Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Г.Отгонцэцэг, Дарья Белодедийн хэн нь ялах вэ буюу 48, 60 кг-ийн хэсгийн барилдааны тухай

ДАШТ-ээс хойш Дарья 2 удаа хариугаа аваад байгаа


Жүдо сонирхогчдын тэсэн ядан хүлээж байсан ДАШТ өнөөдөр эхэлнэ. Азербайжаны Баку хотын “National Gymnastics Arena” цогцолборт бөмбөрцгийн хүчтэнүүд хүрэлцэн ирээд байна. Өчигдөр тэмцээний сугалаа явагдаж, хэн нь хэнтэй оноолт таарсныг бид харцгаасан билээ. ДАШТ хөнгөн жин буюу эмэгтэйчүүдийн 48, эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жингийн барилдаанаар эхэлнэ. 

60 кг

А хэсэг

А хэсгийг тэмцээний фаворит буюу дэлхийн чансаагаар одоо тэргүүлж байгаа бөх манлайлдаг. Чансаа мэдээж яг хэн нь хүчтэйг харуулж чадахгүй. Зарим сайн жүдоч тэмцээн уралдаанд ороод оноо түүгээд яваад байдаггүй билээ. Гэхдээ хэн дуртай нь дэлхийн чансааг толгойлж чадахгүй нь ойлгомжтой. 60 кг-д чансааг манлайлагч нь Японы Рюүжү Нагаяма. Энэ жил тэр Будапешт, Дюссельдорфод зодоглож түрүүлсэн тул ДАШТ-д форм сайтай ирсэн бололтой. Түүний анхны өрсөлдөгч нь Унгарын Чаба Сабо. Нагаяма түүнийг өнгөрсөн жил Екатеринбургийн Их Дуулгад ялж байсан билээ. Хоёрдугаар шатанд арай хүчтэй бөх Нагаямаг хүлээж байгаа. Тбилисийн Гран Пригийн хошой аварга Гүржийн Лухуми Чхвимиани. Гэхдээ түүнийг ч Нагаяма Дюссельдорфийн Их Дуулгад унагааж байсан. Энд нөгөө талд Их Британийн Эшли Маккензи, гүрж гаралтай турк бөх Озлу нарын сонирхолтой барилдаан гарна. Озлу 3 удаа Эшлиг ялж, 1 ялагдсан ч энэ жил Маккензи сайн байгаа болохоор арай эхний тойрогт ялагдахгүй биз ээ. Мөн энд Загреб, Антальягийн Гран Пригийн медальт Америкийн Адонис Диаз байгаа. Тэр томчуудаас хэн нэгнийг нь “санамсаргүй” ялчихаж магадгүй бөх. 

B хэсэг

Энэ хэсгийг дэлхийн аварга цолоо хамгаалах Наохиса Такато тэргүүлсэн. Шинжээчид Нагаямагаас илүү Такатог түрүүлнэ гэж дүгнээд байгаа, тэр ч энэ жил үнэхээр итгэлтэй сайхан барилдаж байгаа. Такато эхлээд Словений Штаркелтэй барилдана. 2017 онд Токиод ялж байсан өрсөлдөгч бөгөөд шөвгийн найм хүртэл Такатод хүчтэй өрсөлдөгч байхгүй. Харин энэ хэсгийн нөгөө талд олон сонирхолтой бөх оржээ. Испанийн Гарригос, Бразилийн Пелим нар эхний тойрогт таарсан. Мөн Өмнөд Солонгосын Чой Ин-Хьюк байгаа бөгөөд энэ жил тэмцээнд ороогүй тул түүнээс юу хүлээх, ямар формтой байгааг хэн ч мэдэхгүй. Чой 2013 онд Циндаод түрүүлж, 2016 онд Токиогийн Их Дуулгад хүрэл медаль хүртэж байлаа. Түүний өрсөлдөгч нь Тажикистаны авьяаслаг залуу Сухроб Бокиев. Бокиев Екатеринбургт олимпийн аварга Беслан Мудрановыг ялах шахсан билээ. Харин Беслан Украины Артем Лесюктэй таарсан. Европын аваргаар ялагдаж байсан тул болгоомжилж байгаа нь гарцаагүй. 

С хэсэг

Энэ хэсгийн фаворит бол ОХУ-ын Роберт Мшвидобадзе. Элдэв юм болохгүй л бол Роберт Бангладешийн бөхийг эхний тойрогт ялаад дараа нь Францын гүрж бөх Лука Мхеизетэй таарах болов уу. Тэгээд Германы Мориц Плафкитэй барилдах магадлалтай. Нөгөө талд нь Словений Матьяз Трбовц, хашир туршлагатай узбек бөх Шарафуддин Лутфиллаев, Кыргызстаны Бестаев, чех залуу Пулкрабек, Голландын гүрж Чкадуа, Өмнөд Солонгосын Ли гэсэн хэн нь ч хэнийгээ ялж болох бөхчүүд цуглажээ.

