Хайх зүйлээ бичнэ үү

20 мин

"Гэрэг Фэйшн": АЛГОРИТМААС ТӨРӨГЧ

Эл дугаарынхаа сэдэвтэй уялдсан, байгальд ээлтэй загвар зохион бүтээгчийг урьсан юм.


"Гэрэг Фэйшн" шинэ дугаарын Онцлох дизайнер буланг хүргэж байна.

Материал судлаач, дизайнер А.Болор

Эл дугаарынхаа сэдэвтэй уялдсан, байгальд ээлтэй загвар зохион бүтээгчийг би удаан хугацаанд хайсаар Sustainable Mongol подкастыг сонсож байхдаа олсон юм. Түүний ажлууд Нидерландын дизайны долоо хоног, Миланы дизайны долоо хоног, Сидней, Лондон, Шанхайн үзэсгэлэн тэргүүдэд дэлгэгдсэн бөгөөд энэ зун Нью-Йорк хотод байх үеэр нь онлайнаар ярилцав. Технологи, тэр дундаа кодыг ашиглан материал, загварыг бий болгодог явдал нь загварын салбарын онцлох үзэгдэл болоод байгаа билээ.

- Монгол текстил дизайн гэхлээр бид хамгийн түрүүнд ноолуурын тухайд л авч үздэг. Ингэхээс ч аргагүй. Гэвч хүн бүр өдөр тутамд ноолуурыг хэрэглэдэггүй нь мэдээж хэрэг. Загварын зах зээлээ илүү хөгжүүлье гэвэл бид өөр материалын үйлдвэрлэлийн талаар заавал хөндөх шаардлагатай байж болох. Наанадаж бид принт дизайнеруудын ажлыг нь шууд хэвлээд хувцас болгомоор байна шүү дээ. Энэ талаарх таны өнцөг юу вэ?

