Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

"Гэрэлт морьд" тэтгэлэгт хөтөлбөрийн оны шилдэг бүтээл гадаадад толилуулагдана

“Гэрэлт морьд” уран бүтээлчдийг дэмжих тэтгэлэгт хөтөлбөрийг 2 дахь жилдээ амжилттай хэрэгжүүллээ.


ХААН Банкны нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сан, Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ)-тэй хамтран Монголын бизнес, банк санхүү, соёл урлагийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан, АНУ болон Монгол улс хоорондын олон талт найрсаг харилцааны элч, ХААН Банкны Гүйцэтгэх захирал асан Ж.Питер Морроу агсны нэрэмжит олон улсын “Гэрэлт морьд” уран бүтээлчдийг дэмжих тэтгэлэгт хөтөлбөрийг 2 дахь жилдээ амжилттай хэрэгжүүллээ. 

МУЗ-ийн “Улаан гэр” уран зургийн галерейд хүндэт зочдын хамт зохион байгуулагдсан уг арга хэмжээний үеэр шилдэг бүтээлийн эзэнд ХААН Банкны Гүйцэтгэх захирал Жон Белл “Гэрэлт Морьд” тэтгэлэгт хөтөлбөрийн  шилдэг уран бүтээлийн шагналыг гардуулсан юм. Энэ жилийн шилдэг бүтээлээр "Хүн-Байгаль-Хайр-Эрх чөлөө” хөдөлгөөний “Sprit and Soul” бүтээл шалгарчээ. 

Тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан “Хүн-Байгаль-Хайр-Эрх чөлөө” хөдөлгөөнийг төлөөлөн уран бүтээлч Ж.Гантулга нь Нидерландын Вант улсын Хааг хотноо энэ сард зохион байгуулагдах дэлхийн 40 гаруй орны олон улсын медиа урлагийн наадамтай хамтран ажилладаг, Европын хамгийн том наадмуудын нэг болох “TodaysArt” наадамд оролцож, “Sprit and Soul” бүтээлээ танилцуулах эрхийг хүлээн авлаа. Мөн 2017 онд зохион байгуулагдсан анхны олон улсын “Гэрэлт морьд” хөтөлбөрийн шилдэг уран бүтээлч Б.Бат-эрдэнэ 2017 оны 9 сард Нидерландын Вант Улсад “TodaysArt” наадамд оролцож, “Тэнгэрт нэгэн удаа” видео инстоляци бүтээлээ амжилттай толилуулж байсан билээ. Харин энэ жил тэрээр TodaysArt наадмын захирлын урилгаар 2018 оны 10 сард Норвегийн Вант Улсад зохиогдох “Инсомниа” олон улсын наадамд уригдан оролцож, уран бүтээлээ дахин дэлхий дахинд толилуулах сайхан боломж бүрдээд байгаа юм. 

ХААН Банкны гүйцэтгэх захирал Жон Белл:

ХААН банкны зүгээс олон жилийн хугацаанд урлаг соёлыг дэмжиж ирсэн. Тэр дундаа залуу уран бүтээлчдийг бид маш их дэмждэг. Өнөөдөр уг тэтгэлгийг авьяаслаг уран бүтээлчдэд гардуулан өгч байгаадаа бид маш их баяртай байна. 

“Хүн-Байгаль-Хайр-Эрх чөлөө” хөдөлгөөнийг төлөөлөн Нидерландын Вант улс руу явах уран бүтээлч Ж.Гантулга:

-Баг хамт олноороо уг тэтгэлэгт хамрагдан, шилдгээр шалгарч байгаад сэтгэл хэр хөдөлж байна?

-Таван жил гаруй хугацаанд бид багаараа 12 гаруй үзэсгэлэнд оролцсон. Бидний багийн ажил сонгогдсонд үнэхээр их баяртай байна. Гадаадын наадамд оролцох бүтээлийн санаа анх 2016 онд гарч байсан. Одоогоор бид Монголдоо гаргаж ирж тавиагүй байна. Нидерландад анх удаа толилуулагдах юм. Бид одоо видео хийх бэлтгэл ажил дээрээ явж байна.

-Уран бүтээлийнхээ тухай ярьж өгнө үү.

