Хайх зүйлээ бичнэ үү

12 мин

"Гэрэг Фэйшн": Humans of Ulaanbaatar

Этиктэй фэйшн хэмээн нэгэн чухал идеологийг хөндөхийн хичээлээ.


"Гэрэг Фэйшн" сэтгүүлийн шинэ дугаарт орсон Humans of Ulaanbaatar буланг хүргэж байна.

Энэ булангийн маань зорилго салбарынхныг урьж тэдний фэйшн өнцгийг гарган яриулахыг зорьдог билээ. Энэ удаад бид дэлхийн загварын салбарт тулгамдсан асуудлуудын нэг болох байгаль орчинд ээлтэй байх явдал буюу этиктэй фэйшн хэмээн нэгэн чухал идеологийг хөндөхийг хичээлээ. Хэдий биднийг бага зах зээлтэй, хөгжиж буй орон учраас энэ мэтийн асуудлыг хөндөх болоогүй гэж зарим хүмүүс үзэх боловч энэ талаарх ойлголтыг дурдаж ярилцах нь сэтгүүлийн маань үүрэг төдийгүй эерэг үзэл бодолтой үйлдвэрлэгч, хэрэглэгчид бидний дунд хэдийнэ бий болсонд олзуурхан суулаа.


ХАРИУЦЛАГА ХЭМЭЭХ ҮЙЛДЭЛ

EASY! BABE. БРЭНДИЙН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ, КРЕАТИВ ДИРЕКТОР Ч.АНХБАЯР

Орон орны соёл шингэсэн гараар хийсэн хувцас, эд юмс надад их сонин байдаг. Зүгээр суухдаа би хувцаснуудаа янзлах хоббитой бөгөөд байгаа хувцаснуудаараа олон янзын look гаргана. Ингээд анзаарахад нилээн их зүйл цуглуулсан байв. Хэдий ийм байдалд орсон ч гэлээ шинэ трэнд болсон зүйлс бүхнийг ахиад л авмаар санагдана. Энэ их хувцасыг яах вэ? Ингээд сонирхлоо дагаад өөрийн мэдэлгүй энэ салбарыг тал талаас нь уншиж судлахад хүрлээ. Мэргэжил минь биш мөртлөө тодорхой цаг хугацааг би үүнд зарцуулаад байдаг байсан. Бага багаар цугларсан мэдээлэл, сонирхол, үзэл бодол, үнэт зүйл маань нэг зүйл дээр огтолцож байсан нь “Этиктэй фэйшн”. Тиймээс “Fast fashion” худалдаж авахгүй байя гэж шийдээд эхний нэг, хоёр жил гүрийж дотоодын бүтээгдэхүүн худалдаж авах бас хэрэгтэй зүйлсээ хоорондоо хольж солих болов. 

Этиктэй фэйшнийг би одоо бүрэн ухаараад, 100 хувь тийм хувцас хэрэглэдэг гэвэл хэцүү. Өмнө нь мэддэггүй байснаа бодоход одоо тодорхой хэмжээнд мэдлэгтэй болж энэ салбарт ажиллаж байна. Этиктэй фэйшн гэдгийг би олон зүйлийн нэгдэл гэж ойлгодог. Жишээ нь, материалын органик байдал, үйлдвэрлэлийн процесс байгальд ээлтэй байсан уу, албан хаагчид нь хөдөлмөрийн аюулгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан орчинд ажлын цагаараа ажиллаж, хөдөлмөрөө үнэлүүлсэн зохих хэмжээний цалин авдаг эсэх, шаардлагатай үед маск зүүдэг эсэх гээд байгальд ээлтэй байдал, хүний эрх ашгийн талаар гэж ойлгоод байна. Энэ ойлголттой одоогоос 10 жилийн өмнө Германд байхдаа танилцсан. Тэнд хувцасыг хямд зардал, бага цалингаар бүтээж хүний эрх, байгаль орчинг бохирдуулж байгааг шүүмжилдэг байсан. Эхэн үедээ ердөө ойлгодоггүй байлаа. Гэтэл дэлхийн хамгийн их байгаль орчинд хортой, бохирдол үүсгэдэг салбарын хоёрдугаарт хувцас үйлдвэрлэл жагсаж байх жишээтэй. Байгаль орчинд аюултай, бохирдол үүсгэдэг гэхээр бид уул уурхай, цахилгаан станц гэх мэт хүнд үйлдвэрлэлийг боддог хэдий ч бидний өмсөж буй цамцны талаар тэр бүр боддоггүй нь харамсалтай. Хөвөн даавууг гаргаж авахаас эхлээд өмсч хэрэглэн угаахад ч химийн бодис, бохирдол нь гарч л байдаг. Тэгээд энэ химийн элемент нь уусч алга бололгүй буцаад бохир ус болж, түүнийг зайлуулах явцад нь гол горхи, хөрс шороонд очиж шингэдэг. Үүнийг бид буцаагаад л иддэг.

