Хайх зүйлээ бичнэ үү

9 мин

Playlist: Б.Пүрэвдагвын санал болгох 16 дуу

"Гэрэг Фэйшн" сэтгүүлийн шинэ дугаарын "Playlist" буланг хүргэж байна.


"Гэрэг Фэйшн" сэтгүүлийн шинэ дугаарын "Playlist" буланд нийтлэгдсэн "...дуутай хамт амьдрах гэсэн юм" нийтлэлийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Хэрэв Б.Пүрэвдагва (Pd)-ийн хамаг дуртай дууг яриулна гэвэл бидэнд тусдаа нэг зузаахан сэтгүүл хэвлэх хэрэг гарах байх. Түүнийг “Playlist” буландаа урьж хайртай дуунуудаа хуваалцаач гэж хүсэхэд энэ түүнд хамгийн амархан, нэгэн зэрэг хамгийн хэцүү ажил болжээ. Дор хуваалцалгүй үлдээсэн дуунуудаасаа бараг уучлалт гуймаар боллоо гэж хошигноно. Жинхэнэ сонсогч хүнд таалагддаг хөгжмийн урсгал, дуртай дуу гэдэг асуулт шалиг хөнгөн сонсогдоно. Тэд сонсон дурласаар нэг тийм бүхэллэг, уужим орон зайд орчихоод, дуртай дургүй гэсэн ойлголтоос хэдийнэ хэтийдсэн байдаг шиг санагддаг. Миний хувьд Pd тэдний нэг. Улаанбаатарт болж буй хөгжмийн эвентүүдийн алинаас ч түүнийг олж болно. Pd-ийн хөгжмийн сан хоёр төрлөөс бүрдэнэ. Нэг нь эрдэнэсийн авдар буюу хайртай дуунуудаа цөмийг нь багтаасан, залуу насных нь дэврүүн өдрүүдийн гэрч хань болж асан хуучны дуунууд. Энд 13 жилийн “цуглуулга” нь бий. Үлдсэн зайгаа тэр шинэ хөгжим олж нээхэд зориулжээ. Хоёр дахь “сав”-ыг харин хэмжих боломжгүй аж. Хүн төрөлхтний одоо буй болоод ирээдүйд бүтээгдэх бүхий л хөг аялгуу багтах боломжтой гэвэл зохих юм уу. Шинэ хөгжимд мэдрэг тэрбээр долоо хоног болгон хоёр дахь “хөгжмийн сав”-ндаа шинэ зочин нэмдэг. Харин тэр энэ удаа аль аль саваа уудлан, танд дараах дуунуудыг санал болгож байна.

1. “Massive attack” - “Unfinished Symphony” 

Дуртай, таалагдсан дуугаа харамлаж, хайрлаж сонсоно гэдэг чухал шүү. Байнга сонсоод бялуурчихвал үнэ цэнэгүй болчихно. Анхны сонсолтоор дурласан дууныхаа үнэ цэнийг хадгалахын тулд сонсмоор байгаа ч гэсэн тэвчинэ. Одоо л нэг сонсъё гэсэн үедээ нандигнан гаргаж ирэх жишээтэй. Тэр мөчид кофе ууж байвал уу, тэгээд гарт минь янжуур байвал уу... Гоё хөгжим, сайн кофе, янжуур гурав бол төгс гурвал. Гэсэн хэдий ч хэзээ ч  сонссон уйдаггүй дуу гэж байна. Мөнхийн хань нөхөр гэвэл зохих юм уу. Миний хувьд “Massive attack” хамтлагийн “Unfinished Symphony” санаанд орж байна (Олон дуртай дуунаасаа нэгийг онцолж сонгоно гэдэг хэцүү ажил байна, бусдыг нь гомдоогоогүй байгаа даа...) Хэзээ ч, ямар ч үед сонссон анхны мэдрэмжээ алддаггүй. Энэ дуунд нэг тийм сүнслэг чанар байх шиг санагддаг. Анх Hi-Fi-­ийн “Тамираагийн микс”-­ээр сонсож байлаа. “Тамираагийн микс” надад хөгжмийн боловсрол олгосон том сургууль. Таван жил тасралтгүй сонсоод “төгссөн” дөө. 

2. “Уруулын будаг” – “Зуны дурлал”

Хөгжим бол цаг хугацааны машин. Гуравхан минутын дуу сонсоод арван жилийн өмнөх яг тэр өдрөө, яг тэр үеийн мэдрэмжээ мэдрэх боломжтой. Энэ бол гайхамшиг. “Уруулын будаг”­ийн “Зуны дурлал”, “Хүрээ хүүхнүүд” явж эхлэхэд цаг хуга цааны машин намайг 1998 он руу аваач сан байдаг. Оюутан насандаа очъё гэвэл “Empire of the Sun”­-ий “Walking on dream”­-ийг сонсоно. Энэ дууг одоо сонсо ход чихэв чээ зүүгээд автобусанд суугаад хичээлдээ явж байгаа мэт л санагддаг. 