- Материал сонголтын хувьд ямар ч материалыг бид сонгож болно байх. Тэр тусмаа Монгол ноос ноолуур аль хэдийн дэлхийд танигдсан болохоор бүтээгдэхүүнээ гадагшаа гаргахад тодорхой хэмжээний хүлээц, дэмжлэг аль хэдийнэ бэлэн байгаа. Харин хамгийн гол нь ноос, ноолуурыг шинэлэг аргаар бэлдэж боловсруулж инновац шингэсэн бүтээгдэхүүн болгож хувиргах нь чухал. Шинжлэх ухаан, компьютерын хүчин чадал, хиймэл оюун ухаан их хурдтай хөгжиж, шинэчлэгдэж, өөрчлөгдөж байгаа өнөөгийх шиг үед зарим зүйлс нэг хэвэндээ, хэдэн зуу эсвэл мянган жилийн өмнө ямар байсан яг тэрүүгээрээ хөдөлгөөнгүй оршсоор байдаг. Тэдгээр нэг хэвийнээрээ байгаа зүйлд шингэсэн ямарваа нэг технологи, гар урлалын хэв маяг нь тухайн улс орон, аймаг сум, эвсэл хувь хүний өөрийн уламжлалт соёлын нэг хэсэг болж үлддэг болохоор өндөр үнэ хүрсэн бүтээл болдог. Тэгэхээр энд хоёр өөр төрлийн үнэлэмж яригдаж байна л даа. Ноос ноолуур бол Монголчуудын маань эрт дээр үеэс л хэрэглэж ирсэн түүхий эд: эсгий гэр, эсгий тоглоом, эсгий гутал хувцас, нярайн өлгий гээд л... Тийм болохоор мэдээж энэ үслэг материал маань бидний соёлын томоохон хэсэг. Монгол гэлтгүй дэлхий даяараа ноос ноолуураар хийсэн хувцасыг үнэтэй, хээнцэр, тансаг, гар ажилбар орсон бүтээгдэхүүн гэж хардаг. Энэ нь ноос ноолуурын салбарын хөгжилд тустай ч бас нэг талаараа инновац нэвтрүүлж, хувирч хувьсах замд нь бартаа болох магадлалтай. Миний харж байгаагаар одоогийн байдлаар Монголын ноос ноолуурын салбар яг энэ зам салаалах мөч дээр ирчихсэн, шийдвэр гаргах шаардлагатай байгаа. Мэдээж инноваци шингэсэн бүтээгдэхүүн гаргах өртөг өндөртэй, цаг орсон, нарийн судалгаа шаардсан ажил. Энд хувцас загвар, шинжлэх ухааны салбарууд, технологийн салбарууд хамтарч, бие биенээ дэмжсэн маягаар ажиллах шаардлагатай. Харин үүнтэй зэрэгцээд бусад даавуун урлалын салбарууд ч гэсэн инноваци эрэлхийлэх үү эсвэл соёлын өв үүсгэх үү гэдгээ дор дороо тодорхой шийдэх хэрэгтэй. Соёлын өв үүсгэж өнгөрсөн түүхээ хадгалж үлдэх нь бидэнд зайлшгүй шаардлагатай. Дараа нь өнгөрснөөсөө суралцах, алдаануудаа засах, ирээдүйгээ чиглүүлэхэд бидэнд их чадварлаг гар урлаач нар, тэдний цэцэн ухаан хэрэг болох нь зайлшгүй. Гарын ур шингэсэн, бидний соёлын нэг хэсэг болсон бүтээгдэхүүний үнэлэмж бизнесийн өнцгөөс харахад ч их өндөр байна. Гэхдээ мэдээж гар урлал гэдэг технологи сонирхдоггүй хүн болгон яваад орох амархан салбар биш. Хэдэн арван жил зөвхөн нэг л төрлийн сүлжих, эсвэл зурах, эсвэл шидэх арга барилыг шамдан суралцаж байж мастер нь болсон тохиолдолд тухайн мастерын мөн бүтээлийх нь үнэлэмж өндөр байж чадна. Технологи, тэр тусмаа робот техник, хиймэл оюун ухаан асар хурдтай хөгжиж буй өнөөгийн үед энийг мэдэж залуу дизай нерууд сонголтоо хийх нь маш чухал. Ойрын 10-15 жилийн дотор хиймэл ухаан, робот техник хоёр маш олон гар урлаач нарыг ажилгүй болгоно. Зөвхөн урлаг таа үнэнч мастерууд л үлдэх боловч давхар тэдний үнэлэмж яваан даа эрс өснө. Харин инновац эрэлхийлсэн дизайн эсвэл дизайнерууд биднийг дэлхий  тэй хөл нийлэн алхахад тэр дундаа өөрс дийн эх орны, мөн хувь хүний ирээдүйг аль болох өөрсдөө тодор хойлоход маш их том үүрэг гүйцэтгэнэ. Ингээд бодохоор Монголын ноос ноолуурын салбар дахь тоглогч нар ирэх 20­-30 жилийн турш аль замаар алхахаа одоо шийдээд, сонголтондоо цаг алдалгүй тууштай хандаж эхлэх нь хамгийн чухал. Дэлхийн дахинд бүтээлч салбар, тэр дундаа фэйшн дизайн салбар электро, интерактив болон этиктэй фэйшн чиглэл рүү хэдийнэ орчихлоо. Монголд энэ салбар хаана явж байгааг бид бодох цаг болсон.

- Энэ тал дээр Монголын салбарын институцуудыг бид хэрхэн сайжруулбал дөт замаар дэлхийн зөв чиг хандлагатай ойртох вэ?

