Хайх зүйлээ бичнэ үү

8 мин

МакГрегорын хэвлэлийн хурал Кадыров, Путинтэй улстөржсөн хурал боллоо

Конор хурлын үеэр 33 удаа автобус, 31 удаа fuck, 13 удаа виски гэж хэлжээ.


Холимог тулааны ертөнцийн энэ жилийн хамгийн шуугиант тулаан болох ойртсоор байна. Ирландын Конор МакГрегор Оросын Хабиб Нурмагомедов нарын тулаан ирэх сарын 6-нд болно. Тулааны тов зарлагдсанаас хойш хэсэг хугацаанд чимээгүй байсан тулаанчид сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр их идэвхтэй байгаа. 

Юуны өмнө Конор ОХУ-ын ард түмэн, спорт сонирхогчдыг Хабибийн эсрэг хандуулах гэж оролдсон. Түүний бэлтгэл хангагчаар Лобов хэмээх орос залуу ажиллаж байгаа тул Орост болж байгаа үйл явдал, нийгмийн байдлыг тун сайн тайлбарлан өгч байгаа нь харагдлаа. Хабиб ч бас алдаа гаргаж, орос балиашгуудаасаа олныг алдсан. 

Юуны өмнө Конорын найз Лобовыг Хабиб Нью-Йоркийн буудалд барьж авахад түүнтэй хамт Зубайра Тухугов хэмээх чечень залуу ихэд идэвхтэй оролцсон билээ. Лобовтой хамт Ислам Бадургов хэмээх бас нэгэн чечень байсан бөгөөд тэр дагестанчуудаас Лобовыг хамгаалсан. Үүний дараа Конор Зубайра Тухуговад хандан “Жинхэнэ чечень эр хүн хэзээ ч дагестантай нийлээд нутаг нэгтэн рүүгээ дайрахгүй билээ. Жинхэнэ чечень хүн хэзээ ч дагестан хүний тушаалыг биелүүлэхгүй. Энэ бол урван тэрсэлт” гэж бичсэн юм. Мөн Чечений жижицүгийн мастер Аюб Магомадовтой бэлтгэл хийж байгаа зургаа тавьсан.  Чечень, Дагестаны ард түмний зөрчлийг тун сайн мэдэж байгаа нь Лобовын ач тус гэдэг нь ойлгомжтой. Хабиб хариуд нь “Жинхэнэ чеченүүд надтай хамт” гэж бичсэн. 

Харин дараа нь Хабиб Нурмагомедов алдаа гаргасан билээ. Дагестанд болох байсан дуучин Егор Кридийн концертийг аюулгүй байдлын улмаас цуцлахад тэрбээр “Харамсаад байх юм алга” гэж бичсэн юм. Егор Крид нь дуучин Тиматигийн багийн уран бүтээлч бөгөөд “Хайртай тулаанчийн минь нэг миний концертын эсрэг байгаад харамсаж байна. Ас-саляму алейкум, Хабиб. Чамд харамсах юм байхгүй байж болох ч тасалбар худалдан авсан фэнүүдэд минь харамсалтай байгаа. Би бүх шашинд хүндэтгэлтэй ханддаг ч хүмүүс өөрсдөө сонсох хөгжим, өмсөх хувцсаа сонгох эрхтэй” гэж хариулсан билээ. Тимати  ч Хабибийн постон дор “Бурхан чамайг шүүх болно. Чамайг сайнаар боддог байлаа. Болдог юм болдогоороо л болно. Тулаанд чинь амжилт хүсье” гэж бичсэн. Харин Хабиб “Адгуус болгон хэлсэн үгнийхээ хариуг хүртэх болно. Одоо надад та нартай ярих зав алга байна. Дагестаны эрчүүдэд хэлэхэд бид өөрсдөө л улсынхаа ирээдүйг хариуцна шүү” гэж их л бүдүүлэг хариулсан юм.