Жилд дунджаар нэг хүн 20 шинэ хувцас худалдаж авч байгаа нь  2000 онтой харьцуулахад худалдан авалт 60 хувиар нэмэгдсэн бөгөөд эдгээр бүтээгдэхүүнийг бид өмсөөд элэгдэж дуустал нь эсвэл засварлан хэрэглэдэггүй нь хог хаягдлыг мөн нэмэгдүүлж байна. Энэ байдал 2050 он гэхэд гурав дахин нэмэгдэнэ гэсэн урьдчилсан тооцоо байдаг. Хурдан, хямд зардлаар үйлдвэрлэж трэнд болж буй загварыг дууриалган хэрэглэгчийн гарт хүргэх бизнес консепт нь аваад, аваад л байх сэтгэхүй рүү түлхдэг. Салбарын талаар мэдээлэл түгээлт бага байгааг анзаарч “Easy! Babe.”­-ийг хийх болсон. Энэ маркаа хийхдээ нэгдүгээрт үйлчин оёдолчиндоо зохих цалинг нь олгож байх, хоёрт үлдэгдэл хаягдал бага байлгах, гуравт ав, ав гэхээс татгалзаж цөөн тоогоор хэрнээ боломжийн үнээр худалдах, дөрөвт баглаа боодлоос эхлээд бүгдийг нь Монголдоо хийх зэрэг бодлогыг баримталж байна. Уядаг хувцаснууд хийсэн нь эсгүүрэнд хаягдал багаас гадна практик талдаа их амар байдаг. Ер нь олон өмсгөлтэй, чанартай цөөн хувцастай байх чухал юм шүү дээ. Ийм боломжийг илүү олгохыг хүсч, хэрэглэгчид “Энэ их амар байсан юм байна шүү дээ” гэж мэдрээсэй гэж зорьж байгаа. Бодоод байхад фэйшн гэдэг миний хувьд мэдрэмж, илэрхийлэл. Түүний сацуу фэйшн бол урлаг юм гэдэг ойлголт хэзээ ч орхигдохгүй байх. Ирээдүйд нэг хэсэг нь трэндээ, нөгөө хэсэг нь этиктэй фэйшн руу гэсэн хоёр хуваагдал бий болно гэсэн таамаг надад байгаа. Яагаад би этиктэй фэйшнийг илүү чухалд үзэж байна вэ гэхээр хүний хэрэгцээ магадгүй хэзээ ч дуусахгүй, хүн хэзээ ч ханадаггүй, бизнес өөрөө биднийг байнгын худалдан авалтад ятгасаар байна. Үүнээс бид өөрсдөө худалдан авалтаа хянаж байх нь хамгийн эхэнд гарч болох өөрчлөлт юм.

