Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Гар утсаараа биш надтай тогло!

Хүүхэдтэйгээ байхдаа гар утсаа их ашигладаг эцэг, эхчүдд хүүхдээ ойлгох, сэтгэл санааг нь мэдрэх, юу илэрхийлэх гэснийг нь үл анзаардаг байна.


Аав, ээж нь гар утсаа илүү анхаарч өөрийг нь үл хайхарч байна гэж бодсондоо төдийгүй үүнийг олон аав, ээжид ойлгуулахын тулд долоон настай Эмил төрөлх Хамбург хотынхоо гудамжинд жагсчээ. Мэдээж насанд хүрээгүй хүүхэд жагсаал зохион байгуулах боломжгүй тул хүүгийнхээ хүсэлт, үзэл бодлыг түгээхэд аав, ээж нь тусалснаар 150 гаруй хүн цуглаж гар утаснаасаа түр холдохыг нийтэд уриалжээ. Тэдний дэвшүүлсэн гол санаа нь “Гар утсаараа биш надтай тогло!”

Аав, ээж нь хүүхдээ дижитал төхөөрөмжөөр саатуулж, өөрсдөө ч түүндээ донтох болсон нь шинэ үеийнхнийг төөрөгдүүлж орхижээ. Саяхан АНУ-д 13-17 насны 1000 хүүхдийн дунд судалгаа явуулахад тэдний 40 орчим хувь нь эцэг, эхчүүдийгээ дижитал төхөөрөмжөөсөө холдоосой гэж боддог гэжээ.

Калифорнийн их сургуулийн судлаач Рон Далын хэлснээр хүүхдүүд гэр бүлийнхэн, найз нөхөд нь бүгд хэт их сошиал медиа ашиглаж, өөрийг нь үл хайхарч улмаар үүнийгээ ч анзаардаггүй талаар гомдолложээ.

Хүүхдээ өсгөхөд технологи ямар нөлөө үзүүлж байна вэ?

Мичиганы их сургуулийн эрдэмтэд эцэг, эхчүүд, хүүхдүүд, технологийн хооронд ямар нөлөөлөл бий болж байгааг шинжлэх ухаанчаар судлахыг эрмэлзжээ. Сошиал медиа түлхүү ашигладаг гэр бүлийн хүүхдүүдэд биеэ авч явахтай холбоотой асуудал илүүтэй тулгардаг байна. Эцэг, эхчүүд нь хүүхдийн аар, саар асуудлаас зугтахын тулд технологийг ашигладаг, нөгөөтэйгүүр тэд технологид донтохын хэрээр хүүхдийнх нь хүмүүжил цалгарддаг гэсэн дүгнэлтэд судлаачид хүрчээ.  

Энэ судалгаанд хоёр жилийн хугацаанд таваас доош насны хүүхэдтэй 183 эцэг, эх хамрагджээ. Эндээс харахад технологийн өндөр хэрэглээтэй гэр бүлд торниж байгаа хүүхдүүд илүү сахилгагүй, уурлаж бухимдах нь түргэн, сэтгэл хөдлөлөө замбараагүй илэрхийлдэг байдал анзаарагдсан байна. Мөн аав, ээж нь хүүхдийнхээ аливаа үйлдэлд хариу үзүүлэх нь бага, тэдний зан байдал, сэтгэл хөдлөлийг анзаарч ойлгохдоо ч тааруу байсан аж. Тэд дүгнэлтдээ “Хүүхэдтэйгээ байхдаа гар утсаа их ашигладаг эцэг, эхчүдд хүүхдээ ойлгох, сэтгэл санааг нь мэдрэх, юу илэрхийлэх гэснийг нь үл анзаардаг” гэжээ.

Эсрэгээрээ хүүхдүүдээ дэггүй, хэт сахилгагүй байхыг тэвчиж чадахгүй, стрессээ тайлахын тулд технологид автдаг эцэг, эхчүүд бас байдаг гэнэ. Гэвч хүүхдүүд анхаарал, халамж хүссэндээ сахилгагүйтдэг тул түүнийг нь үл тоох нь хүүхэд илүү хүмүүжилгүй авирлах шалтгаан болдог байна. Эндээс харвал “Гар утас, ай-пад зэрэг нь эцэг, эхчүүдийн хувьд түр амсхийх хэлбэр нь болдог давуу талтай ч, хүүхэд-гэр бүлийн харилцаанд сөргөөр нөлөөлж байгааг зайлшгүй анхаарах ёстой байна” гэсэн юм.