- Дээр дурдсан бидэнд тулгараад байгаа хамгийн тодорхой гэх хоёр сонголт, мөн магадгүй яваандаа гарч ирж болох гурав, дөрөв, тав дахь сонголтууд гутал хувцас, нярайн өлгий гээд л... Тийм болохоор мэдээж энэ үслэг материал маань бидний соёлын томоохон хэсэг. Монгол гэлтгүй дэлхий даяараа ноос ноолуураар хийсэн хувцасыг үнэтэй, хээнцэр, тансаг, гар ажилбар орсон бүтээгдэхүүн гэж хардаг. Энэ нь ноос ноолуурын салбарын хөгжилд тустай ч бас нэг талаараа инновац нэвтрүүлж, хувирч хувьсах замд нь бартаа болох магадлалтай. Миний харж байгаагаар одоогийн байдлаар Монголын ноос ноолуурын салбар яг энэ зам салаалах мөч дээр ирчихсэн, шийдвэр гаргах шаардлагатай байгаа. Мэдээж инновац шингэсэн бүтээгдэхүүн гаргах өртөг өндөртэй, цаг орсон, нарийн судалгаа шаардсан ажил. Энд хувцас загвар, шинжлэх ухааны салбарууд, технологийн салбарууд хамтарч, бие биенээ дэмжсэн маягаар ажиллах шаардлагатай. Харин үүнтэй зэрэгцээд бусад даавуун урлалын салбарууд ч гэсэн инновац эрэлхийлэх үү эсвэл соёлын өв үүсгэх үү гэдгээ дор дороо тодорхой шийдэх хэрэгтэй. Соёлын өв үүсгэж, өнгөрсөн бүгд салбар хоорондын хамтын ажиллагаанаас эхтэй. Хамгийн дөт замыг тодорхойлохын тулд гадны дизайны салбарууд бусад салбаруудтайгаа ямар шугамаар хамтарч ажиллаж байгаа, ямар үйл ажиллагаанууд зохиогдож байгаа, ямар шинэ төрлийн ажлын байрууд гарч ирж байгаа, мөн хоорондын харилцаанд ямар үг хэллэг хэрэглэгдэж байгааг судлах хэрэгтэй. Салбарууд бие биедээ уусч ажиллахад, ялангуяа тэс ондоо төрлийн мэдээлэлтэй харилцдаг сал барууд хамтрахад дундын зохицуулагч хэрэгтэй. 

The Face Test, Недерландын дизайны долоо хоног, 2017 он

Энэ үүргийг ихэвчлэн судлаачид, нийгмийн ажилчид, улс төрчид, мөн дизайнерууд гүйцэтгэдэг. Тухайн дундын зохицуулагч өөрөө нээлттэй, олон мэдээлэлтэй зэрэг харилцаж чаддаг, шийдвэр түргэн гаргадаг, гэхдээ хүнд судалгааны нарийн ширийнийг ойлгоход цаг гаргадаг, зорилгоо ухамсарлаж, түүндээ тууштай ханддаг байх хэрэгтэй. Энэ бол маш хэцүү ажил. Нэг хүн нэгэн зэрэг химич, физикч, биологич, зураач, инженер, нягтлан, математикч, апп хөгжүүлэгч гэх мэт байх шаард лага гарна. Мөн Монголд салбарууд хамтарч ажиллах явцад гарах үл ойлголцол, сөргөлдөөн, үүнээс үүдэх цаг алдалт зэргийг зөөллөж, салбарууд бие биенээ ойлгож харилцахад тус болох үндсэн системчилсэн аргачлал бий болгон түүнийгээ байнга ашиглах шаардлагатай. Яг энэ үүргийг гүйцэтгэдэг олон төрлийн аргачлалуудыг гадныхан өөрсдөө боловсруулж ашигладаг. Эдгээрээс судалж, багийн ажлын үеэр туршиж, мөн Монголын нийгэмд тохируулан улам сайн боловсруулж өөрсдийн үндсэн салбар хоорондын багаар ажиллах системчилсэн аргачлал болгох хэрэгтэй. Тэгээд дээрээс нь салбар бүр өөрсдийн судалгааны үр дүн, шинэ болон өмнө хийсэн судалгаа/ажлуудын дэлгэрэнгүй тайлан гээд бусад салбаруудад хэрэг болж болох бүхий л мэдээллийг цахим хэлбэрт оруулж мэдээллийн сан босгох хэрэгтэй. Монголд улсын хэмжээнд хэд хэдэн том мэдээллийн сан байгаа, гэхдээ жижиг хүрээтэй дизайны салбарууд, их дунд сургуулиуд, нийгэмд хандсан ажил явуулдаг мөн бусдад хэрэг болж болох мэдээлэл хадгалж буй бүх жижиг дунд салбарууд өөрсдийн мэдээллийн санг дор дорын үүрэг болгон үүсгэж, сандаа хандах хандалтын зарчмыг тодорхойлж өгвөл их хэрэгтэй. Яваандаа мэдээж эдгээр жижиг сангуудын нэгтгэсэн ерөнхий санг үүсгэвэл салбар хоорон дын хамтын ажиллагаанд, боловсролын системд маань, мөн судалгааны салбаруудад маш их том дэмжлэг болно.