МЯНГАН СЭДЭЛ, МЯНГА НЭГЭН ОРОЛДЛОГО

TUGI-E БРЭНДИЙН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ, ДИЗАЙНЕР Э.ТӨГӨЛДӨР

Эмээ маань тусгай үйлчилгээний хувцас дизайнер хүн байсан юм. Энэ нь надад их нөлөөлж эгчээрээ эсгүүрийг нь гаргуулаад өөрөө багаасаа хувцасаа хийж өмсдөг байлаа. 2011 оноос хувцас загварыг сонирхож, “Урлах Эрдэм” дээд сургуульд сурч эхэлсэн. Жаахан юм суръя гэсэн боловч давхар ажлуудтай байсны улмаас технологийн тал дээр сайн сурч чадаагүй. Өөрийгөө би авьяаслаг, уран бүтээлч гэж хэлэхгүй. Харин би их оролдлоготой хүн байж магадгүй. Хийе гэсэн өдөөлтүүд маань надад төрдөг санаануудтай холбоотой. Газар орноор аялж явахдаа янз бүрийн хүмүүстэй танилцаж, яриа үүсгэх нь надад сонин байдаг. Ингэж олон хүнтэй уулзахдаа би тэдний түүхүүдэд дурладгаа анзаарсан. Давтагдашгүй түүх бүр үнэ цэнэтэй юм байна. Оодон өмд, сул силүэттэй том хувцас яагаад би хийгээд байснаа ойлгож өгдөггүй байлаа. Одоо тэр нь илүү тодорхой, утгатай болж ирсэн нь би ямар нэгэн түүхийг өгүүлэх учиртай юм байна гэдгийг ойлгосон явдал. Фактур, паттерн өөр байж болох ч загвар бол цоо шинэ байдаггүй. Ийм болохоор би гоё загвартай хувцаснууд биш хүнд дурсагдах, дурсамж шингээсэн ажлууд хийхийг хүсч байна. Хэн нэгэн дөч, тавин жил өмссөний эцэст тухайн хүний түүх шингэж өгвөл надад илүү утга учиртай санагдана. Магадгүй тэр хувцасыг түүний үр хүүхдүүд нь өмсөөд явбал бүр сайхан. Тэгэхээр хувцас гэдэг нь загварлаг харагдахаасаа гадна нэр төр, үнэ цэнэтэй байдаг. Түүнийг худалдаж авсан мөнгөний тооноос ангид цаг хугацаагаар үнэлэгдэх гэж хэлж болно.  Хувь хүнийг маань тааран, хул, сул өнгөтэй материалууд намайг илэрхийлдэг юм шиг санагдсан. Малаас, тэр дундаа сарлагаас гарч байгаа өнгөнүүд бас маш сайхан. Төгс төгөлдөр лүү тэмүүлээгүй дизайнерууд сонирхлыг маань илүү татдаг. Амьдралаа залгуулах зүйлээ би фэйшн гэж хардаггүй. 

Учир нь би массын бүтээгдэхүүн, эсвэл цөөн тооны үнэтэй бүтээгдэхүүний аль алиныг нь хийхийг хүсдэггүй. Харин цөөн тооны, боломжийн үнэтэй бүтээгдэхүүн гаргахыг хүсдэг. Гол нь чанартай байх ёстой. Нөгөөтэйгүүр, дуртай зүйлээ би бизнес болгочихвол үүнээсээ уйдна гэдгээ мэдрээд байдаг. Монголыг би эко фэйшний эх орон гэж боддог. Ноос ноолуурыг хэлж байна л даа. Дэлхий нийтийн хандлага байж болох хамгийн органик бүтээгдэхүүнийг авахыг хүсэх боллоо. Өдрийн наранд ажлаа хийсэн, байгалийн будаг ашигласан, ус бага хэрэглэсэн гэх мэтээр этикийн шаардлагууд бий болсон. Урьд нь би өмсөж байгаа хувцасаа хамаа намаагүй сонгодог байсан бол одоо харин этик, чанарыг нь харж нэг маркаар дагнах хандлагатай болжээ. Бусад хэрэглэгч ч магадгүй алив нэг брэндийг илүү гүнзгий судлаад эхэлбэл тэдний хандлагад өөрчлөлт орж болох юм.

