Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Хайр болоод хагацлын гашууныг “Дундын бүсгүй” мэдрүүлнэ

Шведийн зохиолч Ян Экстрёмын “Хүн алж тоглосон залуус” туужаас сэдэвлэжээ.


Шведийн зохиолч Ян Экстрёмын “Хүн алж тоглосон залуус” туужаас сэдэвлэсэн “Дундын бүсгүй” жүжиг үзэгчдийн хүртээл болоод удаагүй байна. Жүжигчдийн ур чадвар, хөгжим, үйл явдал, өрнөл нь жүжиг эхлэхээс төгсөх хүртэл үзэгчдийн анхаарлыг хоёр цаг гаруйн хугацаанд татаж чадсан нь “Дундын бүсгүй” жүжгийн чансааг илтгэх биз ээ.

Хэн нэгнийг элэглэн дуурайж, эрчүүд нь эмэгтэй, эмэгтэй нь эрэгтэйн дүрд хувирч, тулга тойрсан гэр бүлийн хэрүүл, улс төр, нууц амрагуудын тухай хөндөн жүжиглэдэг хошин урлагийн нэгэн хэвийн тоглолтууд үеэ элээснийг “Мөрөөдлийн театр”-ын шинэ жүжгээс мэдрэх боломжтой. Уг тоглолт хоёр өөр жүжгээс бүрдэх бөгөөд “Дундын бүсгүй” эхний жүжгийг СТА, кино найруулагч Р.Батсайхан, хоёрдугаар хэсэг болох Оросын зохиолч Сергей Беловын “Ичгүүргүй хосууд” жүжгийг Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулж, олны хүртээл болгож байгаа юм. Өөрөөр хэлбэл, тус жүжиг үзэгчдийг хоёр өөр орчинд аваачиж, хоёр өөр мэдрэмжид хөтөлнө. Урилгаар жүжигчин Ц.Алдармаа, А.Туяа нар тоглосон нь жүжгийн шигтгээ байв.

Амьдрал, хайр сэтгэлийг шоу цэнгээн, бэлгийн замбараагүй харилцаа төдийхнөөр үнэлж, хар тамхи, мансууруулах бодисын нөлөөнд автсан хэсэг залуус харанхуйд тоглож байхдаа нэгнийгээ хөнөөнө. Энэ хэргийг хэн үйлдснийг илрүүлэхээр мөрдөгч ажиллаж буйгаар жүжиг эхлэх нь үзэгчдийг “Хэн хүн амины хэрэг үйлдсэн бэ” гэх асуултаар ээрч, жүжгийн зангилаа тайлагдах хүртэл хүмүүсийг бодох, ажиглах, таамаглахад хөтлөх нь хүмүүст өөрсдийнхөөрөө хүлээн авах орон зай үлдээж, бэлэн “будаа” өгөхөөс татгалзсаныг онцлууштай . 

Өрөөнд байх залуусын дундын бүсгүй болсон Соко эрчүүдийг “шууруулагч”, сошиал од, биеэ үнэлэгч, хэн нэгний дурлалт бүсгүйн алин ч байлаа гэсэн эцсийн мөчид нийгмийн золиос болж байгаа нь харамсалтай. “Дундын бүсгүй” шоу драмыг +18 гэж тодотгож, онцолсон ч залуу хүн өөрийн гэсэн үзэл бодол, зорилго тэмүүлэлгүй бол бусдын нөлөөнд хэт автан хэн ч биш болдгийн гашуун үнэнийг агуулснаараа онцгой болжээ. Залуу насанд гоо үзэсгэлэнтэй, гуалиг биетэй байх нь аз жаргалтай амьдралын хэмжүүр болж чадах уу, хайр гэж чухамдаа юу вэ гэдгийг ч бодоход хүргэх аж. 


Л.Сөрөлт: “Дундын бүсгүй” жүжиг хөшиг нээгдээд л үзэгчдийг хөдөлгөөнгүй барьчихаж байна

Тус шоу драмын талаар “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин, СТА Л.Сөрөлттэй цөөн хором ярилцлаа.

- Насанд хүрэгчдэд зориулсан шоу драм үзэгчдийн сонирхлыг ихээхэн татаж байна. “Дундын бүсгүй” шоу драмын онцлогоос хуваалцахгүй юу?

- Хошин урлагийн олон продакшн, хамтлагууд бий. Бид нар олон жилийн хугацаанд 5-6 номертой хошин шогийн тоглолтууд хийж байлаа. Харин “Мөрөөдлийн театр” анх үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн шоу драм төрлөөр уран бүтээлээ хийж байна. Нэг жүжиг, хоёр үзүүлбэр хийдэг байсан бол энэ удаад детектив, инээдмийн хоёр жүжиг тоглож байгаагаараа онцлог юм. Дээрээс нь дэлхийд танигдсан зохиолын хамгийн шимтэй, сортой хэсгийг авч, тоглож байна даа.

- Хошин урлагийнхнаас үзэгчид их зүйл хүлээдэг болжээ. Элэглэл, явцуу найруулгатай хошин үзүүлбэрүүдээс залхчихсан байна. “Мөрөөдлийн театр”-ынхан энэ тал дээр хэрхэн ажиллаж байгаа вэ?