Энэ постын дараа ОХУ-ын исламын шашингүй бүс нутгийн иргэд Хабибийн эсрэг хандаж эхэлсэн юм. Тэд Конорыг дэмжинэ гэдгээ илэрхийлж, зарим нь Конорыг Кридийн дуун дор рингэнд гарч ирэх хэрэгтэй гэж уриалж байв.
Дуучин Тимати “Эх орондоо байгаа хүнд хэн ч хаана концерт тоглох, хаана болохгүй гэж тушаах эрх байхгүй. Шашин шүтлэг гэдэг нэрээр үндэстэн хоорондын дайн, будлиан гаргах гэж бодож байгаа тэнэгүүдэд хэлэхэд энэ чинь хуультай шүү. Шашин ярих юм бол тэгвэл та нар мөнгөний төлөө зодолдохоо боль л доо, рингэн дээр байгаа зургаа битгий нийтлэж гарга. Унасан өрсөлдөгчөө дээрээс нь нэмж цохиод, хараал хэлдэг биз дээ та нар. Шашны ёсоо өөрсдөө дагаж чадахгүй байж, бусдад юм заах нь инээдтэй хэрэг. Бурхан та нарыг шүүнэ” гэж хатуу үгээр хариу барьсны дараа Хабиб олон нийтийн сүлжээнд оролгүй нэлээд удсан. 

Ингээд энэ сарын 20-нд Нью-Йорк хотод спорт сонирхогчдын хүсэн хүлээсэн хэвлэлийн бага хурал боллоо. Конор UFC-ийн аваргын хоёр бүстэй, өөрийн нэрийн брэндийн “Proper 12” вискигээ бариад орж ирсэн. Тэр сэтгүүлчдийн асуултыг дуусгалгүй ярьж, байн байн вискигээ рекламдаж байлаа.
Хабиб ч аваргын бүстэй гарч ирсэн, гэхдээ даруухан, өдсөн асуултад хариулалгүй суусан тул үнэндээ хурал нэг хүний шоу болон хувирсан. Холбооноос хурлыг үзэгчидгүй, сэтгүүлчдийн дунд зохион байгуулсан юм. 
Конор: Стоп! Ойлгосонгүй. Фэнүүд хаана байна? Бид чинь фэнүүдийн төлөө л зодолдоно шүү дээ” гэснээр хурал эхэлсэн.

Сэтгүүлчид яагаад рингэнд эргэн ирснийг нь асуухад “Би энэ жижигхэн хархыг сургахаар буцан ирлээ. Тэр намайг доромжлох гэж оролдсон ч чадаагүй. Тэр дайн зарласан, одоо хариугаа авна. Чи бол хөгийн амьтан” 
Конор: Энэ залуу өмнө нь намайг шүтдэг, миний майкийг худалдан авч байлаа. Тэр Путиний шоронд суулгасан хулгайчийг хамгаалж байна. Энэ хулгайч нь түүний ивээн тэтгэгч нь (саяхан шоронд орсон тэрбумтан Зиявудин Магомедовийг хэлж байгаа бололтой). Хабиб бол орос тэрбумтны мөнгөөр боссон жоохон хүүхэд. Би одоо түүнийг торон дотор будаа болгоод өгнө. Түүнийг дахиж тулалдахгүй болгоно. Надад итгээрэй: оросууд ч Хабибийг ялагдаасай гэж хүсч байгаа.
Хабиб: Миний таавар уу? Би түүнийг няцлана.

Конор: Тиймүү, тэгвэл одоо няцлаадах. Би зодолдоход бэлэн байна. Харин чи тэр автобусанд надаас нуугдсан. Чи бол аймхай авгай. Чи автобусанд нуугдаад сууж байсан. Чи гарч ирээгүй. Чи одоо ч надаас айж байна.
Хабиб: Чи тэгвэл яагаад миний твиттерт хариу бичээгүй юм? Би чамайг аль эрт тулаанд дуудсан. Чимээгүй байж байчихаад одоо хүмүүсийн өмнө олон юм яриад. Хаана ч хамаагүй үзэлцье гэхэд дуугуй байснаа арваад хүн дагуулаад автобусанд ирсэн. Чи яах гэж байсан юм?
Конор: Чи миний найзыг доромжилсон. Жинхэнэ эр хүн тэгдэггүй юм. Олуулаа ганц хүнийг бөөрөлхөөд явуулахгүй байсан. 
Хабиб: Яагаад тэгсэнийг нь чи Лобовоос асуусан уу? Чи надтай халз тулах ёстой байсан юм.
Конор хурлын үеэр 4 удаа вискигээ сурталчилсан. Тэр байтугай уусан.