D хэсэг

Хоёрдугаар тойрогт Гүржийн Амиран Папинашвили Болгарын Янислав Герчев нарын ээлжит барилдаан гарах магадлал 90 хувьтай. Барилдааны харьцаа 3-0 Амиран тэргүүлж байгаа. Герчевийг ялахад Амиран Азербайжаны Орхан Сафаров, манай Б.Амартүвшин нарын ялсантай таарна. Б.Амартүвшин Орхантай урьд нь таарч барилдаж байгаагүй. Орхан Сафаров дэлхийн аваргын мөнгө, хүрэлтэй бөх ч энэ жил 66 кг-д барилдаж байгаад жингээ хасаад эргэн ирсэн. Тийм болохоор ямар формтой байгааг нь мэдэхгүй.

Б.Амартүвшин Орхан хоёрын ялсан нь Ботсван, Мадагаскарын ялсныг унагаад Амиран дээр очих юм. Энэ хэсгийн нөгөө талд Казахстаны Гусман Кыргызбаев, Туркийн Ахмет Шахин Каба, Бразилийн Эрик Такабатаке, Бельгийн Йорре Ферштрэтэн нарын битүү морьд багтжээ. 

48 кг

А хэсэг
Энэ жингийн гол фаворит нь дэлхийн чансааг тэргүүлэгч М.Уранцэцэг. Шилдэг 8 хүртэл түүнд асуудал гарах учиргүй. А хэсгийн нөгөө талд нь хашир туршлагатай Унгарын бөх Ева Черновицки, ОХУ-ын Сабина Гилязова, Бельгийн Юра, Румын улсын Унгуреану, португал бөх Коста нар орсон.

B хэсэг
Энэ хэсэгт дэлхийн аварга цолоо хамгаалах Японы Фүна Тонаки орсон. Тэр Израилийн Ришони, Украины Черняк хоёрын ялсантай барилдана. Хэн хэн нь сулхан бөхчүүд биш ч Тонаки аль алийг нь ялж байсан. Ер нь Фүна Тонаки Белодедээс өөр Европын бөхөд унаж байгаагүй. Харин дараагийн тойрогт түүнийг Азийн бөх хүлээж байж тун магадгүй байна. Өмнөд Солонгосын Канг Ю-Чон Аргентиний бөхийг ялахад Фүнатай таарна. Азийн аваргаар солонгос бүсгүй ялж байв. Хэсгийн нөгөө талд Сербийн Милица Николич, Испанийн Юлия Фигуэроа нар бий. 

С хэсэг

ОХУ-ын Ирина Долгова хэсэг толгойлсон ч эхний барилдаандаа л олимпийн аварга Паула Паретотой таарах магадлал тун өндөр байна. Парето Малавигийн бөхөд эхний тойрогт ялагдчихгүй л бол тэд таарч барилдана. Олимпийн наадамд Ирина ялагдсан ч сүүлийн 2 жилд тун сайн байгаа. Харин Парето эсрэгээр чансаа уруудсаар байгаа билээ. Нөгөө талд Францын Мелани Клеман, Израилийн Ноа Минскер, Словений Маруся Станжар нар оржээ. 

D хэсэг 

Энэ хэсэг өнөөдрийн хамгийн анхаарал татсан хэсэг болоод байна. 17 настай ч насанд хүрэгчдийн жүдог шуугиулсан Украины Дарья Белодед энэ хэсгийг тэргүүлсэн. Энэ жил оролцсон 5 тэмцээндээ бүгдэд нь түрүүлсэн түүнийг гол фаворит гэж шинжээчид үзэж байгаа. Харин бид Казахстаны Г.Отгонцэцэгт итгэл найдвар тавьж байна. Тэд хоорондоо бараг 80 хувийн магадлалтай таарах болно. Дарья эхлээд Косовогийн Дистрией Красникитай барилдах байх. Түүнийг Загребийн Гран Прид ялсан. Дараа нь Италийн Миланитай таарах болов уу. Өнгөрсөн жил Милани залуу украин охиныг Хятадад ялж байлаа. Ингээд гуравдугаар тойрогт Г.Отгонцэцэгтэй таарах юм. Өнгөрсөн ДАШТ дээр Г.Отгонцэцэг түүнийг ялсан. Харин түүнээс хойш Дарья 2 удаа хариугаа аваад байгаа. 4 дэх тулаан хэний талд гарахаас 48 кг-ийн жингийн алтан медалийн хувь заяа шийдэгдэнэ.

U48 - World Championships Budapest 2017

U48 Final - The Hague Grand Prix 2017

U48 - Grand Prix Zagreb 2018

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
1 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
31
7
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.