Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Хайраас төрсөн амжилт

"Celebrate Golden Moments" гэгээн хайрын түүхийн уралдаан нэг сарын турш үргэлжиллээ.


Алтанговь брэндээс зохион байгуулсан "Celebrate Golden Moments" гэгээн хайрын түүхийн уралдаан нэг сарын турш үргэлжилж, ялагчаа тодрууллаа. 37 жилийн өмнөх хайрын түүхээрээ энэхүү уралдаанд оролцсон Бадарч, Цэцэгмаа нар ялагчаар тодорч Бали сувдан арал руу аялах эрхийн бичгээ гардан авлаа.


 
Уралдааны эхний шатанд хосууд хайрын түүх, гэрэл зургаа захидлаар илгээх байсан бөгөөд олон хосууд хайрын нандин түүхээ хуваалцан оролцсон юм. Үүнээс 20 оролцогчийн түүхийг онцлон Altangobi beer хуудсанд нийтэлж, уншигчдийн хандалтаар ШИЛДЭГ 10-ыг шалгаруулсан юм.


 Facebook-т хамгийн их хандалт авсан хос Уна & Дами

2018-09-26-нд шилдэг 10 оролцогчийн гэрэл зураг, хайрын түүхээр үзэсгэлэн гаргаж, үзэсгэлэнд ирсэн зочид болон хөндлөнгийн шүүгчдийн үнэлгээний нийлбэр дүнгээр Бадарч, Цэцэгмаа нар дараах хайрын түүхээрээ тэргүүлэн, үзэсгэлэнт Бали арал руу аялах эрхийн эзэд боллоо.

                    
БАДАРЧ & ЦЭЦЭГМАА НАРЫН "ХАЙРААС ТӨРСӨН АМЖИЛТ"

Сайн байна уу? Та бүхний зохион байгуулж буй “Celebrate Golden Moments” уралдаанаар дамжуулан өөрийн хүүхдүүд ач, зээ нартаа өөрсдийн нандин дурсамжаа түүх болгон бичиж байгаадаа баяртай байна.

Намайг Донойн Цэцэгмаа гэдэг. Нөхрийг минь Жамсранжавын Бадарч гэдэг бид ханилан суугаад 35 жилийг ардаа үджээ. Гэхдээ миний ярих гэж буй энэхүү дурсамж бол 37 жилийн түүхтэй.

Би анх ханьтайгаа 1981 онд “Нэгдэлчин зочид буудал”-ын ресторанд танилцаж билээ. Тухайн үед би тус ресторанд цагийн ажил хийдэг 19-хөн настай оюутан байлаа. Урин хавар айлчлан ирж, өдөр уртсахтай зэрэгцэн үйлчлүүлэгчдийн тоо бас ихэслээ. Би ч нааш цаашаа хоол зөөж, аяга таваг, халбага сэрээ хураан өдөржин шогшин гүйх ажилтай. Тэгсэн нэг гүйж яваад гэнэт юм мөргөн уналаа. Азаар хоосон аяга таваг байсан тул бэртсэнгүй, тэгээд юу мөргөв гээд дээшээ хартал өндөр гэгчийн цэрэг хувцастай цэмбийсэн буржгар үст сонсогч залуу зогсож байж байлаа. Их л сандарсан бололтой “Яасан, зүгээр үү?” гээд шууд л намайг өргөөд босгоод ирлээ. Би ч гайхахдаа барьж байсан подносоороо цохиод авлаа. Нөгөө сайхан буржгар үс нь баахан хоолны гоймонгийн шавхруу болоод хамт явж байсан сонсогч найз нь нэр хийтэл инээлээ. Тэр залуу бид хоёр хоёулаа эвгүй байдалд орж би унагасан юмаа түүгээд тэр миний ард “Би туслах уу?” гээд зогсоод л би ичсэндээ “Уучлаарай” гэж хэлээд л гал тогоо руу гүйгээд явлаа.

Тэр үед нөхөр маань 7 төрөлтийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд орохоор манай буудалд байрласан учраас өдөр болгон орж ирж хоол иднэ. Манай ажлынхан намайг гоймонтой подносоор цохисноос хойш нөгөө “Гоймон толгой” ороод ирлээ гээд инээлдэнэ. Би ч ичээд нуугдчихна. Тэгээд хэд хэдэн удаа яалт ч үгүй нүүр тулаад мэндийн зөрөөтэй боллоо.