Мөн энд анзаарах ёстой нэг зүйл нь хүүхдүүд цахим эринд мэндэлж, технологитой зэрэг торниж буй харин эцэг, эхчүүдэд нь сошиал медиа илүү сонин, шинэ байгаа тул хүүхдээс илүү автдаг байна. “The Guardian”-д дурьдсанаар 18-24 насны интернэт хэрэглэгчдийн зан төлөв сүүлийн үед өөрчлөгдөх хандлагатай болжээ. Тухайлбал, сошиал медиа миний хувьд маш чухал гэж хариулах хүмүүсийн эзлэх хувь 2016 онд 66% байсан бол одоо 55% хүртлээ буурсан байна. Харин 45-аас дээш насны хэрэглэгчдийн хувьд сошиал медиаг илүү чухалчлах болсон буюу ингэж үзэх хүний тоо хоёр жилийн хугацаанд таван хувиар нэмэгджээ.

Гэхдээ MIT-ийн профессор Шерри Тюркл ирээдүйн тухай илүү өөдрөг төсөөлөлтэй байна. Учир нь, хүүхдэдээ цаг гаргалгүй утсаа л оролддог ээж, аавыгаа харж өссөн хүүхдүүд хожим өөрийн хүүхдэдээ тийм зан гаргахгүй. Бид үүнийг өнөөдрийн алдаа, онооноосоо арайхийн суралцаж байна гэж тэр хэлсэн юм.

Бяцхан жагсагчийн тухайд 

Германд жагсаал өрнүүлсэн бяцхан "тэмцэгч" Эмил өнгөрөгч тавдугаар сард хотод нь болсон фашизмын эсрэг жагсаалд оролцоод үзэл бодлынхоо төлөө “босох” ёстой гэсэн санааг авчээ. Энэ тухайгаа аав, ээждээ хэлснээр тэд дэмжсэн байна. Түүний аав 37 настай хүүхдийн эмч бөгөөд жагсаал хийх тухайгаа орон нутгийн зохих байгууллагад мэдэгдсэн байна. Энэ үйл явдлыг эхлээд олон хүн анхаарахгүй болов уу гэж бодтол, хэдэн зуун хүн нэгдэж Фейсбүүкт маш их хүн сэтгэгдлээ илэрхийлээд зогсохгүй Германы хэвлэл, мэдээллийн байгууллагууд идэвхтэй сурвалжилжээ.

Эмилийн аав “Spiegel”-д өгсөн ярилцлагадаа “Эмил маань надтай хамт байхдаа ярилцахыг, тоглохыг хүссэн ч би өөр зүйл хийгээд дэргэд нь юм шиг хэрнээ “хол” байснаас болоод энэ санааг гаргасан” гэсэн байна. Мөн жагсаалд оролцсон зургаан настай Илви Шмит “Аав миний хажууд гар утсаараа тоглоод байдагт би дургүй” гэсэн бөгөөд аав нь үүнийгээ хүлээн зөвшөөрч, хүүхдээ илүү халамжлах болно гэж сурвалжлагчид хэлжээ.

Герман төдийгүй дэлхийн олон оронд технологид донтох байдал газар авсан. Хэвлэл, мэдээллээр хүүхдээ үл хайхарснаас болж багачууд осолдох гэхчлэн харамсалтай явдлууд тохиолдох нь ч элбэг болжээ. Ялангуяа, хүүхэд харцаараа аливааг илэрхийлэх нь түгээмэл бөгөөд үүнд нь хариу үйлдэл үзүүлэхгүй бол тэд дэггүйтэж, бие махбодиороо харилцаа үүсгэх, анхаарал татахыг оролддог гэдгийг сэтгэл судлаач Катарина Кацер дурьдав.

Энэ жагсаалаас өмнө буюу өнгөрсөн оны нэгдүгээр сард Бавар мужид “Хүүхэдтэйгээ ярилц!” кампанит ажлыг өрнүүлж эцэг эхчүүдийг утаснаас салж хүүхэдтэйгээ ярилцаж, илүү их анхаарал хандуулахыг уриалж байжээ. Тэгвэл энэ удаад хүүхдүүд санаачилж, олон эцэг, эх өөрийн зан байдлаа эргэн нэг харж байна гэдгийг Германы хэвлэлүүдэд тэмдэглэжээ.

Эх сурвалж: Quartz 

Spiegel Online

Frankfurter Allgemeiner Zeitung

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.03.07
Мөнгөө захиран зарцуулахад ур чадварт суралцах үүрэгтэй Данийн өсвөр насныхан
2
2023.10.10
Сошиал сүлжээнд "share", "post" хийхээсээ өмнө өөрөөсөө асуух 4 чухал асуулт
3
2023.08.27
Хувийн мэдээллээ хуваалцахаас өмнө таны мэдвэл зохих ойлголтууд
санал болгох
1
3 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.