- "For better romantic match, Emotional experience experiment" гэх мэт хүн хоорондын харилцааны сэдэв таны ажилд ажиглагдсан. Чухам юу нь таны сонирхолыг татсан юм бэ?

- Хувь хүний цахим мэдээлэл мөн энэ мэдээллийн нууцлал гэдэг маш их шуугиан тарьсан салбар. Хамгийн наад захын жишээ гэхэд Английн Cambridge Analytica гэх компани Америкчуудын Facebook хаягнаас хувийн мэдээлэл цуглуулж улмаар ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд хэт нөлөөлөхүйц пост, зар, мэдээ мэдээллийг тухайн Facebook хэрэглэгчийн үзэл бодол, зан араншинд тохируулан шахсан нь илэрсэн. Трамп сонгогдоход энэ их нөлөөлсөн гэж дүгнэсэн. Нэг ёсондоо бидний хувийн мэдээллийн үнэ цэнийг харуулсан явдал байсан. Хувь хүний цахим мэдээлэл гэдэг big data­гийн нэг төрөл. Энэ датаг ашиглаж сонгуульд нөлөөлөх, өвчнийг анагаах, бизнесийн ашиг орлогыг нэмэгдүүлэх гээд олон зүйлс хийж болохоос гадна хосоо ч олох боломжтой. Боломжтой гэдэг нь дата ашиглаж ирээдүйн эхнэр эсвэл нөхрөө олсон хэд хэдэн хүмүүс байдаг болохоор тэгж хэлж байгаа юм. Би Лондонд материал судлалын чиглэлээр суралцах явцдаа олон төрлийн биет ба биет бус материалын судалгаа хийж байсан. Big data гэдэг биет бус материалын нэг хэлбэр. Ихэвчлэн big data гэхээр хүмүүс нэг бол бизнестэй холбоотойгоор, нөгөө бол олон нийтийн хяналт surveillance­тай холбоотойгоор хүлээж авдаг. Би бүтээлээрээ big data бидний хувийн амьдрал, хамгийн нандин гэх харилцаа холбоонд маань хүртэл нөлөөлөх боломжтой, нөлөөлж буй, гэдгийг харуулахыг зорьсон. Түрүүн дурдсан big data ашиглаж хосоо олсон гэх хүмүүсийн ихэнх нь цахим танилцах сайтууд руу хууль бус, хуулийн дагуу хоёрын зааг дээрхи зарчмаар, хакердан нэвтэрч бүх сайт хэрэглэгчдийн мэдээллийг авч, боловсруулан өөрсдөдөө хэрэгтэй үр дүнг (ханиа олох) гаргаж чадсан байдаг. Иймэрхүү сайтууд чухамдаа их нарийн алгоритм дээр үндэслэсэн асуултхариултын журмаар зохицоно гэсэн хосуудыг хооронд нь холбож өгдөг.

Гэхдээ ихэнх сайтууд дээр тохирсон гэх хос нэг хэрэглэгчид 200­-300-­аараа тохироод гараад ирдэг. Судалгаа хийж байх явцад ярилцсан олон хэрэглэгчид энэ өндөр тоог хуурмаг үзэгдэл гэж тодорхойлж байсан. Учир нь тохирсон 200 хэрэглэгчийн 1-­2 нь л амьдрал дээр уулзаад үзэхэд санаанд тохирсон хүн байдаг. Мөн ихэнх хүмүүсийн хувьд тохирсон хүнээ олоод болзож эхэллээ гэхэд удалгүй салах магадлал өндөр учир нь хосын нэг нь жижигхэн 
алдаа гаргахад нөгөөх нь "За бид хоёр тохирох улс биш байна, нөгөө үлдсэн 199­-өөс надад 'илүү' тохирох хүн байж л таараа" гэж бодно. Судалгааны явцад ярилцсан сэтгэл судлаач, гэр бүлийн зөвлөгч нар энэ үзэгдлийг "төгсгөлгүй төгс төгөлдөрийн эрэл хайгуул" гэж дүгнэж байсан. Технологи хөгжиж, өөрчлөлт улам хурдан ирдэг болох тусам бидний амьдралын урсгал ч мөн адил хурдасч, хийж амжуулах ажил нэмэгдэн, сурч мэдэх зүйлс ч олширно.

