Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

"Гэрэг Фэйшн": 13 жилийн өмнөх Ингад

"Гэрэг Фэйшн" сэтгүүлийн шинэ дугаарт орсон Хүүхэн хэл буланг хүргэж байна.


"Гэрэг Фэйшн" сэтгүүлийн шинэ дугаарт орсон Хүүхэн хэл буланг хүргэж байна. 

Сайн байна уу? Гэнэт л чамд хэн нэгнээс, ирээдүйгээс, одоо байгаагаас чинь тэс өөр нэгэн Ингагаас бичсэн захидал ирвэл чи мэдээж гайхна. Гэлээ ч би чамд одоо, хаа холын үймээнт хотоос, их хотын дунд хэдийнэ амьдарч дассан “том охин” болчихоод захидал бичиж байна. Би өрөвдүүлэх дуртай. Хэн нэгэн намайг өрөвдөх үед сул доройгоо мэдэрдэг. Үүний яг эсрэгээр боддог байсан 20 насныхаа тухай инээмсэглэн дурсах бүртээ хэчнээн олон юмаа гээж,  хэчнээн их юмыг олж авсанаа санан, энэ бүхэн зүгээр л зөнгөөрөө, аясаараа болоод өнгөрсөн гэдэгт итгэдэг. Миний хайрлан боддог, өмнөөс нь бас харамсдаг атлаа тэнэг үйлдлүүдийг нь санах бүртээ инээмсэглэхээс өөр аргагүйд хүрдэг, 20 настай, жижигхэн тэр л  охин чамтай  цаг хугацааны нэг хэсэгт,  ямар нэгэн байдлаар таарвал  ингэж хэлнэ:


 

 Инээд алдсан, хэнд ч итгэж чадах тийм гэнэн охины хийсэн алдаа, оносон оноог өнөөдөр мөн л инээд алдсан (гэхдээ зальтайгаар), хэн хүнд итгэх дургүй  бүсгүйнхтэй  харьцуулах аргагүй ч... Өнөөдөр ийн итгэтлээ олныг эргэцүүлж болдогийг тэр үед  чи огт мэдээгүй явсныг л баттай хэлж чадна. Царай зүс, галбир, үсний засалтаа төгс гэж хардаггүй ч хамрын өндөр, нүдний хэмжээнээс аз жаргалын тун минь хамаардаггүй болсныг чамд хэлбэл лав гайхна. Богино жийнсэн банзлаа шүүгээнийхээ хаа нэгтээ мартаж орхиод хүн үймсэн газраас илүү нам гүмд дурлаж, зарим нэг зүйлтэй тэмцэхийн оронд эвлэрэх хэрэгтэй юм гэдгийг тэр бүр төсөөлөх ч үгүй (Үнэндээ хүн ихтэй үдэшлэгээс өөртэй ярихаас өөр юмгүй нам гүм үдшүүд хамаагүй илүү л дээ). Тэмдэглэлийн дэвтэртээ нямбайлан бичсэн бүх төлөвлөгөө чинь нуран унаж, оронд нь өөр төлөвлөгөө зохиотлоо, дараа нь ер юуг ч төлөвлөх аргагүйг (тэр тусмаа амьдралыг ) ойлготлоо чи  олон юмыг туулж гарна. Найдвар тасарч, бүх юмыг дуусгаад хаа нэг тийшээ ор сураггүй явчихмаар үе тохионо. Гэвч чи  хаашаа ч явахгүй ээ. 

Сонин хэвлэлийн хуудсанд олонтаа тааралддаг “хэрхэн хүчирхэг байх вэ”, “амжилтад хүрэх 30 зарчим” гэх мэт зүйлс уншихаа боль. Тэртээ тэргүй, тийм зөвлөгөө, жор биш гарцаагүй байдал, арга тасрах агшин, уналт л чамд урагш алхах хүч өгнө (надад итгээрэй). Чи үнэндээ бодож байгаа шигээ зоримог, дайчин, хөдөлмөрч хүн биш. Залхуу, хэнэггүй зан чинь цаашид ч чамд саад болсоор байх учир ядаж өөрийгөө хүчилж, чармайж сураарай.  Гэхдээ чи азтай. Хожим чи гэнэтийн олон зүйлээс зөвхөн аз, аз, бас дахин азаар л мултарч гарах учир... Хэнийг ч, юуг ч хүчлэх хэрэггүй шиг зарим зүйлийг байгаагаар нь үлдээх ёстойг, жинхэнээсээ хайрлахын тулд алдах хэрэгтэйг, алдсанаа мэдэх ёстойг чи зүүдлээ ч үгүй яваа. Хамгийн ойрын хүнээс л урвалт ирдэг ч мөнөөх л хүнийхээ гарыг атгаад уучлалыг нь сонсдог таахын аргагүй амьдралд чанд хатуу биш, харин хүлцэгч байх нь илүү амар. Гэвч итгэл найдвар мөхөх үед л хүлцэл ирдэг үе байхад хүлцлийг олсон үедээ мөхсөн итгэл чинь сэргэдэг гэдгийг их хотын гялалзах барилгын дунд, шөнийн тэнгэр дэх ёслолын буудлагыг харж зогссоноосоо хойш олон жилийн дараа ухаарна. Үнэндээ олон  жил, зургаан жил, долоон жил гэдэг сонсогдож буйгаасаа богинохон ч  гэлээ хаашаа ч битгий яараарай. Очих газар, уулзах хүн, туулах замыг чинь хэн нэгэн бидэнд зориулаад бэлдчихсэн байдаг гэх тавиланч үзлийн тухай сонсох хүртэл чинь магадгүй урсгал дагаад хөвөх л чам шиг эмзэг хүний хувьд шархлахгүй байх гарц шүү. Ерөөс хайрын тухай, дурлалын тухай, харилцааны тухай энэ би  чамд олон зүйлийг өгүүлж чадна. Хайрын хамгийн хэцүү, гашууныг амсаж үзсэнийхээ дараа дахиад л юу ч болоогүй мэт инээж, айлгүй дурлаж чадна гэдгийг санаарай. Бага насны чинь дурсамж зөвхөн хоёрхон хүнтэй л холбоотойд гомдох хэрэггүй. Хамгийн хайртай хүмүүс чинь  уван цуван одоход, хэнд хамгийн хэрэгтэйгээ ухаарч, хатуу чанд хүн болохыг хүснэ. Ээ, би чамдаа олон зүйлийг анхааруулж хэлмээр байвч чиний зөрүүд өөрийнхөөрөө занг хэнээс ч илүү мэдэх тул сургааль хайрлахаа ингээд азная. Ганцхан л зүйлийг захих минь: Томдсон, гэхдээ биед чинь учиргүй эвтэйхэн байдаг саарал цамцаа тайлж хая. Чамд улаан өнгө илүү зохидог юм. 

Нийтлэлийг Х.Инга

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2020.09.14
Улаанбаатарыг сонсохуй хийгээд үзэхүйн “Рихтерийн тэмдэглэл”
2
2020.04.17
Street Fashion | Хавар цагийн фэйшн
3
2020.02.18
Гэрэг Фэйшн: "Neo Classics"
санал болгох
1
23 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
43
41
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.