МӨНХИЙН ҮНЭ ЦЭНЭ

NATURAL ESSENTIALS ХХК-ИЙН ЗАХИРАЛ, LHAMOUR БРЭНДИЙН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ Д.ХУЛАН

Арьс бол биднийг хамгаалж байдаг хамгийн том эрхтэн. Сүүлийн үед орчны бохирдол, бидний хэрэглэж байгаа хоол хүнсээс шалтгаалаад монголчуудын арьсны асуудал улам ихэсч байна. Харамсалтай нь, хүмүүс бусад эрхтэн шигээ арьсаа хамгаалж төдийлөн чаддаггүй. “Lhamour”­-ын барьж байгаа гол бодлого эрэгтэй, эмэгтэй хүнд аль алинд нь таарсан гоо сайхны гэхээс илүүтэй эрүүл мэндэд нь тустай бүтээгдэхүүн хүргэж, арьсны асуудалд шийдэл өгөх явдал юм. Харшил, эксим гэх мэт асуудалтай хүмүүст тэр бүр таарч тохирох бүтээгдэхүүн олддоггүй. Зах зээлд байгаа нь хэт их перфумтай, химийн элемент орсон байдаг болохоор энэ хүмүүст бүтээгдэхүүнээ зориулахыг хичээдэг. Бүтээгдэхүүнээ гар аргаар хийснээр ажлын байр бий болж, бүх түүхий эдээ өөрсдөө хянаснаар чанараа барих нөхцөл бүрдэж, дээр нь бид үүнийгээ сэтгэл шингээж хийдэг. Ингээд бодохоор онцлог бүтээгдэхүүн бид олныг хийдэг гэж харж байгаа. Яагаад гэвэл нэгт гоо сайхны бүтээгдэхүүний салбар өөрөө массыг хамраад удаан хугацаа өнгөрчихсөн байна. Анзаарвал тэд хэдхэн том групп компанийн эзэмшил байдаг ба олон хүнд хүрэхийн тулд өртөгөө бага байлгах нь тэдний гол зарчмуудыг нэг. Эхний жил хагас компаниа ганцаараа авч явсан болохоор хүндрэлтэй байсан. Гэхдээ аливаа юмыг шинээр бий болгож байгаа хүн нэгдүгээрт, дотроо тайван байх, хоёрт, алсын хараандаа үнэнч байж гэмээнэ сэтгэлийн хат сууна. Ингээд ирэхээр бусдад хийж буй зүйлээ ойлгуулах зам нь амар болчихдог юм билээ. Манай хэрэглэгчид органик бүтээгдэхүүнийг орчин цагт хэрэглэж дадаж байгаа нь шинэ мэт боловч тогтвортой хөгжил, органик амьдралын хэв маяг нь бидний өвөг дээдсийн л хийж байсан зүйлс шүү дээ. Байгалийн гаралтай бүтээгдэхүүн байгальд ээлтэй гэдэг нь хоорондоо ялгаатай ойлголт. Бид байгальд ээлтэй гэдэг консептыг барьдаг бөгөөд энэ нь хаягдалгүй үйлдвэрлэл, үйлчилгээг эрхлэх явдал. Шангри­Ла моллд байрлах дэлгүүрийнхээ буланд бид хаягдалгүй булан хийж савалгаагүй саванг зарснаараа хэрэглэгч хүртэл байгальд ээлтэй байх боломжийг бий болгодог юм. Цаг уурын өөрчлөлт бидний үр хүүхдүүдэд юу л бол юуг тохиолдуулж магадгүй байгаа. Одоо дэлхий дахинд болж буй үер, хэт хуурайшилт зэрэг нь хүмүүс бидний буруугаас болоод байна гэдгийг ойлгуулахыг хүсч байна. Нийгмээ бид өөрчилмөөр байвч нийгмийг бүрдүүлэгч хүмүүс нь ойлгохгүй байхад хэцүү юм билээ.