Тэгээд нэг өдөр уучлал гуйх санаатай “Намайг уучлаарай” гэсэн утгатай захиа бичээд хоолтой нь хамт аваачаад өглөө. Тэгсэн найз нар шүүрч уншаад бид хоёрыг холбон тоглох болов. Би ч бүүр тэдний ширээнд ойртохоо ч байлаа. Тэгсэн нэг удаа нөгөө залуу өөрөө хүрээд над дээр хүрээд ирч “Өчигдөр тэмцээн дууссан бид нар маргааш буудлаас гарна, өнөөдөр өөртэй чинь уулзаж болох уу?” гэж хэлдэг юм байна. Би ч сандраад “Болно” гэлээ. Тэгээд тэр бид хоёр 5 шар хүртэл 10 орчим километр юм ярьж алхлаа.

Түүнээс хойш нэлээн хэдэн сар орой болгон манай гэрийн хаалгыг зөөлхөн тогшино. Хаалгаа нээтэл гүйсэн бололтой жаахан хөлөрсөн зогсож байна. Халууцахаараа үс нь улам буржийгаад бүүр инээдтэй харагдана. Тэгээд бид хоёр баахан юм ярьж алхаж байгаад л намайг гэрт хүргэж өгөөд л гүйгээд яваад өгнө.

Тэгсэн нөгөө залуу маань хэд хоног манайхаар огт ирсэнгүй. Би ч дассан бололтой их үгүйлнэ. Манай гэрийнхэн ч тэр үед офицер залуу моодонд орсон байсныг хэлэх үү “Бадарч яагаад ирэхээ больчихов” гээд байнга асууна. Би ч хэд хоног сүр сүлдгүй л амьтан явдаг боллоо. Манай найзууд чи яг Бадарчид сайн болчихжээ гээд инээнэ. Тэгээд 27 хоногийн дараа нэг юм Бадарчтайгаа уулзлаа. Байхгүй хугацаанд санаад сайн болсон гэдгээ мэдсэн тэр мөчөөс хойш бие биедээ сэтгэлээ илчлэн, амьдралаа холбон гуч гаруй жилийг ардаа орхижээ.

Дараа учрыг нь сонсоход Бадарч маань тухайн үед Цэргийн ерөнхий сургуулийн оюутан учраас дотуур байрандаа байрлана. Тэгээд оройн тоондоо бүртгүүлээд Ботаник цэцэрлэгт хүрээлэнгээс 5 шар хүртэл бараг 20 шахуу километр гүйж ирж надтай уулзаад буцаад сургууль руугаа гүйдэг байсан байгаа юм. Тэгсэн нэг өдөр тухайн комендант буюу эргүүлүүдтэй таараад машинаар хөөгдөөд замын хоёр талдаа гарч зугтаасаар байгаад баригдахгүй хашаандаа явж орсон ч дарга нь мэдээд гаргахаа больсон юм билээ.

Тэгээд надтай уулзах гээд өдөр болгон гүйснийхээ ачаар цэргийн гурван төрөлтийн рекордыг шинэчлэн тогтоож, тэр рекордыг нь 36 жилийн турш одоог хүртэл хэн ч эвдээгүй байгаа нь 4 хүүхдийн минь аав, хань нөхрийн минь хайраас гарсан амжилт гэж бахархан явдаг юм. Тийм ч учраас энэхүү захидлаа “Хайраас төрсөн амжилт” гэж нэрлэе гэж бодсон юм. Мөн энэхүү уралдаанд түрүүлбэл 2018.10.09-нд болох гэрлэсний 35 жилийн ойгоороо нөхөртөө гэнэтийн бэлэг барина гэсэн зорилготой оролцлоо.

Миний сайхан дурсамжийг хуваалцсан та бүхэнд баярлалаа.

Ажлын амжилт хүсье.

CELEBRATE GOLDEN MOMENTS

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.11
2018 оны шилдэг 10 Солонгос кино
2
2019.01.11
Хүүхдэд заавал сонсгох шилдэг 10 сонгодог хөгжмийн бүтээл
3
2019.01.10
Playlist: Гэртээ харих замдаа сонсох 13 дуу
санал болгох
1
23 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
42
49
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.