Конор: “Proper 12” шилдэг ундаа. Алив стакан аваад ир гэж хэлээд 3 хундаганд хийж, Хабибийн өмнө тавиад “Төрсөн өдрийн мэнд” гэв.
Хабиб: Үгүй, би уудаггүй.
Конор: Уудаггүй гэж юу гэж байгаа юм?
Хабиб: Би огт уудаггүй. 
Конор: Муу, адгуус. Тэгвэл би Дэйнатай цуг ууна. 
МакГрегор ёроолыг нь гартал залгилж, Уайт хундагатайгаа амсаад ширээн дээр тавьлаа.
Конор: Дайн болно гэдгийг би мэдэж байна. Манай баг дайнд бэлтгэж байгаа. Бид нэг нэгнийхээ шүд, гар хөлийг нь хугалж бэлтгэл хийж байгаа. 
Конор: Хабиб бэлтгээрэй. Чи дуусна. Энэ бол чиний хамгийн хүнд тулаан байх болно. Чи урьд нь дандаа сулхан гаруудыг ялдаг байсан. Чи хэнийг ч хүнд цохилтоор ялж байгаагүй, дандаа оноогоор ялдаг. Чансааны 11-т бичигддэг нэг муу гарыг ялаад аваргын бүс авсандаа ичихгүй байна уу? Чиний бүс бол хуурамч бүс.

Хабиб: Би үе болгонд илүү байсан.
Конор: Ирэх сарын 6-нд юу болохыг харж байя.
Хабиб: Энэ надтай удаан тулалдаж чадна гэдэгт та нар итгэж байна уу? Конор бол үргэлж бууж өгдөг. Надтай тулалдахдаа ч ядраад бууж өгөх болно. Тэр нийт 3 удаа бууж өгсөн хүн.
Конор: Харин чи автобусанд бууж өгсөн. Би чамтай хийх тулааныхаа секунд бүрээс таашаал авах болно. Тулаан удахгүй, нэг үе л болно. Гэхдээ би 5 үе тоглоход ч бэлэн байна. Дагестанчуудын эрүү тахианых шиг гэж би сонссон. Би чамайг сайхан зодно.
Хабиб: Чи таашаал авахгүй. Чи барилдаж чадахгүй шүү дээ. Чамд виски чинь ч тус болохгүй.
Хабибаас Конор хөлбөмбөгийн ДАШТ дээр Ерөнхийлөгч В.Путинтай зураг авахуулсан талаар асуухад:
Хабиб: Түүний хэрэг шүү дээ. Надад ямар ч сэтгэгдэл төрөөгүй.
Конор: Чамд сэтгэгдэл төрөөгүй гэнэ ээ? Чи Ерөнхийлөгчөө хүндэлдэггүй юм уу? Чи бол гичий. Надад Путинтэй авахуулсан зураг бий. Харин чамд байхгүй. 

Хабиб: Надад хэрэггүй.
Конор: Чи худалч харх. Хэрэв тэр үед чи автобуснаас гараад ирсэн бол би чамайг алчихаад энд биш торны цаана сууж байх байлаа. Бурханы аврал. Аавыг нь аймхай гэж хэлэхэд ч тэр чимээгүй л байсан. Энэний аав Чеченийн Кадыровтой сүмд авахуулсан зургаа инстаграмдаа тавьсан байсан. Кадыров бол дарангуйлагч, галзуу амьтан. Харин Хабибийн аав түүний бөгсийг долоож, “Бид хамтдаа хүчтэй” гэсэн долигнуур үг бичсэн байсан. Хэрэв Хабибийн аавд түүний нуруунд хутга зоох боломж гарсвал хутгална гэж чеченчүүд мэдэж байсан. Харин тэр юу ч хийгээгүй. Яагаад гэвэл тэр чичирсэн хулчгар.
Хабиб: Энийг аав нь яаж хүмүүжүүлснийг би мэдэхгүй юм. Харин манай аав намайг зөв хүмүүжүүлсэн. Би хэзээ ч бууж өгдөггүй. Та нар ч мэднэ. Би түүнд мастер класс үзүүлнэ. 
Конор: Би чамайг 10-р сарын 6-нд UFC 229 тэмцээнд ална.

Конор хурлын үеэр 33 удаа автобус, 31 удаа fuck, 13 удаа виски гэж хэлжээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
МИХАЭЛЬ ШУМАХЕР 50 НАС ХҮРЛЭЭ БУЮУ ТҮҮНИЙ АМЬДРАЛЫН ДҮРЭМ
3
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
26
47
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.