Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Т.Энхболд, Б.Баатарзориг, Б.Номин нар Иньчуанийн биеннальд Монголыг төлөөлж байна

“Ирмэг дээрх экологи”-д өгөх нүүдэлчдийн хариулт


“Ирмэг дээрх экологи”-д өгөх нүүдэлчдийн хариулт

Хятадын баруун хойд зүгийн Иньчуань хот гол мөрөн хийгээд элсэн цөлийн дунд оршдог. Хамгийн олон үндэстэн ястан амьдардаг, хоёр сая хүн амтай эл хотод 15 мянган м.кв талбай бүхий контемпорари урлагийн музейг хэдхэн жилийн өмнө байгуулж 2016 оноос эхлэн олон улсын биенналь зохион байгуулж эхэлжээ. Иньчуанийн уг биенналь Азидаа чансаагаараа тэргүүлэх хэтийн төлөвтэй байгаа юм. Хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж буй энэ жилийн Иньчуанийн биенналийн куратороор Миланы контемпорари урлагийн музейн захирал Марко Скотини ажиллаж “Элсэн цөлөөс эхлэхүй – Ирмэг дээрх экологи” сэдвийн хүрээнд 30 гаруй улсын 90 уран бүтээлчийг урин оролцуулж буй. 

Тус үзэсгэлэнд Монголыг төлөөлөн Тогмидшийрэвийн Энхболд, Батжаргалын Баатарзориг, Болдын Номин нар оролцож байна. Уран бүтээлч Б.Баатарзориг Хятадын өмнөд зүгт орших нэгэн тосгонд судалгаа хийж явахдаа олсон хуучны модон завь дээр монгол зургийн аргаар газар, тэнгэр үүл, нисдэг морь, зурж нэгэн шинэлэг бүтээл туривснаа энэхүү үзэсгэлэнд дэлгэн үзүүлсэн бол Б.Номин монгол зургийн аргыг ашиглан тууривсан даяарчлал, өнөөгийн монголчууд, байгаль орчны сэдвийг хөндсөн уран зургаар оролцсон байна.    

Харин уран бүтээлч Т.Энхболд тус биенналийн нээлтийн үйл ажиллагаан дээр үйлдлийн урлагаа олон нийтэд толилуулсан юм. Үүнээс өмнө нь тэрбээр өөрийн урласан монгол гэрийн загварыг үүрээд Төв аймгаас эхлэн Солонгосын Чежү арал, Финляндын Роттердам хот, Английн Манчестер, Италийн Венецийг зорьж байсан. Далайн эрэг дээр эсвэл хурдны замын хажуухантай гэрээ бариад дотор нь ороод хэвтэнэ, элсэнд нүүрээ шигтгэн бачуурна, зулай дээрээ сүү асгана, тооноос уясан чулууг эргүүлж гарна. Түүний энэ үйлдлийг ялгарах гэсэн оролдлого мэтээр ойлгох нь дэндүү гэнэн хэрэг болох болов уу. Харин уламжлалт соёл сэтгэлгээ, нүүдэлчин ахуйг орчин үеийн урлагтай нарийвчлан сүлсэн, зөвхөн түүнд л хамаарах онцгой арга барил, эрэлхийлэл хийгээд илэрхийлэл нь энэ. 
Монгол гэрт буй хүний тухай үйлээр дамжуулан тэрбээр орон зай, нүүдлийн тухай асуултыг үүсгэдэг. Нүүдэлчдийн амьдралын хэв маяг байгалиас бүрэн хамааралтай, түүнтэй нарийн зохицсон байдаг. Энэ нь эргээд асар уудам орон зайд амьдрах, зорчих эрх чөлөөг олгодог. Гэвч даяарчлалаас үүдэн “хавтгай” болсон өнөөгийн ертөнцөд орон зай улам хумигдан, давчуу, шахагдмал орчинд бид амьдарч байна. Үүнийг егөөдсөн, аминч, бачуу бүхнийг эсэргүүцсэн, тэндээс зугтах гэсэн тэмүүлэл түүний ажлуудаас мэдрэгддэг юм.

Т.Энхболд уламжлалт амьдралын хэв маягийн хүн байгалийн шүтэлцээний хамгийн чухал бүрэлдэхүүн хэсэг болох монгол гэрээр дамжуулан орчин үед тулгарсан асуудлуудыг хөнддөг нь энэ жилийн Иньчуанийн биенналийн сэдэвтэй уялдаж буй юм. 

Есдүгээр сарыг дуустал үргэлжлэх тус үзэсгэлэнд монгол уран бүтээлчдийг оролцуулахад Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоо хамтран ажилласан байна. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Монгол улс 60 дахь удаагийн Венецийн дүрслэх урлагийн Биенналь дахь үзэсгэлэнгээ нээлээ
2
4 өдрийн өмнө
Словенид “Хот мандал – Нууц тарнийн сүм” гэрэл зургийн үзэсгэлэн гарч байна
3
2024.04.15
XAOS – экспериментал хөгжим, дүрслэх урлагийн олон улсын наадам болно
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
28
8
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.