танилцахыг  хүсвэл давын өмнө “Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй”-г уншихыг санал болгож байна. Хүмүүний оршихуй, хайр дурлал, бэлгийн амьдрал, зүүд зөн, нийгмийн дарангуй тогтолцоо, тэрхүү тогтолцооны завхрал гажуудал, хүн хоорондын харилцааны үл ойлголцол, ойлголцохдоо хүрвэл санамсаргүй тохиолыг ч утга учирт хувирган хэчнээн нарийн холбоо харилцаа тогтоож буйг, нохойны эзнээ гэх нөхцөлгүй хайр, үхэл, эрх чөлөө, нэгэн насны хүсэл, зорилго гээд ер юм бүхний тухай өгүүлэх, уншигч өөрийн хүслээр хаанаас нь юуг ч хэлтлэн авч өөртөө үлдээж, дотроо шингээж болохоор дэндүү баялаг зохиол. Зохиолын бүтэц, дүрүүдээ уншигчидад хүргэж буй зохиолчийн арга барил ч бидний ихэнхийн уншиж дадсан реалист зохиолуудаас онхи өөр, шинэлэг, сонирхолтой. Гол нь Тереза, Сабина, Мари-Клод зэрэг эмэгтэй дүрүүдээс эмэгтэйчүүдийн ялгаатай хэв шинж, сэтгэл зүйг нарийн ойлгох бол Томас, Франц зэрэг эрэгтэй дүрүүдээс нь эрэгтэйчүүдийн сэтгэл зүйг ч гярхай мэдэрнэ. Чухам хос хоёр зэрэг уншаад ярилцахад тохирмоор ч юм шиг.  Зохиогч өөрөө "Миний энэ роман бол дүгнэж, цэгнэдэг хахир орон зай бус, харин таашаан зугаацаж, таамаг дэвшүүлдэг чөлөөт бүс юм” гэжээ. Нээрээ л “Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй”-д саатсан уншигчийн дотор шүүлт, хаалт, хяналт бус таашаал, эрх чөлөө, гүнзгий эргэцүүлэл, амьдралын баялаг амт шимт л мэдрэгдэх биз ээ.

4

Алис Мүнро “Эрхэм амьдрал” өгүүллэгийн түүвэр

Өдгөө 87 настай Канадын зохиолч Алис Мүнро хагас зуун жил зохиол бүтээл туурвихдаа зөвхөн өгүүллэгийн төрлөөр дагнан бичсэнээрээ нэн онцгой. Утга зохиолын эл эрхэмсэг хатагтайд 2013 онд Нобелийн хорооноос нобелийн шагнал гардуулахдаа өргөмжлөл дээр нь “Орчин үеийн өгүүллэгийн мастер” хэмээн цохон тодорхойлсон байв. Алис Мүнрогийн “Эрхэм амьдрал” номоос зохиолчийн алгуурхан боловч хүчтэйгээр уншигчийн сэтгэлийг эзэмдэн хөдөлгөж чаддаг аядуу боловч шаргуу ховсч чанарыг эмэгтэйчүүдийн тухай өгүүлэх олон зохиолоос нь мэдрэх боломжтой.

5

Виржиния Вүүлф “Өөрийн гэсэн өрөө”

Постмодерн уран зохиолын бичлэгийн тулгуур аргуудын нэг “Ухамсарын урсгал”-ыг үндэслэгч, орчин үеийн уран зохиолд ер хамгийн их гавьяа байгуулсан агуу эмэгтэй зохиолч гэвэл давын өмнө Виржиния Вүүлфийг л нэрлэх болов уу. Түүний “Гэрэлт цамхаг”, “Далловэй Хатагтай” романууд утга зохиолын гоц үзэгдэлд тооцогддог боловч монгол хэлээр хараахан орчуулагдаж гараагүй тул “Өөрийн гэсэн өрөө” эсээг нь онцолж байна. Эмэгтэй хүн зохиолч байхын тулд давын өмнө өөрийн гэсэн өрөөтэй байх учиртай хэмээн бичсэн эл эсээ хүйсийн алагчлал, нийгмийн тогтсон хандлагыг сөрөн эмэгтэй уран бүтээлч байхуйн утга учрын тухай нухацтай эргэцүүлсэн нь өдгөө ч ач холбогдлоо алдаагүй юм.

6

Силвиа Плат “Bell Jar” роман

Силвиа Плат шиг адтай, сонирхолтой, амттай бичдэг яруу найрагч олон биш биз ээ. Эл содон яруу найрагч эмэгтэйн амьдралдаа бичсэн цорын ганц роман нь “Bell Jar” юм. Том хотын “бяцхан” охины дотоод сэтгэл зүй, сэтгэлийн уналт гутрал, хямралыг чухам хүчтэй яруу найраг шиг л ховсч уур амьсгалаар гарамгай бичин гаргаснаараа эл роман уншихад тун сонирхолтой заримдаа хэцүү байдаг. Гэлээ ч орчин үеийн уран зохиолын нэгэн содон дуу хоолойг “ойлгомжгүй” гэх шалтгаанаар орхигдуулбал боловсролтой уншигчийн хувьд хэчнээн хайран.