Ямартай ч, тууштай хичээл зүтгэл үр дүнд хүрнэ гэж итгэдэг. Тиймдээ ч бага багаар хэрэглэгчид үүнийг ойлгож эхэлж байгаад баяртай байгаа шүү. Миний хувьд Монголд бизнес эрхлэхээсээ илүүтэй шинийг санаачлагч байна гэдэг хэцүү. Гэхдээ миний, бидний алсын хараа зөв гэж итгэж байгаа учраас үүнийг бид ярилгүй хийгээд, харуулаад явах болсон. Бизнесийг би хүн шиг сэтгэдэг. “Lhamour” бол миний хүүхэд. Одоо дөрвөн настай. Хүн зөв байхыг, эрүүл байхыг хичээдэг. Бизнес ч бас ялгаагүй. Удирдаж байгаа хүн нь өөрөө зөв байж гэмээнэ бизнес зөв байна. Бизнес зөв байвал хэрэглэгчид зөв байна. Цаашлаад массыг өөрчилнө. Ирландад саяхан нэг хуралд оролцоход эдийн засгийн чуулганаас гаргасан баримт дээр “Аливаа нийгмийн 10 хувь нь зөв зүйлийн төлөө явчихвал масс хар аяндаа дагаад явдаг” гэж сонссон. Органик сертификат Монголд байдаггүй юм билээ. Гэхдээ ХАҮТ­-аас олгодог нь хоёр жилийн хугацааны хүчинтэй боловч олон улсад хүлээн зөвшөөрөгддөггүй. Олон улсад үүнийг баталдаг хоёр институт байдаг нь “Ecocert”, “Cosmos” ба эдгээрээр бид баталгаажихаар хичээж ажиллаж байна. Сонирхолтой нь, органик бүтээгдэхүүний олон улсын стандарт анх удаа 2017 онд батлагдсан. Яагаад гэвэл дэлхийн зах зээл дээрх бүтээгдэхүүний 95 хувь нь химийн бодистой, таван хувь нь байгалийн гаралтай, түүн дотроо хэдхэн хувь нь органик байдаг. Энэ стандартыг бид Монгол руу орчуулаад стандарт болгон мөрдөхөөр зэхэж байгаа. Экспорт хийхэд гаднын хэрэглэгчдэд бүтээгдэхүүнийг тайлбарлах шаардлага байхгүйгээрээ Монголын хэрэглэгчдээс ялгаатай нь анзаарагдсан. Манайд скрабыг хэрхэн хэрэглэх вэ гэж хүмүүс надаас асуудаг бол Хонконгод ердөө асуудаггүй. Хэрэглээ талаасаа ялгаатай болохоос биш бүгд адил, эрүүл мэнддээ анхаарч байна. Жил ирэх тусам байгальд ээлтэй гэдэг ойлголтын талаарх мэдлэг маань нэмэгдэж байна. Дээр дурдсанчлан энэ брэнд миний толь юм байна. Би угаас хэрэглээ ихтэй хүн биш. Байгальд ээлтэй байхыг хичээдэг л байсан болохоос ийм далайцтай болж өргөжнө гэж төсөөлөөгүй байсан. 2012 онд Нью ­Йорк дахь Колумбиа их сургуульд тогтвортой хөгжил, сэргээгдэх эрчим хүчээр магистр горилж байхдаа энэ бол дэлхий даяар тулгамдаж буй хамгийн том асуудал юм байна гэдгийг чин сэтгэлээсээ ойлгож эхэлсэн. Энэ үеэс л мэдрэмжийн минь дээр мэдлэгүүд нэмэгдэж өгсөн дөө. Хүн нэгт эрүүл байвал аз жаргалтай байдаг. Хүн эрүүл байвал арьс эрүүл байна. Арьс эрүүл байвал хүн гэрэлтэж, итгэлтэй болж ирдэг. Итгэлтэй хүн гоо сайхан харагддаг. Гоо зүй бол миний бодлоор дотроосоо гэрэлтдэг, өөртөө итгэлтэй, эрүүл хүнийг хэлэх болов уу. 

Гэрэл зураг, нийтлэлийг З.Энхмөнх

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
"Сошиалд бичсэн шиг бие биенээ үзэн ядсан, хурцадмал байдалд оруулсан тохиолдол байгаагүй"
2
2019.01.02
TC Candler: "2018 оны хамгийн сайхан 100 залуу"
3
2018.12.28
ОХУ-ын "Оны хамгийн халуухан 100 бүсгүй" хэн бэ?
санал болгох
1
15 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
48
14
23
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.