Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

20 жил банканд ажиллаад костюмд дургүй болсон Сарри

Бусад багийн дасгалжуулагч нар сайхан гонжоомтой байхад яагаад Сарри богино цамцтай л байдаг юм бэ?


Английн “Челси” багийн шинэ дасгалжуулагч Маурицио Сарри ажлаа тун амжилттай эхлүүлээд байна. Премьер лигийн эхний 5 тоглолтод баг нь ялж, лигийг тэргүүлж байгаа.  Байнга багийнхаа хөх богино цамцтай тоглолт удирдан зогсох түүнийг харсан ёсорхог англичууд ихэд гайхдаг. Бусад багийн дасгалжуулагч нар сайхан гонжоомтой байхад яагаад Сарри богино цамцтай л байдаг юм бэ? Тэтгэврийн хөгшин өвгөн шиг харагдаж байна гээд л. 

Маурицио Сарри банканд 40 нас хүртлээ ажилласан хүн. Яг тэнд л Сарри костюмд дургүй, үнэнийг хэлэхэд үзэн яддаг болсон юм. Өндөр цалинтай банкны ажил, сайхан костюм, хослолоо Сери D-гийн төлөө хаясан билээ. Ингээд Сарригийн намтрыг сөхөн үзэцгээе. 

Сарри сайн хөлбөмбөгч болж чадаагүй. Сери D-гийн “Фильина” хэмээх хагас мэргэжлийн багт л хэдхэн жил тоголсон. Ямар түвшингийн баг вэ гэдгийг тайлбарлахад нэг удаа дасгалжуулагч нь эзэнтэйгээ муудалцаад ажил хаялт зарлахад 15 настай Сарри багаа удирдаж байлаа. Маурицио шүүгчид манай дасгалжуулагч хоцорч ирнэ гэж хэлээд гарааны бүрэлдэхүүнийг сонгож, тактик боловсруулаад баг нь 2-1 ялж байжээ. 
19 настайдаа л тэр зодог тайлсан. Гэмтэл их байлаа. Түүнээс гадна нэг шат дээд лигийн “Монтеварчи” баг авах гэхэд нь удирдлагаас хэт их мөнгө нэхээд шилжилт нь бүтсэнгүй. Ингээд багийн удирдлагадаа гомдсон нь ч нөлөөлсөн.  
Аав нь дугуйн үйлдвэрийн жирийн ажилчин, гэрбүлд нь мөнгө хэрэгтэй. Сарри Эдийн засаг, банкны коллежэд элсэж, хичээлийн дараа Италийн хуучны банкуудын нэг Montepaschi-д  бичиг цаас янзалдаг ажилд оров. Бөмбөг өшиглөхөөс өөр юм хийдэггүй байсан ч Сарри эдийн засгийн боловсрол эзэмшиж, банкны ажлыг хөнгөхөн гэгч нь гүйцэтгэж байлаа.

Хэдэн жилийн дараа Маурициог албан тушаал дэвшүүлж, төв оффист шилжүүлэв. Банк хоорондын гэрээ байгууллах гээд байнга гадаад явна, нэг удаа Англид хагас жил ажиллажээ. Банкны ажилтан хүн костюм өмсөх ёстой. Сарри байнга хар костюмтэй явдаг байв. “Хар пальто, хар гонжоом, хар цамц. Сарри тэр чигээрээ хар явдаг байсан ч эмэгтэйчүүд түүнд үхдэг байлаа” гэж банкны нэгэн ажилтан дурсаж байна. Яг л тэр үед Маурицио албан ёсны костюмийг үзэн яддаг болсон аж. 
Ийм байдлаар 9 жил өнгөрч, цалин өндөр, амьдрал амгалан тайван байсан ч Сарри хөлбөмбөггүй амьдарч чадахгүй гэдгээ ойлгосон юм. 
1989 онд 30 настайдаа тэр Сери D-гийн “Стиа” гэдэг сонирхогчдын багт орлоо. Тэр дороо л багийнхаа лидер болсон ч хуучин гэмтлийн улмаас талбайд цөөхөн гардаг байлаа. Гэвч багтайгаа бэлтгэл хийхийн тулд өдөрт 80 км зам туулсаар байв. Ингээд нэг нартай өдөр түүний хувь заяа өөрчлөгдсөн юм. 1990/91 оны улиралд “Стиа” маш муу тоглож, дарга нар дасгалжуулагчаа халлаа. Шинэ дасгалжуулагч олддоггүй. Энэ үед багийн ахлагч Вани Бергамаски Саррид “Чи хийгээд үзэх үү” гэж хэлсэн гэдэг.  Маурицио зөвшөөрсөн байна. 

