Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбатын тухай 15 сонирхолтой баримт

Түүний тухай хамгий сонирхолтой баримтууд.


Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Батмөнхийн Чинбатын тухай маш дэлгэрэнгүй, сонирхолтой фактуудыг та бүхэнд хүргэж байна. 

1. Чинбаагийн аав Улсын уралдааны тэргүүн шагналт, МУГЖ С.Батмөнх гэж нэрт хуучир хөгжимчин хүн байжээ.

Монголын ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон олон хөгжмүүдийг Чинбаагийн аав тоглосон юм. Аавынхаа авьяасыг өвлөсөн Чинбаа хайртай аавынхаа үл тасрах үргэлжлэл.

2. Чинбаа ээжийнхээ хэвлийд байхаасаа л хамгийн тансаг хөгжмүүдийг сонсож, бойжсон.

Тэр жинхэнэ урлагийн гэр бүлд төрж өсөж, хүмүүжсэн. Түүний ээж бол Үндэсний хөгжмийн Улсын уралдааны тэргүүн шагналт, СТА шанзчин А.Цэрэндулам. Хөгжимчин ээж, аав, бүжигчин эгч нь түүний хөгжимчин болсон амьдралтай салшгүй холбоотой.

3. Хорвоогийн жам ёсоор хайртай аавыгаа алдаж, сэтгэл зүрх нь шимшрэн суухдаа хайртай аавдаа “Сэтгэлийн гуйлга” дуугаа зориулан бичжээ.

Энэ дууны шүлэг, хөгжим, аялгуу тэр чигтээ хүний зүрх сэтгэлийн утсыг хөнддөг юм.

4. Чинбаагийн гэргий бол Монголын ард түмний хайртай, үе үеийн залуусын сонсох дуртай, рок попын анхны охидын хамтлагуудын нэг болох “Эмоушн” хамтлагийн дуучин Ц.Сарнай.

Чинбаа Ц.Сарнай хоёр нэг багшийн шавь нар юм. Чинбаа анх Сарнайг "Англи дууг хэрхэн сайн дуулах вэ" уралдаанд дуулж байхыг нь хараад дурласан гэдэг. Одоо тэд гурван охинтой.

5. Монголын олон алдартай уран бүтээлчдийн гараа болсон Хөгжим Бүжгийн Коллежид 1985 оны хавар 7 настайдаа элсэж, С.Тунгалаг багшийн удирдлага дор суралцаж эхэлжээ.

4-р ангиас эхлэн сургуулиа төгстөл МУГЖ Т.Цолмон багшийн шавь болон шилжин суралцаж, төгөлдөр хуурч мэргэжлээр төгсжээ. Шалгалтын даваанууд болон хэмнэл тогших, даган дуулах, сонсох чадвар зэрэгт чадамгай авьяас гаргасан нь багш нарынх нь гайхлыг төрүүлж байжээ. Улмаар 2013 онд СУИС-ийг хөгжмийн зохиолчоор суралцаж төгссөн байна.

6. Төгөлдөр хуур хөгжимд шамдан суралцахаас гадна 1, 2-р ангид байхаасаа эхлэн “Баавгайн явдал”,  “Морины төвөргөөн” гэх мэт жижиг аязуудыг зохиосноос харахад хөгжим зохиох авьяас нь тэр үеэс тодорч байжээ.

7. 15 насандаа буюу 8-р ангид байхдаа “Ая зохиогч хүүхдүүдийн улсын уралдаан”-д “Хангайн дуу” гэдэг өөрийн зохиосон дуугаар оролцон түрүүлж арлын Япон оронд аялах эрхийн бичгээр шагнуулж байжээ.

8. Бага байхад Чуулгынхан Чинбүүрээ гэж дууддаг байсан.

9. 1993 оны намар, хичээлийн шинэ жил, Хөгжим Бүжгийн Сургууль дээр 1-р дамжааны оюутан Чинбааг сураглан “Никитон” хамтлагийн дуучин Баачка, аргил гитарчин Цогоо нар иржээ.

Тэд Чинбаад хамтран тоглох санал тавьж одоогийн “Никитон” хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ цугларчээ. "Никитон"-ы "Хос хунгийн дууль", "Цамцаа тайл", "Төгөлдөр" зэрэг алдарт дуунууд болон олон цомог, тоглолтын даралтат хөгжмийг Чинбаа тоглож, хөгжмийн найруулгыг нь хийжээ. Монголын рок попын нүүр царай, өнгө төрх болсон "Никитон" хамтлагтаа Чинбаа одоо ч тоглосоор байна. 

10. Чинбаа 2007-2011 он хүртэл Дэлхийн 100 алдарт эмэгтэй дуучны жагсаалтыг тэргүүлсэн, Soul хөгжмийн хатан хаан гэгддэг дуучин Aretha Franklin-тай түүний амьд хөгжмийн хамтлагт даралтат хөгжимчин, студийн хөгжмийн найруулагчаар ажиллаж байв.