- Хошин урлагийнхан маань шоу тоглолтоо өөрсдөө найруулдаг байлаа. Дуучид, уран бүтээлчид, олны танил хүмүүсээр элэглэл, пародиг зөндөө хийлээ. Гоё санагдаж байсан үе бий. Сүүлдээ хийх зүйл үлдэхгүй болдог юм байна. Үзэгчид уран бүтээлчдээс шаардаж нэхэх зүйл нь ч өөр болдог юм байна. Тиймээс манайхан нэг ёсондоо шоу драм хэмээх шинэ бүтээгдэхүүн, сортыг гаргачихсан гэж ойлгож болно. Шоуны элемент ч, драмын элемент ч аль аль нь багтаж байгаа юм. 

- Та чамгүй олон жил жүжигчнээр ажиллалаа. Бараг өдөр бүр л тайзнаас үзэгчидтэй харилцаж байгаа шүү дээ. Үзэгчдийн соёл хэр болж байна вэ. Эерэг өөрчлөлт ажиглагдаж байна уу? 

- Яг үнэнийг хэлэхэд одооноос өөрчлөгдөж байна. Тоглолтын талаар лавлаж байгаа хүмүүсийн хандлага, үзвэрийн үеэрх байдал сайжирч байгаа. Өмнө нь үзэгчид чанга ярих, ус ундаагаа асгах, чипс, бургер шажигнатал задлаад идэх  зэрэг үйлдэл их гаргадаг байсан. “Дундын бүсгүй” жүжгийн үйл явдал ч хөшиг нээгдээд л үзэгчдийг хөдөлгөөнгүй барьчихаж байна. Эрхэмбаяр мөрдөн байцаагчийн дүрд тоглож байгаа. Үзэгчид яг л Эрхэмбаяртай нэгдээд, нэг тал болчихож байгаа юм. Хэрвээ утсаар ярих ч юм уу, гарч орвол үйл явдлаасаа хоцроод, төөрчих гээд байгаа болохоор нам суух жишээний. Нэг үеэ бодоход үзэгчдийн соёл өөрчлөгдөж байна шүү. 

- “+18” тодотголтой жүжиг болохоор үзэгчид анхаарлаа сарниулахгүй байна уу. Эсвэл жүжгийн агуулга нь үзэгчдийг ингэж барьж байна уу? 

- Аль аль нь нөлөөлж байна. Ерөнхийдөө үзэгчид хувьсаж өөр юм үзэхийг хүсэж байна шүү дээ. Энэ удаа жүжгээ амжилттай сайхан үзэгчдэдээ хүргэчихлээ. Дараа нь яах вэ гэсэн асуулттай тулгарч байна. Тиймээс бид нар үүнээс илүүг хийхийн тулд эртнээс чанартай зохиол олох хэрэгтэйг ойлголоо, одооноос зохиолын эрэлд гарч байна. Шинэ мэдрэмж, өнгө төрх, шинэ найруулгыг үзэгчдэдээ хүргэх эхлэлээ тавьчихсан. Алдаж, онох зүйл ч бид нарт байсан. Харин одоо алдах эрх байхгүй, арга барилаа олчихлоо. Энэ удаа орос, швед зохиол дээр ажилласан бол дараагийн удаад яагаад монгол ахуйгаасаа гоё инээдэм үүсгэж болохгүй гэж ярилцаж байна. Юу ч байж болно шүү дээ, “Мөрөөдлийн театр”-ынхан өргөн, далайцтай хүрээнд уран бүтээлээ хийнэ.  

- Ер нь “Мөрөөдлийн театр”-ынхан шоу драмаараа дагнах юм байна. Та бүхний цаашдын зорилго, үзэгчдэдээ ямар шинэлэг, таатай мэдрэмж төрүүлэхээр зорьж байна вэ?

- Мэдээж драм, инээдэм аль аль нь байх болно. Хүн болгон инээх дуртай. Ялангуяа стресстэй нийгэмд хүмүүс инээж, бухимдлаа тайлах дуртай байна. Бид нар аль алийг нь хослуулна. Инээдмийн жүжгүүд маань ч нийгмийн асуудлуудыг хөндөж, цаанаа утга агуулга, ямар нэгэн санааг илэрхийлнэ. Гэхдээ үзэгчдэдээ бэлэн “хоол” өгөхгүй. Сэтгэлгээний эрх чөлөө олгоно, өөрсдөө ургуулан бодох орон зайг үлдээнэ. Ямар ч ресторан сет хоол гаргаж, амтны олон мэдрэмжийг үйлчлүүлэгчдэдээ санал болгодог болсон. Түүнтэй адил бид нар ч драм, инээдэм хоёрыг хослуулж, сэтгэлгээний олон мэдрэмжийг хүмүүст хүргэхээр зорьж байна. 


“Хайр гэдэг төсгөлийг нь бодоогүй эхлэл юм” гэж гашуунаар хэлэх Дэнзэнгийн яриагаар төгсөх эл жүжиг үзэгчдийг айдас, инээдэм, эргэлзээт мэдрэмжүүдээр хөглөж, амьдрал болоод нийгмийн тухай бодолд замчлах аж. Тус жүжгийг “Мөрөөдлийн театр” энэ сарын 25 хүртэл МҮЭСТО-д тоглох бөгөөд 27-ноос эхлэн Эрдэнэт, Дархан хот болон Сэлэнгэ аймагт тоглохоор болсон байна. Үүний дараа Тусгаар тогтнолын ордонд үргэлжлүүлэн тоглохоор болжээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
21 цагийн өмнө
Г.Доницетийн "ДУРЛАЛЫН УНДАА" хошин дуурийг үзэх 5 шалтгаан
2
Уржигдар
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
3
2024.04.19
Монгол улс 60 дахь удаагийн Венецийн дүрслэх урлагийн Биенналь дахь үзэсгэлэнгээ нээлээ
санал болгох
1
5 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
19
11
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.