Хайх зүйлээ бичнэ үү

10 мин

Өрөөлийг жаргааж дуулж явбал, өөрөө жаргадаг сэтгэлийг тань даа

“Өрөөлийг жаргааж дуулж явбал Өөрөө жаргадаг сэтгэлийг тань даа...” гэсэн мөрийг нь дахин дахин сонсоод “Хүн ер нь амьдралаа л дуулдаг” гэсэн үг нь бүр ч амьтай санагдах болсон. Дуу шигээ амьдарсан түүний үнэн түүх энэ буюу.


Намдагийн Төмөрхуяг. Түүн рүү хүрэх зам хол бөгөөд анир, тэр өөрөө дотно бөгөөд алс хүн байлаа. Шинэхэн гавъяатаас ярилцлага авах гэж хэдэн өдөр хайгаад, эцэст нь нийслэлээс хоёр зуу гаруй км-ийн зайтай орших Багануурт, сувилалд хэвтэж байгааг дуулаад тийш зорьж яваа нь энэ.
 
Завгүй хотын шуугиант хэмнэлээс гарахад айсуй хаврын амьсгааг эд эс бүхэндээ шингээсэн тал газар анхны бороонд найган байв аа. Хачин гоё. Байшин барилгын бараа ч үгүй энэ талын тансаг үзэгдэл дундуур жирийсээр сууринд, Н.Төмөрхуягийн байгаа газар очих болно.Түүний урлаг дахь зам ч мөн ийм байсан даа. Гучин хоёр жил дуулсан түүний карьерт хурц өрнөл, эрс өөрчлөлт ер байдаггүй. Яг дуулдаг шиг ээ, яг л энэ зоргоор зөрүүд тал шиг хэнээс ч хамааралгүй, элдвийн донсолгоо багатай, өгсөн ч уруудсан ч өөрийн зөнгөөр байлаа. Одоо ч өөрчлөгдсөн юм үгүй.
Дэргэд түүний багын найз, Д.Жаргалсайхан сууж явна. Тэр надад Н.Төмөрхуягтай хамт Өндөрхаанд өнгөрүүлсэн залуу насныхаа зураглал бүрийг гээлгүй ярьж өгсөн. Цайлган, сайхан сэтгэлтэй хэмээн тодорхойлсон найз нь аавынхаа мэргэжлийг өвлөн жолооч болох хүсэлтэй хүүхэд байсан, Р.Чойномын амьдарч асан байшингийн хаалганы босгыг элтэл, тамхи архинд нь гүйж, галтай шүлгүүдээ бичиж асан өдрүүдийнх нь гэрч болсныг ярина. Тэд мөн зургийн дугуйланд хамт байж. Н.Төмөрхуяг муугүй зураач байсан гэнэ. Дараа нь цэрэгт яваад цоо шинэ хүн болж, тэр хүртэл найзыгаа мундаг дуучин, гарамгай гитарчин гэдгийг мэдээгүй явснаа яг л хүүхэд насандаа эргээд очсон мэт дэврүүн ярих нь ихээ дотно. Дэргэд нь дэрвэж явсан найзынхаа дууг нэг л өдөр радиогоос сонсдог болсноо мөн ярилаа. “Н.Төмөрхуягийн дууг сонсохоор 1980-аад оны боргил өдрүүд санаанд буудаг” гэсэн. Аргагүй, тэгэхэд радиогоор түүний дуу явахгүй өдөр, Н.Төмөрхуяггүй концерт гэж болдоггүй байсан шүү дээ. Гучин жил дуулсан хэрнээ нэг цомог байтугай, клип байдаггүй мөртлөөхүмүүс түүний дууг ардын дуу шиг амандаа хүлхсээр, мөр бадгаас нь нэг ч үг гээлгүй өнөөдөр ч аялаж мэддэг нь ийм учиртай.
 