3. “Futuroma” – “Тоосонцор”

Энийг нэг сонсоод үзээч гэж санал болгох гадаад хамтлаг, дуучид олон байна л даа. Гэхдээ манайхан дотоодын, ялангуяа сүүлд шинээр гарч ирж буй уран бүтээлчдээ тийм ч сайн мэддэггүй юм байна даа гэдгийг анзаарсан. Монгол бол залуу уран бүтээлч байхад тийм ч сайхан орчинтой улс биш. Залуу хамтлагууд ажил, амьдралаа зохицуулахын хажуугаар хөгжимд цаг гаргаж, сэтгэл зүрхээ зориулж, санхүү эдийн засгаас эхлээд олон хүндрэлийг үл тоон сайн уран бүтээл гаргадагт үргэлж баярладаг. “Моханик”­-ийн “Амарбаясгалант” бол манайд ойрын хэдэн жил гараагүй сайн цомог. Уламжлалыг орчин үетэй холбож маш гайхалтай хөгжмүүд бүтээсэн. Олон хүн сонсоосой гэж боддог. Бас нэг гайхалтай хамтлаг бол “Futuroma”! Анх 2011 онд “Playtime” хөгжмийн наадмын арван жилийн ойгоор жижиг тайзнаа дуулж байсан тэд тун саяхан анхны цомгоо гаргасан. “Зүүдний үнэг”, “Үдэш”, “Тоосонцор”,  “Хааяа л” гэсэн дуунуудыг нь онцломоор байна. Хэрвээ цомог нь таалагдвал амьд тоглолтыг нь үзээрэй гэж зөвлөх байна.

4. Б.Сарантуяа – “Бороо” 

Би Өвөрхангай аймгийн Хархорин суманд өссөн. Хаа нэг Улаанбаатарт ирж хамаатны ахындаа хэд хоног үлдэхдээ л шинэ, сонин дуу хөгжимтэй залгадаг байлаа. Ах маань их гоё хөгжим сонсдог. Шөнө унтахдаа FM102.5­-ийг тавьчихна. Ямар ч гоё дуунууд явдаг байв. Will Smith, 2Pac, “Cүнс” хамталгийн дуунууд яваад л... Тэр дундаас би дуучин Б.Сарантуяагийн “Бороо”-­г анх сонсож байснаа ер мартдаггүй. Нүд нээнэ гэдэг шиг чих нээсэн хөгжим маань тэр байв. Клип нь ч гэсэн хэчнээн тансаг. Сумандаа буцаж очоод Улаанбаатарыг “Бороо” дууны клипээр л төсөөлнө. Түүний хувцас, томдсон хүрэм, скэйтбоард унасан хүүхдүүд хотын гудмаар яваад л... Багадаа ахындаа ирээд CD-нүүдээр нь байшин барьж тоглодог байсан бол оюутан болоод тэднийд нэг жил амьдрахдаа илүү сонсож, ойлгож эхэлсэн. Тэр үед Shaggy "It wasn't me" хит болж, "Backstreet boys"-ийнхон эргэн ирэлтээ хийж байсан санагдана. 

5. “Queen” – “Cool Cat”

Насанд хүрэгчдийн кино үзэж байгаад цаана нь нэг л гоё дуу яваад байхаар нь “Shazam”­-дсанаар энэ дууг олж авсан. 1980-аад оны секс бэлгэ тэмдэг болсон дуу байлаа. 

6. “Railway children” - “Brighter”

Миний дотоодыг илтгэх дуу нэрлэ гэвэл “Railway children” хамтлагийн “Brighter”-­ийг сонгох болов уу. Цохилуур хөгжим явж эхэлнэ... Би өөрөө ретро носталгия юманд дуртай хүн л дээ. Энэ дууны клипний өнгө аяс, дууны темп, өгсөлт бууралт цаанаа нэг бадрангуй зарим хэсэгтээ гунигтай ч гэмээр их баялаг. Соло хэсэг нь үү..! 13 жил нандигнан сонсож байгаа үнэт эрдэнэ минь... 

7. “New Radicals” - “You’ve get what you give”

Хоёр жил Австралид суралцах хугацаандаа номын санд нойргүй хоночихоод өглөө нь шууд хичээлдээ явдаг байсан өдрүүд бий. Хажуугаар нь бас давхар ажил хийнэ. Тэр үед өглөө хамгийн их сэргээдэг байсан дуу бол “New Radicals” хамтлагийн “You’ve get what you give”. Бас “Kings of Leon”-­ийн “Fancy”­г нэрлэнэ. 

8. Мөнхтуяа – “Чи минийх болно” 

Миний хамгийн хайртай монгол дуугаа нэрлэ гэвэл Мөнхтуяагийн “Чи минийх болно”­-ыг хэлнэ. Хэзээд зүрхэнд байж байдаг дуу даа. Өөр хүмүүс энэ дуунд дуртай гэвэл хардах сэтгэл төрж, харамлах гээд байдаг. “One hit wonder”­-ийн хамгийн тод жишээ. Хоёрудугаар байранд Сарантуяагийн “Хэн юм бэ?”. Энэ дуутай ёстой хэн юу ярих билээ. Монголын хамгийн анхны soul R&B дуу. Хөгжмийн найруулга нь тасархай.

