Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Жүдо ДАШТ: Эмэгтэй 63, эрэгтэй 81 кг-ийн жингийн барилдааны өмнө

О.Ууганбаатарыг Бразилийн Сантос, грек Нтанацидис, молдов бөх Гоцоноага, Германы Вичерцак, Болгарын Иванов, Италийн Эспозито нар хүлээж байгаа


Энэ сарын 20-27-нд Азербайжан улсын нийслэл Баку хотноо 32 дахь удаагийн жүдо бөхийн ДАШТ явагдаж байна. Эхний 6 жингийн барилдааны 4-т нь япончууд тэргүүлсэн. Тэмцээний эхний 3 өдөр өөр өөрийн онцлогтой байлаа. Белодед хамгийн залуу дэлхийн аварга болсон бол ах дүү Абэгууд ДАШТ-д түрүүлсэн анхны ах дүүс болж, өчигдөр Өмнөд Солонгосын Ан Чанг-Рим 73 кг-д 2010 оноос хойшхи анхны япон биш аварга болж байна. Тэгвэл өнөөдөр юу болох бол?

Дэлхийн аварга, медальт гэсэн хүндэт цолноос гадна чансааны өндөр онооны төлөө бөхчүүд тулалдана.

    ДАШТ-ий аварга - 2000 чансааны оноо
    Мөнгөн медаль - 1400
    Хүрэл медаль 1000 оноо хүртэх юм. (5-р байр 720, 7-р байр 520, 1/16 320 оноо )
    Шагналын сан ч тун өндөр.
    Дэлхийн аварга - 26 мянган евро
    Мөнгөн медаль - 15 мянган евро
    Хүрэл медаль - 8000 мянган евро гэдгийг сануулаад тоймдоо орьё.

63кг

А хэсэг

Энэ хэсэг төдийгүй жингийнхээ гол фаворит бөх бол Францын Кларисс Агбеньену. Дэлхийн чансааг тэргүүлэгч, өнгөрсөн жилийн дэлхий, Европын аварга. 2018 он гарсаар нэг ч ялагдаагүй байгаа энэ аваргын аманд манай Б.Ганхайч очно. Аваргыг ялж, аварга болдог тул харж, хүлээлгүй, мэддэг чаддаг зүйлээ тултал нь гаргаж барилдах хэрэгтэй. Хоорондоо таарч байгаагүй. Кларисс гол өрсөлдөгчид болох Тина Трстеньяк, Мику Таширо нарын хэн нэгтэй нь финалд л таарна. Агбеньенуг хэсгээс гаргахгүйн тулд манай бөхөөс гадна  Австралийн Катарина Хэкер, Голландын Санне Вермеер, Канадын Катрин Бушемин-Пинар, Польшийн Каролина Талах нар оролдоно. Маш бага ч гэсэн боломж бол байгаа.

В хэсэг

Энэ хэсгийн гол бөх нь Агадирийн Гран При, Дюссельдорфийн Их Дуулгын энэ жилийн аварга, Словений бөх Андрей Лешки. Лешки нэг ч удаа Агбеньенутай барилдаж байгаагүй тул хагас шигшээд анх удаагаа гар зөрүүлэх магадлалтай. Гэхдээ франц бүсгүйтэй таарахын тулд өөрөө эхлээд хэсгээс гарах хэрэгтэй. Энд Бразилийн Квадрос, АНУ-ын Мартин, Кубын Дель Торо Карвахаль, герман бүсгүй Трайдос, Австрийн Крссакова, англи бөх Шлейзингер, Оросын Давыдова нар байгаа. А хэсэгт Агбеньену гарах нь бараг тодорхой бол энд хэн нь ч гарч болно. Яагаад гэвэл энд тэмцээнд орж, оноо цуглуулдаггүй болохоор л хэсэг толгойлоогүй хүчтэй бөхчүүд багтсан байгаа.

С хэсэг

Олимпийн аварга Тина Трстеньякт сугалаа бас хатуухан хандсан. Эхлээд Их Британийн Ливситэй барилдаж, дараа нь Өмнөд Солонгосын  Ким, япон гаралтай филиппин бөх  Ватанабе нарын хэн ялсантай барилдана. Нөгөө талд Австрийн Унтервурцахер, өнгөрсөн ДАШТ-ий медальт Польшийн Оздоба-Блах, Израилийн Шарир нар байна.