Мэдээж ингэх явцад зарим нэг зүйлст зарцуулах цаг багасч, бид илүү хурдан, илүү дөт, илүү төгс сонголтыг хийхийг эрмэлзэнэ. Гэтэл олон судлаачдын дүгнэж байгаагаар хосуудын харилцаа мөнхийн төгс байна гэж байдаггүй, төгс хань гэдэг хийсвэр ойлголт, мөн хосууд төгс ханиа 'олдог' бус бие биедээ уусч, цаг өнгөрөх тусам бие биенийхээ төгс хань нь болж 'хувьсдаг'. Энэ бол зөвхөн PhD хамгаалсан сэтгэл судлаач л мэддэг зүйл биш, амьдралынхаа ихэнхийг хамтдаа өнгөрөөж буй эмээ өвөө, аав ээж нар бүгд хэлэх зүйл. Гэхдээ орчин үеийн залуус олон зүйл дээр сонголт ихтэй, сонголтонд дуртай, төгс бие, төгс ажил, төгс хань гэсэн тэмүүлэлтэй, амбицтай хүмүүс. Тийм болоод ч алгоритм ашигласан цахим танилцах сайтууд олон, бүр шинжлэх ухааны үндэслэлтэйгээр генетикийн мэдээ лэл ашиглан хосуудын тохирол цоог гарган танилцуулна гэсэн лаборатори, компаниуд ч саяхнаас бодитоор үйл ажиллагаагаа явуулаад эхэлсэн. Мэдээлэл, мэдээлэл, нэмэлт мэдээлэл байхад төгс төгөлдөрт хүрч л таараа... Хүрэх гэсээр байтал 80 хүрээд амьдралынхаа ихэнхийг туулаад өнгөрүүл чихсэнээ мэдвэл яана? Миний энэ сэдвээр туурвисан бүтээлүүд энэ байдлыг шүүмжилсэн, энэхүү далд хэрнэ дэндүү бодит асуудлыг анзаараагүйд нь таниулж, арай өөр өнцгөөс мэтгэлцээн эхлүүлэхийг зорьсон бүтээлүүд.

- Ирээдүйд бид цөөхөн хэдэн хувцастай, түүнийгээ олон янзаар хувиргаж өмсөнө. Таны хувцас дээр хийсэн ажлууд тийм ангилалд орох юм билээ... Хувцасны илэрхийлэмж, үүрэг зэрэг нь ирээдүйд ямар чиг хандлагатай болох вэ?