Зорьсон газартаа хүрлээ. Соёлын төвийн даруухан барилгын ард талд байрлах “Багануур сувилал”-ын гурван давхарын өрөөнд ороход өнөө алдарт дуучин маань сууж байна. Бүрх малгагүй, гитаргүй ч авга ахынхаа ам, радио хоёроор дууг нь, тухайг нь сонсож өссөн Н.Төмөрхуяг. Харц нь дөлгөөн, ярих нь яг дуулдаг шигээ намуухан тэр хүн биднийг ирэхийг мэдсэнээс зайлахгүй, тэгэхнээ бүр биеэ зэгсэн бэлдэж, гавъяатын тэмдэгээ зүүсэн хүрмээ өмссөн мөртлөө буйдангаасаа ч боссонгүй. Харин оронд нь дориухан инээмсэглэлээр биднийг шагнаад “Шагналаа авсан орой дүү нар намайг энд аваад ирсэн. Уг нь ч хотын дуу чимээ, амьтан хүний садаанаас хол амар л юм, гэхдээ...” гээд өгүүлбэрээ дуусгасангүй. Тэгж байтал утас нь дуугарч Хэнтийгээс дуудлага ирж биднийг хэсэг саатуулав. Онжав нь гэнэ. Ер нь бидний уулзалтын тэн хагас нь ийм ажилд “үрэгдсэн”. Монголын өнцөг булан бүрээс таних танихгүй баахан хүн залгахад тэр түвэгшээхгүй, тухтай гэгч нь хөөрөлдөнө. Удаан хүлээж байж миний ээлж ирлээ. Тэр ч өөрийнх нь имиж болсон бүрх малгайгаа яг л Италийн мафитай кинонд гардаг шиг нэг тийм догь барилаар өмслөө.
 
“Дуучнаас дуу үлддэг. Түүндээ сэтгэлээ шингээсэн байх аваас дуулсан хүний байх, байхгүйн хамааралгүйгээр аяндаа амьдраад явдаг аж. Миний дуунууд тэгж амьдарчээ. Хүмүүс энд тэнд таарахаараа таниад сүйд болдог юм. Гэвч энэ хэдэн өдрийнх шиг ийм олон хүнээс талархлын үг сонсоогүй уджээ” гээд сэтгэл хөөрсөн байртайгаар ярилаа. Өвөрмонголоос хүртэл хүмүүс утас цохьсон гэнэ. Тэрбээр сүүлийн хэдэн жил олны хэл амнаас хол амьдарснаа гэнэтхэн сүр дуулиантайгаар гарч ирсэн учраас санагалзах хүн бишгүй байгаа нь аргагүй. Шинэ дуу гаргаагүй, гэхдээ ер нь тэрний хэрэггүйгээр дуулсан дуу бүр нь цагийн цаазыг давж, эгшиглэсээр буй ч мань эр тийм ажин түжин байгаагүй ажээ. Дуулсаар л явсан гэнэ. Сувилалын өрөөнийх нь хананд гитар нь байгаагаас харахад энд ч бас дуулж суугаа бололтой дог. Гитар, Н.Төмөрхуяг хоёр бол өнгөрсөн зууны Монголын түүхийн гайхалтай хослолын нэг. “Тэд” анх дунд сургуульд учирчээ. “Дагдандоржийн Ганбаатар” гээд алдалгүй бичээрэй гэж байгаад ийн ярив. “Түүнийг бид есөн хуруу Ганбаа гэж дууддаг юм. Гитар гайхалтай тоглоно. Анх түүнээс л би гитар тоглох урам авч, түүний чадварт өдөөгдөн өөрөө үзээд алдахаар шийдсэн юм. Тэгэхэд арван тавтай байлуу даа. Шинэ гитар 35 төгрөг байсан үе. Би гитар тоглохсон гэж найздаа хэлтэл, “Чи солгой гартай юм чинь яаж чадах юм” гэж байна. Тэгэхээр нь өдөр бүр гэрт нь очиж гитар тоглохыг нь харж, аккордыг нь нүдлээд, орой гэртээ очиж давтаж эхэлсэн. Оролдсоор “Өргөн Сэлэнгэ” дууг алдалгүй тоглодог боллоо. Нэг удаа тэдний зуны амбаарт нь сууж байгаад өнөө сурсан дуугаа гитардаж үзүүлтэл манай Ганбаа ёстой нэг гайхсан даа. Их ч үнэлсэн. Тэгж би урам авч, тэрнээс хойш гитар бид хоёр салаагүй ээ” гэлээ.
 