D хэсэг

Эндээс Японы Микү Таширо гарах гэж үзнэ. Тэр Агбеньену, Трстеньяк нарыг ялж байсан тул түрүүлэх ч боломжтой. Сугалаа нь ч гайгүй таарчээ. Шилдэг 8 хүртэл түүнд асуудал гарахгүй. Харин 8-д түүнийг зогсоохоор манай Б.Мөнгөнчимэг, Жууль Франссен, Эдвиж Гвенд, Екатерина Валькова, Надья Базински нарын хэн тодорсон нь хүлээж байх юм. Манай бөх эхлээд Италийн Эдвиж Гвендтэй барилдана. Түүнтэй 2013, 2014 онд 2 таарч барилдан, ялагдаж байжээ.

81 кг

Энэ жин бол хамгийн таавар будлиулдаг жин билээ. Өнгөрсөн жилийн финалд Александр Вичерцак, Маттео Маркончини нарыг шалгарна гэж хэн ч бодоогүй байсан биз ээ. Тэгэхээр хэн нь ч түрүүлэх боломжтой.

А хэсэг

Дэлхийн чансааг тэргүүлэгч Ираны Саид Моллаи энэ хэсгийг толгойлж байна. Азийн наадамд финалд ялагдсан, Антальяд эхний тойрогт бүдэрсэн гээд Саид форм муутай харагдаж байгаа тул хэсгээсээ гарахгүй байх магадлалтай. Канад залуу Этьен Брайанд түүнийг эхлээд “шалгана”. Энэ хэсэгт хоёр хүчирхэг гүрж бөх эхний тойрогт таарсан.  Зебеда Рехвиашвили Португалийн нэрийн өмнөөс зодоглож байгаа Анри Егутидзетэй барилдана. Казах Калкаманулы, солонгос залуу Ли Санг-Су, нөгөө талаас гурван Гран Пригийн медальт Бельгийн Кассе, Аргентиний Лученти нар байна.

В хэсэг

Энэ хэсгийг манай О.Ууганбаатар, Оросын Аслан Лаппинагов нар тэргүүлж байна. Хэн хэн нь хэцүүхэн өрсөлдөгчидтэй барилдана. Манай бөхийг Бразилийн Сантос, грек Нтанацидис, молдов бөх Гоцоноага, Германы Вичерцак, Болгарын Иванов, Италийн Эспозито нар хүлээж байгаа бол орос бөх туркийн гүрж бөх Албайрак, Монтенегрогийн Мрвальевич, чех Мусиль нарыг туулах ёстой. О.Ууганбаатарын талд дэлхийн аварга цолоо хамгаалж барилдах Германы Вичерцак байгаа ч өнгөрсөн жилийнх шигээ амжилт гаргана гэхэд хэцүү. Саяхан татами дээр эргэн ирсэн тэрбээр форм тааруу байгаа.

С хэсэг

Голландын Франк де Витийн шилдэг 8-д шалгарах зам чөлөөтэй гэж шууд хэлж болохгүй ч ямар ч гэсэн хүнд биш. Доминикан, эстон, уругвай, гуам, египет гэх мэт бөхийн биш орны бөхчүүдтэй тэр барилдана. Де Вит тогтворгүй барилддаг ч ямар ч гэсэн 8-д бол гарах ёстой. Нөгөө талаас Японы Сотаро Фүживара барилдана. Эхний тойрогт тэрбээр Кыргызстаны Владимир Золоевтой таарсан. Золоев Азийн наадамд Сотарогийн өрсөлдөгч Такэши Сасакиг ялсан билээ. Сотарогаас гадна энд Францын Жало, Бельгийн Шуши байгаа.

D хэсэг

Олимпийн аварга Хасан Халмурзаев ДАШТ-д түрүүлж үзээгүй байгаа. Өнгөрсөн жил хүрэл медаль авсан бол энэ жил алтан медальд зүтгэх нь ойлгомжтой. Гэхдээ тэр энэ жил 2 тэмцээнд ороод түрүүлж чадаагүй. Шведийн Пачектэй барилдаж, тэмцээнээ эхлүүлнэ. Ялбал Азийн аварга Дидар Хамзатай таараад цааш явбал Бразилийн Пенальбер, Узбекистаны  Болтабоев нартай таарах магадлалтай. Энэ хэсгийн нөгөө талд Германы Рессель, Унгарын Унгвари, Европын аварга Израилийн Саги Муки нар байна.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
2 минутын өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
1 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
5 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
36
8
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.