- Хувцас гэдэг хувь хүний шинж чанар, зан араншнаас аваад албан тушаалыг хүртэл илтгэдэг зүйл. Энэ илэрхийлэмж хэзээ ч өөрчлөгдөхгүй байх. Харин юмс шинэчлэгдэх хурд нэмэгдэх тусам хувцас загвар хүртэл асар хурдтай хувьсах болсон. Өнөөдөр шинэ даашинз худалдаж аваад маргааш нь түүнээсээ уйдаж авсан даашинз нь шошготойгоо хувцасны шүүгээнд хэдэн жил тоосонд дарагдах нь дэлхий даяараа энгийн үзэгдэл болсон. Энэ бол fast fashion­ы үр дүн. Энэ хандлага аль хэдийн олон дизайнерын шийдэхийг хүссэн гол асуудал болсон. Үүнтэй зэрэгцээд хүн гэдэг амьтан мэдээллийн хэт ачаалалд өртөмтгий болсон. Юм унших, хүнтэй ярилцах явцад анхаарал маш хурдан сарних, юм амархан мартах гээд шинж тэмдэгүүд залуу хүмүүст их илэрдэг болов. Энэ нь мэдээллийн хурд ихэссэнээс үүдсэн орчин үеийн асуудлуудын нэг л дээ. Үүний үр дүн нь гэхээр хүмүүс юмнаас амархан уйдах, амархан уйдчихдаг болохоор ямар нэгэн мэдрэмжийг туйлд нь хүргэж мэдрэхийг хүсэмжлэх, донтох гэх зэрэг үзэгдлүүд. Хувцас загварт донтсон хүмүүс дэндүү олон. Энэ байдлыг зөөллөж, анагаах арга зам нь хувцас загварын утга учиргүй өөрчлөгдөх хурдыг удаашруулж, өөрчлөлт бүрт илүү тогтоцтой утга санааг шингээх явдал юм. Хувцасны шүүгээгээ бараг л яг ижилхэн хэдэн зуун ширхэг хувцасаар дүүргэхийн оронд хэдхэн нандин, өөрт хамгийн сайхан мэдрэмж төрүүлдэг, өмсөөд явахад өөр хүн болсон мэт санагдуулдаг хувцасаар 'чимэх' нь зөв шийдэл. Олон төрлийн уулзалт, өдөрлөгт хольж, хослуулж өмсөж болох цөөхөн хэдэн хувцастай байна гэдэг нэг төрлийн авьяас байх. Загвар, материалын чанар хоёр үүнд чухал үүрэг гүйцэтгэнэ. Мөн энэ чиг хандлага хувцас загвар хөгжсөн улс орнуудад одоогийн байдлаар илүү авангард, багт наадам, дуурь, бүжгийн хувцасны стильд дөхөж очихуйц байдлаар илэрч, өмнөх минималистклассик загварын чиг хандлага түрдээ завсарлаад байгаа. Хамгийн шинэлэг санаа, шинэлэг чиг хандлагыг тодорхойлж буй хувцас заг варын сургуулиуд төгсөгчдийнхөө бүтээлүүдийг catwalk хэлбэрээр бус жүжиг, концертын хэлбэрээр тайлагнадаг болсон байгаа. Нэг ёсондоо хувцас бол өдөр тутмын энгийн нэг хэрэглээ биш, илүү нандин, бидэнд илүү үнэ цэнэтэй мэдрэмж төрүүлэх онцгой 'бүтээл' гэсэн хандлага. Tsolo Munkh versus Primark гэсэн үг.

- Таны ажилд код ашиглан хаягдалгүй эсгүүр, силуэтийг бий болгосон байсан. Энэ нь өрнийн зах зээлд хэр шинэлэг байж чадах вэ? Томоохон хаусууд үүнийг нэвтрүүлж эхэлсэн байж болох гэж санасан юм л даа.

- Сонирхолтой хэлбэр, силуэт, чимэг хэлбэрээр код ашигладаг хэд хэдэн хаусууд бий. Iris Van Herpen хамгийн олонд танигдсан хаус байх. Гэхдээ кодыг sustainable fashion­тай холбосон бүтээл ихэнх дээ судалгаа хэлбэрээр их сургууль, жижиг студиуд дээр хэрэгж дэг. Амжилттай зах зээлд нэвтрүүлсэн, хувцас загварт зориулагдсаны дээр код ашигласан платформ одоогоор байхгүй. Мэдээж өөр төрлийн sustainable fashion­д зориулсан платформууд олон бий. Харин код ашиглана гэдэг нь дизайнеруудад ажлаа гүйцэтгэх явцад нь илүү их сонголт, боломжийг нээж өгөх нэг төрлийн багаж хэрэгсэл нэмж өгч байна гэсэн үг юм.

Nanotherapy

- Ер нь хувцас дижитал технологи хоёрыг та яагаад холбох болсон бэ? Та үнэхээр техник технологид дуртай хүн үү? Эсвэл илүүтэй өөрийн чадварыг сорьж хөгжүүлж, байгальдаа ээлтэй байя гэсэн ухамсартай үйлдэл үү?

- Би бүр багаасаа л технологи гэх зүйлд ховсдуулсан, интернэтээр аялж их цаг өнгөрөөдөг, шинэ жижиг электрон төхөөрөмж хараад сэтгэл хөөрдөг хүүхэд байсан. Гэхдээ яг энэ үедээ би их юм оёдог, гараар юм урлаж, цаас нугалж, ямар нэгэн гарт баригдах биет зүйлийг өөрөө хийж бүтээх дуртай, бодсон зүйл маань нүдний өмнө биежээд ирэхэд их сэтгэл догдолдог байсан. Одоо ч тийм. Яваандаа энэ хоёр сонирхол маань огтолцож технологийн хор уршиг хэр их болохыг ойлгож, хажуугаар нь технологийг зөв ашиглавал хэрхэн асуудлыг зөв шийдэж болохыг бас ойлгосон.