Овоо хэдэн дууны аккорд сурч, бас цөөнгүй жижиг концертод оролцдог болжээ. Тэгж байгаад цэрэгт явсан аж. Тэндээс ирэхдээ ёстой дуучны хувьд ч, гитарчны хувьд ч өөрийгөө жинхэнээр нь олсон байсан гэж найз Д.Жаргалсайхан нь бахдан хэлэв. Цэргээс ирээд жоншны уурхайн жолооч болжээ. Аав нь “Нохой” Намдаг гэж зартай сайн жолооч байсан гэж өөрөө дурсав. Ийнхүү аавын мэргэжлийг өвлөн, том тэрэгний кабинд дуулж явтал нэг өдөр аав нь аймгийн чуулгад дуучин авах юм гэнэ, чамайг эрж сурсан хүн бишгүй байна гэж хэлж. Аймгийн Соёлын төвийн н.Дашням, н.Гомбо хоёр нэг нь түүний дуучин болгоно, нөгөө нь хөгжимчнөөр авна гэж хоорондоо үзээд н.Дашням нь дийлжээ. Н.Төмөрхуяг аль алинаар нь гарамгай байсан учраас аргагүй ч үгүй биз. Ийнхүү 1983 оны есдүгээр сард “Хан хэнтий” чуулга гоцлол дуучинтай болж, ХХ зууны Монголын хөгжмийн ертөнцийн нэг том од тодорч эхэллээ.

1987 оны хавар Монголын Радиогийн сурвалжлах баг Хэнтийд ирэхдээ улсад төдийлэн танил биш залуухан Н.Төмөрхуягийн гурван дууг бичиж аваад явсан нь сонин хэрэг байв. Мань эрийн сураг нийслэлд дуулдаж, тухайн үед Монголын Радиогийн хөгжмийн редакцид ажиллаж байсан Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуай аминчлан захьсаныг тэр өөрөө ч мэдээгүй байжээ. Тэрхүү гурван дуу гээд байгаа нь “Амьдрал хайр дээр тогтдог”, “Саа мөнгөн хэрлэн”, “Халхын сайхан хүүхнүүд”. Радиогийнхон ч ажлаа амжуулаад буцаж, Н.Төмөрхуяг ч Хэнтийдээ үлдсэн бөгөөд, түүнийг нутагтаа даруухан амьдарч байх зуур нийслэл хот дээрх гурван дууг радиогоор өдөржин сонсон, уярдаг болсон байлаа. Тэгж байтал хот даяар нэг том хурлын зар түглээ. Хувьсгалт залуучуудын эвлэлийн 19-р их хурал болох гээд аймаг бүрээс залуу уран бүтээлчдийг сонгон шалгаруулсаны дотор Н.Төмөрхуяг багтав. “Түүн шиг нүсэр концерт ахиж болоогүй. Тэр сүүлийнх нь байсан байх аа” гэж тэр ярьсан. Улаанбаатарын анхны тайзан дээрээс хийл, ятга, гитарын хоршилд ганц дуу дуулахад нь хүмүүс халуун дотно угтаж, өнөө гайхалтай уянгын дуунуудын эзэн хотод өөрийгөө танилцуулжээ. Сонин нь, одоо бидний уулзаж буй энэ сувилалын чанх хойно байгаа Соёлын төвд тэр тайзнаа хамт гарч, ятга тоглосон бүсгүй ятгын багшаар ажиллаж байгаа гэнэ.