-Сүнслэг оршихуй буюу англиар орчуулбал "Spirit and Soul" гэсэн нэртэй. Нэг өгүүлэмжийг харуулах дөрвөн тусдаа видеотой байх юм. Манай багийнхан бүгд өөр өөрсдийн гэсэн чадвартай, онцлогтой. Хана таазанд юм өлгөхөөс эхлээд бүх зүйл дээр л хамт ажилладаг. Нидерландад гаргах уг уран бүтээлийн санааг анх гаргасан хүн бол Мөнхболор. Эскиз дээр бид бүгд хамтран ажилласан байгаа. Бидний өмнө нь хийж байсан ажлын санаанууд бас уг бүтээлд их гоё тусч, орж өгсөн байгаа. Хүн болгоны санаа орж, хөгжүүлэлтийг хийсэн.

“Хүн-Байгаль-Хайр-Эрх чөлөө” бүтээлийн багийн уран бүтээлч У.Даваажаргал:

-Шилдэг бүтээлээр танай багийн бүтээл шалгарсанд баяр хүргэе. Сэтгэгдэл ямар байна?

-Олон уран бүтээлчийн санаа, хийц, бүтээлийг хэрхэн байрлуулах вэ гэсэн саналуудыг хүлээн авсан. Бидний дөрөв, таван жил бодож явж байгаад хийж буй шинэ ажил байгаа. Шинэ ажлаараа оролцох гэж байгаадаа маш их баяртай байна. Багийнхан маань бүгд яг Нидерланд яваад оролцох боломжгүй болсон учир нэг хүн маань биднийг төлөөлөн явна. "TodaysArt" Европтоо нэр хүнд өндөртэй, том хэмжээний медиа арт фестиваль байгаа. Өнгөрсөн жилээс манай уран бүтээлчид сайн оролцож эхэлсэн. Сонгогдсондоо бид маш их баяртай байна.

-Танай бүтээлийн нэр болон санаа анх яаж төрөн гарав?

-"Улаан гэр" галерейд тавигдсан энэ ажил бол бидний цоо шинэ ажил. Нидерланд явах гэж байгаа бүтээл маань яг энд байхгүй. Бид нарыг сонгосонтой холбоотойгоор бид өөрсдийн шинэ үзэсгэлэнгээ энд нээн толилуулж байгаа. Орчин үеийн урлагийн хувьд хүмүүс яг орчинд ирж үзэх, харилцах, орчинд нь байх их чухал байдаг. Бүтээлийнхээ тухай яг тайлбарлахад бас их хэцүү. Медиа арт фестиваль болохоор бид видео инстиляцаар орж байгаа. Хүн төрөлхтний хамгийн минимал элементүүдийн нэг, бидний бий болсон эсийн хэмжээний элементүүдээр бид сүүлийн хэдэн жил янз бүрийн зураг, видео ажлууд хийж байсан. Нэлээн том орон зайд, хүмүүс дунд нь ороод харьцах боломжтой, яг дотор нь яваад орсон мэт тийм орчинг бүрдүүлэх, мэдрүүлэх бүтээл дээр ажиллаж байна.

-Хүмүүс хэзээ яг энэхүү сонирхолтой инстиляцийг сонирхох боломжтой болох вэ?

-Есдүгээр сарын сүүлээр Нидерландад тавигдаад, 10 эсвэл 11 сараас МУЗ-тэй хамтран тэр бүтээлээ танилцуулах үзэсгэлэн болно.  

Дашрамд сонирхуулахад Монголын Урлагийн Зөвлөл нь Монголын соёл урлагийг тогтвортой хөгжүүлэх, сурталчлах, хадгалан хамгаалахад хувь нэмэр оруулах зорилгоор урлаг, олон нийтийн урлагийн боловсрол, соёлын өв, хөгжлийн зэрэг үндсэн дөрвөн хөтөлбөр хэрэгжүүлдэг. МУЗ-ийн хөтөлбөр, төслүүд нь урлагаар дамжуулан нийгэмд эерэг өөрчлөлт авчрах, эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх, Монголын өвөрмөц соёлын өвийг дэлхийд таниулахыг зорин ажилладаг. Та дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж сонирхох боломжтой.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
26
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.