- Хэлбэр (form) үү, үгүүлэмж үү (storytelling)?

- Одоогийн нийгэмд үгүүлэмж их чухал. Үгүүлэмж байснаар ямарваа нэгэн зүйл биежнэ. Үгүүлэмжгүй бүтээл байлаа ч тэр нь өөрөө үгүүлэмж нь байх болно. Гэхдээ үгүүлэмжийг хэлбэр, дүрсээр илэрхийлж болно. Биет хэлбэр (form) бол барьж тэмтрэхэд нэгэн төрлийн мэдрэмж төрүүлнэ, харин дүрс (shape) үзэмж зохицлоороо бидний харах мэдрэмжээр сэтгэгдэл төрүүлнэ.

- Авсрали, Английн сургуульд суралцахад салбарын (дизайн) институт ямар ялгаатай байсан бол оо?

- Би Австралид бакалавраа хамгаалж Англид магистраа хамгаалсан болохоор ерөнхий өнцгөөс хоёр өөр шатны сургалтыг харьцуулж хэлэхэд хэцүү. Үндсэн сургалтын систем (дизайны чиглэлээр) тухайн хоёр оронд их адилхан хөгжсөн. Харин сургуулиар бодвол University of Technology Sydney­ийн хувцас загварын сургууль суурь мэдлэгийг маш сайн зааж дадалжуулдаг. Энэ сурсан 'дүрмүүдээ' зөв байдлаар эвдэх боломжийг 3, 4-р курсуудэд хангалттай өгдөг. Токио дахь Bunka Fashion College мөн адил тийм. Эсгүүр зурж, даавуу хайчлахад зураасаас 1 мм ч зөрж болохгүй гэж шаарддаг. Гадныхан UTS-­г үүгээр нь их үнэлдэг.

Мөн 4 жил сурах явцад олж мэдсэн зүйлсийн 50 хувийг бидэнд заасан, 50 хувийг бид өөрсдөө хийж, туршиж, алдаж байж сурсан зүйлс байсан санагддаг. Практик ажил, онол хоёр дээр адилхан 50/50 ажилладаг. Харин Central Saint Martins Англидаа гэлтгүй дэлхийд шүүмж сургалтын аргачлалаараа их танигдсан сургууль. Зааж, зааварлаж ойлгуулахаасаа илүү алдсан ч, алдаагүй байж болох ч шүүмжилж сургадаг гэхүү дээ. Бусад европын сургуулиуд, Америк азийн сургуулиудаас үүгээрээ тэс өөр. Дизайн гэдэг зүйл байнга өөрчлөгдөж, дизайны нийгэмд эзлэх үүрэг улам нэмэгдэж, шийдэх асуудлууд байнга хөдөлгөөнтэй, хувирч байгаа цаг үед үнэндээ ямар ч багш "Энэ зөв, энэ буруу" гээд заагаад байх зарим тохиолдолд утгагүй. Ялангуяа магистрийн хэмжээнд бүх тохиолдолд утгагүй. Тийм болохоор CSM­-д суралцах үед шинэ судалгаа төслүүд эхлээд нийт зарцуулах цагийн 80-­90 хувьд бидний ажлыг шүүмжилж, оюутан болгоныг хувь хүн, дизайнер, сурагч гээд бүх талаас нь сорьж байсан. Хүн болгон ингэж сориулах албагүй бөгөөд эхний жилдээ сургуулиа сольдог. Бүр мөсөн гардаг хүмүүс ч олон. Бас магистрийн түвшинд CSM барагтаа л ямар нэг зүйлийг тусгайлж заасан хичээл ордоггүй. Хаана ч сoursework, research гэж хоёр төрлийн магистрийн програм байдаг. Coursework­өөр илүү их хичээл авч, шинэ юм сурах зориулалттай байдаг бол research зөвхөн судалгаа хийхэд зориулагдсан байдаг. CSM-­ын ихэнх хөтөлбөрүүд coursework­т орох ч, оюутнуудад бэлэнчилсэн байдлаар заадаг зүйл гэж бараг байхгүй. Оюутнууд өөрсдөө хийж, бүтээж, алдаж, шүүмжлүүлж, шүүмжлүүлж, бас дахин шүүмжлүүлж суралцдаг. Мэдээж яваандаа оюутнууд өөрсдийнхөө санаануудыг сайн шүүмжилж сурна. Хийж бүтээх гэсэн бүх санаа нь хангалтгүй, шүүмжилмээр санаа мэт санагддаг болно. Энэ үед багш нар 'одоо зүгээр шүүмжилмээр байсан ч хийгээд үз' гэсэн зарчмаар багахаан дэмжлэг үзүүлнэ. Тэгээд л уйгагүй өдөр бүр оёж шидэж, зүсч хөрөөдөж, өрөмдөж хадаж, кодлож эхлэнэ. Маш олон дахин нэг юмаа хийж үзсэний эцэст хамгийн зөв гэж бодсон шийдлээ олно.