Хэнтийгээс ирсэн залуу нийслэл хотыг байлдан дагуулаад зогсохгүй, бүхэл бүтэн нэгэн арваныг төлөөлөх аялгуу болсон түүх ингэж эхэлсэн юм. Дараа нь тэр “Варете” театрт хэдэн жил ажиллаад, хувь уран бүтээлчийн замдаа орсон. Нэг их удалгүй уг театр ч хувьчлагдсан. Явсаар ерээд оны сүүлээс эхлээд Н.Төмөрхуягийн ч сураг холдсон. Тэрнээс хойших түүхийг дэлгэх хүсэл бидний хэн хэнд маань байсангүй. Бидний хэн хэнд нь маань л дэлгэх албагүй түүхүүд байдгаас ялгаагүй. “Хэрвээ Монгол ардчилсан улс болоогүй бол би яг л Р.Чойном шиг ад үзэгдэх байсан даа” гээд инээж суугаа тэрбээр үзэл бодлоо нуулгүй хатуухан хэлдэг, ардчиллыг дэмждэг, эрх чөлөөний үнэ цэнийг мэддэг хүн. Гэвч түүний хүссэн дэглэм тогтон, манайх ардчилсан улс болсон байтал хоёр жилийн өмнө хүртэл хэн ч түүний алдар гавъяаг үнэлээгүй юм. Монголын домогт дуучдын нэг Н.Төмөрхуяг Соёлын тэргүүний ажилтан цолыг одоогоос ердөө хоёрхон жилийн өмнө авсан гэвэл итгэх хүн олдохгүй. Гэвч үнэн түүх ийм. Хэзээ хойно, хэдхэн өдрийн өмнө тэр Монгол Улсын гавъяат жүжигчин цол авсан нь ч оройтсон бороо билээ. Харин Н.Төмөрхуяг гуай ийм яриаг нэг их ойшоодоггүй. “Ард түмний хайр, хүндлэл надад харамгүй ирсээн. Үүнээс илүү яах билээ, би оройтсон гэж бодохгүй ээ” гэснээ “Харин ижий, аав минь амьд сэрүүн байгаад энэ мэдээг сонссон бол их л баярлах байсан даа” гэж хэлээд өөдөө нэг их сүрхий холын харцаар харсан юм. Тэгтэл Сэлэнгээс дуудлага ирж, бидний яриа ахиад л тасрав. Түүнээс хойш бид цөөн хором ярилцах зуур тэр дунд Н.Төмөрхуяг гуай “Хүн ер нь амьдралаа л дуулдаг юм байна. “Насны намар”-аа хаа сайгүй дуулж, ижийгээ амьд байхад нь “Уулзаж амжаагүй ээжээ бодохоор, уугуул нутаг минь хагсраад байх юм...” гээд байтал нээрэн би ижий бурхан болоход дэргэд нь байж чадаагүй” гэж хэлсэн нь миний дотор хадаж үлджээ.
 
“Хүн амьдралаа л дуулдаг юм байна” гэдэг энэ мөр ухаарч амьдрах хорвоод амьдрахдаа элтэл бодсон бодлынх нь дээж аж. “Насны намар гадаа ирэхэд нартын жамыг ухаарах юм даа” гэсэн мөр тэр дуунд байдгийн санав. Түүний ярилцаж дуусаад гэртээ ирмэгцээ дуу бүрийг нь дахин дахин сонссон. Тэгэхгүй л бол болохгүй шиг санагдаад. Амьдрал үзсэн хүний амнаас биш зүрхнээс гарах дуу бүр нь зөөлөн, аядуу мөртлөө хүчтэй, бас үнэн байдаг. Тэгээд зүрхний гүнд ухаарал болж үлддэг. “Ухаарч амьдрах хорвоо”-д нь би бүр ч дуртай болсон.
“Өрөөлийг жаргааж дуулж явбал
Өөрөө жаргадаг сэтгэлийг тань даа...” гэсэн мөрийг нь дахин дахин сонсоод “Хүн ер нь амьдралаа л дуулдаг” гэсэн үг нь бүр ч амьтай санагдах болсон. Дуу шигээ амьдарсан түүний үнэн түүх энэ буюу.
Ж.Тэгшжаргал, 2014 он
Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.22
1984. Хамбан хөшиггүй таашаах эрх чөлөө
3
2024.03.12
Будапештын тэмдэглэл
санал болгох
1
4 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.