Дуучин Аretha Franklin-ны 2009 онд гаргасан CD, DVD-нд орсон дуунуудын даралтат хөгжмийг тоглож, хөгжмийн найруулгыг хийж байсан нь бахархалтай. 2009 онд Aretha Franlkin-ы “My Country 'TisOf Thee” буюу АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обамагийн тангараг өргөх ёслолд дуулагдсан дууны хөгжмийн найруулгыг хийжээ.

11. 2005 оноос хойш Нью-Йорк хотын хамгийн олон үзэгчтэй, шилдэг шоу болох "Big Apple", мөн АНУ, Канадын нутаг дэвсгэрээр жил тойрон аялан тоглодог нүүдлийн цирк болох "Ringling Brother's and Barnum Bailey"-д хөгжмийн зохиолчоор ажиллаж байв.

2009 онд New York хотод болсон Nelson Mandel-д хүндэтгэл үзүүлэх "Mandela Day" концертод тоглож, мөн тэр ондоо New York хотын "Radio City Music Hall"-д "Rock N'Roll Hall of Fame" 25 жилийн ойн концертод тоглосон. Эх орондоо 2011 онд “Давтагдашгүй” анхны тоглолтоо, 2012 онд “Эзлэн” бие даасан тоглолтоо тус тус хийжээ.

12. 2002 онд “Дурлалын сум” мюзиклийн хөгжмийг бичиж, энэ бүтээлээрээ "Гэгээн Муза" наадмаас "Шилдэг хөгжмийн зохиолч" шагналыг авчээ.

2011 онд “Аравт” киноны хөгжим, 2014 онд “Цахлай нисэх гэж төрдөг” олон ангит киноны хөгжим, 2014 онд “Ээжээ надтай гэрлээч” уран сайхны киноны хөгжмүүдийг бичжээ. 

13. Түүний хэлэх дуртай үг нь: “Хүн хөдөлмөрлөж л байвал үр шимээ заавал хүртдэг.”

14. Мөн тэрбээр амжилтад хүрэхэд тулгарсан саад бэрхшээлийнхээ тухай:

“Аливаа үйлийг бүтээж яваа хүнд саад үргэлж байдаг. Надад ч саад, бэрхшээл зөндөө тулгарч байсан. 88 даралттай хаан хуур хөгжмийг тоглож сурна гэдэг амаргүй шалгуур. Бие, сэтгэлийн мэдрэмжээс гадна өдөр бүр бэлдэж, тархиа ажиллуулж байж тоглож сурна. Бас анх "Эмоушн" хамтлагаа гаргаж ирэхэд  тийм ч амар байгаагүй, саадтай л байсан. Охидынхоо хамгаалагч нь хүртэл болж явлаа. Америкт очоод, анх 5 хүнтэй баранд ч тоглож үзсэн. Тэглээ гээд сэтгэлээр унаагүй. Зөвхөн урагшаа тэмүүлэхийг, асаж бадарч явахыг мөрөөддөг байсан учраас өөрийгөө сорьж, сурч, хөглөж ирсэн. Харин түүний дараа тодорхой хэмжээний оргилд хүрч чадсан” хэмээн ярьжээ.

15. Мөн тун удахгүй буюу есдүгээр сарын 21, 22-нд түүний “Хязгааргүйн цаана” тоглолт болох гэж байна.

Уг амьд концерт нь хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбатын уран бүтээлийн бүрэн хэмжээний бие даасан гурав дахь тайзны шинэ тоглолт юм. Тоглолтод түүний зохиосон дуу, хөгжмийн бүтээлүүдээс гадна хөгжмийн найруулагчаар ажилласан дуунууд тоглогдоно. Мөн төгөлдөр хуур хөгжмийн гоцлол бүтээлүүдээсээ толилуулах бөгөөд түүнтэй хамтран Монголын Сонгодог, Ардын урлагийн дуучид, Үндэсний язгуур урлагийн хөгжимчид, Рок Поп урлагийн шилдэг хамтлаг, дуучид, хөгжимчид, бүжигчид тоглох юм байна. 

Тоглолт 9-р сарын 21, 22, 23-нд 19:00, 9-р сарын 23-нд 18:00 цагт "Corporate Convention Centre"-ийн концертын танхимд болно.

Тасалбарын үнэ: 50,000, 80,000, 100,000 төгрөг бөгөөд www.ticket.mn сайт, 1900-1800, 1900-1950, Shangri-La Mall-ын 3 давхар, E-Mart-ын 2 давхарт Интерномын дэлгүүр, Hi-Fi Records, Corporate Convention Centre, Niciton клубийн билетийн кассаар худалдаалж байна. Та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
МИХАЭЛЬ ШУМАХЕР 50 НАС ХҮРЛЭЭ БУЮУ ТҮҮНИЙ АМЬДРАЛЫН ДҮРЭМ
3
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
санал болгох
1
11 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
0
0
0
1
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.