- Танд цоо шинээр бодож төлөвлөж байгаа ямар туршилтын санаа байгаа бол гэсэн бодол надад төрж байна? 

- Миний бүтээлүүд дизайнаар дамжуулж нийгэмд эерэг өөрчлөлт авчрахыг зорьдог. Ийм зорилттой хэд хэдэн судалгаа зэрэг явагдаж байгаа. Энэ дунд, хувцас загварыг кодтой холбосон хоёр ажил, даавуун урлалийг синтетик биологитой холбосон ажил, бас нийгэмд хандсан илүү бичиг цаастай холбоотой ажлууд байгаа.

- Хэдийд та өөрийгөө олсон бэ? Түүнд тань юу нөлөөлсөн бэ?

- Магадгүй өөрийгөө олчлоо, одоо ингээд боллоо, зогсъё гэж хэн ч боддоггүй байх. Би ч гэсэн адил байнга сурч, мэдэж, хүмүүстэй танилцаж, тэднээс өөрт хэрэгтэйгээ олж харахыг хичээдэг. Австрали, Англид байх хугацаандаа олон зүйлсийг туршиж, тэд нараасаа суралцсан. Магадгүй хувь хүний хэмжээнд гэр бүлээсээ, найз нөхдөөсөө, замд учирсан олон танилуудаас ихэнхийг суралцдаг байх.

- Цагийн аяст хүн өөрчлөгддөг. Зарим хүмүүс харин улам батжин бэхжсээр байдаг. Таны хувьд аль вэ? Өөрчлөлт гэдэг сайн зүйл үү?

- Хүн бүрт өөрийн гэсэн суурь итгэл, бас суурь мэдлэг хэрэгтэй. Ямар нэг юмны суурь болсон зүйл аль болох тогтвортой, нөхцөл байдал бага зэрэг өөрчлөгдөхөд адилхан замхарч алга болоод байдаггүй, бат бөх байснаар тухайн хүн өөртөө итгэлтэй, байнга нэг алхам урагшлах боломжтой байдаг гэж боддог. Ямар зүйл тухайн хүний суурь болох вэ гэдгийг тэр хүн өөрөө шийднэ. Үүнд олон хувьсагч нөлөөлнө. Гэхдээ хувирашгүй үнэн ­ логик ­ гэж бас бий. Мөн нийгэм өөрчлөгдөхөд хувь хүний итгэх итгэл алдарч, баримталдаг зарчим шүүмжлэгдэж, нэг ёсондоо суурь маань чичэрч болно. Энэ үед өөрчлөлтийг тас үгүйсгэх зөв алхам биш байх. Харин нөхцөл байдлыг шинжин өөртөө цаг гаргаж, бодож тунгаан, өөрийн бас бусдын алдааг ухамсарлаж, шаардлагатай алхмуудыг хийх нь зөв. Нэг ёсондоо өөрөө өөрсдийгөө ‘debug’ хийх. Бат суурьтай, гэхдээ уян байхыг жил ирэх тусам цаг үе биднээс шаардана.

Нийтлэлийг З.Энхмөнх

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
"Сошиалд бичсэн шиг бие биенээ үзэн ядсан, хурцадмал байдалд оруулсан тохиолдол байгаагүй"
2
2019.01.02
TC Candler: "2018 оны хамгийн сайхан 100 залуу"
3
2018.12.28
ОХУ-ын "Оны хамгийн халуухан 100 бүсгүй" хэн бэ?
санал болгох
1
21 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
28
38
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.