9. “Wet baes”

Хөгжим сонсоход надад олон зүйл нөлөөлдөг. Дууны сонголт маань улирлаас шалтгаалж өөрчлөгдөх нь элбэг. Зуны бороотой өдрүүдээр намуухан, өвлийн цастай өдөр илүү chill маягийн хөгжим сонсоно. Тэр дундаа ямар гараг байх нь бас чухал. Даваа гарагийн өглөө эрч хүч өгөх дуунууд сонсдог бол баасан гараг дөхөхөөр сонголт маань илүү “задгайрна”. Намрын энэ өдрүүдэд хамгийн их сонсож байгаа хамтлаг маань “Wet baes”. Дөнгөж 20 гарч яваа хүүхдүүд хэр нь хөгжмийг нь сонсохоор 1960, 1970­-аад оны стиль сонсогдоно. Энэ цаг агаар, жилийн энэ үед яг тохирсон хамтлаг. 

10. Банзрагч – “Хөдөө нутаг сайхан”

Хуучны дуунууд сонсох дуртай. Гэхдээ хаа хамаагүй үе, орчинд сонсохыг хүсдэггүй. Ганцаараа байх үедээ түлхүү сонсоно. Энэ дундаас Банзрагч гуайн хөдөө нутаг сайхныг онцлохыг хүсч байна. Найрын гурван дууны маань хамгийн эхнийх нь (инээв). Дуу заримдаа уриалга, тунхаглал болж болдог. Жишээ нь, энэ дуу одоогийн бидний гол асуудал болоод байгаад хотын төвлөрлөөс сэргийлсэн далд санаатай гэж болно. 

“Ажил хийж амьдран суумаар 
Ай даа сайхан нутаг юм аа, хө 
*** 
Хүний санаа ариун цагаан 
Хүрээлж угтсан хөдөө юм аа хө 
Хүчин зүтгэж бүл нэммээр 
Хөгжүүн сайхан нутаг юм даа хө..”. Та нар хөдөө очиж сайхан амьдар л даа, ажил байна, амьдрал зохиох хүн байна гэхчлэн хүний далд ухамсарт санаа өгөөд байгаа хэрэг. 

11. Marvin Gaye – “What’s going on”

Энэ бол дэлхий ертөнцийг өөрчилсөн дуу. 1973 онд анх гарсан гэж санагдаж байна. Вьетнам АНУ-­ын дайныг зогсоосон дуу ч гэж хэлэгддэг. Марвин сүүлд улс төрд орж, энэ дууныхаа хүчээр энхтайвны зүтгэлтэн болсон. 

12. Travis - "Closer"

Өсвөр насны үеийн тогтворгүй, мэдрэмтгий мэдрэмжийг хэзээд сонсоход дахин мэдрүүлдэг.

13. Britta Phillips- "Do it" 

Britta бол миний хувьд хамгийн дутуу үнэлэгддэг эмэгтэй дуучин. Дууны хувьд та хэрвээ хэн нэгэнд эргэлзэж бас хэн нэгэн рүү тэмүүлэхдээ зориг дутаж байгаа бол энэ дуу танд тусална. Ямар нэг алхам хийхгүй харамсаж байснаас хийгээд үр дүнг нь үзэх л чухал шүү дээ. Тийм ээ?

14. The Internet- "Doncha"

Зүгээр л cool. Дуунаас soul funk-­ийг мэдрэхээс гадна "sexuality"-­ийн шинэ стандарт болсон үзэсгэлэнт Syd­-ийн гайхалтай хоолойнд дурлана. 

15. Bombay Bicycle Club- "Lights out, Words Gone"

Сонсох тусам ер бусын тайван ертөнцөд аваачина. Хөгжмийн видеог нь заавал үзээрэй. Ганган хээнцэр өмнөд америкийн ахмадууд яг өөрийнхөөрөө хөнгөн бүжиж цэнгэлийг мэдэрч буй агшин таныг өөрийн мэдэлгүй тэдэнтэй хамт тэдэн шиг бүжих хүслийг бадраах болно. 

16. Paradis- "Instantane"

Орчуулбал "Агшин зуур" гэх энэ дууг би яагаад ч юм багагүй хугацаагаар байсан нэг газраа орхиод хөдлөхдөө заавал сонсоод байдаг "зуршилтай" болчихсон. Сайн, муу аль нь ч бай ямар ч газрыг орхиод одоход дурсамж түгжигдэж үлддэг шүү дээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2020.09.14
Улаанбаатарыг сонсохуй хийгээд үзэхүйн “Рихтерийн тэмдэглэл”
2
2020.04.17
Street Fashion | Хавар цагийн фэйшн
3
2020.02.18
Гэрэг Фэйшн: "Neo Classics"
санал болгох
1
18 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
6
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2022.10.03 202.126.89.193

Goy bainashtee hommie

0 Хариулах