Ийнхүү Сарри 33 настайдаа дасгалжуулагчийн замналаа эхлүүлсэн юм. 
Одоо түүнд чөлөөт цаг гэж байхгүй боллоо. Өглөөнөөс орой хүртэл банканд ажиллаад ажлаа тараад багаа бэлтгэл хийлгэнэ. Гэвч дуртай юмаа хийж байгаа хойно ядрал мэдрэхгүй нисээд л байж. Унших дуртай номнуудаа сөхөх ч зав гарахгүй. 
Мягмар гараг бүр банк явах замдаа тэр La Repubblica сонин худалдаж авна. Тэндээс Италийн шигшээ багийн дасгалжуулагч Арриго Саккигийн тактикийн шинэ туршилт, арга барилын тухай уншиж, мэдэж авна. 

Дахиад 9 жил өнгөрөхөд Сарри сонирхогчдын 5 багт ажиллаад үзчихсэн байлаа. Хоёр ажил зэрэг хийхэд улам хэцүү болсон тул 1998 онд тэр банкныхаа цаг бага зардаг санхүүгийн зөвлөхийн ажилд шилжлээ. Тэр үед банкны ажлаа орхих бодол толгойд нь орж иржээ. “Оффист сууж байхдаа би хөлбөмбөгийн талбай, элдэв тактик бодоод сууж байдаг байлаа. Хурдан багаа бэлтгэд хийлгэх гээд ханын цаг руу байнга харна. Бүтэн өдөр хөлбөмбөг боддог байсан болохоор банкнаас гарах нь мэдээж байлаа” гэж Сарри дурсаж байна.
2000 онд “Сансавино” багт ажиллаж байхад нь багийн удирдлагаас дээд лигэд дэвшмээр байна гэдгээ хэлжээ. Дэвшихийн тулд банкнаас гарч, бүх цагаа багтаа зарцуулахгүй бол чадахгүй гэдгийг Сарри сайн ойлгож байлаа. Ажлаас гарах бас нэгэн шалтгаан нь аав нь байв. Түүний аав залуудаа дугуйн 37 уралдаанд түрүүлсэн шаггүй сайн сонирхогч тамирчин байжээ. “Тур де Франс-1960” уралдааны аварга алдарт Гастоне Ненчини түүнийг мэргэжлийн багтаа урьсан ч аав нь эрсдлээс айгаад очоогүй. Үүндээ ч насан туршаа харамсдаг байж. Маурицио аавынхаа алдааг давтахгүй гэж өөртөө амаллаа.

Гэргий нь “Чи л аз жаргалтай байх юм бол ажлаасаа гар, гар” гэж хэлсэн байна. Банк ч гэсэн түүнийг сайн ойлгосон. Хамт ажилладаг нөхдүүд нь түүний мэргэжлийн дасгалжуулагч болох хүсэл мөрөөдлийг мэддэг тул үдэлтийн үдэшлэг зохион байгуулж өглөө. Үдэлтэн дээр нэг нөхөр нь “Би Сарритай банканд анхны өдрөөс нь хамт ажиллаж байна. Тэр зорилгодоо үргэлж хүрдэг хүн, би түүнийг сайн мэднэ” гэж хэлж байв. 
Тайван амьдрал, өндөр цалингаа хаяад бага цалинтай хагас мэргэжлийн багт очиж байхдаа тэр яг 40 настай байлаа. Гэсэн ч Сарри “Ямар ч цалин хөлсгүй байсан хийхэд бэлэн ганц ажлаа хийхээр боллоо” гээд ихэд баярлаж байсан гэдэг.

2005 онд Сери B-д “Эмполи” багтай дэвших хүртэл тэдний гэрбүл банканд 20 жил ажиллахад нь хураасан мөнгөөр амьдарч байлаа. Банкны ажил түүнд хөлбөмбөгт ч их хэрэг болсон. 2015 онд “Наполи”-гийн босс Аурелио Де Лаурентис шинэ дасгалжуулагч хайж байхдаа Сарриг намтрыг нь үзээд сонгосон гэдэг. Учир нь банканд хурдан шуурхай шийдвэр гаргах хэрэгтэй байдаг, тэгэхээр банканд ажиллаж байсан энэ Сарри чадна гэж үзжээ. Сарри ч “Би олон зуун сая еврогийн худалдаа, үйл ажиллагаа явуулдаг байлаа. Гарааны 11 тоглогчийг бол өлхөн сонгочихно” гэж хэлж байсан удаатай.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
7 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
42
10
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.