7

Франсуаз Саган “Сайн уу, гуниг минь” бэсрэг роман

Энэ жагсаалтанд байгаа номнуудаас уншихад хамгийн хөнгөн боловч хамгийн амттай ном. Дэлхийн утга зохиолын хосгүй чамин шигтгээ болсон сайх туурвилыг Франсуаз Саган зохиолч ердөө арван наймхан насандаа бичсэн байдаг нь чухам гайхамшиг гэлтэй. Зоргоор дураар эрх чөлөө, далайн эргийн харш, шаргал наран, амтат жүрж, гашуун кофены амт, уугиж буй тамхины утаа, хүн хоорондын харилцааны эмзэг нууц, сэтгэл хөдлөл, адтай сэрэл мэдрэмж, хөнгөн мансуурал басхүү харуусал гуниг гээд хүний сэтгэлийг хөдөлгөж, эморуулах бүхнээр дүүрэн чихэрлэг хэр нь гашуун амттай дарс шиг л зохиол. Ердөө 100 гаруйхан хуудас болохоор хаа ч авч яваад уншсан эвлэгхэн. Мөн эмэгтэй хүнд бэлэглэвэл тун мэдрэмжтэй бэлэг болно.

8

Банана Ёошимото “Гал тогоо” бэсрэг роман

Банана Ёошимото бол орчин цагийн японы хамгийн алдартай эмэгтэй зохиолч. Бараг л эмэгтэй “Мүраками” гэсэн үг. Үүднийх нь гадуур хэдэн сая хүн хөлхиж байвч умгархан өрөөндөө ганцаардан шаналж, дотроо бүгж суудаг, харилцаа холбоо улам л хөгжөөд байгаа хэр нь хүн хүнээсээ улам л хүнийсч холдож буй орчин цагийн хотын иргэншилд эл хүнийсэл, ганцаардлаа даван туулж буй түүхийг япон эзэгтэй нарын ихэнх цагаа өнгөрөөдөг гал зуухаар бэлгэдэн, этгээд сонин дүрүүдээр хачирлан хөнгөн, яруу, чөлөөтэй бичсэнээрээ гал зуух тун амттай зохиол болжээ.

9

Далхаагийн Норов “Тэжээвэр тэргүүт шилмэл бүтээлийн чуулган” ном

Энэ жагсаалтанд нэрлэгдэж буй цорын ганц орчуулгын бус ном. Өөрөөр хэлбэл монгол зохиол. Норов зохиолчийн эмэгтэй дүрүүд дотоод сэтгэлийн уудам, этгээд содноороо, сэтгэлийн их хат тэнхээгээрээ, сайхан гоо үзэсгэлэнгээрээ ямагт онцгойрч байдаг. “Мөн ч их хүлээсэн дээ” хэмээх үгийг үзэгчдийн зүрхэнд сийлэх шиг болдог “Зүрхэнд шивнэсэн үг” киноны эх зохиол нь Д.Норовын “Мөнхийн дуудлага” тууж юм. Хэн ч уншсан сайхан зохиол гэж санал нэгдэхээр уг туужийг “Тэжээвэр” хэмээх зэвүүн зохиолыг бичсэн хүн туурвисан гэхэд итгэмээргүй. Хайртай хүндээ бяцхан цээж зурагныхаа ард “Нохой мэт үнэнч” хэмээн дурсгаад явж буй Цэнгэл, тэрхүү ирмүүн хормыг унших бүр ам ангайн гайхширмаар. “Цээнэ” өгүүллэгийн Цээнэ, “Хар гэгээ”-гийн Дэнсмаа, “Хөх тавилан” туужийн Хөөрхөн эмээ гээд Норов зохиолчийн этгээд содон эмэгтэй дүрүүд яндашгүй. Хүчирхэг, зоримог, этгээд, өөрийнхөөрөө жинхэнэ монгол эмэгтэйн дүрүүдийг чухам “Тэжээвэр” номоос уншиж сэтгэл, зүрхээ тэжээж, хань татаж болох учраас л эл жагсаалтандаа ийн онцоллоо. “Тэжээвэр” номонд багтсан өгүүллэг, туужуудийн яргай хэл найруулгаас монгол хэлнийхээ ид хав, баялаг сайхныг мэдэрч, сурч болно.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Ардын уран зохиолч Ш.Дулмаа таалал төгсчээ
2
2024.03.21
Монголын яруу найрагчдын бичсэн яруу найргийн тухай ДОЛООН шүлэг
3
2024.03.19
Фото: "Чиний дэргэд юм бүгд сайхан" (Захидал, найргийн үдэш)
санал болгох
1
36 минутын өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
2 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
5 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
1
2
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.